Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 2022/ШЦТ/591

 

 

 

 

 

 

      2022        07          04                                    2022/ШЦТ/591

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Алтнай,

улсын яллагч Ц.Майбаяр,

шүүгдэгч Р.Э , түүний өмгөөлөгч Ю.Тогмид нарыг оролцуулан Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн Р.Э т холбогдох эрүүгийн 2211000001221 дугаартай хэргийг 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

  Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Боржигон овгийн Р.Э , 1973 оны 10 дугаар сарын 19-ны өдөр Хэнтий аймагт төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Сүхбаатар дүүргийн ТҮК-д ажилладаг, ам бүл 1, Чингэлтэй дүүргийн ..... дугаар хороо, ......... тоотод оршин суух,

Хэнтий аймгийн сум дундын шүүхийн 1997 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 08 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял,

Хэнтий аймгийн сум дундын шүүхийн 1997 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 383 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2010 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн 107 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3 дахь хэсэгт зааснаар 18 жил хорих ял шийтгүүлсэн, регистрийн дугаар .....

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Р.Э  нь 2022 оны 5 дугаар сарын 7-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 хороо, Яргайтын 18 дугаар гудамжны 67 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Д.Х ыг зодож биед нь дух, зүүн хөмсөг, баруун, зүүн нүдний зовхи, хацар, хамар, дээд уруулд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн дүгнэлт:

Хавтас хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, оролцогч нарын өгсөн мэдүүлэг, тайлбараар шүүгдэгч Р.Э  нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Д.Х ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Дээрх үйлд баримт нь:

- хохирогч Д.Х ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 5 дугаар сарын 7-ны өдөр Сүхбаатар дүүрэг 14 хороо, 24-124 тоотоос гараад 7-н буудлын эцэс дээр төв замын ертөнцийн зүгээр баруун талд байрлах нэрийг нь мэдэхгүй дэлгүүр орж тамхи авах гээд орсон чинь дотор нь 60 насны орчим хос цэнхэр ажлын куртик өмдтэй түрүүтэй бакал гуталтай цэнхэр өнгийн саравчтай малгайтай эрэгтэй хүн үйлчлүүлээд зогсож байсан юм. Тэгэхээр нь араас нь үйлчлүүлээд club LD нэртэй тамхи аваад үүдэнд гарсан чинь тухайн дэлгүүрт байсан ах үүдэнд зогсож байсан ба тэр хүн намайг хоёулаа манайд очиж ганц шил архи ууя авчихсан байгаа гээд бид 2 цуг явахаар болж 7-н буудлаас Чингэлтэй рүү өгсөж алхаад гэрийн хаягийг нь сайн мэдэхгүй байна гэрийнх нь хашааны үүдээр орсон чинь тухайн ах хашааны хаалгаа түгжчихээд учиргүй миний нүүр лүү гараараа цохиод би газар унасан чинь гуталтай хөлөөрөө зүүн гуя руу өшиглөөд сүүлдээ баруун гартаа даавуун юм уу, ороолт ороочихсон гэдэс рүү цохиод байсан. Тэгээд би хашааных нь жижиг хаалгыг онгойлгоод гарч зугтаагаад гэртээ очоод охин Буяндэлгэрийн утсаар цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12-13 дахь тал/,

- шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 6797 дугаартай “...Д.Х ын биед дух, зүүн хөмсөг, баруун, зүүн нүдний зовхи, хацар, хамар, дээд уруулд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 26-27 дахь тал/,

- иргэний нэхэмжлэгч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...хохирогч Д.Х  нь 2022 оны 5 дугаар сард Эрүүл мэндийн даатгалын сангаас нйт 48000 төгрөгийн зардлаар эмчлүүлсэн байх тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч Р.Э ээс гаргуулж эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17 дахь тал/,

- эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 04/2598 дугаартай албан бичиг, хавсралтын хамт /хавтаст хэргийн 43-44 дэх тал/,

- шүүгдэгч Р.Э ийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн “...Би 2022 оны 5 дугаар сарын 7-ны өдөр ажлаа тараад ажлынхантайгаа нэг шил архи уучхаад орой 15 цагийн үед буудалд ТҮЦ-нээс нэг кофе авах гээд зогсож байтал нэг бараан өнгийн куртиктай согтуу залуу миний баруун халаасанд гараа хийчихээр нь би чи яаж байна гээд уурлатал тэр залуу намайг ална шүү гээд миний нүүр лүү нэг удаа цохихоор нь би чи яасан их хүн алдаг юм нааш ир гээд гэрийнхээ ийшээ авч яваад Чингэлтэй дүүргийн 18 хороо, Яргайтын 18-67 тоот хашаандаа оруулж байгаад нүүр лүү нь 2-3 удаа өшиглөөд би дахиж битий ингээрэй гээд явуулсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 34 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч Р.Э ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэмт буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна. 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Д.Х  нь эрүүл мэндийн даатгалын сангаас 48.000 төгрөгийн эмчилгээ, үйлчилгээ авсан байх бөгөөд хэрэгт иргэний нэхэмжлэгчээр Чингэлтэй дүүргийн прокурорын газрын ахлах прокурор Б.Байгалмааг тогтоосныг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар болгон зөвтгөв.

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт:

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.

Шүүх шүүгдэгч Р.Э т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хувь хүний байдал, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй тул шүүгдэгчийн улсын яллагчтай тохиролцсоноор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.

Шүүгдэгч Р.Э т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.

Шүүгдэгч Р.Э т оногдуулсан торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 6 сарын хугацаанд төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.

Бусад асуудлын талаар:

Хохирогчийн Д.Х  нь “...гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх тул шүүгдэгч Р.Э ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Харин иргэний нэхэмжлэгч Б.Б нь “...Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 48.000 төгрөгийн зардал гарсан тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч Р.Э ээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаар дансанд төлүүлж өгнө үү...” гэх тул нэхэмжлэлийг хангаж 48.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газарт олгуулж шийдвэрлэв. 

Шүүгдэгч Р.Э  нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овгийн Р.Э ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Э т 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Э т оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

4. Шүүгдэгч Р.Э  нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 513 дугаар зүйлийн 513.1, 513.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Э ээс 48.000 төгрөгийг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаар дансанд олгосугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Р.Э т авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Б.ХАЛИУН