| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Боролзойн Халиун |
| Хэргийн индекс | 186/2022/0560/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/608 |
| Огноо | 2022-07-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Азжаргал |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 07 сарын 06 өдөр
Дугаар 2022/ШЦТ/608
2022 07 06 2022/ШЦТ/608
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Халиун даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Алтнай,
улсын яллагч А.Азжаргал,
шүүгдэгч Б.Б /өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Харчууд овгийн Б.Б д холбогдох эрүүгийн 2211000001259 дугаартай хэргийг 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Харчууд овгийн Б.Б , 1981 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 40 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Чингэлтэй дүүргийн ... дугаар хороо, ...... тоотод оршин суух,
Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2004 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 226 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн, регистрийн дугаар .......
Холбогдсон хэргийн талаар:
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ: “...Тэр өдөр Чикаго бааранд явж байгаад хохирогч эмэгтэйтэй маргалдаад дараа нь зодолдсон. Гэтэл хамгаалагч ирээд салгаад цагдаа дуудсан. Би хар тамхи хэргэлцэн юм биш үү гээд хэлснээс болоод маргалдсан. Өөр маргах зүйл болоогүй. Миний үйлдлийн улмаас болоод хохирол учирсныг бол хүлээн зөвшөөрч байна...”
Гэм буруугийн дүгнэлт:
Хавтас хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, оролцогч нарын өгсөн мэдүүлэг, тайлбараар шүүгдэгч Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Э.Б тэй маргалдаж, пивоны шил шидсэний улмаас Э.Б гийн биед дагзны хуйханд шарх, зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь тогтоогдож байна.
Дээрх үйл баримт нь:
- хохирогч Э.Б гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2022 оны 5 дугаар сарын 16-ны өдөр ...23 цаг өнгөрч байхад гараад маргааш өглөө эрт ажилтай эртхэн гэртээ харъя гэсэн манай хоёр найз 1 цаг бааранд бүжиглэж байгаад ирье гээд хамгийн ойрхон Баянбүрдийн тойргийн урд Чикаго гэх нэртэй баар луу такси бариад очсон. ...манай хоёр найз бүжгийн талбайд гарч бүжиглээд байсан ба тэр хоёр дээр нэг танихгүй эмэгтэй уулзаад юм яриад байсан. Отгонцэцэг найз над дээр ирээд энэ танихгүй эмэгтэй ирээд чи хар тамхи татсан юм уу гэж асуугаад байна гэхээр нь наад эмэгтэй чинь өөрөө татсан юм биш үү битгий тоо гэж хэлсэн...бүжгийн талбайд бүжиглэж байсан нөгөө танихгүй эмэгтэй Болормаагийн бичлэгийг гар утсан дээрээ хийгээд байхаар нь би гар луу нь цохиод болиоч гэсэн намайг зөрүүлээд нүүр хэсэг рүү алгадсан чинь тухайн танихгүй эмэгтэйтэй хамт явж байсан залуу нь аваад ширээ рүүгээ явсан. Тэгэхээр нь цохиулсандаа уур хүрээд араас нь ширээн дээр нь явж очоод маргалдаад тухайн эмэгтэйн үснээс зулгаасан. Тэгсэн нөгөө танихгүй эмэгтэй миний толгой хэсэг рүү ууж байсан пивоны шилийг хоёр удаа шидсэн. Эхний шидсэн шил толгойн баруун хэсэгт оносон. Дараагийн шидсэн шил зүүн ард хэсэгт оносон. Сүүлд оносон хэсгээс цус гараад байхаар нь угаахаар тухайн баарны 00-н өрөө рүү явсан. Тэнээд удалгүй цагдаа нар ирсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 6 дахь тал/,
- шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 7224 дугаар “...Э.Б гийн биед дагзны хуйханд шарх, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” гэх шинжээч эмчийн дүгнэлт /хавтаст хэргийн 26-27 дахь тал/,
- гэрч Э.А мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...манай шөнийн цэнгээний газраар үйлчлүүлж байсан хүмүүс бүжгийн талбайд бүжиглэж байсан маргаан болсон талаар мэдээгүй байх, тухайн ширээнд болж байгаа зүйлс бүжгийн талбайгаас харагдахгүй...манай шөнийн цэнгээний газраар үйлчлүүлж байсан хүмүүсийн болон ажилчдын амгалан тайван байдлыг алдагдуулсан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 8 дахь тал/,
- гэрч Н.О мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Б рүү пивоны шил шидээд манай найз Баасанхүүгийн толгой хэсэгт оноод толгой хэсэг нь хагарсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13-14 дахь тал/,
- хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 55-58 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна.
Иймд шүүгдэгч Б.Б г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэмт буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Эрүүгийн хариуцлагын дүгнэлт:
Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.
Шүүх шүүгдэгч Б.Б д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хувь хүний байдал зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.
Шүүгдэгч Б.Б д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.
Шүүгдэгч Б.Б д оногдуулсан торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 3 сарын хугацаанд төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.
Шүүгдэгч Б.Б нь гэм буруугийн талаар маргаагүй болно.
Бусад асуудлын талаар:
Хохирогч Э.Б нь эмчилгээ зардалд баримтаар 130.000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч Б.Б нь шүүхийн шатанд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын хохирлын дансанд 130.000 төгрөгийг байршуулсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогчид олгуулж, шүүгдэгч Б.Б нь хэрэгт авагдсан баримтын хүрээнд хохирлыг төлсөн тул түүнийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Харчууд овгийн Б.Б г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Б.Б д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б д оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Б гийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын 100900005406 тоот хохирлын дансанд байршуулсан 130.000 төгрөгийг хохирогч Чингэлтэй дүүргийн ... дугаар хороо ..... тоотод оршин суух Э.Б /РД: /-д олгосугай.
5. Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээсүгэй.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ХАЛИУН