Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 2022/ШЦТ/616

 

     2022        07          18                                   2022/ШЦТ/616

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Б” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Тэргэлсаран,

улсын яллагч О.Нандинцэцэг,

шүүгдэгч Э.А  /өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Барчууд овгийн Э.А т холбогдох эрүүгийн 2211006701230 дугаартай хэргийг 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Барчууд овгийн Э.А , 1997 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэн буудагч мэргэжилтэй, .......... цэргийн ангид жолооч ажилтай, ам бүл 5, эцэг эх, ах дүүгийн хамт Баянзүрх дүүргийн .... дүгээр хороо, ........ тоотод түр оршин суух /Иргэний үнэмлэхийн хаяг: Хөвсгөл аймгийн ............ тоот/, регистрийн дугаар ........,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.А  нь 2022 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Элеганс” нэртэй зочид буудлын 305 тоот өрөөнд Б.Б той хамт байхдаа түүнийг унтаж байх хооронд “Хаан” банкны 500964....... дугаарын данстай картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч улмаар тус картыг ашиглан 4.000.000 төгрөгийг бэлнээр гарган авч, хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

- шүүгдэгч Э.А  нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Тухайн мөнгийг авч машины урьдчилгаанд төлсөн. 8 сарын сүүлээр зээл аваад төлөөд дуусгана. Хохирогчтой утсаар яриад 2 хуваагаад төлье гэхэд болно гэж хэлсэн...” гэв.

Гэм буруугийн дүгнэлт:

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар шүүх хуралдааны явцад хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд хэлэлцэж, шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор харьцуулан гэмт хэрэг гарсан байдлыг нотлов.

Шүүгдэгч Э.А  нь Б.Б ын “Хаан” банкны 5009640106 дугаарын данстай картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч улмаар тус картыг ашиглан 4.000.000 төгрөгийг бэлнээр гарган авч, хулгайлсан болох нь  

- гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, Б.Б оос гаргасан гэмт хэргийн талаарх гомдол /хавтаст хэргийн 3-4 дэх тал/,

- хохирогч Б.Б ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Би 2022 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр Натурын ойролцоо байрлах караокед байж байгаад дуудлагын жолооч дуудаад, тухайн жолоочтой хамт Сансарт байрлах бааранд ороод эргээд баарнаас гарах үедээ өмнө авсан дуудлагын жолоочоо дуудаад Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо “Элеганс” зочид буудал орсон. Тэгээд тэр жолооч хүүхэд ахаа танд өнөөдөр үйлчилнэ гэж хамт яваад буудалд хамт хоноод улмаар буудалд намайг унтаж байхад миний Хаан банкны 500964.... дугаарын данстай алтан шаргал өнгийн картыг хулгайлж аваад, картнаас 4.000.000 төгрөгийг бэлнээр гаргаж авсан байна лээ. Тэр залуу намайг “Элеганс” зочид буудлын үүдний тек дээр тооцоо хийж байхад дэргэд байсан болохоор картын нууц дугаарыг мэдсэн байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11 дэх тал/,

- хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 71-72 дахь тал/,

- Б.Б ын “Хаан” банкны 500964....... дугаарын дансны хуулга /хавтаст хэргийн 6 дахь тал/,

- шүүгдэгч Э.А ын “Хаан” банкны 589068...... дугаарын дансны хуулга /хавтаст хэргийн 545 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

 Хулгайлах гэмт хэрэг нь бусдын амь нас, эрүүл мэндийн халдашгүй байдалд ямар нэгэн хохирол учруулж халдахгүйгээр, эд хөрөнгийг өмчлөгч болон бусад хүмүүст мэдэгдэлгүйгээр далд аргаар авч өөртөө захиран зарцуулах боломж бүрдүүлэх, захиран зарцуулсныг ойлгох бөгөөд гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг. Э.А ын дээрх үйлдэл нь Хулгайлах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байна гэж дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч Э.А ын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэмт буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна. 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт:

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.

Шүүх шүүгдэгч Э.А т эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал буюу учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан үзэж, түүнийг нийгмээс тусгаарлахгүйгээр хүмүүжүүлэх боломжтой гэж дүгнээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, хохирлоо төлж барагдуулах, оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

Шүүгдэгч Э.А т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хариуцлагыг хөнгөрүүлэх, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.

Шүүгдэгч нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн, бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тус тус тайлбарлав.

Бусад асуудлын талаар:

Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Б од 4.000.000 төгрөгийн хохирол учирсныг шүүгдэгч Э.А аас гаргуулан хохирогчид олгуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Э.А  нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээв.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Барчууд овгийн Э.А ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Э.А т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах буюу хохирлоо төлөх, 2.5 дахь заалтад зааснаар оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.А  нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.А  нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах болохыг тайлбарласугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Э.А аас 4.000.000 /дөрвөн сая/ төгрөгийг гаргуулж хохирогч Баянзүрх дүүргийн . дугаар хороо .......... тоотод оршин суух Б.Б /РД:     /-д олгосугай.

6. Шүүгдэгч Э.А  нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээсүгэй.     

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.А т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                          ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Б.ХАЛИУН