Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 114

 

 

 

 

 

 

 

 

 

Х банк ХХК-ийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 102/ШШ2017/03101 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Х банк ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Д.Б, Б.Б, Д.Б, Б.Снарт холбогдох  

 

Бусдын хууль бус өмчлөлөөс үл хөдлөх эд хөрөнгөө чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сутайгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.Жаргалмаа, Б.Энхмандах

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ж.Энэрэл нар оролцов.

Нэхэмжлэгч Хас банк ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Жаргалмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн, 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 15 дугаар байрны 77 тоот, улсын 2205003253 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч нь Х банк ХХК юм. 2016 онд иргэн Б.Дашдаваатай Х банк ХХК нь худалдах, худалдан авах гэрээ байгуулж уг орон сууцыг худалдаж авсан. Хуулийн дагуу үл хөдлөх эд хөрөнгийн газарт бүртгүүлж өмчлөгч болсон. Гэтэл нэхэмжлэгч байгууллагын өмчлөлийн байранд иргэн Д.Б, Д.Б, Б.Соронзонболд, Б.Б нар нь байнга оршин сууж өөрсдийн эзэмшилд байлгаж байна. Бид удаа дараа дээрх орон сууцыг суллаж өгөхийг эдгээр иргэдээс шаардахад чөлөөлж өгөхгүйгээр өнөөдрийг хүрлээ. Иймээс Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасны дагуу дээрх орон сууцыг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сутай шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 15 дугаар байрны 77 тоотын байрыг Хас банк ХХК нь н.Дашдаваа гэдэг хүнээс худалдаж авсан гэдэг. Гэвч Д.Б, Д.Б, Б.Соронзонболд, Б.Б нар нь уг байрыг өөрсдийн гал голомт гэдэг бөгөөд яг ямар хэлцлээр н.Дашдаваа гэдэг хүн Хас банкинд худалдсан эсэхийг мэдэхгүй. Хуульд нийцсэн хэлцэл эсэхийг ч мэдэхгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан эрхийн улсын Ү-2205003253 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 15 дугаар байрны 77 тоот орон сууцыг хариуцагч Д.Б, Д.Б, Б.Б, Б.Снарын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Х банк ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Б, Д.Б, Б.Б, Б.Снараас 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сутай давж заалдах гомдолдоо: “...Баянгол дүүрэг 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 15 дугаар байр, 77 тоот, улсын бүртгэлийн дугаартай орон сууц нь Д.Бадамцэцэг, н.Энхцэцэг, н.Энхбаяр нарын нэр дээр өмчлөлтэй байсан. Гэтэл бидэнд огт мэдэгдэлгүйгээр яаж н.Дашдаваа гэдэг хүний нэр дээр шилжсэнийг мэдэхгүй байна. Бид зүгээр байрандаа амьдарсаар байсан. Ингээд шүүхээс мэдэгдэх хуудас ирж бидний байр Х банк ХХК руу н.Дашдаваагаас шилжсэн болохыг мэдсэн. Бид Улсын бүртгэлийн газарт очиж, холбогдох материалыг гаргуулахыг удаа дараа хүссэн боловч өмчлөл шилжсэн гээд үзүүлээгүй. Мөн шүүхэд энэ талаар хүсэлт гаргасныг шүүх хангаж шийдвэрлээгүй. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөн тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

       Нэхэмжлэгч Х банк ХХК нь хариуцагч Д.Б, Д.Б, Б.Б, Б.Снарт холбогдуулан Баянгол дүүрэг 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 15 дугаар байрны 77 тоот 3 өрөө орон сууцыг хариуцагч нарын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

Хэргийн 44 дүгээр талд хариуцагчийн өмгөөлөгч Ш.Базаррагчаагийн “...Х банк ХХК-ийн өмчлөлд байгаа Ү-2205003253 дугаар улсын бүртгэлтэй Баянгол дүүрэг 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 15 дугаар байр, 77 тоотод оршин байх энэ орон сууц нь Б.Б, н.Энхцэцэг, н.Эрхэмбаяр нарын нэр дээр байсан. Бидний энэ байр яагаад н.Дашдаваа гэдэг хүний нэр дээр шилжилж Х банк ХХК-д зарагдсаныг огт мэдэхгүй байна. Иймд Оюун өмч улсын бүртгэлинй ерөнхий газраас Ү-2205003253 дугаар улсын бүртгэлтэй байрны шилжилт хөдөлгөөний талаарх лавлагааг гаргуулж өгнө үү” гэх хүсэлтийг шүүхэд гаргасныг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдолгүй гэж үзэж хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан хэргийн оролцогчийн хүсэлтээр нотлох баримт цуглуулах, бүрдүүлэх тухай журмыг шүүх зөрчсөн гэж үзнэ.

 

Иймд хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д заасан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 102/ШШ2017/03101 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.Бийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                                       

                                         ШҮҮГЧИД                                   Ш.ОЮУНХАНД

 

                                                                                             Д.ЦОГТСАЙХАН