Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 2022/ШЦТ/611

 

      2022        07          08                                    2022/ШЦТ/611

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Алтнай,

улсын яллагч Д.Уянга,

шүүгдэгч Т.Г  нарыг оролцуулан Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шунхтай овогт Т.Г т холбогдох эрүүгийн 2211005891174 дугаартай хэргийг 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

  Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шунхтай овогт Т.Г , 1975 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 47 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, “Арч капитал” ХХК-д туслах ажилтан, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн ..... дугаар хороо .......... тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, регистрийн дугаар .........

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Т.Г  2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо Хувьсгалчдын гудамжны 524а тоотод төрсөн дүү Т.Г тэй маргалдан гараараа толгойн тус газар нь цохиж улмаар зүүн нүдний ухархайн дотор ханын этмойд хөндий рүү цөмөрсөн, доод хана хоншоорын хөндий рүү цөмөрсөн хугарал, хамар ясны хугарал, баруун сарвуунд шарх, зүүн зовхи, цээжинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулан, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн дүгнэлт:

Хавтас хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, оролцогч нарын өгсөн мэдүүлэг, тайлбараар шүүгдэгч Т.Г  нь өөрийн төрсөн дүү хохирогч Т.Г тэй маргалдан гараараа толгойн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Дээрх үйлд баримт нь:

- хохирогч Т.Г ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би тэр өдөр 2022 оны 03 дугаар сарын 28-нд ахындаа байж байсан ба урд өдөр нь ирээд хоносон байсан тэр өдөр бид хоёр ахтайгаа бас нэг найз нь болох залуу бид нар үдээс хойш 10:00 цагийн үед 2 ширхэг 0,75 гр “Хараа” архи ууцгаасан тэр үед манай ах Т.Г  нь найзтайгаа ирэхдээ архи аваад ирсэн юм, тэгээд шөнө нь ах намайг өөрөө эхэлж гараараа миний нүүрэн тус газарт 2 удаа цохиж авсан. Тэгээд би орон дээр нь цаашаа түлхэж хаяад гараад явсан. Тэгж байгаад эргээд гэртээ орж ирсэн юм, тэр үед ахын найз нь гэх Мийгаа гэгч нь байж байгаад тэгээд гараад яваад өгчихсөн байсан. Одоо гавал тархины мэс заслын тасагт хэвтэж байна. Миний зүүн нүдний ухархайн яс нь цөмөрсөн гэж эмч нь хэлж байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16-18 дахь тал/,

- гэрч Ч.Ө мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...’’Хамаатны ах болох Гантөмөр лүү залгасан чинь ах архи уучихсан согтуу хэл нь ээдэрч яриад мэдэгдээд байсан. Би та яагаад архи уусан бэ, би одоо очлоо гэж хэлсэн чинь “энэ Гансүх чинь надад агсан тавиад байна” гээд утсаа салгасан. Би ажлаа тараад гэрт нь ирсэн чинь Гантөмөр ах, Гансүх ах хоёр хоёулаа согтуу байсан, хоорондоо зодолдсон, дүү Гансүх нь зодуулсан байдалтай нүүр нь хавдсан цустайгаа холилдсон байсан тул цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20-21 дэх тал/,

- шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 5668 дугаартай “...Т.Г ийн биед зүүн нүдний ухархайн дотор ханын этмойд хөндий рүү цөмөрсөн, доод хана хоншоорын хөндий рүү цөмөрсөн хугарал, хамар ясны хугарал, баруун сарвуунд шарх, зүүн зовхи, цээжинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 24-25 дахь тал/,

- эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 04/1737 дугаартай албан бичиг, хавсралтын хамт /хавтаст хэргийн 35, 37 дахь тал/,

- шүүгдэгч Т.Г ийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн “...2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр гэртээ байж байгаад өөрийнхөө төрсөн дүү болох Т.Г  болон манай найз Мягмардорж гэгчтэй бид гурав манай гэрт архи дарс ууцгаасан... Түүнд ахын ёсоор хэд гурван үг хэлж байхад манай дүү миний үгэнд орохгүй өөдөөс хэрүүл маргаан хийгээд байсан... Би тэр шөнө дүүгээ нүүрэн тус газарт гараараа хоёр удаа цохиж аваад түүнд хөнгөн гэмтэл шарх учруулсан байна лээ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 49 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч Т.Г ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэмт буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна. 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт:

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.

Шүүх шүүгдэгч Т.Г т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хувь хүний байдал, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй тул шүүгдэгчийн улсын яллагчтай тохиролцсоноор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.

Шүүгдэгч Т.Г т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.

Шүүгдэгч Т.Г т оногдуулсан торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 3 сарын хугацаанд төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.

Бусад асуудлын талаар:

Хохирогч Т.Г  нь “...гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх тул шүүгдэгч Т.Г ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгч Т.Г  нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Шунхтай овогт Т.Г ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Г т 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Г т оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

4. Шүүгдэгч Т.Г  нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Г т авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Б.ХАЛИУН