Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/573

 

      2022        06          28                                    2022/ШЦТ/573

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Алтнай,

улсын яллагч Б.Дөлгөөн,

шүүгдэгч Н.З  /өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Харуул овгийн Н.З д холбогдох эрүүгийн 2211006431190 дугаартай хэргийг 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

  Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Харуул овгийн Н.З , 1985 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Космекресс ХХК-д техникч ажилтай, ам бүл 1, Баянзүрх дүүргийн ..... дугаар хороо ............ тоотод оршин суух,

Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 2006 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 92 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 15 хоног баривчлах ял эдэлсэн, регистрийн дугаар.........

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н.З  нь 2022 оны 3 дугаар сарын 25 өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо 44-29 тоотод найз хүүхэн С.Н г найзтайгаа хардаж толгой хэсэгт цохиж, өгзөг рүү өшиглөн түүний биед зүүн сарвуу, баруун, зүүн өгзгөнд цус хуралт, баруун өгзгөнд зулгаралт гэмтэл учруулан хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн дүгнэлт:

Хавтас хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, оролцогч нарын өгсөн мэдүүлэг, тайлбараар шүүгдэгч Н.З  нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч С.Н г найзтайгаа хардан, улмаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Дээрх үйлд баримт нь:

- хохирогч С.Н гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Миний бие С.Н  2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр ажлаа тарчхаад орой З ын гэрт явж очсон юм. Гэтэл Золоогийн найз нь болох Ууганбаатар гэх залуу тэр хоёр хамт байж байсан. Намайг ороход Монгол шинэ архи гэчихсэн 0.75 литрийн савлагаатай архийг хоёулаа хуваагаад уугаад сууж байсан. Тэгээд би ороод тэр хоёртой хамт тэр архийг нь хувааж уугаад тэр орой 23:00 цагийн орчимд гэртээ орж хонохоор гарсан юм. Ууганбаатар нь маргааш цалин буучихна гэж хэлээд нэг шил архи, нэг том пиво аваад үлдсэн юм. Би ойрхон болохоор гэртээ орж хоночхоод өглөө нь тэр хоёрыг шартаж байгаа байх гэж бодож ороод ядаж хоол унд хийгээд өгчихье гэж бодоод орсон гэтэл тэр хоёр хэвтэж байсан. Ууганбаатар нь намайг орж ирэхэд дахиад ганц шил архины мөнгө зээлчхээч гэхээр нь би 1 шил архи авсан. Тэрийгээ хувааж уугаад дуусаагүй байтал З  орон дээрээ унтаад өгсөн. 20 орчим минут унтсан байх гэж бодож байна. З ыг унтахад нь сууж байсан газраа байж байсан бөгөөд сэрэхэд нь бас Золоогийн унтаж байсан орных нь доор л байж байсан. Босож ирээд намайг шууд үсэдсэн, тэгээд байж байтал Ууганбаатар ариун цэврийн өрөөнөөс орж ирж таарсан байх “...эмэгтэй хүнийг...” гэж ярих нь сонсогдсон. Тэгээд Золоо найз Ууганбаатарыг цохиод унагаасан юм. Гэтэл шууд гараад явчихсан. Гараад явчихсан чинь З  над дээр буцаж ирээд Ууганбаатартаа юу хийсэн юм? гээд хэрүүл өдөөд хэлсэн. Тэгэхээр нь хариуд нь би чи юу яриад байгаа юм? Би энд суугаад тэр хүнтэй юм яриад л байж байгаа биз дээ гэхэд уурлаад намайг хэвтэж байхад хөлөөрөө миний бөгс болон гуяны хэсэг рүү хоёроос гурван удаа өшиглөсөн. Намайг өшиглөх үедээ бол хөл нүцгэн байсан. Тэрний дараа махны гамбанз авчраад миний дээр суухаар нь би тэр гамбанзыг нь булаагаад өөрлүүгээ татаж аваад босоод тэр гамбанзыг нь хурааж тавьсан. Гэтэл намайг дахиад гараараа цохисон санагдаж байна тэр үед нүүрээ хамгаалах зорилгоор хоёр гараа нүүрнийхээ урд хэсэгт хамгаалсан бөгөөд тэр үед миний зүүн гар дээр цохигдоод хавдчихсан одоо сорвитой үлдчихсэн байгаа...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 5-8 дахь тал/,

- гэрч М.А ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2022 оны 3 дугаар сарын 25-ны өдөр өглөө ажлаасаа буугаад ирэхэд ээж халамцуу байсан бөгөөд 9-10 цагийн үед ажилтай гээд гараад явсан. Улмаар 15 цагийн үед залгахад нэлээн согтуу уйлаад, намайг гомдоосон гэж хэлээд байсан. Удалгүй утас нь холбогдох боломжгүй болсон ба дахиад залгахад дээд айлын эмэгтэй утсыг аваад “Танай ээж уйлаад утсаа надад өгсөн, цагдаа дууд” гэж хэлсэн, би цагдаад дуудлага өгсөн гэж хэлээд гэрийн хаягийг өгсөн. Улмаар би яваад очтол, цагдаагийн алба хаагч нар ирээд ээжийн найз залуу Золоог саатуулсан, ээж согтуу, уйлсан зүүн гарын зөөлөн эдийн гэмтэлтэй байсан, ингээд 103 түргэн дуудаад ээжийг үзүүлсэн. Ээж Золоо гэх залуутай уулздаг болоод 2 жил өнгөрч байна, өмнө нь манай гэр бүл Хон конгд амьдардаг байхад ээжийг зодоод нүд, нуруу хэсгийг хөхрүүлсэн байсан. 2021 оны 12 дугаар сард мөн ээжийг зодож нүд, хамар нь хавдаж хөхөрсөн байсан. Сүүлийн удаа зодсон үйлдэл бол миний мэдэж байгаагаар 3 дахь удаа давтагдаж байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 9-10 дахь тал/,

- гэрч Д.С мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2021 оны 5 дугаар сард байсан санагдаж байна гэхдээ эмээ нь яг тодорхой хэлж мэдэхгүй ямартай ч хөнгөн нимгэн хувцастай байсан санагдаж байна. Н  5 хоног гэртээ ирээгүй таг чиг алга болчихсон. Улмаар Н  гэртээ ирэхдээ нүүр нь битүү хавдар хөхөрсөн, нүд нь бараг аниастай, маш хүнд байдалтай ирсэн. Н  хэлэхдээ хөшиг хийж байгаад нүүрэндээ цохиулсан гэж хэлсэн.  Сүүлд нь худлаа хэлснээ хүлээн зөвшөөрч З  гэх залуу зодуулсан гэж ярьж байсан. Сүүлд цагдаагийн байгууллагад хандахдаа Н  болсон асуудлыг надад хэлэхдээ “намайг тонгойгоод суулгаад бөгс хэсгийг З  хутгаар зүсээд байсан. Хамт байсан найз нь чи эмэгтэй хүнийг ингэж болохгүй шүү дээ гэхэд чамд ямар хамаатай юм гээд цохиод унагаасан, нөгөө найз нь туслалцаа үзүүлэх битгий хэл би арай хийж өөрийнхөө утсыг тэр байрны эмэгтэйд өгөөд цагдаад дуудлага өгүүлсэн гэж хэлсэн. Н гийн өгзөг хэсэгт хөхөрсөн хавдсан, зүсэгдсэн шархтай хоёр өгзөг рүү нь тоймгүй их өшиглөсөн гэж Н  хэлсэн. Гарын шивлүүр яс хугарсан байсан тул гипс хийсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13-15 дахь тал/,

- шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 4883 дугаартай “...С.Н гийн биед зүүн сарвуу, баруун, зүүн өгзгөнд цус хуралт, баруун өгзгөнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байна. Гэмтлийн зэрэг тогтоо журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтлүүд нь 2022.3.25-нд үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 48-49 дахь тал/,

- шүүгдэгч Н.З ын мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн “...Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Маргах шаардлага байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 65-66 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч Н.З ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэмт буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна. 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт:

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.

Шүүх шүүгдэгч Н.З д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хувь хүний байдал, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй тул шүүгдэгчийн улсын яллагчтай тохиролцсоноор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.З ын шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан 1 /нэг/ хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, түүний эдлэх ялаас хасаж тооцон торгох ялыг 685.000 төгрөгөөр тогтоов.

Шүүгдэгч Н.З д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.

Шүүгдэгч Н.З д оногдуулсан торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 3 сарын хугацаанд төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.

Бусад асуудлын талаар:

Хохирогч С.Н  нь “...гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх тул шүүгдэгч Н.З ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгч Н.З  нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Харуул овгийн Н.З ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.З д 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.З ын шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан 1 /нэг/ хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, түүний эдлэх ялаас хасаж тооцон торгох ялыг 685.000 төгрөгөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.З д оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

5. Шүүгдэгч Н.З  нь бусдад төлөх төлбөргүй, 1 хоног цагдан хоригдсон, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.З д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Б.ХАЛИУН