Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 2022/ШЦТ/606

 

      2022        07          06                                    2022/ШЦТ/606

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Алтнай,

улсын яллагч Д.Уянга,

шүүгдэгч А.Б  нарыг оролцуулан Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овогт А.Б өд холбогдох эрүүгийн 2211000001215 дугаартай хэргийг 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

  Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Боржигин овогт А.Б , 2001 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Мандах дээд сургуульд оюутан, ам бүл 3, ээж, дүүгийн хамт Чингэлтэй дүүргийн ....... дугаар хороо .......... тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, регистрийн дугаар ...

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А.Б  2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс 06-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо Сургуулийн 21 дүгээр гудамжинд Ө.Ц ыг гараараа цохих, хутгаар зүсэх зэргээр биед зүүн дээд зовхи, бугалга нуруунд шарх, зүүн дээд зовхи цус хуралт, зүүн хацар, шанаа, шуу, баруун мөр, бугалга шуу, хүзүү, нуруу, хэвлийд зулгаралт бүхий гэмтэл учруулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн дүгнэлт:

Хавтас хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, оролцогч нарын өгсөн мэдүүлэг, тайлбараар шүүгдэгч А.Б  2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс 06-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн .... дугаар хороо ....... гудамжинд Ө.Ц ыг гараараа цохих, хутгаар зүсэх зэргээр биед зүүн дээд зовхи, бугалга нуруунд шарх, зүүн дээд зовхи цус хуралт, зүүн хацар, шанаа, шуу, баруун мөр, бугалга шуу, хүзүү, нуруу, хэвлийд зулгаралт бүхий гэмтэл учруулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

Дээрх үйлд баримт нь:

- хохирогч Ө.Ц ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр найз Э ы гэрт Э , О.М , А , Б  бид нар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн юм. Тэгээд шөнө тоглоод ноцолдоод байж байтал Б  нь миний өгзөг орчимд гараараа цохиод авахаар нь би уурласан юм. Тэгээд бид хоёр хоорондоо муудалцаж маргалдсан чинь манай найз нар “та хоёр гадаа гарч учраа олоод эргээд ороод ир энд битгий хүмүүсийн уур амьсгал эвдээд бай” гэсэн учраас Б  бид хоёр гадаа гарч учраа олохоор болоод гадаа гараад би Б ийг гараараа нүүрэн тус газар нь нэг удаа цохиод авсан чинь Б  намайг барьж аваад бид хоёр зодолдсон юм. Тэгтэл манай найзууд араас гарч ирээд бид хоёрыг салгахаар нь би хашааны гадаа гарч байгаад Б ийг “чи наашаа гараад ир, хоёулаа хол очиж байгаад эр хүн шиг учраа ольё” гэж хэлчхээд гудамжны үзүүрт очоод хүлээгээд байж байтал Б  нь ирэхгүй удаад байхаар нь буцаад Э ы хашаа руу явж байтал урдаас Б  нь гарч ирээд бид хоёр дахиад барьцалдаж аваад зодолдсон юм. Тэгээд миний зүүн талын нүд эвгүй болчихоор нь гараараа дараад үзсэн чинь цус гарч байсан учраас Б өөс салаад хойшилж зайгаа аваад байж байтал, манай найз нар ирээд Б ийг салгасан юм. Тэгээд эмнэлэг цагдаа нар ирсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15-16 дахь тал/,

- гэрч Б.Б ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Э ы гэрт манай найз нарын хамт уулзсан юм тэгээд бид нар караокед орж дуулчхаад эргээд Э ы гэрт ирээд хоорондоо ноцолдоод тоглож байтал Ц , Б  нар нь хоорондоо маргалдаад үгэнд орохгүй байхаар нь гарч “та хоёр учир зүйгээ ол” гээд гэрээс гаргасан юм.Тэгээд би зарим зүйлийг нь бол сайн санахгүй байгаа юм ямар ч байсан А  бие засчхаад гарч ирж байхаар нь бид хоёр хашааны гадаа гартал гудамжинд хамт байсан манай найз нар зогсож байхаар нь яваад очтол Ц  газар хэвтчихсэн, Б  хашаа налаад гартаа хутга барьчихсан зогсож байхаар нь би хутгыг нь авч шидсэн юм. Тэгээд удалгүй эмч, цагдаа нар ирсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 33 дахь тал/,

- гэрч Г.А ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 05 дугаар сарын 05-нд Э ы гэрт манай найз уулзсан юм тэгээд тухайн үед найз нар уулзсан юм чинь гээд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Тэгээд шөнө хоорондоо ноцолдож тоглож байгаад Б , Ц  хоёр хоорондоо муудалцаж маргалдаад байсан учраас бид нар учрыг нь олох гэтэл чимээгүй болохгүй гэрт хэрэлдээд барьцалдаж авах гээд дийлдэхгүй байхаар нь гэрт байсан найз нар нь “та хоёр энд ингэж хүмүүсийг уур амьсгал эвдэж байхаар гарч хоорондоо ярилцаад учраа олчхоод эргээд ороод ир” гээд гэрээс гаргасан юм. Тэгтэл хоорондоо шууд барьцалдаад авсан чинь Ц  шууд Б ийг гараараа нүүрэн тус газар нь хоёр удаа цохиод газар авч шидсэн, би цонхоор харж байсан учраас нөгөө найз нарт “гарч нөгөө хоёрыг салгахгүй бол хоорондоо зодолдоод байна” гэж хэлсэн чинь тэд нар бүгд гарч Б , Ц  хоёрыг салгасан юм. Тэгээд маргалдаж байгаад Ц  хашаанаас гараад гүйгээд яваад өгсөн учраас Б  нь хашааны үүдэнд газар хөлөө жийгээд сууж байсан. Тэгээд би бие засчхаад гараад ирсэн чинь хашаанд байсан бүх хүмүүс гарч яваад гудамжны үзүүрт оччихсон байхаар нь би явж очоод юу болсон талаар асууж тодруулсан чинь “Ц ыг Б  хутгалчихлаа” гээд бүгд тойроод зогсож байхаар нь “би эрүүл байна харъя” гээд Ц ыг харсан чинь зүүн нүдний орчим, нуруу зэргээс нь цус гарчихсан газар хэвтэж байсан учраас би 103-т дуудлага өгч үзүүлсэн юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25 дахь тал/,

 

- гэрч А.Э ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...яг хутга хаанаас авсан талаар мэдэхгүй байна. Ямар ч байсан манай гэрт байдаг төмсний иштэй жижиг хар хутга байсан. Ц  нь А.Б ийг чи миний өгзөг нь дээр чанга алгадаж цохилоо. Бусад нь зөөлөн цохиж алгадаж байхад гэж уурлаад маргалдаж эхэлсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29 дэх тал/,

- гэрч О.М ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...сүүлд сонссоноор бол Э ы гэрт байдаг төмсний хар иштэй жижиг хутга байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 31 дэх тал/,

- шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 6710 дугаартай “...Ө.Ц ын биед зүүн дээд зовхи, бугалга нуруунд шарх, зүүн дээд зовхи цус хуралт, зүүн хацар, шанаа, шуу, баруун мөр, бугалга шуу, хүзүү, нуруу, хэвлийд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир, үзүүр бүхий зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Учирсан гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүг мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 36-37 дахь тал/,

- иргэний нэхэмжлэгч Б.Байгалмаагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...хохирогч Ө.Ц  нь 2022 оны 5 дугаар сард Нийслэлийн түргэн тусламжийн төвөөс ойрын дуудлагын 48.000 төгрөг, Гэмтэл согог судлалын Үндэсний төвөөс гэмтлийн яаралтай тусламжийн 161.000 төгрөгийн үйлчилгээ авч Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 209.000 төгрөгийн зардлаар эмчлүүлсэн байх тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч А.Б өөс гаргуулж эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20-21 дэх тал/,

- эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 04/2459 дугаартай албан бичиг, хавсралтын хамт /хавтаст хэргийн 64-65 дахь тал/,

- шүүгдэгч А.Б ийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн “...2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр би Ц , О.М , А  нартай О.М ын гэрийн хажуу талын сагсны шийд орж тоглож байхад О.М , А  нар гэртээ хариад Ц  бид хоёр тухайн сагсны шийдэн дээр тоглож үлдсэн юм. Тухайн үед манай нэг танил дүү маргааш цэрэгт явах гэж байна гээд ярьж байсан. Тэгээд бид нар гаргаж өгөх арга хэмжээ зохион байгуулъя гээд Ц , О.М  бид гурав гарч дэлгүүр ороод 3 шил 0.75 литрийн архи авч орж ирээд Э ы гэрт Ц , А , О.М тай архиа хувааж уугаад юм ярьж сууж байгаад Аяк караоке орж дуулж нэг шил архи хувааж уучихаад эргэж Э ы гэрт тоглож байгаад Ц ын өгзөг орчимд гараараа 2 удаа цохисон чинь Ц  нь босож ирээд чи яаж байна аа гээд уурлахаар би тоглож байна шүү дээ гэсэн. Тэгээд бид хоёр хоорондоо маргалдаад муудалцсан юм. Гэтэл манай найзууд бид хоёрыг салгаад “Та хоёр гарч учраа ол, битгий муудалцаад бай. Гарч эвлэрээд ороод ир” гээд байхаар нь би гадаа гараад зогсож байтал Ц  нь миний араас гарч ирээд над руу тулаад хэл амаар доромжилж дайрч байгаад намайг заамдаад аваад газар хавсарч унагаагаад миний толгой руу нэлээн хэдэн удаа цохисон юм. Тэгээд би өөрийгөө хамгаалаад гараараа нүүр орчимд нэг цохиод авсан чинь Ц  намайг чи гараад ир хашааны гадаа гарья гээд байхаар нь би Э ы гэр рүү гүйж ороод хоолны шүүгээний шургуулганд байсан хар иштэй жижиг хутга байхаар нь аваад гарч Ц  дээр явж очоод айлгах гээд би чамайг ална шүү гэсэн чинь Ц  гудамжаар зугтаагаад яваад өгөхөөр нь би араас нь хөөж байгаад эргэж найз дээрээ очоод  тамхи татаад зогсож байтал Ц  нь эргээд хүрээд ирчихсэн надтай хамт зогсож байсан хүний цаад талаас намайг цохих гэж байсныг нь би хараад хутга барьсан байсан гараараа зүүн нүдэнд нь  нэг удаа цохисон чинь цус гарсан. Тэгээд бид хоёр дээр доороо ороод зодолдоод эхэлсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 48-49 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч А.Б ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэмт буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна. 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт:

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.

Шүүх шүүгдэгч А.Б өд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хувь хүний байдал, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй тул шүүгдэгчийн улсын яллагчтай тохиролцсоноор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.

Шүүгдэгч А.Б өд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.

Шүүгдэгч А.Б өд оногдуулсан торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 3 сарын хугацаанд төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.

Бусад асуудлын талаар:

Гэмт хэргийг улмаас Эрүүл мэндийн даатгалын санд 209.000 төгрөгийн төлбөр гарсныг шүүгдэгч А.Б  нь төлсөн болохыг дурдав.

Хохирогч Ө.Ц  нь “...гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх тул шүүгдэгч А.Б ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгч А.Б  нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигин овогт А.Б ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б өд 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б өд оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

4. Шүүгдэгч А.Б  нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нийт 19 см урттай, ажлын хэсэг 9 см, бариул хэсэг нь 10 см хар өнгийн иштэй 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Б өд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Б.ХАЛИУН