Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 2022/ШЦТ/555

 

 

     2022         06          23                                     2022/ШЦТ/555

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Б” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Тэргэлсаран,

улсын яллагч О.Нандинцэцэг,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.С 

шүүгдэгч С.Д  /өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Гэрүүд овгийн С.Д д холбогдох эрүүгийн 2011002401000 дугаартай хэргийг 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

  Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Гэрүүд овгийн С.Д , 1990 оны 2 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа гутлын үйлдвэрт ул татагчаар ажилладаг, ам бүл 3, өвөө, эмээгийн хамт Баянгол дүүргийн .... дугаар хороо ......... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар ......

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.Д  нь 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс 2020 оны 1 дүгээр сарын 9-ний хооронд “Т Ч” ХХК-ийн худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байх хугацаандаа Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хүчит шонхор”, “Нарлаг дэнж’’ худалдааны төв, Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Нарантуул-2 худалдааны төвийн харилцагч нараас бараа бүтээгдэхүүний үнэ болох 22.705.194 төгрөгийг бэлнээр болон өөрийн Хаан банкны 502347...... дугаарын данс, Худалдаа хөгжлийн банкны 47502..... дугаарын данс, Голомт банкны 180512..... дугаарын дансуудаар шилжүүлэн авч завшсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн дүгнэлт:

Хавтас хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, оролцогч нарын өгсөн мэдүүлэг, тайлбараар С.Д  нь 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс 2020 оны 1 дүгээр сарын 9-ний хооронд “Т Ч” ХХК-ийн худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байх хугацаандаа Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хүчит шонхор”, “Нарлаг дэнж’’ худалдааны төв, Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Нарантуул-2 худалдааны төвийн харилцагч нараас бараа бүтээгдэхүүний үнэ болох 22.705.194 төгрөгийг бэлнээр болон өөрийн Хаан банкны 502347.... дугаарын данс, Худалдаа хөгжлийн банкны 47502..... дугаарын данс, Голомт банкны 180512..... дугаарын дансуудаар шилжүүлэн авсан үйл баримт тогтоогдож байна.

Дээрх үйлд баримт нь:

- шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

- гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 35 дахь тал/,

- хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.С  гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Д  нь манай компанид худалдааны төлөөлөгчийн  албан тушаалд ажиллаж байсан бөгөөд уг албан тушаал нь дэлгүүр болон харилцагчдаас захиалгыг нь аваад гар утаснаасаа захиалгын Dmanager апликейшн ашиглан “Т Ч” ХХК руу дамжуулан өгдөг. Өмнө захиалгаар бараа авсан харилцагчдаас тооцоог данс болон бэлнээр авч “Т Ч” ХХК-д бэлнээр эсвэл дансанд тушаадаг. Харин бараа бүтээгдэхүүн харилцагч нарт хүргэж өгдөггүй байсан бөгөөд захиалгын дагуу хүргэлтийн ажилтан бараа бүтээгдэхүүнийг хүргэж өгөөд Д  мөнгийг нь очиж аваад манай компанид тушаадаг байсан. 2020 оны 1 дүгээр сарын 21-ний өдрөөр тасалбар болгож Д өөр дамжуулан харилцдаг байсан захын лангуу түрээслэгч нартай манай төлөөний хүн болох Цэцэгмаа уулзаж авлагын тэмдэглэл хийсэн бөгөөд үүнийгээ С.Д ий кассын орлогын ордертой нь тулгаж энэ дүнг гаргасан байгаа юм...” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 91 дэх тал/,

- гэрч Л.Б ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...С.Д  нь 2020 оны 1 дүгээр сарын 08-09-ний өдрүүдэд ажлаа тасалсан ба би өнөөдөр 13 цагийн үед Чингэлтэй дүүргийн Нарлаг Дэнж худалдааны төв дээр харилцагч нараас мөнгө авч явж байгаатай тааралдсан. Тэгэхээр нь би яагаад ажлаа таслаад байна гэж асуухад ханиад хүрээд хатгаа авсан байгаа гэж албаны дарга Мөнхсоёлд хэлсэн гэж хэлсэн. Тэгээд бид 2 хамт яваад 3 хүнээс нийт 3.392.000 төгрөгийг аваад С.Д  дансандаа хийсэн. Би харилцагч нартай тооцоо нийлж байхад С.Д  бас зарим хүмүүсээс авсан мөнгөө өгөөгүй байхаар нь би асуусан чинь би харин үрчихсэн юм, цалингийн зээлтэй болохоор банк татсан байна, одоо мөнгө олно, хүнтэй уулзана гээд явна гэхээр нь би одоо ийшээ тийшээ явахгүй, хоёулаа нийт авлагаа тулгана, ажил дээр очно гэсэн. Тэгээд бид 2 Хүчит шонхор зах ороод би нэг хүнтэй уулзаад байж байхдаа доошоо нэг давхар луу буугаад ирье гээд дахин хүнээс авлага аваад ирсэн чинь С.Д  алга болчихсон байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 97-99 дэх тал/,

- гэрч Т.А гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2020 оны 1 дүгээр сарын эхээр Л.Б  утсаар надад найзыг чинь цагдаад өргөдөл өгсөн гэж хэлсэн. Тэгээд би С.Д тэй фейсбүүк хаягаар нь видео дуудлага хийж холбогдоод цагдаагийн өргөдөл өгсөн байна гэж хэлсэн чинь С.Д  нь би мэдсэн, очиж уулзана гэж хэлж байсан. Би мөнгө төгрөгөө яасан юм бэ, тийм их мөнгөөр юу хийсэн юм бэ, чамайг 22.000.000 төгрөг авсан гэж цагдаад өргөдөл өгсөн байна гэж хэлсэн чинь надад тэр талаараа хэлээгүй, ...Д  нь тухайн компанийн мөнгийг юунд зарцуулсан талаараа хэлээгүй ба тэр өнгөрсөн зүйл болсон, тэрийг яриад яах вэ гэж надад хэлсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 101-103 дахь тал/,

“Т Ч” ХХК-ийн тооцоо нийлсэн тухай акт / хавтаст хэргийн 58 дахь тал/, “Т Ч” ХХК-ийн 2019 оны С.Д ийг үндсэн ажилтнаар томилсон захирлын тушаал / хавтаст хэргийн 59 дэх тал /, Хаан банкны 502347..... дугаарын данс, Худалдаа хөгжлийн банкны 47502..... дугаарын данс, Голомт банкны 180512..... дугаарын дансанд үзлэг хийсэн тэмдэглэл / хавтаст хэргийн 68-86 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч С.Д ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэмт буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна. 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт:

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.

Шүүгдэгч С.Д  нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн түүний үйлдсэн “Т Ч” ХХК-аас 22.705.194 төгрөгийг завшсан гэмт хэрэг нь 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт хамаарагдаж байх тул түүнд холбогдох хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Бусад асуудлын талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.С   нь “...Нийт хохирол 22.705.194 төгрөгөөс шүүгдэгч С.Д  нь 5 дугаар сарын 2-ны өдөр 500.000 төгрөг, 6 дугаар сарын 4-ний өдөр 500,000 төгрөг нийт 1.000.000 төгрөгийг төлсөн, одоо үлдэгдэл 21.705.194 төгрөгийг нэхэмжилж байна...” гэх тул шүүгдэгчээс 21.705.194 төгрөгийг гаргуулан “Т Ч” ХХК олгуулж шийдвэрлэв. 

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйл, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Гэрүүд овгийн С.Д ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч С.Д д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч С.Д өөс 21.705.194 /хорин нэгэн сая долоон зуун таван мянга нэг зуун ерэн дөрөв/ төгрөгийг гаргуулж хохирогч Баянзүрх дүүрэг, ...... дугаар хороо ............ тоот байрлах “Т Ч” ХХК /532......./-д олгосугай.

4. Шүүгдэгч С.Д  нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.  

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Д д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Б.ХАЛИУН