Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 128/ШШ2021/0458

 

 

 

 

 

 

                                          

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Дүгнэлт гаргагч: Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд Хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор М.Э

Хариуцагч: Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Х.Н

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.С*******,  дүгнэлт гаргагч Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Э, хариуцагч Х.Н нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Дүгнэлт гаргагч Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд Хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор М.Э шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ: “... Нийслэлийн мэргэжлийн хяналтын улсын байцаагч Х.НЗөрчлийн тухай хуулийн 12.8 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн 6.2 дахь заалтад зааснаар зөрчлийн хэрэг нээсэн 2102000034 дугаартай хэргийн холбогдогч Х д-ийн З д Т г-ыг 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдөр "шийтгэлээс чөлөөлж” шийдвэрлэсэн. Зөрчлийн 2102000034 дугаартай хэргийг 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын эрх бүхий албан тушаалтнуудын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хийсэн шалгалтын хүрээнд хяналаа. Х д-ийн З д Т Г нь 2019 онд тус дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Нийслэлийн ерөнхий боловсролын 32 дугаар дунд сургуулийн гадна байрлах цахилгааны дэд станц /ХТП-5269/-ийн орц гарцыг хааж шугам сүлжээний хамгаалалтын зурвас бүхий талбайд хөл бөмбөг, сагсан бөмбөгийн талбай барьж, Эрчим хүчний тухай хууль зөрчсөн болох нь хэргийн материалд авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон байх тул Хан Уул дүүргийн Засаг даргын тамгын газарт Зөрчлийн тухай хуулийн 12.8 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн 6.2 дахь заалтад зааснаар “барилга байгууламжийг буулгуулах, зурвасыг чөлөөлүүлэх” арга хэмжээг авч, 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох торгуулийн шийтгэл оногдуулах үндэслэлтэй байсан байна.

Гэтэл эрх бүхий албан тушаалтан Зөрчлийн тухай хуулийн 6.12 дугаар зүйлийн 10 дахь хэсэгт заасан “Төрийн албан хаагчийн хуулиар хүлээсэн албаны чиг үүрэгтэй холбоотой хэрэгжүүлсэн үйлдэл, эс үйлдэхүй нь зөрчлийн шинжтэй бол түүнд холбогдох хариуцлагыг хүлээлгэх талаар харьяалах байгууллагын удирдлагад албан бичгээр мэдэгдэнэ” гэх заалтыг баримтлан хуулийн этгээд болох Х д-ийн З д Т г-ыгшийтгэлээс чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй, хууль буруу хэрэглэсэн байна. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.12 дугаар зүйлд “Эрх бүхий албан тушаалтан Зөрчлийн тухай хуулийн 2.3 дугаар зүйл, 3.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан үндэслэлээр зөрчил үйлдсэн хүнийг шийтгэлээс чөлөөлөх тухай шийдвэр гаргана” гэж заасан. Зөрчлийн тухай хуулийн 2.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Төрийн албан хаагчийн хуулиар хүлээсэн албаны чиг үүргээ хэрэгжүүлсэн үйлдэл, эс үйлдэхүй энэ хуульд заасан зөрчлийн шинжтэй бол түүнд холбогдох хууль тогтоомжид заасан сахилгын шийтгэл хүлээлгэнэ ..." гэж төрийн албан хаагчийг шийтгэлээс чөлөөлөх зохицуулалтыг хуульчилсан. Харин төрийн байгууллагыг шийтгэлээс чөлөөлөх зохицуулалт Зөрчил, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд, төрийн байгууллагад сахилгын шийтгэл оногдуулах зохицуулалт Төрийн албаны тухай хуульд тус тус байхгүй.

Иймд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн эрчим хүчний хяналтын улсын байцаагч Х.Н 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Х д-ийн З д Т г-ыг Зөрчлийн тухай хуулийн 12.8 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн 6.2 дахь заалтад заасан шийтгэлээс чөлөөлсөн шийдвэр нь Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Энэ хуульд өөрөөр заагаагүй бол хуулийн этгээдэд түүний төрөл, хэлбэр, өмч хөрөнгө, оршин байгаа газар, үйл ажиллагааны чиглэлээс үл хамааран шийтгэл оногдуулж, албадлагын арга хэмжээ хэрэглэнэ” гэх хууль ёсны зарчимд нийцэхгүй байх тул хүчингүй болгуулж, Х д-ийн З д Т Г-т шийтгэл оногдуулахаар Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.12 дугаар зүйлийн 11 дэх хэсгийг удирдлага болгон прокурорын дүгнэлт бичив.” гэжээ.

Хариуцагч Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Х.Н шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “... Уг зөрчил нь хэрэг бүртгэлтийн ажиллагаагаар Х д-ийн З д Т Г-ын буруутай үйл ажиллагаанаас үүдэн гарсан зөрчил дутагдал тул зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг хуулийн хугацаанд хийж, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.12 дугаар зүйлийн 10 дахь хэсэгт “Төрийн албан хаагчийн хуулиар хүлээсэн албаны чиг үүрэгтэй холбоотой хэрэгжүүлсэн үйлдэл, эс үйлдэхүй нь зөрчлийн шинжтэй бол түүнд холбогдох хариуцлагыг хүлээлгэх талаар харьяалах байгууллагын удирдлагад албан бичгээр, гэмт хэргийн шинжтэй бол энэ хуулийн 4.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу прокурорт даруй мэдэгдэнэ.", Зөрчлийн тухай хуулийн 2.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг “Төрийн албан хаагчийн хуулиар хүлээсэн албаны чиг үүргээ хэрэгжүүлсэн үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуульд заасан зөрчлийн шинжтэй бол түүнд холбогдох хууль тогтоомжид заасан сахилгын шийтгэл хүлээлгэнэ.” гэж заасныг баримтлан тухайн байгууллагад албан бичгээр арга хэмжээ тооцохыг үүрэг болгон албан бичиг хүргүүлсэн.

Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт “Өмчлөлдөө буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхдээ тусгайлсан хөрөнгөтэй, өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаврыг эд хөрөнгөөрөө хариуцдаг, нэхэмжлэгч, хариуцагч байж чадах, тодорхой зорилго бүхий, тогтвортой үйл ажиллагаа эрхэлдэг зохион байгуулалтын нэгдлийг хуулийн этгээд гэнэ.” гэж тодорхойлсон байх бөгөөд тус хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт “Ашгийн төлөө хуулийн этгээдийг нөхөрлөл, компанийн хэлбэрээр байгуулна.”, 33.2.дахь хэсэгт “Ашгийн төлөө бус хуулийн этгээдийг холбоо, сан, хоршооны хэлбэрээр байгуулна” гэж тус тус заасан байх бөгөөд Х д-ийн З д Т Г нь хуулийн этгээд бус төрийн байгууллага болно.

Иймд Зөрчлийн хэргийн холбогдогчид ногдуулсан арга хэмжээ хуулийн үндэслэлтэй гэж үзэж байна.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд Хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор М.Э тус шүүхэд хандан “Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн эрчим хүчний хяналтын улсын байцаагч Х.Н-ын  2021 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Х д-ийн З д Т г-ыг Зөрчлийн тухай хуулийн 12.8 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн 6.2 дахь заалтад заасан шийтгэлээс чөлөөлсөн шийдвэр нь Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Энэ хуульд өөрөөр заагаагүй бол хуулийн этгээдэд түүний төрөл, хэлбэр, өмч хөрөнгө, оршин байгаа газар, үйл ажиллагааны чиглэлээс үл хамааран шийтгэл оногдуулж, албадлагын арга хэмжээ хэрэглэнэ” гэх хууль ёсны зарчимд нийцэхгүй байх тул хүчингүй болгуулж, Х д-ийн З д Т Г-т шийтгэл оногдуулахаар Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.12 дугаар зүйлийн 11 дэх хэсгийг удирдлага болгон прокурорын дүгнэлт бичиж ирүүлжээ.

Шүүх хэргийн оролцогч нарын зүгээс шүүх хуралдааны хэлэлцүүлэг дээр гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд Хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор М.Э-ийн ирүүлсэн дүгнэлтийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Нэг. Хэргийн үйл баримтын талаар:

1.1. Нийслэлийн мэргэжлийн хяналтын улсын байцаагч Х.Н Зөрчлийн тухай хуулийн 12.8 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн 6.2 дахь заалтад зааснаар зөрчлийн хэрэг нээсэн 2102000034 дугаартай хэргийн холбогдогч Х д-ийн З д Т г-ыг 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдөр шийтгэлээс чөлөөлж шийдвэрлэсэн байна.[1] Прокурор М.Э зөрчлийн 2102000034 дугаартай хэргийг 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын эрх бүхий албан тушаалтнуудын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хийсэн шалгалтын хүрээнд хянасан байна. Х д-ийн З д Т Гнь 2019 онд тус дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Нийслэлийн ерөнхий боловсролын 32 дугаар дунд сургуулийн гадна байрлах цахилгааны дэд станц /ХТП-5269/-ийн орц гарцыг хааж шугам сүлжээний хамгаалалтын зурвас бүхий талбайд хөл бөмбөг, сагсан бөмбөгийн талбай барьж, Эрчим хүчний тухай хууль зөрчсөн болох нь хэргийн материалд авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

1.2. Дүгнэлт гаргагч прокурор М.Э болон хариуцагч Х.Н нар нь Х д-ийн З д Т Гнь Зөрчлийн тухай хуулийн 12.8 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн 6.2 дахь заалтыг зөрчсөн эсэх дээр маргаагүй, харин Х д-ийн З д Т Г-т тус заалтад  “... хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэж заасны дагуу торгох шийтгэл оногдуулах ёстой байсан эсэх дээр маргаж байна.

Хоёр. Прокурорын дүгнэлтийн хууль зүйн үндэслэлийн талаар:

2.1. Прокурор М.Э дүгнэлтдээ “... Х д-ийн З д Т Г нь 2019 онд тус дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Нийслэлийн ерөнхий боловсролын 32 дугаар дунд сургуулийн гадна байрлах цахилгааны дэд станц /ХТП-5269/-ийн орц гарцыг хааж шугам сүлжээний хамгаалалтын зурвас бүхий талбайд хөл бөмбөг, сагсан бөмбөгийн талбай барьж, Эрчим хүчний тухай хууль зөрчсөн болох нь хэргийн материалд авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон байх тул Хан Уул дүүргийн Засаг даргын тамгын газарт Зөрчлийн тухай хуулийн 12.8 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн 6.2 дахь заалтад зааснаар “барилга байгууламжийг буулгуулах, зурвасыг чөлөөлүүлэх” арга хэмжээг авч, 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох торгуулийн шийтгэл оногдуулах үндэслэлтэй байсан байна.” гэжээ.

2.2. Түүнчлэн “... Зөрчлийн тухай хуулийн 2.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Төрийн албан хаагчийн хуулиар хүлээсэн албаны чиг үүргээ хэрэгжүүлсэн үйлдэл, эс үйлдэхүй энэ хуульд заасан зөрчлийн шинжтэй бол түүнд холбогдох хууль тогтоомжид заасан сахилгын шийтгэл хүлээлгэнэ," гэж төрийн албан хаагчийг шийтгэлээр чөлөөлөх зохицуулалтыг хуульчилсан. Харин төрийн байгууллагыг шийтгэлээс чөлөөлөх зохицуулалт Зөрчил, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд, төрийн байгууллагад сахилгын шийтгэл оногдуулах зохицуулалт Төрийн албаны тухай хуульд тус тус байхгүй.” гэжээ.

2.3. Хариуцагч Х.Н хариу тайлбартаа болон шүүх хуралдааны хэлэлцүүлэг дээр “... Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт “Өмчлөлдөө буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхдээ тусгайлсан хөрөнгөтэй, өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаврыг эд хөрөнгөөрөө хариуцдаг, нэхэмжлэгч, хариуцагч байж чадах, тодорхой зорилго бүхий, тогтвортой үйл ажиллагаа эрхэлдэг зохион байгуулалтын нэгдлийг хуулийн этгээд гэнэ.” гэж тодорхойлсон байх бөгөөд тус хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт “Ашгийн төлөө хуулийн этгээдийг нөхөрлөл, компанийн хэлбэрээр байгуулна.”, 33.2.дахь хэсэгт “Ашгийн төлөө бус хуулийн этгээдийг холбоо, сан, хоршооны хэлбэрээр байгуулна” гэж тус тус заасан байх бөгөөд Х д-ийн З д Т Г нь хуулийн этгээд бус төрийн байгууллага болно. Иймд Зөрчлийн хэргийн холбогдогчид ногдуулсан арга хэмжээ хуулийн үндэслэлтэй гэж үзэж байна.” гэжээ.

2.4. Зөрчлийн тухай хуулийн 12.8 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт “Эрчим хүчний тухай хуульд заасныг зөрчиж шугам сүлжээний хамгаалалтын зурвасын дотор:” гээд 6.2 дахь заалтад “шугам сүлжээ өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрснөөс бусад үйл ажиллагаа явуулсан бол үйл ажиллагааг зогсоож, барилга байгууламжийг буулгуулах, зурвасыг чөлөөлүүлэх арга хэмжээ авч учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэж заажээ.

Хуулийн дээрх хэм хэмжээнээс үзвэл Эрчим хүчний тухай хуульд заасныг зөрчиж шугам сүлжээний хамгаалалтын зурвасын дотор шугам сүлжээ өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрснөөс бусад үйл ажиллагаа явуулсан зөрчил үйлдсэн бол тэрхүү үйл ажиллагааг нь зогсоож, барилга байгууламжийг буулгуулах, зурвасыг чөлөөлүүлэх арга хэмжээ авч учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор заасан байна.

2.5. Хэргийн нөхцөл байдлаас үзэхэд Х д-ийн З д Т Г нь Эрчим хүчний тухай хуульд заасныг зөрчиж шугам сүлжээний хамгаалалтын зурвасын дотор шугам сүлжээ өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрснөөс бусад үйл ажиллагаа явуулсан зөрчил үйлдсэн болох нь тогтоогдсон байх бөгөөд хариуцагч Х.Н нь зөрчлийг арилгуулах арга хэмжээ авах шийдвэр гаргаж, харин Х д-ийн З д Т Г-т торгох шийтгэл оногдуулаагүй байна.

2.6. Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Энэ хуульд өөрөөр заагаагүй бол хуулийн этгээдэд түүний төрөл, хэлбэр, өмч хөрөнгө, оршин байгаа газар, үйл ажиллагааны чиглэлээс үл хамааран шийтгэл оногдуулж, албадлагын арга хэмжээ хэрэглэнэ” гэж зааснаас үзвэл зөрчлийн эрх зүйн хүрээнд Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн зохицуулалтын санкцид тодорхой заасан тохиолдолд зөрчил үйлдсэн хүнээс гадна хуулийн этгээдэд хариуцлага тооцох хууль зүйн боломжийг олгосон байна.

2.7. Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт хуулийн этгээд гэдэгт ямар эрх зүйн этгээдийг ойлгох талаарх хуулийн тодорхойлолтыг өгсөн байх бөгөөд түүнд “Өмчлөлдөө буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхдээ тусгайлсан хөрөнгөтэй, өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаварыг эд хөрөнгөөрөө хариуцдаг, нэхэмжлэгч, хариуцагч байж чадах, тодорхой зорилго бүхий, тогтвортой үйл ажиллагаа эрхэлдэг зохион байгуулалтын нэгдлийг хуулийн этгээд гэнэ” гэж заажээ.

Х д-ийн З д Т Гнь хэдийгээр нийтийн эрх зүйн захирамжилсан үйл ажиллагаа явуулдаг, гүйцэтгэх эрх мэдэлд хамаарах төрийн захиргааны байгууллага боловч аливаа эрх зүйн харилцаанд, тухайлбал, зөрчлийн, захиргааны, иргэний, арилжааны гэх зэрэг эрх зүйн харилцаанд хуулийн этгээд мөн болно. Өөрөөр хэлбэл, Х д-ийн З д Т Гнь өмчлөлдөө буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхдээ тусгайлсан хөрөнгөтэй, өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаварыг эд хөрөнгөөрөө хариуцдаг, нэхэмжлэгч, хариуцагч байж чадах, тодорхой зорилго бүхий, тогтвортой үйл ажиллагаа эрхэлдэг шинжийг хангасан зохион байгуулалтын нэгдэл гэж үзнэ. Тиймээс Х д-ийн З д Т Г нь хуулийн этгээд болох тул энэ талаар дурдсан прокурорын дүгнэлт үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

2.8. Иргэний хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, 33.2 дахь хэсэгт хуулийн этгээдийн төрлийг хуульчилсан байх бөгөөд энэ төрөлд төрийн байгууллага гэж байхгүй тул төрийн байгууллага нь хуулийн этгээдэд хамаарахгүй гэж дүгнэх боломжгүй. Учир нь, Иргэний хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэгт “Төр, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж болох аймаг, нийслэл, сум, дүүрэг нь иргэний эрх зүйн харилцаанд хуулийн этгээдийн нэгэн адил оролцоно” гэж заасныг баримтлан төр, түүнчлэн засаг захиргааны нэгжүүд нь хуулийн этгээд болно.

2.9. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрх бүхий албан тушаалтан Зөрчлийн тухай хуулийн 2.3 дугаар зүйл, 3.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан үндэслэлээр зөрчил үйлдсэн хүнийг шийтгэлээс чөлөөлөх тухай шийдвэр гаргана” гэж заасан байна. Зөрчлийн тухай хуулийн 2.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Төрийн албан хаагчийн хуулиар хүлээсэн албаны чиг үүргээ хэрэгжүүлсэн үйлдэл, эс үйлдэхүй энэ хуульд заасан зөрчлийн шинжтэй бол түүнд холбогдох хууль тогтоомжид заасан сахилгын шийтгэл хүлээлгэнэ ..." гэж төрийн албан хаагчийг шийтгэлээс чөлөөлөх зохицуулалтыг хуульчилжээ. Өөрөөр хэлбэл, хуулийн дээрх заалтын үйлчлэх хүрээ нь хуулийн этгээд болох төрийн байгууллагыг шийтгэлээс чөлөөлөх бус, харин төрийн байгууллагад хуулиар олгосон чиг үүргийг хөдөлмөрийн тодорхой хуваарийн дагуу эрхлэн хэрэгжүүлж буй төрийн албан хаагчийг шийтгэлээс чөлөөлөхөд чиглэсэн байна.

Түүнчлэн хуулийн этгээд болох төрийн байгууллагыг шийтгэлээс чөлөөлөх зохицуулалт Зөрчлийн тухай хуульд хуульчлагдаагүй болохыг дурдаж байна. Иймд энэ талаарх прокурорын дүгнэлт үндэслэл бүхий болсон байна гэж шүүх үзлээ.

2.10. Прокурор М.Э-ийн тус шүүхэд ирүүлсэн дүгнэлт дээрх үндэслэлүүдээр хуульд нийцсэн байх тул Х д-ийн З д Т Г-т Зөрчлийн тухай хуулийн 12.8 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн 6.2 дахь заалтад заасны дагуу таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл ногдуулах үндэслэлтэй хэдий ч Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалт, 8 дугаар зүйлийн 8.1, 10 дугаар зүйлийн 10.1, 12 дугаар зүйлийн 12.15 дахь хэсгүүдийг тус тус үндэслэн торгох шийтгэлийг өршөөлд хамааруулан чөлөөлөх шийдвэр гаргах боломжтой болохыг эрх бүхий албан тушаалтан болох хариуцагч улсын байцаагч Х.Н-т дурдах нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.12, 113.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 5, 12.8 дугаар зүйлийн 6.2, Иргэний хуулийн 7 дугаар зүйлийн 7.3, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсгүүдийг тус тус баримтлан Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Э-ийн гаргасан “Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн эрчим хүчний хяналтын улсын байцаагч Х.Н-ын  2021 оны 03 дугаар сарын 26-ны өдөр гаргасан Х д-ийн З д Т г-ыг Зөрчлийн тухай хуулийн 12.8 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн 6.2 дахь заалтад заасан шийтгэлээс чөлөөлсөн шийдвэрийг хүчингүй болгуулах тухай” дүгнэлтийг бүхэлд нь хангасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт заасныг баримтлан Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалт, 8 дугаар зүйлийн 8.1, 10 дугаар зүйлийн 10.1, 12 дугаар зүйлийн 12.15 дахь хэсгүүдийг тус тус үндэслэн торгох шийтгэлийг өршөөлд хамааруулан чөлөөлөх шийдвэр гаргах боломжтой болохыг эрх бүхий албан тушаалтан болох хариуцагч улсын байцаагч Х.Н-т дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14 дэх заалтад зааснаар прокурор улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

4.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасныг баримтлан шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсны дараа 2102000034 дугаартай зөрчлийн хэргийн материалын эх хувийг Нийслэлийн Прокурорын газарт хүргүүлсүгэй.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Т.МӨНХ-ЭРДЭНЭ

                                                  

 

 

 

 

 

                               

 

 

 

 

[1] Хавтаст хэргийн 58 дахь тал