Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 863

 

2019            8             27                                             2019/ДШМ/863

               

Э.Б, Б.Б нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Б.Б даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, Д.Оюунчулуун нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Мөнгөнсүх,

нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг нарыг оролцуулж,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Отгонбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 2019/ШЦТ/574 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Б.Батнасангийн бичсэн 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 23 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлээр Э.Б, Б.Б нарт холбогдох эрүүгийн 1905012810396 дугаартай хэргийг 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Оюунчулууны илтгэснээр хянан хэлэлцэв.

Б  овгийн  Э.Б, 1987 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хөгжимчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ................. тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:..................../,

Б овгийн Б.Б, 1985 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, боловсролгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, ах, бэр эгч, тэдний хүүхдүүдийн хамт ....................... тоотод оршин суух бүртгэлтэй,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 84 дүгээр шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэг, 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт тус тус зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ял шийтгүүлж, 2013 оны 6 дугаар сарын 6-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, /РД:.................../,

Э.Б нь 2019 оны 3 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Hi class” нэртэй зочид буудлын 207 тоот өрөөнд иргэн Б.Бтай харилцан зодолдож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Б.Б нь 2019 оны 3 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Hi class” нэртэй зочид буудлын 207 тоот өрөөнд иргэн Э.Бтэй харилцан зодолдож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Э.Б, Б.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Э.Б, Б.Б нарыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б, Б.Б нарыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, Э.Б 1 хоног цагдан хоригдсон, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, хохирогч Б.Б нь хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-н цагдан хоригдсон 1 хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгөөр тооцож, нийт эдлэх ялаас 15 нэгж буюу 15.000 төгрөгийг хасаж, Э.Б-н эдлэх ялыг 485 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 485.000 төгрөгийн торгох ялаар тогтоож шийдвэрлэжээ.   

Прокурор Б.Батнасан бичсэн улсын яллагчийн эсэргүүцэлдээ: “... Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт торгох ялыг ямар хугацаанд биелүүлэх, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хэрхэх зэргийг тусгаагүй орхигдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах бол мөнгөн төлбөрийг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийх” гэх шаардлагыг, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн шаардлагыг тус тус хангахгүй байна.

Нөгөөтэйгүүр эрүүгийн 1905012810396 дугаартай хэргийн дугаарыг 1905010820304 гэж буруу бичсэн байгааг залруулах шаардлагатай байна. Иймд шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт торгох ялыг ямар хугацаанд биелүүлэх, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих талаар нэмж тусгуулах, хэргийн дугаарыг зөвтгүүлж өөрчлөлт оруулж шийдвэрлүүлэх саналтай байна. ХХХХ ...” гэжээ.

Прокурор Н.Мөнгөнсүх тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 2019/ШЦТ/574 дугаартай шийтгэх тогтоолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар өөрчлөлт оруулах саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд дурдсан асуудлуудаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Э.Б, Б.Б нарт холбогдох хэрэгт, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Хавтас хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан судлахад:

Э.Б, Б.Б нар нь 2019 оны 3 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Hi class” нэртэй зочид буудлын 207 тоот өрөөнд харилцан зодолдож, бие, биеийнхээ эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

Шүүгдэгч нар нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогчоор Э.Б-н “... нэг мэдсэн чинь Б.Б миний хоолойг боосон доошоо дарж байсан. Хүзүүнд байсан гинжнээс бариад хоолой боосон гинж тасраад би газар унасан. ...” гэх /хх-13/, Б.Бы “... Э.Б ганц охин дагуулаад оруулаад ирэхгүй арчаагүй муу пизда гээд хүрч ирээд толгой руу гараараа 2 удаа цохисон. ...муу гөлөг чинь гээд ширээн дээр байсан архины шил аваад зүүн талын нүд рүү цохисон. Нүдээ бариад доошоо сууж байхад уг архины шилээр толгой руу 2-3 удаа цохисон. ...” гэх мэдүүлгүүд /хх-17-18/, гэрч Г.Чинзориг /хх-7-8/, Н.Сэрчмаа /хх-86-87/, шинжээч эмч Н.Энхцолмон /хх-88, 109/ нарын мэдүүлэг,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн “Э.Б-н биед тархи доргилт, зүүн хөмсөг, баруун нүдний дээд, доод зовхины зулгаралт, духны зөөлөн эдийн няцрал, хүзүү, зүүн бугалга, зүүн өвдөгний зулгаралт, хэвлийн цус хуралт гэмтэл тогтоогдлоо. ...” гэх дүгнэлт /хх-22/,  

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн “Б.Бы биед тархи доргилт, зүүн нүдний ухархайн дотор хана, хамар ясны зүүн хажуу ханын хугарал, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн нүдний дотор булангийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. ...” гэх дүгнэлт /хх-24/, эд зүйлийн үнэлгээ /хх-80-82/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Прокуророос Э.Б, Б.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдсэн хэргийн зүйлчлэл зөв болжээ.

Шүүх хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хэргийн нөхцөл байдал, шүүгдэгч нарын гэм бурууд үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж, Э.Б, Б.Б нарыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Түүнчлэн, анхан шатны шүүхээс шүүгдэгч Э.Б, Б.Б нарыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж шийдвэрлэсэн нь тэдний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон байна.

Прокурор Б.Батнасан нь: “... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих талаар нэмж тусгуулах, хэргийн дугаарыг зөвтгүүлж өөрчлөлт оруулж шийдвэрлүүлэх саналтай байна. ...” гэсэн улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн.

Эрүүгийн хуулийн ерөнхий хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солино.” гэж заасан.

Дээрх хуулийн зохицуулалт нь хэрвээ ялтан торгох ялыг биелүүлээгүй бол хэрхэн шийдвэрлэх, биелүүлэхгүй бол цаашид ямар үр дагавар гарах талаар сануулж байгаа заалт бөгөөд хэдийгээр шүүх торгох ялыг биелүүлэх хугацаа тогтоогоогүй боловч Эрүүгийн хуулийн ерөнхий хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан агуулгыг шүүгдэгчид сануулж, шийтгэх тогтоолдоо тусгах учиртай тул энэ талаар шийтгэх тогтоолд нэмэлт заалт оруулж шийдвэрлэлээ.

Иймд прокурор Б.Батнасангийн бичсэн 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 23 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн авч, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 2019/ШЦТ/574 дугаартай шийтгэх тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Түүнчлэн, анхан шатны шүүх шийтгэх тогтоолынхоо удиртгал хэсэгт Э.Б, Б.Б нарт холбогдох хэргийн дугаарыг 1905010820304 гэж хайнга, хариуцлагагүй байдлаар буруу бичснийг хойшид анхаарвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5 дахь заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 2019/ШЦТ/574 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б, Б.Б нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.” гэсэн нэмэлт заалт оруулж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БАТСАЙХАН 

ШҮҮГЧ                                                             Л.ДАРЬСҮРЭН

ШҮҮГЧ                                                            Д.ОЮУНЧУЛУУН