Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 848

 

2019            8             22                                             2019/ДШМ/848

 

Г.Мд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Д.Оюунчулуун нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор О.Гэрэл,

нарийн бичгийн дарга Г.Жамбалдорж нарыг оролцуулж,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанжигүүр даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 429 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Мын өмгөөлөгч Б.Г-ын гаргасан давж заалдах гомдлоор Г.Мд холбогдох эрүүгийн 1902002100102 дугаартай хэргийг 2019 оны 8 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Оюунчулууны илтгэснээр хянан хэлэлцэв.

Х овгийн  Г.М, 2000 оны 2 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Монгол улсын Их сургуулийн Хүмүүнлэгийн Ухааны 1 дүгээр дамжааны оюутан, ам бүл 2, эмээгийн хамт ............... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:.................../,

Г.М нь 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенци”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан делта-9 тетрагидроканнабинолын агууламжтай уутны хамт 9.17 грамм жинтэй “өвс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар биедээ хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Г.Мын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Г.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Мыг 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Мд оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар ирсэн 9.17 грамм жинтэй /шинжилгээ хийсний дараа 8.4248 грамм жинтэй болсон/ “өвс” гэх нэршилтэй ногоон өнгийн ургамал Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Г.М цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдаж, Г.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнийг цагдан хорьж, эдлэх ялыг 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.   

Шүүгдэгч Г.Мын өмгөөлөгч Б.Га гаргасан давж заалдах гомдолдоо: “... Г.Мын үйлдэл нь олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэргийн бүлэгт хамаарах ч уг бүлэгт заасан хөнгөн гэмт хэргийг тэнсэхгүй, албадлага хэрэглэхгүй гэсэн хуулийн зохицуулалт байхгүй, хориглосон заалтгүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн аль нэгийг хэрэглэх эсхүл Г.Мын хувийн байдлыг харгалзан хорихоос өөр төрлийн ялаар сольж өгнө үү. ХХХХ ...” гэжээ.

Прокурор О.Гэрэл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 429 дугаартай шийтгэх тогтоолыг үндэслэлтэй гэж үзэж байна. Мөрдөн байцаалтын болон шүүх хуралдааны явцад шүүгдэгчийн гэм буруу нь нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон. Шүүхээс ял оногдуулахдаа тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээг оногдуулсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг дэмжиж байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд дурдсан асуудлуудаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч Г.Мд холбогдох хэрэгт, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Хавтас хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан судлахад:

Г.М нь 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенци”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан делта-9 тетрагидроканнабинолын агууламжтай уутны хамт 9.17 грамм жинтэй “өвс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар биедээ хадгалсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

Тэрээр дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь Г.Мын биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх-5-7/, хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл /хх-8-9/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-14/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн 2060 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-20/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн 2053 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-23/, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2019 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн 606 дугаартай Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт /хх-26/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Прокуророос Г.Мын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдсэн хэргийн зүйлчлэл зөв болжээ.

Шүүх хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм бурууд үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж, Г.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Түүнчлэн, Г.Мыг 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

Г.Мын өмгөөлөгч Б.Г  нь “... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн аль нэгийг хэрэглэх эсхүл Г.Мын хувийн байдлыг харгалзан хорихоос өөр төрлийн ялаар сольж өгнө үү. ...” гэсэн давж заалдах гомдол гаргажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан “Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх” заалт, 7.1 дүгээр зүйлд заасан “Хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх” заалт нь шүүхэд үүрэг болгосон заалт бус, шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд хэрэглэдэг учиртай тул уг заалтыг заавал хэрэглэх хууль зүйн үндэслэлгүй.

Нөгөөтэйгүүр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь нийгмийн аюулын хэр хэмжээ, хор уршиг ихтэй тул Г.Мд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх, албадлагын арга хэмжээ хэрэглэх боломжгүй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь нэгээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх хугацаатай тул Г.Мд тухайн зүйл, хэсэгт заагаагүй буюу хорихоос өөр төрлийн ял оногдуулах хууль зүйн үндэслэлгүй ба анхан шатны шүүхээс Г.Мын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялын хамгийн доод хэмжээгээр буюу 1 жилийн хорих ял оногдуулсан нь түүний гэм бурууд тохирсон байна.

Иймд шүүгдэгч Г.Мын өмгөөлөгч Б.Г.ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 429 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1 Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 429 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Мын өмгөөлөгч Б.Г-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БАТСАЙХАН   

ШҮҮГЧ                                                             М.ПҮРЭВСҮРЭН

ШҮҮГЧ                                                            Д.ОЮУНЧУЛУУН