Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2018 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 221

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Н даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Дорноговь аймгийн ЗДТГ-н хүсэлттэй,

“Д.Д-г эрэн сурвалжлуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А, хүсэлт гаргагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Дорноговь аймгийн ЗДТГ-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд: “Сумын ЗДТГД-р ажиллаж байсан Д.Д нь Газрын харилцааны мэргэжилтнээр ажиллаж байсан Б.Б-г 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Б/50 тоот тушаалаар ажлаас халсан нь Дорноговь аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны 115/ШШ2016/0005 тоот шүүхийн шийдвэр, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 270 тоот тогтоолоор хууль бус тушаал болох нь тогтоогдож ажилгүй байсан хугацааны 3,935,424 төгрөгийг төрөөс олгосон. Тиймээс улсад учирсан хохирлыг Захиргааны Ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1 дэх хэсэгт заасны дагуу гэм буруутай этгээдээс гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 137/ШЗ2018/00693 захирамжаар Д.Д-н оршин суугаа газар тодорхой бус үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Иймд М овогт Д.Д-г Монгол Улсын хэмжээнд эрэн сурвалжилж оршин суугаа хаягийг тогтоож өгнө үү” гэжээ.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Дорноговь аймгийн ЗДТГ-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М нь шүүхэд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.Д-г эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг тогтоолгохоор тус шүүхэд хүсэлт гаргажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Д.Д нь Дорноговь аймгийн Замын-Үүд сум Сүлд багт оршин суух бүртгэлтэй боловч уг хаягтаа оршин суудаггүй болох нь Сүлд багийн засаг даргын тодорхойлолт, тус шүүхийн шүүгчийн 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 137/ШЗ2018/00696 дугаар захирамжаар тогтоогдож байх тул Дорноговь аймгийн ЗДТГ-н хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Иймд Д.Д-г эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг зохих байгууллагад даалгах нь зүйтэй байна гэж үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар М овогт Д.Д-г эрэн сурвалжилсугай.

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д зааснаар Д.Д-г эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын ЦХ-т даалгасугай.

3. Нэхэмжлэгч байгууллага нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

5. Энэхүү шийдвэрийг нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ        Б.Н