| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Боролзойн Халиун |
| Хэргийн индекс | 186/2022/0579/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/612 |
| Огноо | 2022-07-08 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Уянга |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 07 сарын 08 өдөр
Дугаар 2022/ШЦТ/612
2022 07 08 2022/ШЦТ/612
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Халиун даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Тэргэлсаран,
улсын яллагч Д.Уянга,
шүүгдэгч Н.Ж нарыг оролцуулан Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Халиунчин овогт Н.Ж д холбогдох эрүүгийн 2211006691223 дугаартай хэргийг 2022 оны 7 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Халиунчин овогт Н.Ж , 1993 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 29 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, нөхөр, 4 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн .... дугаар хороо .......... тоотод /иргэний үнэмлэхийг хаяг: Чингэлтэй дүүргийн .... дүгээр хороо, ........ тоот/ оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар ......
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Н.Ж 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн Чингэлтэй дүүргийн .... дүгээр хороо ........... тоотод иргэн Д.Ц ыг “хүүхдээ өмөөрлөө” гэх шалтгаанаар гараараа маажиж, цохиж биед тархи доргилт, зовхины цус хуралт, хацрын арьсны зулгаралт бүхий гэмтэл учруулан, хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн дүгнэлт:
Хавтас хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, оролцогч нарын өгсөн мэдүүлэг, тайлбараар шүүгдэгч Н.Ж нь 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо Дэнжийн 19 дүгээр гудамжны 478 тоотод иргэн Д.Ц ыг “хүүхдээ өмөөрлөө” гэх шалтгаанаар гараараа маажиж, цохиж биед тархи доргилт, зовхины цус хуралт, хацрын арьсны зулгаралт бүхий гэмтэл учруулан, хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Дээрх үйл баримт нь:
- хохирогч Д.Ц ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр оройн 18 цагийн орчимд манай бэр Ж гаднаас согтуу юм шиг гуйваад нүүр нь хүрэн улаан өнгөтэй болчихсон байдалтай “хоёр хүүхдээ цэцэрлэгээс нь авсан” гээд орж ирсэн. Орж ирчхээд цэцэрлэгт өмсөж явсан хүүхдийнхээ хувцсыг угаалга хийдэг цагаан өнгийн төмпөн рүү шидчихсэн. Тэгэхээр нь би “яаж байгаа юм, гэтэл яадаг юм” гээд хэрүүл хийгээд эхэлсэн. Тэгэхээр нь би хоёр гарыг нь бариад авсан боловч дийлэлгүй, манай бэр миний нүүрийг 2-3 удаа самардсан. Гэтэл нүүр урагдаад миний нүүрний хэсэгт ерөнхийдөө их шарх сорви болчихсон байсан. Тэгж байх үед манай бага хүү Б гаднаас орж ирэхээр нь би “энэ хүнийгээ аваад гараач ээ” гэж хэлэхэд Б манай бэр болох Ж ыг гэр лүүгээ аваад орсон. ...Намайг хархаар уур нь хүрээд байдаг юм уу, хүүхдүүдийг өөрөөс нь өмөөрсөн болохоор тухайн үед уурлаад ийм асуудал гаргасан болов уу гэж бодож байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27 дахь тал/,
- шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 6093 дугаартай дугаартай “...Д.Ц ын биед тархи доргилт, зовхины цус хуралт, хацрын арьсны зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 31-32 дахь тал/,
- иргэний нэхэмжлэгч Б.Байгалмаагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...хохирогч Д.Ц нь 2022 оны 4 дүгээр сард Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 48.000 төгрөгийн зардлаар эмчлүүлсэн байх тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч Н.Ж аас гаргуулж эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 45 дахь тал/,
- эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 04/2467 дугаартай албан бичиг, хавсралтын хамт /хавтаст хэргийн 42-43 дахь тал/,
- шүүгдэгч Н.Ж ы мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн “...2022 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр хүүхдүүдээ аваад цэцэрлэгээс ирсэн. Тухайн үед бол би ямар нэгэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн асуудал байхгүй. Хүүхдүүдээ цэцэрлэгээс нь 17 цагийн орчимд авч ирсэн санагдаж байна. Аваад ороод ирсэн чинь хааччихаад ирсэн юм гэж хэлээд манай нөхөр намайг алгадаад авсан. Тэгээд намайг унагаасан, төмпөнд байсан уснаас над руу цацахаар нь би өөрийн нөхөртэйгөө маргалдаад зодоон хийсэн юм. Гэтэл манай хадам ээж бид хоёрын дундуур орж ирээд салгах гэж байгаад цохиулчихсан. Би тухайн үед хадам ээжийн нүүрийг санамсаргүй байдлаар гараараа маажчихсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 54 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна.
Иймд шүүгдэгч Н.Ж ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэмт буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Эрүүгийн хариуцлагын дүгнэлт:
Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.
Шүүх шүүгдэгч Н.Ж д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хувь хүний байдал, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй тул шүүгдэгчийн улсын яллагчтай тохиролцсоноор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэв.
Шүүгдэгч Н.Ж д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.
Шүүгдэгч Н.Ж д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 6 сарын хугацаанд төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.
Бусад асуудлын талаар:
Гэмт хэргийг улмаас Эрүүл мэндийн даатгалын санд 48.000 төгрөгийн төлбөр гарсныг шүүгдэгч Н.Ж нь төлсөн болохыг дурдав.
Хохирогч Д.Ц нь “...гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх тул шүүгдэгч Н.Ж ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч Н.Ж нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Халиунчин овогт Н.Ж ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ж д 2 /хоёр/ сарын хугацаатайгаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ж 2 /хоёр/ сарын хугацаанд Чингэлтэй дүүргийн ..... дугаар хороо ....... тоот хаягаас эрх бүхий байгууллагын хяналтан дор зайлшгүй эмнэлгийн байгууллагын тусламж үйлчилгээ авах, хөдөлмөрлөх, эрүүл мэндээ хамгаалах, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэхээс бусад тохиолдолд зорчихыг хязгаарлаж хяналтдаа байлгахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ж нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
5. Шүүгдэгч Н.Ж нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Ж д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ХАЛИУН