Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 221/МА2024/0541

 

 

 

 

 

 

 

 

Д.Оийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Д.Оюумаа

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Билгүүн

Илтгэсэн шүүгч З.Ганзориг

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ө

 

Нэхэмжлэгч: Д.О

Хариуцагч: Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс

Гуравдагч этгээд: “Г М К”ХХК

Нэхэмжлэлийн шаардлага: “Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, 15 дугаар хороолол, Дамдинбазарын гудамж, 101а байрны 30 тоот хаягт байрлах 53.76 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг Д.Оийн нэр дээр бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргахыг даалгах” тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШШ2024/0436 дугаар шийдвэр

 

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ө

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.Ба

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Номуунаа

Хэргийн индекс: 128/2024/0160/з

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Д.О нь Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан “Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, 15 дугаар хороолол, Дамдинбазарын гудамж, 101а байрны 30 тоот хаягт байрлах 53.76 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг Д.Оийн нэр дээр бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргахыг даалгах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШШ2024/0436 шийдвэрээр: “...Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.4, 11.3, 11.9-д заасныг тус тус заасныг баримтлан Д.Оээс Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, 15 дугаар хороолол, Дамдинбазарын гудамж, 101а байрны 30 тоот хаягт байрлах 53.76 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг Д.Оийн нэр дээр бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргахыг хариуцагчид даалгаж” шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ө-өөс дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна.

3.1. Иргэн Д.Оийн өмчлөх хүсэлт гаргасан Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, 15 дугаар хороолол, Дамдинбазарын гудамж 101а байрны 30 тоот орон сууцны эрх нь “Г М К”ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, 15 дугаар хороолол, Дамдинбазарын гудамж 101а хаягтай 5850 м.кв хэмжээтэй барилгад бүртгэгдсэн байгаа болно. Иймд уг бүртгэгдсэн эрхэд иргэн Д.От гэрчилгээ олгох тохиолдолд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлд улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хориглох тухай заасан бөгөөд 20.1.8-д “улсын бүртгэлд бүртгэгдсэн хүчинтэй байгаа эрхийг дахин бүртгэж гэрчилгээ олгох” гэж заасныг зөрчих нөхцөл үүснэ.

Учир нь иргэн Д.О нь уг орон сууцыг захиалгын гэрээг үндэслэн захиалан бариулсан бөгөөд хөрөнгө оруулагч, захиалагчийн өмчлөх эрхийг бүртгэхэд Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн хуулийн 10 дугаар зүйл, үүн дунд 10 дугаар зүйлийн 10.1, 10.2, 10.3, 10.4, 10.5, 10.6 дугаар зүйлийг үндэслэн бүртгэдэг болно.

3.2. Мөн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4.4 дүгээр зүйлд зааснаар “орон сууц болон хэсгээр өмчлөх дундын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг тухайн үл хөдлөх эд хөрөнгийн доорх болон орчны газрын нэгж талбарын дугаарт үндэслэн бүртгэнэ” гэж заасан хуулийн заалтыг үндэслэн бүртгэдэг болно. Газрын нэгж талбарт үндэслэн эд хөрөнгө өмчлөх эрхийг бүртгэдэг тухай анхан шатны шүүхэд бичгийн тайлбараар биш шүүх хуралдааны явцад аман хэлбэрээр мэдүүлсэн болно. Өнөөдрийн байдлаар бүртгэлтэй эд хөрөнгө нь нийтийн орон сууц боловч барилгын доорх газар нь гэр бүлийн хэрэгцээний өмчлөх эрхийн газар тул нэгж талбарт үндэслэн бүртгэх боломжгүй нөхцөл байдал үүссэн байгаа болно.

Мөн тухайн өмчлөлийн газар нь өнөөдрийн байдлаар 3 тэрбум төгрөгийн банкны зээлийн барьцаанд бүртгэлтэй ба дуусгавар болсон бүртгэл хийгдээгүй байгаа болно. Иймд өнөөдрийн өмчлөгч “Г М К”ХХК-д захиалагч иргэдийн өмчлөх эрхийг баталгаажуулах үндсэн материалыг “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журам”-ын 5.7 дугаар зүйлд зааснаар захиалгаар барьж дууссан барилгын дундаа хэсгээр өмчлөгч бүрд ногдох хэсгийн өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэхэд мэдүүлэг гаргагчийн ирүүлсэн нотлох баримтыг захиалагчийн нэрс, тэдгээрийн оруулсан хөрөнгийн болон ногдох талбайн хэмжээ, байршлын хаяг, хэлцлийн мэдээллийг тусгасан захиалагчдын нэрсийн жагсаалт, барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлттэй тулгаж нягтална” гэж заасан журмын дагуу гарган өгөх үүрэгтэй тул жагсаалтыг хуульд нийцүүлэн нотлох баримтын шаардлага хангуулан бүртгэлийн байгууллагад хүргүүлэх, захиалагч иргэдийн өмчлөх эрхийг баталгаажуулах нөхцөлөөр хангах, “иргэн Д.Оийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон” гэж анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчилж өгнө үү” гэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийн өмгөөлөгч нар нь давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалсан агуулга бүхий тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хэргийг бүхэлд нь хянав.

2. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг буруу үнэлж, Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийг буруу тайлбарлаж хэрэглэснээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байх тул хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангаж шийдвэрлэлээ.

3. Нэхэмжлэгч Д.Оээс Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан “Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, 15 дугаар хороолол, Дамдинбазарын гудамж, 101а байрны 30 тоот хаягт байрлах 53.76 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг Д.О-ийн нэр дээр бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, түүний үндэслэлээ “...”Г М К”ХХК-тай орон сууц захиалгын гэрээ байгуулан ... 54.340.000 төгрөгийг тушаасан. Үлдэгдэл төлбөр болох 20.925.000 төгрөгийг шилжүүлж төлбөрийн хувьд тооцоо дууссан. ...бид Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан бөгөөд 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 1087 дугаар захирамжаар Д.О-ийн өмчлөлд шилжүүлэх шийдвэр гарсан байдаг. ... гэтэл шалтаг тоочин өргөдлийг улсын бүртгэлийн байгууллага буцааж, бүртгэхгүй байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэж тайлбарлах бол гуравдагч этгээдээс “... нэхэмжлэгч нь гэрээний төлбөрөө бүрэн барагдуулсан, манай компанийн зүгээс холбогдох баримтуудыг улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлсэн, Чингис хаан банкны барьцаанд байгаа тухай яригддаг бөгөөд дээрх орон сууцны барилга нь барьцаанд байдаггүй” гэх үндэслэлээр дээрх нэхэмжлэлийг дэмжсэн тайлбар гаргана.

4. Харин хариуцагчаас “...Захиалгаар барьж дууссан барилгын дундаа хэсгээр өмчлөгч бүрт ногдох хэсгийн өмчлөх эрхийг захиалагч иргэдийн өмчлөлд салгаж бүртгүүлэхдээ Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.6-д заасны дагуу холбогдох баримтуудыг Барилга байгууламжийг байнгын ашиглалтад хүлээн авах улсын комиссын дүгнэлтийн хамт тухайн үл хөдлөх эд хөрөнгө оршин байгаа нутаг дэвсгэрийн харьяаллын дагуу Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлж, захиалан бариулсан орон сууцны өмчлөх эрхээ бүртгүүлэхийг хүссэн иргэн мэдүүлэг гаргасан орон сууц захиалгын гэрээ, төлбөр тооцоо дууссан тухай тодорхойлолт, бусад баримтуудыг хавсарган өгч эрхийн улсын бүртгэлд бүртгүүлдэг, “Г М К”ХХК нь захиалагч иргэдийн нэр дээр гаргах жагсаалт болон холбогдох нотлох баримтыг ирүүлээгүй” гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

5. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Өлгий 18 гудамжны 215 тоот хаяг байршилтай, нэгж талбарын 1864731190468 дугаартай 700 м.кв газрыг Д.Г-д гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлсэн талаар эрхийн улсын бүртгэлийн Г-2204014857 дугаарт бүртгэсэн ба тус газар дээр баригдсан Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, 15 дугаар хороолол, Дандарбаатарын гудамж, 101а тоот хаяг байршилтай орон сууцны өмчлөх эрхийг “Г М К”ХХК-д 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 90 хувийн гүйцэтгэлтэйгээр, 2020 оны 2 дугаар сарын 21-ний өдөр 100 хувийн гүйцэтгэлтэйгээр эрхийн улсын бүртгэлийн Ү-2204102158 дугаарт анх бүртгэж, 000770362 тоот гэрчилгээ олгосон байна.

6. Улмаар нэхэмжлэгч Д.О нь “Г М К”ХХК-тай 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, 15 дугаар хороолол, Дандарбаатарын гудамж, 101А байрны 30 тоот 53.76 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг худалдаж авахаар “Орон сууц захиалгын гэрээ” байгуулж, гэрээний төлбөрийг бүрэн төлсөн. Хэргийн оролцогчдын хэн аль нь энэ талаар маргадаггүй.

7. Харин маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн доорх газар нь эрхийн улсын бүртгэлийн Г-2204014857 дугаарт бүртгэлтэй, гэр бүлийн зориулалттаар өмчлүүлсэн бөгөөд Чингис хаан банктай 2018 онд байгуулсан ББГ-2018/ЗГ/69 дугаар зээлийн гэрээний барьцаанд тавьсан болох нь Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 11 дугаартай албан бичиг, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 1032 дугаартай шийтгэх тогтоолд “...”Г М К”ХХК нь Чингис хаан банктай 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдөр ББГ-2018/ЗГ/69 дугаартай зээлийн гэрээ болон барьцааны гэрээ байгуулан тус банкнаас 3 тэрбум төгрөгийн зээл авч...” гэж тэмдэглэгдсэн зэрэг болон талуудын тайлбараар тогтоогдож байх бөгөөд тухайн газар нь одоог хүртэл эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газрын цахим сан /барьцаа/-д бүртгэлтэй хэвээр болон уг үл хөдлөх эд хөрөнгийг захиран зарцуулах эрхийг тус тус түдгэлзүүлсэн байна.

8. Тодруулбал, маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн доорх газар нь иргэнд өмчлүүлсэн газар байх тул хариуцагч Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журмын 2 дугаар зүйлийн 2.1-д “Улсын бүртгэгч эрхийн улсын бүртгэлийг дор дурдсан дарааллын дагуу хөтөлнө”, 2.1.5-д “мэдүүлэг дэх эд хөрөнгийн байршлын хаяг, өмчлөгч, эзэмшигч, ашиглагчийн регистрийн дугаар, газрын нэгж талбарын дугаараар цахим мэдээллийн сангаас хайлт хийж, мэдүүлэгт дурдсан эрх нь эрхийн улсын бүртгэлд бүртгэгдсэн эсэхийг нягтлан шалгах” гэж, мөн журмын 5 дугаар зүйлийн 5.2-т “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд анх удаа бүртгэхэд газрын нэгж талбарын дугаарт үндэслэж, нэг хувийн хэрэг нээж, нэг бүрдлээр бүртгэнэ”, 5.5-д “Нийтийн зориулалттай орон сууц болон дундаа хэсгээр өмчлөх үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг тухайн үл хөдлөх эд хөрөнгийн доорх болон орчны газрын нэгж талбарын дугаарт үндэслэн бүртгэж, дундаа хэсгээр өмчлөгч бүрд ногдох хэсэг тус бүрээр хувийн хэрэг хөтөлнө” гэж, 5.6-д “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10.6.1-д заасны дагуу дараахь баримт бичгийг мэдүүлэгт хавсаргана”, 5.6.2-т “...хоёр болон түүнээс олон захиалагчтай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхэд эрх ашиг нь хөндөгдөж болох этгээдийн нотариатаар гэрчлүүлсэн зөвшөөрөл”-ийг хавсаргана”, 5.7-т “Захиалгаар барьж дууссан барилгын дундаа хэсгээр өмчлөгч бүрт ногдох хэсгийн өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэхэд мэдүүлэг гаргагчийн ирүүлсэн нотлох баримтыг захиалагчийн нэрс, тэдгээрийн оруулсан хөрөнгийн болон ногдох талбайн хэмжээ, байршлын хаяг, хэлцлийн мэдээллийг тусгасан захиалагчдын нэрсийн жагсаалт, барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлттэй тулгаж нягтална.” гэж тус тус заасны дагуу тухайн газрын зориулалтыг өөрчлөх шаардлагатай гэж үзэж нэхэмжлэгчийг тус орон сууцны өмчлөгчөөр бүртгэхээс татгалзсан хариуцагчийг үйлдлийг буруутгах боломжгүй.

9. Учир нь Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3-д заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгө гэдэг нь газраас салмагц зориулалтын дагуу ашиглах боломжгүй онцлог шинжтэй бөгөөд Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд хөрөнгийн өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг үл хөдлөх эд хөрөнгийн эрх” гэж ойлгохоор, 4 дүгээр зүйлийн 4.4-т “Орон сууц болон хэсгээр өмчлөх дундын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг тухайн үл хөдлөх эд хөрөнгийн доорх болон орчны газрын нэгж талбарын дугаарт үндэслэн бүртгэх”, 21 дүгээр зүйлийн 21.1-д “Барьцаалбарын хууль ёсны эзэмшигч, эсхүл барьцаалагчийн хүсэлт, эсхүл шүүх, арбитрын шийдвэрийг үндэслэн барьцааны эрхийг дуусгавар болгох”, 21.2-т “Барьцааны эрх дуусгавар болсныг эрхийн улсын бүртгэлд бүртгэснээр барьцаалбараар гэрчлэгдсэн эрх дуусгавар болж, энэ тухай хувийн хэрэгт тэмдэглэх”, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4.4 дүгээр зүйлд “орон сууц болон хэсгээр өмчлөх дундын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг тухайн үл хөдлөх эд хөрөнгийн доорх болон орчны газрын нэгж талбарын дугаарт үндэслэн бүртгэнэ” гэж тус тус зохицуулсан байх тул үл хөдлөх эд хөрөнгө байрлаж буй газрын өмчлөх эрх нь өөр этгээдийн үүргийн гүйцэтгэлийг хангах барьцаанд бүртгэлтэй байгаа энэ тохиолдолд уг газар дээр байрлах үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг салгаж бүртгэхэд барьцаалагчийн зөвшөөрлийг авсан байх шаардлагатай байна.

10. Өөрөөр хэлбэл, тухайн орон сууцны өмчлөх эрхийг салгаж бүртгэхийн тулд орон сууцны доорх газрын өмчлөгчийн зөвшөөрөл шаардлагатай, нэхэмжлэгч нь газрыг өмчилж буй иргэн Д.Гүрсоронзонгоос бичгээр гаргасан зөвшөөрлийг мэдүүлэгтээ хавсаргасан хэдий ч газар өмчлөх эрхийг барьцаалагчаас зөвшөөрөл аваагүй, тус эрхэд тогтоосон барьцааны бүртгэл хүчинтэй байх тул Д.О-ийн мэдүүлгийг хүлээн авахаас татгалзсан нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т “үнэн зөв, бодитой, заавал биелүүлэх шинжтэй байх;”, 4.1.5-т “нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх;”, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д “Улсын бүртгэгч дараах үндэслэлээр эрхийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзаж мэдүүлэг, түүнд хавсаргасан баримт бичгийг буцаана:”, 29.1.3-т “мэдүүлэг, түүнд хавсаргасан баримт бичгүүд зөрүүтэй” гэж тус тус зааснаар улсын бүртгэлийн зарчимд нийцсэн шийдвэр болжээ.

11. Хэдийгээр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, 15 дугаар хороолол, Дамдинбазарын гудамж, 101а байрны 30 тоот хаягт байрлах 53.76 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, тус орон сууцыг эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг бүрдүүлж өгөхийг хүссэн Д.О-ийн нэхэмжлэлийн шаардлагыг “Г М К”ХХК хүлээн зөвшөөрснийг баталсан Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 1087 дугаар шүүгчийн захирамж гарч, нэхэмжлэгч уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болох нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон боловч энэ нөхцөлд тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр нэхэмжлэгч Д.О-ийг бүртгэх үндэслэл болохгүй бөгөөд хариуцагч захиргааны байгууллага бүртгэхээс татгалзсаныг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

12. Нөгөөтээгүүр, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн “Эрх шилжүүлэх тухай” 01-189/9039 дүгээр албан бичиг, мөн өдрийн 189/07 дугаар “Хөрөнгийн эрх сэргээх тухай” тогтоол, мэдэгдэл зэрэг шийдвэрүүд нь зөвхөн тухайн орон сууцны хоригийг цуцалж захиран зарцуулах эрхийг сэргээсэн болохоос биш уг үл хөдлөх эд хөрөнгө байрлаж буй өмчлөх эрх бүхий газартай холбоотой аливаа эрхийг сэргээсэн гэж үзэх боломжгүй. Иймээс маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгэхийн өмнө түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох иргэн, хуулийн этгээд буюу төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг заавал авсан байх шаардлагатай.

13. Гэтэл анхан шатны шүүх “... эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаагаар “Г М К”ХХК-ийн өмчлөлийн Ү-2204102158 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө нь аливаа этгээдийн барьцаанд байгаа талаар тэмдэглэгээ хийгдээгүй, нэхэмжлэгчээс маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг бүртгүүлэхээр дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст өргөдөл гаргасан нь хууль нийцсэн, үл хөдлөх эд хөрөнгийг захиран зарцуулах эрхийг сэргээсэн нь холбогдох баримтаар тогтоогдож байхад барьцаанд байгаа гэх үндэслэлээр татгалзсан нь хууль бус” гэж дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь уг маргаан бүхий харилцааг зохицуулсан дээрх хуулийн зохицуулалттай нийцээгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

14. Энэ талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан “...өнөөдрийн байдлаар бүртгэлтэй эд хөрөнгө нь нийтийн орон сууц боловч барилгын доорх газар нь гэр бүлийн хэрэгцээний өмчлөх эрхийн газар нь 3 тэрбум төгрөгийн банкны зээлийн барьцаанд бүртгэлтэй, дуусгавар болсон бүртгэл хийгдээгүй” гэх давж заалдах гомдол үндэслэлтэй.

15. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Д.О-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх заалтыг заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШШ2024/0436 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Улсын бүртгэлийн ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 19 дүгээр зүйлийн 19.4.3, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 4 дүгээр зүйлийн 4.4, 29 дүгээр зүйлийн 29.1, 29.1.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.О-ийн Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан гаргасан “Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, 15 дугаар хороолол, Дамдинбазарын гудамж, 101а байрны 30 тоот хаягт байрлах 53.76 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг Д.О-ийн нэр дээр бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргахыг даалгах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮГЧ                                                                      Д.ОЮУМАА

ШҮҮГЧ                                                                      Г.БИЛГҮҮН

ШҮҮГЧ                                                                      З.ГАНЗОРИГ