Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 2022/ШЦТ/607

 

    2022        07          06                                   2022/ШЦТ/607

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Алтнай,

улсын яллагч С.Сүрэнхорол,

хохирогч М.Э ,

шүүгдэгч Д.С  /өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн Д.С ид холбогдох эрүүгийн 2211006031201 дугаар хэргийг 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Боржигон овгийн Д.С , 1984 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, англи хэлний орчуулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн ... дугаар хороо, ........ тоотод оршин суух /иргэний үнэмлэхийн хаяг: Дархан-Уул аймаг, .......... тоот/,

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2000 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар ял 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн  хугацаагаар хойшлуулсан, регистрийн дугаар ........

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.С  нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр Чингэлтэй дүүргийн ... дугаар хороо, ........ тоотод байх гэртээ гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох эхнэр М.Э тай “интернет банкны нууц код блоклосон” гэх шалтгааны улмаас хоорондоо маргалдаж, улмаар түүний толгойн хэсэгт гараараа цохиж, хөлөөрөө дэвсэж, духанд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн зовхинд цус хуралт, зүүн өвдөгт цус хуралт, баруун даланд зулгаралт бүхий гэмтэл үүсгэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.С  нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...болсон явдлын талаар санахгүй байгаа, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй, уучлалт гуйж байна...” гэв.

Гэм буруугийн дүгнэлт:

Хавтас хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, оролцогч нарын өгсөн мэдүүлэг, тайлбараар шүүгдэгч Д.С  нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр М.Э тай “интернет банкны нууц код блоклосон” гэх шалтгааны улмаас хоорондоо маргалдаж, улмаар түүний толгойн хэсэгт гараараа цохиж, хөлөөрөө дэвсэж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нь үйл баримтаар тогтоогдож байна.

Дээрх үйл баримт нь:

- Чингэлтэй дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Шуурхай Удирдлагын тасгийн 102 дугаарын утсанд 2022 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 22 цагийн орчим №2355 дугаартай гомдол, мэдээллийг хүлээн авсан талаарх тэмдэглэл /хавтаст хэргийн 7 дахь тал/,

- Аюулын зэргийн Үнэлгээний 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн тэмдэглэл /хавтаст хэргийн 11-12 дахь  тал/,

- хохирогч М.Э ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2022 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт гэр бүлийн хамаарал бүхий Д.С той маргалдсан асуудал гаргасан. Бид хоёр дундаасаа 2 хүүхэдтэй. Гэрлэлтийн баталгаа байхгүй. Тухайн өдөр болсон үйл явдлыг манай нөхөр санахгүй байгаа. Ангийнхан нь 20 жилийн уулзалт болоод архи уугаад нэлээн согтолттой өглөө 10 цагийн орчимд ангийнхаа нэг залуутай ирсэн. Гэтэл манай ээж тэр хоёрыг яагаад архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчхээд орж ирдэг юм танай эхнэр цагдаа сэргийлэх дуудчихсан байгаа гэж хэлээд хөөсөн юм шиг байна лээ. Би тухайн үед ариун цэврийн өрөөнд сууж байсан тэгэхэд манай нөхөр Д.С  Сувдаа гэж орилж гарч ирээд ариун цэврийн хаалга өшиглөөд тэр үед нь би гарч таараад духан дээр өшиглөсөн хаалга нь савлагдаад хавдчихсан. Бид хоёр маргалдаж муудалцаж байсан асуудал байгаа. Маргалдахаараа бид хоёр бие биенийгээ цохиж зодож байсан асуудал байгаагүй. Урьд өмнө нь хоёр удаа цагдаагийн байгууллагад дуудлага өгч байсан..., ...Тэрний өмнө 2-3 хоногийн өмнө намайг толгой руу цохисон тухайн үед согтуу орж ирсэн байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23-25 дахь  тал/,

- гэрч Х.О ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2022 оны 4 дүгээр сарын 4-ний өглөө өөрийн найзтайгаа орж ирсэн. Нэрийг нь сайн мэдэхгүй байна. Гэр оронд идэж уухаа больцгоогоорой, гэр оронд янз бүрийн асуудал гаргаж болохгүй шүү гэдэг байдлаар хэлсэн. Тухайн үед манай охин гадаа ариун цэврийн өрөөнд сууж байсан юм шиг байна лээ. Буцаад гэрээсээ гарсан бөгөөд ариун цэврийн өрөөнд байсан манай охиныг гарч ирэх үед нь урдаас нь хаалгыг нь өшиглөчихлөө, би цохиулчихлаа гэж хэлээд ороод ирсэн. Намайг харахад манай охины духны зүүн талын хэсэг хавдчихсан байдалтай харагдаж байсан..., ...Уг нь бол учир зүггүй маргалдаж муудалцаад бие биенийгээ зодож цохиод байдаггүй юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28-29 дэх тал/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн №5699 дугаар “...М.Э ын биед духанд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн зовхинд цус хуралт, зүүн өвдөгт цус хуралт, баруун даланд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 30-31 дэх тал/,

- иргэний нэхэмжлэгч Б.Байгалмаагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 8 дахь “Төр, нийтийн эрх ашгийг хамгаалах шаардлагатай гэж үзвэл прокурор иргэний нэхэмжлэл гаргах, гарсан нэхэмжлэлийг дэмжих эрхтэй” гэж тус тус заасан байх тул эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэл гарган оролцож байна. Тусламж үйлчилгээний зардал болох 21,000 төгрөгийг яллагдагч Д.С оос гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 50-51 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч Д.С ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэмт буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна. 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч М.Э  нь эрүүл мэндийн даатгалын сангаас 21.000 төгрөгийн эмчилгээ, үйлчилгээ авсан байх бөгөөд хэрэгт иргэний нэхэмжлэгчээр Чингэлтэй дүүргийн прокурорын газрын ахлах прокурор Б.Байгалмааг тогтоосныг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар болгон зөвтгөв.

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт:

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.

Шүүх шүүгдэгч Д.С ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хувь хүний байдал зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.

Шүүгдэгч Д.С ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан  эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.

Шүүгдэгч Д.С ид оногдуулсан торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 3 сарын хугацаанд төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.

Шүүгдэгч Д.С  нь гэм буруугийн талаар маргаагүй болно.

Бусад асуудлын талаар:

Хохирогч М.Э  нь “...Гомдол саналгүй...” гэх тул шүүгдэгч Д.С ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Харин иргэний нэхэмжлэгч Б.Байгалмаа нь “...Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 21.000 төгрөгийн зардал гарсан тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч Д.С оос гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаар дансанд төлүүлж өгнө үү...” гэх тул нэхэмжлэлийг хангаж 21.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газарт олгуулж шийдвэрлэв. 

Шүүгдэгч Д.С  нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдав.  

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны үед иргэний нэхэмжлэгчээр Б.Байгалмааг тогтоосныг Эрүүл мэндийн Даатгалын ерөнхий газар болгон зөвтгөсүгэй.

2. Шүүгдэгч Боржигон овгийн Д.С ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Шүүгдэгч Д.С оос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.С ид оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 513 дугаар зүйлийн 513.1, 513.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.С оос 21.000 төгрөгийг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаар дансанд олгосугай.

6. Шүүгдэгч Д.С  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан  ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.   

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.С ид авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                             ДАРГАЛАГЧ,

 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Б.ХАЛИУН