| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Боролзойн Халиун |
| Хэргийн индекс | 186/2022/0555/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/593 |
| Огноо | 2022-07-04 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Майбаяр |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 2022/ШЦТ/593
2022 07 04 2022/ШЦТ/593
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Халиун даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Алтнай,
улсын яллагч Ц.Майбаяр,
шүүгдэгч, хохирогч О.Б /өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/,
шүүгдэгч Н.З /өмгөөлөгч оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хулан Цувдаг овогт О.Б , Жонон Шагдар овогт Н.З нарт холбогдох эрүүгийн 2111014291205 дугаартай хэргийг 2022 оны 6 дугаар сарын 29-ний ий өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Хулан Цувдаг овгийн О.Б , 2000 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр Ховд аймагт төрсөн, 22 настай, эрэгтэй, дээд боловсролтой, банкны менежер мэргэжилтэй, Худалдаа хөгжлийн банкны Оргил стар салбарт теллер ажилтай, ам бүл 1, Хан-Уул дүүргийн ..... дүгээр хороо, ...... тоотод оршин суух /иргэний үнэмлэхийн хаяг: Ховд аймаг, Жаргалант .......... тоот/, ял шийтгэлгүй, регистрийн дугаар .....
Жонон Шагдар овгийн Н.З, 2002 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хуваариа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, нагац эгч, үеэл дүүгийн хамт, Баянзүрх дүүргийн ..... дугаар хороо, .......... тоотод түр оршин суух /иргэний үнэмлэхийн хаяг: Дархан-Уул аймаг, ..... тоот/, ял шийтгэлгүй, регистрийн дугаар........
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч О.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 11 дүгээр сарын 3-ны өдрөөс 4-нд шилжих шөнө 01 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Tiger” баарны гадна иргэн Г.А гутал руу шүлсээ хаяж, найз Г.Т ийг цохисон гэх шалтгаанаар иргэн М.Б г цохих, өшиглөх зэргээр эрүүл мэндэд нь “...зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн зулайн чамархайн хуйханд цус хуралт...” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
шүүгдэгч Н.З нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 11 дүгээр сарын 3-ны өдрөөс 4-нд шилжих шөнө 01 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Tiger” баарны гадна иргэн Г.Т ийг цохилоо гэх шалтгаанаар ирсэн Г.Т ийн найз А.А , Б.Б , Б.Ө , О.Б нартай маргалдаж улмаар О.Б ийн нүүр хэсэгт гараараа цохиж, эрүүл мэндэд нь “...баруун өвдөгт цус хуралт, цээж зүүн өвдөгт зулгаралт, уруулын салстад шарх...” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн дүгнэлт:
Хавтас хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, оролцогч нарын өгсөн мэдүүлэг, тайлбараар шүүгдэгч О.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Г.А гийн гутал руу шүлсээ хаяж, найз Г.Т ийг цохисон гэх шалтгаанаар иргэн М.Б г цохих, өшиглөх зэргээр эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,
шүүгдэгч Н.З нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Г.Т ийг цохилоо гэх шалтгаанаар ирсэн Г.Т ийн найз А.А , Б.Б , Б.Ө , О.Б нартай маргалдаж улмаар О.Б ийн нүүр хэсэгт гараараа цохиж, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Дээрх үйлд баримт нь:
- хохирогч М.Б гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Э , З бид 3 Тайгер баар руу орох зорилгоор очсон бөгөөд тухайн үед Э хамгийн их согтуу, биеэ авч явах чадваргүй согтуу байсан болохоор З бид 2 түүнийг харгалзаж явсан юм. Бид 3 баарны хаалган дээр онгойхыг нь хүлээгээд байж байхад үл таних 2 эмэгтэй, 1 эрэгтэй ирсэн санагдаж байна. Тэгээд Э санаандгүй шүлсээ хаясан чинь нэг эмэгтэйнх нь гутал дээр унаснаас болж уг маргаан эхэлсэн бөгөөд эрэгтэй нь Э ийг заамдаж авахаар нь З уг залууг түлхэж холдуулсан чинь уг залуу цаашаа холдоод бусдыг дуудаж ирүүлсэн бөгөөд нэлээн олон эрэгтэй хүн гүйж ирээд бид нарыг тойрч бүчээд тал талаас цохиж зодож эхлэхээр нь би тойрч гараад нэг залууг нь араас нь татаж холдуулж байтал миний араас хэн нэгэн хүн намайг татаж эргэж харахын зуургүй миний нүүр хамар луу цохисон. Энэ үед би шархирч тэнцвэрээ алдаж, нүд юм харахгүй болоод замын боржурт тээгэлдэж газар унасан чинь уг хүн намайг дээрээс хөлөөрөө дэвсэж, гараараа татаж ирээд миний нүүр толгой руу цохиод байсан. Ээнэ үед би харахад намайг цохиж байсан эрэгтэй нь цэнхэр өнгийн цамцтай байх шиг харагдсан. Гэтэл цаанаас нь нэг эрэгтэй хүрч ирээд “ чи хүн аллаа шүү дээ” гээд намайг цохиж байсан эрэгтэйг надаас салгаж холдуулсан. Хэсэгхэн хугацаанд би цохиулж дэвсүүлсэндээ ухаан балартаж байгаад арай гайгүй сэргээд харахад намайг цохиж зодсон болон хамт байсан хүмүүс хажуугаар өнгөрч явахаар нь гар утсаа гаргаж ирээд бичлэг хийсэн юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 52 дахь тал/,
- хохирогч О.Б ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Тэнгис кино театрын хажуухан талд байрлах /нэрийг нь сайн мэдэхгүй байна/ нэгэн баарны гадаа үүдэнд ирээд машинаасаа бууцгааж байтал манай найз болох А , Т нар түрүүлээд баарны үүд рүү явсан. Нэг мэдэхэд А , Т нар хүмүүстэй маргалдаад Ө , Б , О бид нарыг хурдан хүрээд ир гэж орилж байсан тэгээд бид нар яваад 3 залуу Т , А нарыг цохиж зодсон нүүр амнаас нь цус гарсан байдалтай байж байсан тэрийг хараад бид тэр залуустай учраа олчихно гэж бодоод яваад очтол махлагдуу биетэй залуу нь Ө ыг мөргөж намайг зүүн талын шанаа хэсэг рүү гараараа цохисон тэр үед би ухаан балартаад газар унасан ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 57-59 дэх тал/,
- гэрч Г.А гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...А , найз Т бид 3 Доргио баарны үүдэнд зогсож байхад бидний үеийн нас ойролцоо гурван залуу зогсож байсан ба эхлээд ойр зуурын юм ярьсан. Гэтэл А хэрэв энэ баар руу орж чадвал таксины мөнгийг чинь би даая гэж хэлсэн. Гэтэл ойролцоо зогсож байсан гурван залуугийн нэг царайлаг залуу нь бүдүүлэг үг яриа хэрэглэж байсан ба чаддаг юм бол таксины мөнгө өгөөрэй гэж хэлсэн. Тэгээд миний гутал руу тухайн залуу шүлсээ хаясан юм. Гэтэл манай найз залуу “яаж байгаа юм бэ” гэж хэлээд муухай хартал тэр залуу манай найз залуу Т ийн нүүр лүү гараараа 3-4 удаа цохисон юм. Тэгээд манай найз залуугийн хамраас цус гарахад би чангаар орилоход машинд байсан найзууд гарч ирсэн. Ө , Б , Б нар тухайн танихгүй гурван залуутай зодолдсон... Миний царайлаг гэж хэлсэн залуу М.Б гэх хүн мөн байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 100 дахь тал/,
- гэрч Б.Б ий мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...баарны үүдэнд манай найз 3 залуутай маргалдаж бие биеэ харилцан цохилцоод байхаар нь би тэд нарыг салгаж эхэлсэн. Яг хэн хэнийг нь хэрхэн салгаснаа санахгүй байна. Тухайн үед юу болж байгаа нь мэдэгдэхгүй бужигнаад байсан юм. Тухайн үед А тэр газар байсан эсэхийг нь санахгүй байна. Би салгаад Б ийг гараас нь татаж чирээд явсан бөгөөд миний араас О , Т , Ариунтуяа нар яваад уг газраас холдсон... Би найз нар болон тэдгээртэй зодолдож байсан хүмүүсийг салгаж байгаад нэг харсан чинь баарны хаалганы ертөнцийн зүгээр баруун талд машин зам болон явган хүний замын зааг дээр Б хэн нэгэн хүнтэй дээр доороо ороод хэвтээ байдалтай ноцолдож байгаа харагдахаар нь би ганцаараа очиж Б ийг салгаж аваад машин руугаа явсан. ...Миний харснаас Б оос өөр хэн нэгэн хүн уг хүнтэй ойртож, цохиж зодоогүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 82 дахь тал/,
- гэрч М.А гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...А найз руугаа очих гээд байхаар нь би түүнийг хориглож тэвэрч зогсож байгаад эргээд харсан чинь маргаан эхлүүлсэн танихгүй залуучуудын нэг нь газар уначихсан түүнийг Б зодож байгаа харагдсан. Хөлөөрөө цохиж байсан гэж бодож байна. Энэ үед манай найз нар уг газраас явахаар нь би А ийн хамт найз нарынхаа араас явах үед Б т зодуулж байсан эрэгтэй газар унасан чигээрээ гар утсаараа бичлэг хийгээд А бид 2-ыг намайг зодсон хүмүүс байна намайг дахиад зодооч гэх утгатай зүйл хэлээд орилоод байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 66 дахь тал/,
- шинжээч М.А ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...хамар ясны хугарал, таславчийн хугарал, мурийлт, хамар, баруун нүдний дээд зовхи, доод зовхи, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт гэмтэл нь нэг удаагийн үйлчлэлээр үүссэн, гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл байна. Зүүн зулай, чамархайн хуйханд цус хуралт гэмтэл нь нэг удаагийн үйлчлэлээр үүссэн, гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэмтэл байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 106 дахь тал/,
- шинжээч Т.Ч ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Б ийн биед зүүн нүдний зовхи, зүүн нүдний алимны салстад цус хуралт гэмтэл нь нэг удаагийн үйлчлэлээр үүсэх, гэмтлийн хөнгөн зэрэгт дангаараа хамаарах гэмтэл байна. уруулын салстад шарх гэмтэл нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах, нэг удаагийнх үйлчлэлээр дангаараа үүсэх боломжтой гэмтэл байна. Бусад гэмтэл нь тус бүрдээ гэмтлийн зэрэгт хамаарахгүй, тус бүрдээ нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой гэмтэл байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 115 дугаар хуудас/,
- шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 11003 дугаар “...М.Б гийн биед хамар ясны хугарал, таславчийн хугарал, мурийлт, хамар, баруун нүдний дээд зовхи, доод зовхи, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн зулай, чамархайн хуйханд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 103-104 дэх тал/,
- шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 10- ны өдрийн 10906 дугаар “...О.Б ийн биед зүүн нүдний зовхи, зүүн нүдний алимны салстад цус хуралт, зүүн мөр, бугалга, баруун гарын бугуй, сарвуу, баруун өвдөгт цус хуралт, цээж, зүүн өвдөгт зулгаралт, уруулын салстад шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” /хавтаст хэргийн 112-113 дахь тал/,
- хохирогч М.Б гийн эрүүл мэндийн даатгалын газраас авсан тусламж үйлчилгээний талаарх мэдээлэл /хавтаст хэргийн 189-190 дэх тал/,
- шүүгдэгч О.Б ийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн “...Махлаг залуугийн найз нь бололтой арай өндөр залуу манай найз нарыг татаж чангаагаад байхаар нь би уг залуугийн араас нь татаж, эргэж харахаар нь нүүрэнд нь гараараа нэг удаа цохисон. Уг залуу надтай зууралдаад газар унасан бөгөөд энэ үед Б намайг татаж босгож аваад машин руу хамт явж байхад надтай хамт газар унасан эрэгтэй гар утсаараа бичлэг хийгээд байх шиг байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 140-141 дэх тал/,
- шүүгдэгч Н.З гийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн “...нэг залуу миний толгой орчим мөргөхөөр нь би уг залууг гараараа хоёр удаа савж цохсон. ...Би Б ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч байна. О.Б надаас нэхэмжилсэн хохирол байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 144- 145 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна.
Иймд шүүгдэгч О.Б , Н.З нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэмт буруутайд тооцож, тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Эрүүгийн хариуцлагын дүгнэлт:
Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.
Шүүх шүүгдэгч О.Б , Н.З нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хувь хүний байдал, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй тул шүүгдэгч О.Б , Н.З нарын улсын яллагчтай тохиролцсоноор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.
Шүүгдэгч О.Б , Н.З нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.
Шүүгдэгч О.Б , Н.З нарт оногдуулсан торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 3 сарын хугацаанд төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.
Бусад асуудлын талаар:
Шүүгдэгч О.Б нь хохирогч М.Б д 138.000 төгрөг, Эрүүл мэндийн даатгалын санд 150.000 төгрөгийг төлсөн болохыг дурдав.
Хохирогч О.Б нь “...гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...”, хохирогч М.Б нь “...гомдол саналгүй...” гэх тул шүүгдэгч О.Б , Н.З нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч О.Б , Н.З нарт нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Хулан Цувдаг овогт О.Б , Жонон Шагдар овогт Н.З нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч О.Б , Н.З нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б , Н.З нарт оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
4. Шүүгдэгч О.Б , Н.З нарт нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээсүгэй.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Б , Н.З нарт авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ХАЛИУН