Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 2022/ШЦТ/281

 

     

                                

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Баяржаргал,

Улсын яллагч Н.Энхтулга,

Хохирогч **************,

Гэрч **************,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баасанбаяр,

     Шүүгдэгч **************нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн **************холбогдох эрүүгийн 2238000690473 дугаартай хэргийг 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч **************нь 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 3 дугаар багийн нутаг буюу өөрийн гэртээ **************тай маргалдаж нүүрэн тус газар гараараа цохиж, баруун нүдийг бүрэн хараагүй болгож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан  гэмт хэргийг үйлдсэнд  холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч **************нь 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 3 дугаар багийн нутаг буюу өөрийн гэртээ **************тай маргалдаж нүүрэн тус газар гараараа цохиж, баруун нүдийг бүрэн хараагүй болгож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2238000690473 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч **************мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...архиа хувааж уугаад  унтах гэхэд ************** өөрт нь зассан ор руу биш бид хоёрын хажуугаар орж унтах гээд байсан. Би цаашаа бай гээд нэг удаа гараараа нүүр лүү нь түлхсэн. Тэгээд гэрээс гараад машиндаа сууж байгаад өглөө үүрээр орж ирсэн. Тэгэхэд **************ын баруун нүд хавдсан байсан. Нүдэн дээр нь төмс тавьсан боловч хавдар нь буурахгүй болохоор аймгийн эмнэлэгт үзүүлэхээр эхнэр ************** бид гурав хамт орж ирж үзүүлсэн. Нийт 8,000,000 төгрөг **************ад өгсөн...” гэх мэдүүлэг,

       Хохирогч **************ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр ганцаараа аймгийн төвөөс найз **************хөдөө гэрт очсон тэгээд маргааш нь бид хоёр модонд очиж түлшний модоо бэлдсэн. Тэгээд модоо бэлдэж дуусаад буцаад гэртээ ирэх замдаа нутгийн хоёр айлаар орж нэрмэл архи ууцгаасан. Орой нь **************гэрт нь очиж мөн нэрмэл архи уусан нэрмэлээ ууж сууж байхдаа ************** над руу хараад чамайг шаачих уу гээд байхаар нь тэгээд чи шаачихгүй юу гэсэн чинь гараа атгаж байгаад миний баруун нүд рүү нэг удаа цохисон. Тэгээд би ч гараад явсан. Хэсэг машиндаа унтаж байгаад даараад буцаад гэрт нь ороход ************** унтсан байсан. Би ч гэрт нь унтсан. Тэгээд өглөө босоход миний баруун нүд таг хавдсан байсан. Тэгээд хүйтэн жин тавьж **************ыд дахин хоносон. Хоноод өглөө босоод хавдар нь бага зэрэг буусан байсан. Тэгээд юм харахгүй болохоор нь нүдээ гараараа хүчээр нээтэл дотор талаас нь цустай шингэн зүйл гараад байсан. Тэгээд ер нь аймгийн төв орж эмчид үзүүлье гэж бодоод ************** түүний эхнэр Баярсайхан нартай хамт аймагт орж ирсэн. Ирэхэд орой болсон байсан учир гэртээ унтаж амарчхаад өглөө нь Баярсайхан болон өөрийн эхнэрийн хамт нэгдсэн эмнэлэгт үзүүлсэн чинь яаралтай хот руу хагалгаанд орохгүй бол болохгүй гээд 13А маягтаар тэр өдрөө хот руу явсан...************** надад 8 сая төгрөг өгсөн. Би гомдолтой байна. 22 сая төгрөг нэхэмжилж байна...Миний нэг нүд бүрэн хараагүй болсноос болоод ажил хөдөлөмөр эрхлэх боломжгүй болж, банкны зээлээ төлж чадахгүй болсон тул дээрх мөнгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг,

   Гэрч **************гийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...************** гэдэг хүн нь Мөрөнөөс **************ыд ирсэн. ************** нь тухайн үед түлээ модны ажлаар **************ыд ирсэн юм шиг байсан. Тэгээд **************ыг ирсний маргааш нь **************, ************** хоёр мод руу түлээнд яваад өгсөн. Харин би хонинд яваад өгсөн юм. Тэгээд орой гэгээ тасарсан байхад **************, ************** хоёр модноос орж ирсэн. ************** нь орж ирэхдээ 0.5 литрийн архитай орж ирсэн. Тэгээд **************, ************** хоёр ярьж хөөрөөд ууцгааж байгаад хоол ундаа идээд нөгөө архиа тэр хоёр хувааж уусан. Би тухайн үед тэр архинаас нь уугаагүй. Тэгээд **************эхнэр нь орой болсон болохоор **************ад миний орны урд ор засаж өгсөн. Үүний дараа ************** нь эхнэртэйгээ унтлаа гээд орондоо ороод өгсөн. Тухайн үед ************** нь гарч шээнэ гээд гараад яваад өгсөн. ************** нь гадаа хэсэг байж байгаад буцаж гэрт орж ирээд **************, Баярсайхан хоёрын дундуур орж унтана гээд байхад нь ************** нь **************ыг цаашаа бол гээд толгой хэсэг рүү нь гараараа түлхсэн. Тэгэхэд ************** нь юу ч хэлээгүй байж байгаад гараад яваад өгсөн. Маргааш өглөө ************** гэрт ороод ирсэн. Гэрт орж ирэхдээ **************ын баруун нүд хавдсан байсан...” гэх мэдүүлэг, 

              Гэрч **************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... Би он сар өдрийг сайн санахгүй байна ямар ч байсан 2021 оны 10 дугаар сарын эхээр нөхөр аймгаас манай найз ************** ганцаараа манайд ирсэн юм. Тэгээд маргааш өглөө нь манай нөхөр **************, **************, Эрдэнэсан нар ууланд гарч түлшний мод бэлтгэхээр явцгаасан. Тэгээд орой 17 цаг өнгөрч байхад эхлээд Эрдэнэсан нь ирсэн. Дараа нь бэлтгэсэн модоо ачаад манай нөхөр, ************** нар гэртээ ирцгээсэн. Ирэхэд нь би хоол хийсэн байсан учир хоол ундаа идээд ************** нэг шил архи авчирсан байсан. Тэр архийг **************, ************** нар хувааж ууцгаасан. Эрдэнэсан архи уугаагүй. Тэгээд тэр нэг шил архиа хувааж ууж дуусаад унтахаар болсон. Би тухайн үед ор, дэрээ зассан байсан. Би орондоо орсон байсан. Манай нөхөр босож ирээд орондоо орсон. Харин ************** нь шээнэ гээд гарсан. Тэгээд буцаж орж ирээд ************** нь нөхөр бид хоёрын орны өмнө ирээд 3-лаа цуг унтъя гээд байсан. Манай нөхөр орны урд талаар над руу хараад хэвтэж байсан. Тэгсэн ************** юу яриад байгаа юм цаана чинь ор зассан байгаа. Тэр орон дээр очиж унт гээд нэг гараараа харж хэвтэж байгаад савж цохисон. Тэгсэн ************** нь ёо, ёо гэснээ гэрээс гарч яваад машиндаа орж байгаа бололтой машины хаалга дугарсан. Тэгээд нөхөр бид хоёр унтсан байсан. Өглөө үүрээр ************** нь орж ирээд миний зассан өөрийнхөө ор луу ороод унтаад өгсөн. Өглөө гэгээ ороод босоход **************ын баруун нүд нь хөхрөөд хавдсан байсан. Тэр өдрөө ************** нь хэвтэж өнжөөд хоночхоод маргааш нь **************, ************** бид гурав аймгийн төв орж **************ыг эмнэлэгт үзүүлсэн...” гэх мэдүүлэг (хх-ийн 27-28-р хуудас),

         Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Цагдаагийн ахлах дэслэгч М.Батмөнхийн 2022 оны 01 дүгээр сарын 12-ний өдрийн 61 дугаартай дүгнэлтэд:

  1. **************ын биед баруун нүдийг бүрэн хараагүй болгосон гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байжээ.
  3. **************ын биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.2.4-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг их хэмжээгээр тогтонги байдлаар алдагдуулах гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг 65% тогтонги байдлаар алдагдана гэх дүгнэлт, (хх-ийн 45-р хуудас),

              Шүүхийн шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмч Цагдаагийн хошууч Ч.Эрдэмболор, шинжээч эмч Цагдаагийн ахмад Т.Чимэд-Очир, шинжээч эмч цагдаагийн ахмад Г.Ханхүү нарын 2022 оны 06 дугаар сарын 03-ний өдрийн 481 дугаартай дүгнэлтэд:

  1. Урьд гаргасан 61 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. Учир нь **************ын баруун нүд гэмтлийн улмаас бүрэн хараагүй болсон нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг 65 хувь тогтонги алдагдуулна.
  2. **************ын нүдэндээ гэмтэл авахаас өмнөх хугацаанд нүдний харааг тодорхойлсон эмнэлгийн бичиг баримт ирүүлээгүй тул нүдний хараа ямар байсныг тодорхойлох боломжгүй байна.
  3. Нүдний хиймэл болор суулгасан гэх асуудал нь 2021 оны 10 дугаар сарын 05-ний өдөр учирсан гэмтэлтэй холбоогүй, дүгнэлтэд нөлөөлөхгүй.
  4. Нүдний болор нь гэрлийн туяаг хугалах, хол, ойрын зайд тохируулан харах үйл ажиллагаанд оролцдог нүдний алимын дотоод хэсэг юм. Болор цайх өвчний үед түүнийг орлуулж мэс заслын аргаар хиймэл болор суулгадаг. Хиймэл болор нь үндсэн болортойгоо ижил үүрэгтэй.
  5. **************ын баруун нүд гэмтлийн улмаас бүрэн хараагүй болсон нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг 65 хувь тогтонги алдагдуулах тул гэмтлийн зураг тогтоох журмын 2.2.4-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хх-ийн 94-96-р тал),

          Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн лавлагаа, байнга оршин суугаа хаягийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 113-115-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн 2238000690473 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч **************нь 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 3 дугаар багийн нутаг буюу өөрийн гэртээ **************тай маргалдаж нүүрэн тус газар гараараа цохиж, баруун нүдийг бүрэн хараагүй болгож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч **************мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

       Хохирогч **************, гэрч ************** нарын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлгүүд,

       Гэрч **************(хх-ийн 27-28-р хуудас) мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг,

              Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Цагдаагийн ахлах дэслэгч М.Батмөнхийн 2022 оны 01 дүгээр сарын 12-ний өдрийн 61 дугаартай дүгнэлт (хх-ийн 45-р хуудас),

              Шүүхийн шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмч Цагдаагийн хошууч Ч.Эрдэмболор, шинжээч эмч Цагдаагийн ахмад Т.Чимэд-Очир, шинжээч эмч цагдаагийн ахмад Г.Ханхүү нарын 2022 оны 06 дугаар сарын 03-ний өдрийн 481 дугаартай дүгнэлт (хх-ийн 94-96-р хуудас) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.**************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

             Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг шүүгдэгч **************нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч **************нь хохирогч **************ын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан ба шүүгдэгч нь хохирогчид 8 сая төгрөгийн хохирол нөхөн төлсөн  байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хохирогч ************** нь гэм хорын хохирол 22 сая төгрөгийн хохирлоо нэхэмжилж байх боловч хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул хохирогч ************** нь гэм хорын хохирол 22 сая төгрөгийн хохирлоо шүүгдэгч Б.**************аас нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.**************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

   Шүүгдэгч **************нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид эмнэлгийн туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч нь ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан түүнд торгох ял оногдуулж, уг торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.

   Эрүүгийн 2238000690473 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч  **************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **************ыг 10,000 (арван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 (арван сая)  төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.**************д оногдуулсан 10,000 (арван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 (арван сая) төгрөгөөр торгох ялыг 2 (хоёр) жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч  **************нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.

          5. Эрүүгийн 2238000690473 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч ************** нь гэм хорын хохирол 22 сая төгрөгийн хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч Б.**************аас нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

           6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

           7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.**************д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Т.ХҮРЭЛБААТАР