Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 201620000191

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

              Увс аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Алтан даргалж, шүүгч Б.Гансүх, шүүгч С.Болортуяа нарын бүрэлдэхүүнтэй,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Сувд-Эрдэнэ,

            Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Баярмагнай,               

            Иргэдийн төлөөлөгч Т.Батхишиг,

            Хохирогч Н.Тэрбиш,

            Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Дамдинсүрэн,

            Шүүгдэгч: З.Төгсбилэг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд явуулж, Увс аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З.Төгсбилэгт холбогдох эрүүгийн 201620000191 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

     Шїїгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1990 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Хилийн албаны мэргэжилтэй, Хилийн цэргийн 0132 дугаар ангийн 4 дүгээр заставын сургалт эрхэлсэн орлогч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг 23-34 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Боржигон овогт Зоригтбаатарын Төгсбилэг / РД:УУ90073079/, 

      Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч З.Төгсбилэг нь 2015 оны 1 дүгээр сарын 18-ны орой Увс аймгийн Тэс сумын 11 дүгээр багийн нутагт байрлах Шар үзүүрийн застав гэх газар хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч Н.Тэрбиштэй маргалдаж, улмаар түүний зүүн нүдэн тус газар нь цохиж бие махбодид нь хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.     ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанаар дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

      1. Хохирогч Н.Тэрбишийн мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би 2015 оны 1 дүгээр сарын 20-ны үед гаалийн байцаагч Н.Ганзориг гэдэг залуутай хамт түүний Ланд кузер-80 маркийн автомашинтай Тэс сумын харьяат Нааяа гэдэг хүний гэр дээр байсан адуугаа эргэхээр явсан. Тухайн үед Нааяа гэдэг айл нь Тэс сумын 11 дүгээр багийн нутаг Хүрэн тохой гэх нэртэй газар байсан бөгөөд бид хоёр Нааяатай уулзчихаад Тэс сумын 11 дүгээр багийн сумын төв рүү хүнсний зүйл авахаар явсан. Нааяагийн гэрээс Н.Одон, Цүнхээ гэдэг 2 залуу Ганзоригийн машинд суугаад багийн төв рүү орохоор бид хоёртой хамт явсан. Бид дөрөв Тэс сумын 11 дүгээр багийн нутаг Намаржин гэдэг газарт явж байтал тэнд хилийн цэргийн Шар үзүүрийн заставын давхар кабинтай, бор цоохор өнгийн Пермер маркийн автомашин зогсож байсан. Н.Ганзориг тухайн машины ойролцоо очиж зогсоход Шар үзүүрийн заставын орлогч Э.Алтанбаяр хүрч ирсэн. Ганзориг, Одон, Цүнхээ бид 4 машинаас буугаагүй бөгөөд хилийн цэргийн машинд Алтанбаяраас өөр ямар хүмүүс явж байгааг мэдээгүй. Алтанбаяр хүрч ирээд “манай машин эвдэрчихлээ” гэхээр нь би тэгвэл манай машинд сууж дулаац, бид 2 багийн төв орчихоод буцаж ирнэ гэж хэлэхэд Алтанбаяр нь манай машинд суусан. Алтанбаяр, Ганзориг, Одон, Цүнхээ бид 5 цаашаа яваад Тэс сумын 11 дүгээр багийн төв орж Цэвээнравдан гэдэг хүний дэлгүүрээс хүнсний зүйл худалдаж авсан. Бид 5 буцаад Намаржин гэх нэртэй газар очиход хилийн цэргийн машиныг засаж, асаасан байсан. Тухайн машины ойролцоо очиж зогсоход З.Төгсбилэг машинаас бууж ирээд бид нараас мэнд асуусан. Энэ үед Ганзориг машинаас буучихсан учраас мэндийн хариу өгч амжаагүй. Гэтэл З.Төгсбилэг энэ ямар пээдгэр нөхөр вэ гэж хэлж байсан. Тэр үгийг нь Ганзориг сонсоогүй. Би З.Төгсбилэгт “наад хүн чинь манай дарга байна. Чи яагаад зүгээр байсан хүнийг пээдгэр гэж хэлээд байгаа юм”гэж хэлсэн. З.Төгсбилэг бид хоёрын дунд өөр ямар нэгэн маргаан зодоон болоогүй. Бид нар тэгээд Шар үзүүрийн застав дээр очиход хилийн цэргийн машин түрүүлээд очсон байсан бөгөөд З.Төгсбилэг нь заставын хашаан дотор бид нарын машины хажууд ирж зогссон. Тухайн үед би Ганзоригийн машины зүүн урд талын суудал буюу жолоочийн хажуу талын суудал дээр сууж явж байсан бөгөөд машин зогссоны дараа би машинаас буух гээд машины хаалгыг онгойлгоод хоёр хөлөө буулгах үед З.Төгсбилэг надруу хүрч ирээд миний зүүн талын нүдний хэсэг рүү гараараа нэг удаа цохьсон. Тухайн үед ойролцоогоор 22 цаг болж байсан бөгөөд машины урд талын гэрэл асаасан байсан учир бүх зүйл харагдаж байсан. Би З.Төгсбилэгээр цохиулаад машины зүүн талд газар унасан бөгөөд буцаад босож ирэх үед З.Төгсбилэг дахин миний зүүн талын нүдний хэсэг рүү гараараа нэг удаа цохиод би дахин газарт унасан. Би газарт унаад босож ирэх үед миний хамарнаас цус гарч байсан. Зүүн талын нүд харанхуйлаад юу ч харахгүй байсан. З.Төгсбилэг намайг 2 удаа цохисны дараа Ганзориг “юу болж байна. Хүн аллаа ш дээ” гэж орилоод машинаа эргүүлж гэрлээ над руу тусгах үед тэнд байсан хүмүүс эргээд байр руугаа зугатаад явсан. З.Төгсбилэг нь мөн цааш эргээд зугатаад явчихсан. Намайг гэрт очиход манай эхнэр Янжмаа ганцаараа байсан бөгөөд би Янжмаад юу болсоныг хэлээд  нүүрнийхээ цусыг угааж байх хооронд Ганзориг буцаж яваад З.Төгсбилэгийг дагуулж ирсэн. З.Төгсбилэг манайд ирээд “би танай даргыг цохих гэж байгаад таныг андуураад цохичихжээ намайг уучлаарай” гээд уйлж байгаад явсан. Би нүүрээ угаачихаад толинд хархад миний зүүн талын нүд, хацарны хэсэг нэлэнхийдээ хавдсан байдалтай байсан бөгөөд зүүн талын нүдний зовхи нээгдэхгүй, юм харахгүй байсан. Маргааш өглөө нь З.Төгсбилэг, Алтанбаяр нар болон шар үзүүрийн заставын дарга манай гэрт ирсэн. З.Төгсбилэг надаас уучлалт гуйгаад “би таныг даргатай чинь андуураад цохиж зодсон байна намайг уучлаарай. Энэ мөнгөөр эмчилгээ хийлгэ гээд 100,000 төгрөг бэлнээр өгсөн. Би тэрнээс хойш 2 хоногийн дараа Тэс сумын төв ороод эмнэлэгт очиж биеэ үзүүлэхэд “та аймгийн төв орж үзүүлэх шаардлагатай” гэж хэлсэн. Миний толгой өвдөөд, зүүн талын нүд юм харахгүй болохоор нь би Наадам гэх залуутай хамт түүний машинаар Тэс сумын 4 дүгээр багийн иргэн Мандрам гэх айлд очиж толгойгоо бариулсан. Тэрнээс хойш дахин долоо хоносон боловч миний толгой өвдөөд, зүүн талын нүд юм харахгүй байсан учир Увс аймгийн Улаангом суманд ирж Нэгдсэн эмнэлэгийн нүдний эмчид үзүүлж шинжилгээ хийлгэхэд намайг нүдний хагалгаанд оруулсан. Эмч нар хэлэхдээ “таны зүүн нүд нь дотроо хагарсан байна” гэж хэлж байсан. Би нүдний эмч Мөнхсоёл, Алтантуяа нарт үзүүлж байсан. Би 2015 оны 2 дугаар сарын 03-ны өдөр аймгийн мэс заслын эмнэлэгт хэвтэж 10 хоног эмчилгээ хийлгээд эмнэлгээс гарсан. Намайг эмнэлэгт хэвтэж байхад З.Төгсбилэг 2-3 удаа надтай ирж уулзаад “та намайг, цагдаа шүүхэд битий өгөөч. Би таны хохирлыг барагдуулж өгнө, Миний амьдрал хэцүү. Миний эхнэр жирэмсэн, би өөрөө өнчин” гэх мэтээр гуйж байсан учраас тухайн үед би Цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй. Би цагдаа шүүхийн байгууллагад хэлээгүйгээс гадна эмнэлэгт үзүүлэхдээ бага байхдаа нүдээ модоор цохиулсан гэж эмч нарт хэлж, тайлбарлаж байсан /хх-ийн 10-12 тал/. З.Төгсбилэг надад хагалгаанд орох үед 2 сая төгрөг өгсөн. 2015 оны 8 дугаар сард 8 сая төгрөг, нийт 10 сая төгрөг өгсөн. Би тухайн үед дээрх мөнгийг аваад заримыг эмчилгээндээ заримыг нь банкны зээлээ төлж зарцуулсан. Одоо хот орж зүүн нүдэндээ эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа тул 15 сая төгрөг нэхэмжилж байна. Эсхүл намайг дагуулж яваад нүдийг маань эмчилж өгөөч гэж хүсэж байна” гэх мэдүүлэг,

            2. Гэрч Л.Янжиндуламын мөрдөн байцаалтад өгсөн: Н.Тэрбиш нь гэмтэл авсан даруйдаа Тэс сумын эрүүл мэндийн төвд ирээгүй. Сүүлд хэд хоногийн дараа манай эмнэлэг дээр ирж хүнд зодуулчихлаа гэж нүдээ үзүүлсэн. Тухайн үед зүүн нүдний эвэрлэгийн хальс урагдсан байсан тул эмчлүүлэгчийн картан дээр аймгийн нэгдсэн эмнэлэгт үзүүл гэж гарын үсэг зурсан. Түүнээс хойш 2-3 хоногийн дараа би Шар үзүүрийн застав ороход аймаг яваагүй байсан. Тэгээд би дахин яв гэдэг шаардлага тавьсан. Н.Тэрбиш хэнд зодуулсан талаараа надад хэлээгүй. Би тус эрүүл мэндийн төвд 10 жил ажиллаж байна. Энэ хугацаанд Н.Тэрбиш ямар нэгэн хяналтанд байгаагүй. Өвчилж ирж үзүүлж байгаагүй. Нүдний хагалгаанд орсоныхоо дараа ирж үзүүлсэн би хагалгаанд орлоо л гэж хэлсэн.” гэх мэдүүлэг / хх-ийн 13-14 тал /,

            3. Гэрч Р.Наяагийн мөрдөн байцаалтад өгсөн: “2015 оны өвөл 1 сард гаалийн байцаагч Н.Ганзориг, Н.Тэрбиш нар манай гэрт ирээд хөзөр тоглож байгаад машиндаа суугаад явцгаасан. Би гэртээ үлдсэн, залуучууд хашаа явсныг мэдэхгүй. Би сүүлд сураг дуулахад Н.Тэрбиш хүнд зодуулж нүд нь гэмтсэн гэж сонссон” гэх мэдүүлэг /хх-ийн 15 тал/,

            4. Гэрч Н.Одонгийн мөрдөн байцаалтад өгсөн: ”2015 оны 1 дүгээр сарын 18-ны орой гаалийн байцаагч Ганзориг, Тэрбиш нар манайд ирээд бид нар манай гэрт байж байгаад бригадын төв орох гэж Ганзориг, Тэрбиш, Цүнхээ бид 4 явж байтал бид нарын урдаас хилийн цэргийн заставын машин ирсэн бөгөөд манай машинд сууж явсан Ганзориг, Н.Тэрбиш нар түрүүлж буугаад хилийн цэргийн хүмүүстэй мэнд ус болоод зогссон. Тэр үед Н.Тэрбиш ах З.Төгсбилэг гэдэг ахтай маргалдаад буцаад машиндаа  суугаад бид нар бригадын төв рүү ороод буцаад ирж явтал хилийн цэргийн машин мөн л зогссон байсан. Тэгээд бид нар буугаад хилийн цэргийн машины хажууд зогсож байтал Ганзориг энэ пизда намайг мөргөчихлөө гэж хэлж байсан. Тэнд ямар нэгэн зодоон болоогүй. Бид нар машиндаа сууцгаагаад застав дээр ирээд, заставын хашаа руу ороход Ганзоригийн машины жолоочийн хажууд сууж явсан Н.Тэрбишийг нэг залуу ирээд цохиод буулгасан. Тэгээд машинд суулгаад Н.Тэрбиш ахын гэрт ирэхэд түүний нүднээс цус гарч байсан. З.Төгсбилэг нь машины хаалга онгойлгож Н.Тэрбишийн нүүр рүү нэг удаа цохисон. З.Төгсбилэг, Н.Тэрбиш нар нь хоорондоо маргалдсан зүйл болсон, чухам юунаас болсныг нь мэдэхгүй. З.Төгсбилэг Н.Ганзоригт зодуулсан эсэхийг мэдэхгүй. Тухайн үед Н.Тэрбиш хэлэхдээ нүд юм харахгүй байна гэж байсан. Нүд нь З.Төгсбилэгт зодуулсанаас хойш л юм харахгүй болсон байх. Бид нар бригадын төв дээр 2 ширхэг 2 литрийн пиво хувааж уусан байсан.” гэх мэдүүлэг / хх-ийн 16-17 тал /,

            5. Гэрч О.Янжмаагийн мөрдөн байцаалтад өгсөн: “2015 оны 1 дүгээр сард миний нөхөр Н.Тэрбиш нь гэрээс Н.Ганзоригийн хамт явсан байсан. Орой харанхуй болсон байхад гэртээ ирсэн бөгөөд нүд нь битүү хавдсан, цус гарчихсан орж ирсэн. Би. тухайн үед сандраад юу болсон бэ гэхэд "застав дээр хүнд зодуулсан гэж" байсан. Тэр үед Н.Ганзориг цуг явсан бөгөөд гэрт оруулж ирчихээд буцаж гараад Н.Тэрбишийг зодсон гэх Төгсбилэг гэдэг залууг дагуулж ирсэн бөгөөд цуг Даваадорж гэдэг найз нь дагаж ирсэн. З.Төгсбилэг манай гэрт орж ирээд Н.Тэрбиш ахаа уучлаарай би таныг зодох гээгүй юм аа, уучлаарай гээд байсан. З.Төгсбилэг нь 2015 оны 8 дугаар сард Н.Тэрбишийн данс руу 8 сая төгрөг шилжүүлсэн. Эмчилгээ, эм тариандаа хэрэглэж бай гэж өгсөн. Зодуулсанаас хойш 2 хоногийн дараа Тэс сумын эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмч Л.Янжиндулам эмчид үзүүлээд яаралтай аймаг руу орж үзүүл гэсэн. Тэгээд 7 хоногийн дараа аймаг орж үзүүлэхэд шууд хагалгаанд ор гэж хэлээд хагалгаанд оруулсан байсан. Зодуулж ирсэн даруйдаа л нүд нь юм харахгүй байна гэж байсан. Зодуулахаас өмнө нүдээ эмчид үзүүлж байгаагүй. Нүдний харааны бууралтгүй байсан. Шил огт зүүдэггүй байсан. З.Төгсбилэг нь манай гэрт ирэхэд ил харагдах бэртэл гэмтэл бол анзаарагдаагүй, яг одоо байгаа шигээ яг л ийм хүүхэд байсан” гэх мэдүүлэг / хх-ийн 18-20 тал /,

            6. Гэрч Э.Алтанбаярын мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2015 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр Тэс сумын 11 багийн бригадын төв орчихоод жолооч Нямсамбуу, дадлага хийж байсан Төгсбилэг, Даваадорж нартай цуг буцаад застав руугаа явж байтал нутгийн иргэд болох гаалийн ажилтан Ганзориг, Тэрбиш, Одон, Цүнхээ нар өөдөөс ланд крузер маркийн автомашинтай зөрж тааралдаад бид нар зогсож би Ганзоригийн машинд сууж бид нар бригадын төв ороод нөгөө хэд дэлгүүр орж юм аваад бид буцаад явж байтал миний албаны пермер машин явж байсан. Тэгээд бид нар дахин зогсож 2 машинаасаа бууцгаагаад зогсож байтал З.Төгсбилэг, Н.Тэрбиш хоёр хоорондоо маргалдсан. Учир нь З.Төгсбилэг Н.Ганзоригийг "юу байна хөгшөөн" гэсэн. Тэгтэл Н.Тэрбиш нь чи миний даргыг хөгшин гэлээ гэж хэлээд маргалдаж эхэлсэн. Тэгээд Н.Тэрбиш чи юу юм гээд дайраад байсан. Тэгтэл Н.Ганзориг, Н.Тэрбиш нар З.Төгсбилэг рүү дайраад З.Төгсбилэг зодуулах гээд байхаар нь тэд нарыг салгаад машинд суулгаад хилийн албаны машиныг түрүүлж явуулсан. Араас нь би Н.Ганзоригийн машины ард сууж, урд Н.Тэрбиш суугаад Н.Ганзориг машин бариад хилийн заставын хашаа руу ороод зогсоход З.Төгсбилэг, Даваадорж нар ирээд Даваадорж цаана нь зогсоод З.Төгсбилэг машины хаалга онгойлгож Н.Тэрбишийн нүүрэн тус газар нь нэг удаа цохьсон. Тэгээд би бууж яасан бэ гээд араас нь очиход нүдээ дараад унасан. Тэгээд гарын авахад нүднээс нь цус гарч байхаар нь Н.Тэрбишийг Н.Ганзориг аваад явсан. Тэгээд маргааш өглөө нь Заставын дарга Ч.Нэмэхбаяр, З.Төгсбилэг бид 3 Н.Тэрбишийн гэрт очиход Н.Тэрбиш нүдээ боочихсон юм харахгүй байна гэсэн хэвтэж байсан. З.Төгсбилэг Ганзоригийг юу байна гэж мэндэлснээс болж Тэрбиш нь миний даргыг хөгшин гэлээ гэж хэлээд маргаж эхэлсэн. З.Төгсбилэг хэлэхдээ Н.Ганзоригийг цохих гэж байгаад андуураад Н.Тэрбишийг цохьчихлоо гэж хэлж байсан З.Төгсбилэг нь Н.Тэрбишийг гараараа нэг удаа л цохьсон. З.Төгсбилэгийн нүүр ам нь хавдсан байсан. Яг хэн хэн хэрхэн яаж цохьсоныг хараагүй. З.Төгсбилэг шүд хугарлаа гэж хэлж байсан. Тухайн үед Тэрбиш яасан бол яах вэ, зүгээр зүгээр гээд байсан. Шүдийг нь яаж хугарсаныг хараагүй” гэх мэдүүлэг / хх-ийн 21-23 тал /,

            6. Гэрч Т.Чимэд-Очирын мөрдөн байцаалтад өгсөн: “...Нутгийн иргэд намайг Цүнхээ гэж дууддаг. ...Хилийн цэргийн заставын хашаа руу орчихоод буцаад Н.Тэрбишийн гэрт очиход Н.Тэрбиш нүд сохорчихлоо гэж байсан. Заставын хашаа руу ороход би машины хойд талд сууж байсан. Урд нь Н.Тэрбиш, Н.Ганзориг нар байсан. Тухайн үед Н.Тэрбиш хэнд зодуулсаныг би хараагүй. Би машинаас буугаагүй...” гэх мэдүүлэг / хх-ийн 24-25 тал /,

            7. Гэрч Н.Наадамын мөрдөн байцаалтад өгсөн: “2015 оны 1 дүгээр сард Н.Тэрбиш гэдэг хүн намайг дуудуулж хүнд зодуулаад нүдэндээ гэмтэл авчихлаа. Нүд юм харахгүй байна. Чи машинаараа бариачид хүргэж өгөөч гэхэд нь би Мандрам гэдэг бариачид хүргэсэн”  гэх мэдүүлэг / хх-ийн 26 тал /,

            8. Гэрч Н.Ганзоригийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Тэгээд явж байтал замд манай гаалийн дэргэд байдаг Хилийн цэргийн заставын машин явж байхаар нь зогсоож бид нар буугад уулзцгаасан. Тухайн үед дадлага хийж байсан З.Төгсбилэг гэдэг залуу надаас мэнд асуусан юм байна лээ. Түүнийг нь би сонсоогүй. Тухайн үед цуг явсан дарга нь болох Э.Алтанбаяр юм яриад зогсож байсан. Тэгтэл З.Төгсбилэг надад хандаж ямар нэгэн үг хэлсэн байсан. Тэгтэл түүнийг нь надтай цуг явсан Н.Тэрбиш ах намайг өмөөрч өөдөөс нь үг хэлсэн. Түүнээс болж анх маргалдсан. Тэгээд тэнд ямар нэгэн зодоон бололгүй бид нар Э.Алтанбаярыг машиндаа суулгаад бригадын төв рүү орж пиво авсан. Тэгээд буцаад ирэхэд хилийн цэргиин пермер машин зогсож байсан. Тэгтэл бид нар буугаад зогсож байтал Н.Тэрбиш, З.Төгсбилэг хоёр урьд нь маргасан үгнээс болж маргалдаад зодолдох гээд хэрүүл хурцадсан. Тэр үед би Н.Тэрбиш ахыг очоод салгаж авахад З.Төгсбилэг намайг мөргөсөн. Тухайн үед яагаад мөргөснийг ойлгоогүй. Тэр үед З.Төгсбилэг бид хоёрын дунд үл ойлголцох маргаан болсон. Гэхдээ ямар нэгэн зодоон болоогүй. ...миний машины урд талд Н.Тэрбиш ах суугаад бид нар застав руу орсон. Тухайн үед бид нартай цуг зогсож байсан Хилийн цэргийн пермер машин нь застав руугаа түрүүлээд орчихсон байсан. Тэд нараас Э.Алтанбаяр үлдсэн байсан тул хүргэх гээд заставын хашаа руу ороод зогсоход буруу талын урд хаалгыг З.Төгсбилэг онгойлгоод Н.Тэрбишийн нүүрэн тус газар гараараа нэг удаа цохьсон. Тэгээд би юу болж байна гэж хэлээд машиныхаа гэрлийг тусгасан. Тэр үед Э.Алтанбаяр болон тэнд байсан хүмүүс З.Төгсбилэгийг Н.Тэрбиш ахаас салгаж аваад байр руу нь оруулсан. Тэгээд тэндээс хөдлөөд Н.Тэрбиш ахын гэрт ирэхэд зүүн нүд нь битүү хавдартай байсан. Тэгээд би буцаж застав дээр очиж З.Төгсбилэгт хандаж "чи хүний нүд цохьчихсон байна" гэж хэлээд Н.Тэрбиш ахын гэрт Э.Алтанбаярын хамт З.Төгсбилэгийг дагуулж ирэхэд З.Төгсбилэг уучлаарай ах би таныг цохих гээгүй, Н.Ганзоригийг урд нь сууж байх гэж бодоод цохьсон юм аа гэж хэлж байсан. Тэгээд тухайн үед тэр хоёр учраа ололцоод салцгаасан. З.Төгсбилэг бид хоёрын дунд зодоон болоогүй Төгсбилэг намайг нэг удаа мөргөсөн. Би шүд рүү нь цохиогүй, сүүлд Н.Тэрбиш ахын гэрт З.Төгсбилэгийг авч ирэхэд уруулын дээд хэсгээрээ жаахан хавдсан байсан.” гэх мэдүүлэг / хх-ийн 27-28 тал /,

            8. Гэрч Г.Марусягийн мөрдөн байцаалтад өгсөн: “З.Төгсбилэг нь миний отгон хүү. ...Одоо эхнэр Эрдэнэсувд, хүү Эрхэмбилэгийн хамт амьдардаг. Эхнэр Эрдэнэсувд нь Дорнод аймгийн Хилийн цэргийн ангид заставын холбоонд ажилладаг. Хүү Эрхэмбилэг 2015 оны 7 сард төрсөн 1 настай. З.Төгсбилэг нь сагсан бөмбөгийн мастер цолтой, Хууль сахиулах их сургуулийн Хилийн сургуулийг төгсөхдөө онц төгсөж магистрийн сургалтанд шалтгалтгүй орох эрхийн бичгээр шагнагдаж байсан. Ахлагчаар нэг жил ажилласан бөгөөд тэр хугацаандаа Алтан сарнайн эзэн буюу аймгийн шилдэг залуугаар тодорч байсан. Зан байдлын хувьд үг дуу цөөнтэй, бусадтай нийтэч нээлттэй байж чаддаггүй, найз нөхдийн хүрээлэл сайтай, найз нөхдийнхөө дунд нэр хүндтэй. Урьд өмнө хэрэг зөрчилд холбогдож байгаагүй” гэх мэдүүлэг /хх-ийн. 2-30/,

            9. Гэрч С.Алтантуяагийн мөрдөн байцаалтад өгсөн: “2015 оны 2 дугаар сарын 03-ны өдөр ирж үзүүлэхдээ 10 хоногийн өмнө модоор цохиулсан. Энэ нүдэндээ бага насандаа гэмтэл авч байсан гэж ирсэн. Ийнхүү үзлэг хийхэд зүүн нүдний эвэрлэг задарсан шархтай байсан тул антибиотик эмчилгээ хийж хагалгаанд орж шарханд анхдагч цэгцлэлт эмчилгээ хийсэн. Н.Тэрбиш урьд өмнө нүдээ огт үзүүлж байгаагүй. Н.Тэрбишийн зүүн нүдэнд цаашид огт хараа орохгүй. VOD=0.25 гэдэг нь баруун нүдний хараа 25 хувийн хараатай, VOS=0 гэдэг нь зүүн нүдний хараа 0 гэсэн, OS гэдэг нь энэ нүд гэмтлийн шалтгаантай хараа алдсан гэсэн үг. OD гэдэг нь баруун нүдний байдлыг заасан товчлол юм.” гэх мэдүүлэг / хх-ийн 31-32 тал /,

             10. Гэрч Б.Мөнхсоёлын мөрдөн байцаалтад өгсөн: “2015 оны 2 дугаар сарын 03-ны өдөр ирж үзүүлсэн бөгөөд 2015 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр мод хагалж байгаад модоор цохиулж гэмтэл авсан гэж хэлсэн.  Н.Тэрбишийн зүүн нүдний шархыг цэвэрлэж 14 ширхэг оёдол тавьсан. Үрэвсэлтэй байсан тул үрэвслийн эсрэг өвчин намдаах, цус тогтоох болон витамин эмчилгээ хийгдсэн. Тухайн хүний зүүн нүд нь хараагүй байсан. Дахин хараа орох эсэх нь эргэлзээтэй.” гэх мэдүүлэг / хх-ийн 33-34 тал /,

             11. Гэрч Ч.Нэмэхбаярын мөрдөн байцаалтад өгсөн: “Тухайн өдөр би Шар үзүүрийн застав дээр байсан юу болсон талаар мэдэх зүйл байхгүй. 2015 оны 1 дүгээр сарын 19-ний өглөөний нэгдэлтэнд З.Төгсбилэг байгаагүй. Тэгээд З.Төгсбилэгийг дуудаж уулзахад тэр зодуулсан байдалтай байсан. Нүүр нь хавдартай, духандаа шалбарсан шархтай. Үүдэн шүднүүд хөдөлсөн байдалтай байсан. Би З.Төгсбилэгээс юу болсон талаар асууж лавлахад Гаалийн хүмүүст зодууллаа гэж хэлсэн. Хэн зодож цохьсон талаар хэлээгүй. Би 2015 оны 1 дүгээр сарын 19-ний өглөө З.Төгсбилэгийн хамтаар Н.Тэрбишийн гэрт очсон. Бид хоёрыг очиход Н.Тэрбиш өрөөсөн нүдээ цагаан өнгийн даавуугаар дарчихсан байсан. Нүүр аманд нь ямар нэгэн шарх сорви байгаагүй. Ямар ч байсан нүдээ нээж харж чадахгүй байна гэж хэлж байсан. Өрөөсөн нүд хавдчихсан байсан. Би Н.Тэрбишийнд очдог шалтгаан нь З.Төгсбилэгийг зодуулчихлаа гэж бодоод очсон. Очиход нөхцөл байдал өөр байсан. Тэгээд З.Төгсбилэг, Н.Тэрбиш хоёр тусдаа уулзаад байсан. З.Төгсбилэг тухайн үед дадлагын сонсогч байсан. Манай заставт 2 сар дадлага хийсэн. Зан аашийн хувьд бусадтайгаа нийтэч, ажил төрөлдөө сайн, застав дээр зохион байгуулж байсан бүх ажилд оролцдог идэвхи сайтай, архи дарс ууж хэрүүл маргаан гаргаж байгаагүй. Сахилга хариулагын хувьд ямар нэг асуудал гаргаж байгаагүй Дорнод аймгийн харъяат залуу байсан.” гэх мэдүүлэг / хх-ийн 35-36 тал /,

            12. Гэрч Х.Нямсамбуугийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би Шар үзүүрийн заставд жолоочоор ажиллаж байсан. 2015 оны 1 дүгээр сарын 19-ний өглөө би босоход З.Төгсбилэгийн нүүр нүд нь хавдаад хөхөрчихсөн байсан. Мөн шүд хөдөлчихлөө гэж байсан. Би З.Төгсбилэгээс юу болсон талаар асуухад Н.Тэрбишд зодуулчихлаа гэж хэлсэн. Юунаас болж маргалдаж зодолсон талаар асуугаагүй. Би тухайн үед амарч байсан. Зодоон болсон эсэхийг хараагүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38 тал/,

            13. Гэрч Д.Зоригтбаатарын мөрдөн байцаалтад өгсөн: “... 2015 оны 7 сард сургуулиа төгсөж Дорнод аймгийн Хилийн цэргийн 0132 дугаар ангид сургалт эрхэлсэн орлогчоор томилогдон ажиллаж байгаад 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн тушаалаар тус ангид сургалт хариуцсан орлогч даргаар томилогдон одоог хүртэл ажиллаж байна. Миний бага хүү З.Төгсбилэг нь их томоотой архи дарс хэрэглэдэггүй, хамт олныхоо дунд нэр хүнд сайтай, бусадтай эвтэй найртай харьцдаг, ажилдаа итгэл зүтгэлтэй, баг наснаасаа спортоор хичээллэж самбо бөхийн дэд мастер, сагсан бөмбөгийн спортын мастер цолтой хүү байгаа юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 41 тал/,

            14. Гэрч С.Эрдэнэсувдын мөрдөн байцаалтад өгсөн: “Би анх 2012 оны 3 дугаар сард З.Төгсбилэгтэй танилцаад үерхэж байгаад 2013 оны 9 дүгээр сард нэг гэрт орж хамт амьдрах болсон ба 2015 оны 7 сарын 9-ны өдөр хүүтэй болсон. ...Би З.Төгсбилэгтэй хамт амьдрах болсон цагаас хойш ямар нэгэн архи дарс болон гэр бүлийн хэрүүл зодоон гаргаж байгаагүй. Манай нөхөр З.Төгсбилэг ажил дээрээ хүнтэй маргалдаж муудалцаж байгаагүй их өрөвч сэтгэлтэй, хүнд их тусархуу хүн байгаа юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 43 тал/,

            15. Гэрч Т.Даваадоржийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2014 оны 11 дүгээр сараас 2015 оны 2 дугаар сарын 10-ны өдөр хүртэл Увс аймгийн хилийн отрядад их сургуулийн төгсөх курсын уртын дадлага хийсэн юм. 2015 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр амьдарч байсан байрандаа байж байхад З.Төгсбилэг нь толгой нь хагарсан, шүд нь хугарсан, нүүр нь хавдаж хөхөрсөн байдалтай зодуулчихлаа гэсээр орж ирсэн. Би З.Төгсбилэгийг тайвшруулж гар нүүрийг нь угаагаад 10-аад минут болсны дараа гадаа номерыг нь санахгүй байна Ланд 80 маркийн машин ирж зогсоод Н.Тэрбиш гэгч хүн 1 хүний /Ганаа гэж дууддаг байх/ хамт орж ирсэн. Тэр үед манай байрны жижүүр цэрэг бид 2 нийлж тэр 2-ыг гэрээс гарган машинд нь суулгаж явуулсан. Тухайн өдөр би гадуур гараагүй. Застав дээрээ байрандаа байсан. З.Төгсбилэг хэнд зодуулсныг мэдэхгүй байна. Намайг байрандаа байхад гаднаас зодуулчихсан орж ирсэн. Н.Тэрбиш гэгчийг гадаас орж ирэнгүүт нь шууд гаргасан. Орой нь З.Төгсбилэгийн хамт гэрт нь очиж уулзахад нүдэн дээрээ мөс билүү алчуур тавьчихсан байдалтай гэрийнхээ зүүн орон дээр сууж байсан. Тэрбиш болон Ганаа нар нь согтууруулах ундааны зүйл нилээд хэрэглэсэн бололтой хараалын үг хэлээд хаалга саваад орж ирж байсан. Хэр их уусан талаар цуг яваагүй болохоор мэдэхгүй байна. Харин З.Төгсбилэгээс согтууруулах ундаа үнэртэж байсан. Н.Тэрбиш тухайн үед манай байр луу орж ирэхдээ бахираад орж ирсэн. Юм хэлж ярих зав болоогүй шууд гаргаад машинд нь суулгаад явуулсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 45-46 тал/,

            16. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 407 дугаартай шинжээч эмчийн: “Н.Тэрбишийн биед гэмтэл учирсан байна. Зүүн нүдэндээ гэмтэл авч мэс заслаар шарханд цэгцлэлт хийлгэж, оёдол тавигдсан, зүүн нүд гэмтлийн улмаас бүрэн хараагүй болсон, зүүн нүдний алим жижгэрч хатингаршсан байна. Дээрх гэмтэл нь гадны мохоо хүчний 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох дүрэм, журмын 4.22.31.1-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарах гэмтэл болно. Уг гэмтэл нь эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт удаан хугацаанд нөлөөлнө. Иргэн Н.Тэрбишийн зүүн нүд урьд нь ямар нэгэн гэмтэлтэй байсан эсэхийг одоогоор тогтоох боломжгүй, тэр талаар картанд бичигдсэн зүйл байхгүй байна” гэх дүгнэлт / хх-ийн 48 тал/,

            17. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 509 дүгээртай шинжээч эмчийн: “З.Төгсбилэгийн биед тухайн үед дээд 1 үүдэн шүд хүзүүвч хэсгээрээ хугарсан, ёзоор нь үлдсэн, хиймэл шүд хийлгэсэн, зүүн чамархайн дээд хэсгийн хуйханд эдгэрсэн хуучин сорвитой байна. Дээрх гэмтэл нь гадны мохоо хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтэл нь өөрийнх нь хэлж байгаа хугацаанд үүссэн байхыг үгүйсгэхгүй. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох дүрэм, журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Уг гэмтэл нь эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тодорхой хугааанд нөлөөлнө” гэх дүгнэлт / хх 52 тал/,

            18. З.Төгсбилэгийн 2016 оны 10 сарын 10-ны өдөр гаргасан Тодорхойлолт. /хх-ийн 56 тал/

            19. Шүүгдэгчийн хувийн байдал тогтоосон баримтууд. /хх-ийн 70-73, 76-77, 83-90 тал/,

            20. З.Төгсбилэгийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа /хх-ийн 74-75 тал /,

            21. Хохирол төлсөн баримтууд. /хх-ийн 78-81 тал/,

            22. Хохирогч Н.Тэрбишийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн, үзлэг, хагалгаанд хийлгэсэнтэй холбоотой өвчтөний түүх, карт зэрэг баримтууд. /хх-ийн 97-117 тал/,

            23. Шүүх хуралдаанд улсын яллагчаас нотлох баримтаар өгсөн Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газрын 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 43-5/1190 тоот албан бичиг, уг бичгийн дагуу эх хувиар ирсэн гэрч Д.Зоригтбаатар, С.Эрдэнэсувд, Т.Даваадорж нарын мэдүүлэгүүд.

            24. Шүүгдэгч З.Төгсбилэгийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2015 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр би засвтавын орлогч Алтанбаяр, тухайн үед 4-р застав дээр дадлага хийж байсан сонсогч Баттулга, жолооч бид нар цуг явж байгаад нутгийн иргэн болох Н.Тэрбиш, гаалийн байцаагч Ганаа гэх залуу болон түүний машинд тэд нартай 3 залуу явж байсан. Тухайн хүмүүстэй тааралдаад зогсож байтал манай орлогч дарга Алтанбаярыг тухайн хүмүүс аваад явчихсан. Бид нар дарга явчихаар нь тухайн газраа хүлээгээд үлдсэн. Тэгээд 20-30 минутын дараа хүрч ирээд зогсолгүй зөрөөд заставын зүг рүү явахад нь бид нар араас нь дагаад явж байтал манай машины бензин дуусаад зогсоод бензин хийгээд нөгөө хүмүүс тамхи татаад зогсож байтал Н.Тэрбиш гэдэг хүн над дээр ирээд манай даргыг чи юу гээд байгаа юм бэ гэсэн. Анх бид нар тааралдахад Ганаа гэх залуутай сайн байна уу гэж мэндэлэхэд Ганаа гэх залуу надад мэндийн хариу өгөөгүй. Түүнд л Тэрбиш юм бодсон юм шиг байна лээ. Би Тэрбишид хандаж таньтай юм яриагүй би таньтай муудалцахгүй гээд ярилцаж байгаад Тэрбишийг тэврээд байж байгаад тэр хүнийг тавьсан. Тэгтэл цуг явсан залуучууд нь Тэрбишийг цааш нь аваад явсан тэр үед Ганаа ирээд миний зүүн шанаан тус газар нүдний доод хэсэг рүү цохисон. Тэр үед би хойноо байсан машин мөргөөд унаад өгсөн. Тэгээд босож ирээд Ганаа руу дайраад Ганаа бид 2 зодолдсон тэгтэл тэнд байсан хүмүүс намайг бүгд нийлж зодоод газар унагаасан. Тэнд би бусдад зодуулаад шоконд орчихсон байсан бөгөөд застав дээр яаж ирснээ мэдэхгүй байсан. Би застав дээр Даваадорж найзтайгаа цуг байж байтал Ганаа орж ирээд чи настай хүн зодчихсон байна одоо очиж учраа ол гэхээр нь Даваадорж бид 2 Ганаатай хамт Тэрбишийн гэрт очиход Тэрбиш нүүрээ дарчихсан сууж байсан. ...Заставын дарга Ч.Нэмэхбаярт ирж урьд өдөр болсон асуудлаа хэлээд цуг Тэрбишийн гэрт очиход Тэрбиш хар даавуугаар зүүн нүдээ дарчихсан байж байсан. Тухайн үед намайг цохисон гээд байхаар нь би хүн зодсон юм байна гэж хямраад айж түгшсэн. Тэрбиш ч гэсэн намайг харахаар чи миний нүдийг ийм болгочихлоо гээд байхаар нь би та наадахаа эмнэлэгт үзүүлчих гэж хэлээд 100.000 төгрөг өгсөн. Түүнээс хойш 2-3 хоногийн дараа эмнэлэгт үзүүлээд ирлээ эмчилгээ хийлгэчихээд ирлээ эмчилгээний зардал 650.000 төгрөг болох юм байна гэхээр нь би гэрт нь очиж уулзаад би таньд мөнгө шилжүүлье гэхэд за тэгвэл хоёулаа эр хүмүүс шиг ярилцая гэж хэлээд бид хоёр застав дээр очоод Нэмэхбаяр даргын дэргэд аль аль нь гомдол саналгүй гэсэн бичгийг бие биеэндээ хийж өгсөн. Тэгээд би Сургуульдаа очоод суралцаж байтал 2015 оны 3 сард над руу залгаад би зээл төлөх гэж байна мөнгө өг гэхэд нь 400.000 төгрөг АТМ-ээр шилжүүлсэн. Түүнээс хойш сургуулиа төгсөөд байж байтал мөнгө хэрэгтэй байна, банкны зээл төлөх гэж байна чамайг цагдаад өгнө гэхээр нь би 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 800.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд байж байтал дахин над руу залгаад чи надад 10 сая төгрөг өгчих тэгвэл би чам руу дахиж залгаж төвөг болохгүй гэхээр нь би цалингийн зээл аваад 8 сая төгрөг шилжүүлсэн. Гэтэл 2016 оны 8 сард Увс аймгийн цагдаагийн газраас над руу залгаад би цагдаагийн газарт ирсэн. Тухайн үед Ганаа, Тэрбиш болон цуг явсан залуучууд миний толгой руу цохисон. Тэр үед миний толгой хагарсан, үүдэн 1 шүд хугарсан, 1 шүд хөдөлсөн, нүүр битүү хаван хавдартай байсан. Э.Алтанбаяр бид нарыг салгасан. Яг хэн хэн нь намайг цохисныг санахгүй байна. Миний санаж байгаагаар Ганаа миний зүүн шанаа руу цохиж унагаасан тэгтэл цуг явсан хүмүүс цохиж байтал Ганаа намайг газраас босгоод дагуулж явж байгаад дахин нүүр лүү цохиод унагаасан. Шүдийг бол Ганаа цохиж хугалж гэмтээсэн. Толгойд учирсан гэмтлийг хэн цохиж гэмтээснийг мэдэхгүй. Би хугарсан шүдээ эмчлүүлсэн Улаанбаатар хотод 2015 оны хавар цагаан сарын дараа хиймэл шүд хийлгэсэн. Ганзориг намайг цохисон гэдгийг яаж мэдэж байна гэвэл Ганзориг намайг машины дэргэд байхад нэг цохисон, мөн машинаас зайтай зогсож байхад нэг цохиод хэн нэгэн салгах шиг болсон тэгтэл Ганзориг намайг дагуулж яваад нүүр лүү дахин цохисон /хх-ийн 63-69/. Тухайн үед үнэндээ намайг 3-4 удаа газар унагааж зодсон. Би тэр үед л хохирогчийг зодож гэмтэл учруулсан. Түүнээс заставын хашаанд ямар ч зодоон болоогүй. Гэтэл тухайн үед байсан хүмүүс гэрчээр мэдүүлэг өгөхдөө нэг нутаг ус болохоор ч тэр юм уу бүгд миний эсрэг, үнэнээс арай өөр мэдүүлэг өгсөнд гомдолтой байна. Бид нарын унаж явсан машин огт эвдрээгүй ба Алтанбаяр дарга Ганзоригийн машинд суугаад явсан тул бид даргаа хүлээгээд л тэнд байж байсан. Би өөр нутагт ирсэн тул газар үзэх зорилгоор машинд сууж явсан юм. Хийсэн хэрэгтээ үнэхээр харамсаж, гэмшиж байна” гэх мэдүүлэг зэрэг болно.  

         Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзээд дүгнэвэл:

    Шүүгдэгч З.Төгсбилэг нь 2015 оны 1 дүгээр сарын 18-ны орой Увс аймгийн Тэс сумын 11 дүгээр багийн нутаг “Шар үзүүрийн застав” гэх газар хохирогч Н.Тэрбиштэй маргалдаж, улмаар түүний зүүн нүдэн тус газар цохиж бие махбодид нь хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Н.Тэрбиш, гэрч Н.Одон, О.Янжмаа, Э.Алтанбаяр, Т.Чимэд-Очир, Н.Наадам, Н.Ганзориг, С.Алтантуяа, Б.Мөнхсоёл, Ч.Нэмэхбаяр нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 407 дугаартай шинжээч эмчийн дүгнэлт, шүүгдэгч З.Төгсбилэгийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

            Хохирогч Н.Тэрбишийн “...З.Төгсбилэг машинаас бууж ирээд бид нараас мэнд асуусан. Энэ үед Н.Ганзориг машинаас буучихсан учраас мэндийн хариу өгч амжаагүй. Гэтэл З.Төгсбилэг: Энэ ямар пээдгэр нөхөр вэ гэж хэлж байсан. ...Би наад хүн чинь манай дарга байна, чи яагаад зүгээр байгаа хүнийг пээдгэр гэж хэлээд байгаа юм гэж хэлсэн. Н.Ганзоригийг манай дарга гэж хэлэхэд Маамуу ах та цаашаа яв гэж хэлсэн, үүнээс болж маргалдсан...” , гэрч Э.Алтанбаярын “...2 машинаасаа бууцгаагаад зогсож байтал З.Төгсбилэг, Н.Тэрбиш хоёр хоорондоо маргалдсан. Учир нь З.Төгсбилэг Н.Ганзоригийг "юу байна хөгшөөн" гэсэн. Тэгтэл Н.Тэрбиш нь чи миний даргыг хөгшин гэлээ гэж хэлээд маргалдаж эхэлсэн...”, гэрч Н.Ганзоригийн “...Тэгтэл З.Төгсбилэг надад хандаж ямар нэгэн үг хэлсэн, ...түүнийг нь надтай цуг явсан Н.Тэрбиш ах намайг өмөөрч өөдөөс нь үг хэлсэн. Түүнээс болж анх маргалдсан. ...Тэгээд бид нар буугаад зогсож байтал Н.Тэрбиш, З.Төгсбилэг хоёр урьд нь маргасан үгнээс болж маргалдаад зодолдох гээд хэрүүл хурцадсан...” гэх мэдүүлгүүдээр хохирогч Н.Тэрбиш, шүүгдэгч З.Төгсбилэг нарын хооронд тухайн үед үл ойлголцох таарамжгүй харилцаа үүссэн, энэ нь тухайн гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болжээ.   

        Шүүгдэгч З.Төгсбилэгийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Н.Тэрбишийн зүүн нүд бүрэн хараагүй болсон буюу хүнд зэргийн гэмтэл учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 407 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

           Иймд хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон тул шүүгдэгч З.Төгсбилэгийг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

           Хохирогч Н.Тэрбиш шүүхийн хэлэлцүүлэгт: Нүдээ эмчлүүлэхэд зарцуулах 15 сая төгрөг нэхэмжилж байна” гэж мэдүүлсэн боловч үүнийгээ нотолсон баримтуудыг шүүхэд гаргаж ирүүлээгүй, түүнчлэн энэ гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой нотлох баримт хэрэгт авагдаагүй, тухайлбал хохирогч нүдэндээ гэмтэл авсны улмаас оношилгоо, эмчилгээ хийлгэсэн болон гарсан зардлын талаархи баримт авагдаагүй байна. Хэдийгээр хэрэгт хохирлын тооцоо болон нотлох баримт авагдаагүй боловч шүүгдэгч З.Төгсбилэг нь хохирогч Н.Тэрбишид нийт 10.000.000 төгрөгийг хохиролд өгсөн нь хохирогч, шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг болон хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдсон тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан байна гэж үзлээ.

          Хохирогч цаашид гэмтсэн нүдэндээ оношилгоо эмчилгээ хийлгэхэд гарах зардлаа иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болно.

          Шүүгдэгч З.Төгсбилэгт ял оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, хохирогчид учирсан хохирлыг сайн дураар нөхөн төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

          Түүнчлэн шүүгдэгч З.Төгсбилэг нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг сайн дураар нөхөн төлсөн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон түүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулах, мөн хорих ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

              Уг гэмт хэрэг нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хууль /2015 оны 8 дугаар сарын 11-ний өдөр батлагдсан /батлагдахаас өмнө буюу 2015 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр үйлдэгдсэн/ хуулийн үйлчлэлд хамаарч байх тул Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Төгсбилэгт оногдуулсан хорих ялаас 2 жилийг өршөөн хасах үндэслэлтэй байна.

             Шүүгдэгч З.Төгсбилэг энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн эд хөрөнгө байхгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол тєлбєргүй болохыг дурьдах нь зүйтэй .

             Шүүгдэгч З.Төгсбилэгт хорих ял оногдуулсан тул түүнд өмнө авсан гадагш явж болохгүй баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэв.

            Монгол  улсын эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 284 дүгээр зүйлийн 284.1, 286 дугаар зүйлийн 286.1, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-296 дугаар зүйл, 297 дугаар зүйлийн 297.1-5 дахь хэсэг, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

         1. Боржигон овгийн Зоригтбаатарын Төгсбилэгийг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

         2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар шүүгдэгч З.Төгсбилэгт 3 /гурав/ жил 4 /дөрөв/ сар 1 /нэг/ хоног хорих ял шийтгэсүгэй.

         3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-д заасныг баримтлан шүүгдэгч З.Төгсбилэгт оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр тогтоосугай.

         4. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Төгсбилэгт оногдуулсан 3 жил 4 сар 1 хоног хорих ялаас 2 жилийг өршөөн хасаж, биечлэн эдлэх ялыг 1 жил 4 сар 1 хоногийн хугацаагаар тогтоосугай.

            5. Шүүгдэгч З.Төгсбилэг энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, төлбөргүй болохыг тус тус дурьдаж, цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай. 

         6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 68 дугаар зүйлийн 68.6, 70 дугаар зүйлийн 70.1-д зааснаар шүүгдэгч З.Төгсбилэгт өмнө авсан гадагш явж болохгүй баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.

           Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

                     

              ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Л.АЛТАН

                                                      ШҮҮГЧИД                                Б.ГАНСҮХ

                                                                                                       С.БОЛОРТУЯА