Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 2022/ШЦТ/617

 

      2022        07          20                                    2022/ШЦТ/617

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Алтнай,

улсын яллагч Б.Чинзориг,

шүүгдэгч Г.О , түүний өмгөөлөгч О.Даваахүү нарыг оролцуулан Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Их Монгол овгийн Г.О д холбогдох эрүүгийн 2203000000294 дугаартай хэргийг 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

  Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Их Монгол овгийн Г.О , 1978 оны 2 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 44 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бие тамирын менежмент мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн .. дугаар хороо, ........ тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар ....

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.О  нь 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 18 цаг 00 минут орчимд Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, Баянбүрдийн тойргийн урд замд .... УБУ улсын дугаартай Toyota Prius маркийн автомашин жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т заасан “Явган хүн зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.”, мөн дүрмийн 11.5-д заасан “Эсрэг хөдөлгөөн дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас эсрэг урсгал сөрж явган хүний зохицуулдаггүй гарцаар зам хөндлөн гарч явсан Н.Г ыг 9 настай /эрэгтэй/ мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсны улмаас автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Г.О  нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Гэм буруугийн дүгнэлт:

Хавтас хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, оролцогч нарын өгсөн мэдүүлэг, тайлбараар шүүгдэгч Г.О  нь .... УБУ улсын дугаартай Toyota Prius маркийн автомашин жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо хохирогч Н.Г ыг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Дээрх үйлд баримт нь:

- “... 102 тусгай дугаарын утсанд ирсэн дуудлага лавлагааны хуудас ...” /хавтаст хэргийн 3 дахь тал/

- “... 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд ...” /хавтаст хэргийн 4-12 дахь тал/,

- насанд хүрээгүй хохирогч Н.Г ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр сургуулиасаа дүү О г авчхаад ЧД-ийн 10 дугаар хороо 32-431 тоотод байрлах гэр рүүгээ харих гээд Баянбүрдийн тойргийн баруун урд талын явган хүний гарцаар ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэлтэй зам хөндлөн гарах гэж байтал зөрчих хэсгийн баруунаас зүүн тийш явах чиглэлийн автомашинууд зам тавьж өгөөд зогсохоор цааш зам хөндлөн гарч байтал зүүн талаас ирэх чиглэлд ямар нэгэн машин байхгүй байхаар нь зам хөндлөн гарах гээд зорчих хэсгийн голд зогсож байгаад урагшилтал баруунаас зүүн тийшээ явж байсан автомашин урсгал сөрж орж ирээд машиныхаа баруун урд талын хэсгээр миний зүүн талын хэсэг рүү мөргөөд би газар унасан. Тэгээд эмнэлэг ирээд намайг аваад явсан ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26 дахь тал/,

- хууль ёсны төлөөлөгч Ч.Н ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 5 шард байдаг ажлынхаа байран дээр байж байтал миний утас дуудлага алдаад байдаг юм. Тэгээд тэр миний утсанд нэлээн хэдэн дуудлага ирчихсэн байхаар нь олон удаа залгасан нэг дугаар руу залгатал танай хүүхдийг явган хүний гарц нь дээр нэг машин мөргөчихлөө хүүг эмнэлэг рүү авч явах гэж байна гэхээр нь би мэдсэн ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18 дахь тал/,

- насанд хүрээгүй хохирогч Н.Г ын “...гэмтэл согог судлалын үндэсний төв-д хэвтэн эмчлүүлсэн өвчний түүх...” /хавтаст хэргийн 21-29 дахь тал/,

- гэрч С.Ц мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр урт цагаанаас ажлаа тараад СБД-н 10 дугаар хороо шинэчлэл хороолохын 804-47 тоотод байрлах гэрлүүтээ харих гээд Баянбүрдийн замаар ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэлтэй зорчих хэсгийн 2 дугаар эгнээгээр 92-93 УНӨ дугаартай Тоёота Приүс маркийн машинтайгаа явж байгаад явган хүний гарцын өмнө зорчих хэсгийн 1-р эгнээнд зогсож байсан машин бид 2, 2 хүүхэд ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэлтэй зам хөндлөн гарах гэж байхаар нь гарцын өмнө зогсоод зам тавьж өгтөл манай эгнээний араас явж байсан машин урсгал сөрж орж ирээд явган хүний гарцаар зам хөндлөн гарч байсан нэг хүүхдийг машиныхаа баруун урд талын хэсгээр эсрэг урсгалд гарц нь дээр мөргөөд тухайн хүүхэд газар унасан. Тэгээд би машинаас буугаад хүүхэд дээр очтол хүүхэд босох гээд тайвшруулж хэвтүүлээд цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн. Тэгээд цагдаа ирэхээр нь би гэр рүүгээ явсан...” гэх мэдүүлэг хавтаст хэргийн /81 дахь тал/,

-шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч С.Эрдэнэцэцэгийн гаргасан 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 7527 дугаартай шинжээчийн дүгнэлт “... Н.Г ын биед зүүн шаант, тахилзуур, шагай ясны хугарал, шагайн мултрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 89-90 дахь тал/,

- тээврийн цагдаагийн албаны мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч цагдаагийн дэслэгч Б.Балжиннямын гаргасан 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 599 дугаартай мөрдөгчийн “...явган зорчигч Н.Г ын асран хамгаалагч нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 27.2 замын хөдөлгөөнд оролцогчоос бусад иргэн, хуулийн этгээд дарах үүргийг хүлээнэ. а/10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд явганаар оролцуулахгүй байх гэсэн заалтыг зөрчсөн гэх нь үндэслэлтэй байна. Жолооч Г.О  нь Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 16.1 явган хүний зохицуулдаггүй гарч руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зам тавьж өгнө. Мөн дүрмийн 11.5-т эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэсэн заалтуудыг зөрчсөн нь үндэслэлтэй байна...” магадалгаа /хавтаст хэргийн 116 дахь тал/, 

- хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс мөрдөн шалгах ажиллагааны үед гаргаж өгсөн: “...Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Н оос гаргаж өгсөн хохиролтой холбоотой баримтууд...” /хавтаст хэргийн 31-57 дахь тал/,

- шүүгдэгч Г.О ын хохирол төлсөн баримтууд /хавтаст хэргийн 130 дахь тал/,

- Toyota Prius маркийн .... УБУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигчийн лавлагаа /хавтаст хэргийн 132 дахь тал/,

- иргэний нэхэмжлэгч, хариуцагч Г.Хулангийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Г.О  нь манай төрсөн ах байгаа юм. 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Г.О  нь лагерь рүү явж байгаад хүн дайрчихлаа гэж хэлсэн. Toyota Prius  УБУ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь миний эзэмшлийн машин юм...” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 60 дахь тал/,

- эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 04/2825 тоот албан бичиг, хавсралт /хавтаст хэргийн 72-73 дахь тал/,

- иргэний нэхэмжлэгч Ч.Э мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тээврийн прокурорын газраас Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газраас ирүүлсэн хүсэлтийн дагуу прокурорын газарт хянагдаж шүүхээр шийдвэрлэгдсэн эрүүгийн хэргийн хүрээнд эрүүл мэнд нь хохирсон иргэн даатгуулагчид үзүүлсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг гэм буруутай этгээдээс гаргуулан, эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлэх ажлыг хариуцан харьяалах иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гарган ажиллаж байгаа бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа явуулан шалгаж байгаа эрүүгийн хэрэгт прокурорыг иргэний нэхэмжлэгчээр төрд учирсан хохирлыг гаргуулах, төр нийтийн ашиг сонирхлыг хамгаалан оролцож байгаа болно...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 108 дахь тал/,

- шүүгдэгч Г.О ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн лавлагаа /хавтаст хэргийн 133 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.  

Иймд шүүгдэгч Г.О ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийг үйлдсэн гэмт буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч Г.О ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт:

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.

Шүүгдэгч Г.О д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль болон шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хор уршиг, гэм буруугаа хүлээсэн, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг тус тус харгалзан, түүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх зорилгоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ял шийтгэж, оногдуулсан торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 3 сарын хугацаанд төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.

Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, энэ гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан зэрэг нөхцөл байдлыг харгалзан мөн улсын яллагчийн санал гаргаснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, шүүгдэгчид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолохоор шийдвэрлэв.

Бусад асуудлын талаар:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Н  нь эмчилгээний болон бусад зардалд нийт зардалд 657.466 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч Г.О  нь 715.000 төгрөгийг төлсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Мөн гэмт хэргийн улмаас Эрүүл мэндийн даатгалын сангаас 1.534.000 төгрөгийн хохирол учирсныг шүүгдэгч нь төлсөн болохыг дурдав.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Н  нь “...Би одоо хүүхдээ эрүүл болоод хөл дээрээ явдаг болтол нь ажилдаа явж чадахгүй тул тэр хүртэлх хугацааны цалингаа нэхэмжилж байна...” гэх болов ч энэ талаар баримт хэрэгт байхгүй байх тул энэ шийтгэх тогтоолоор шийдвэрлэх боломжгүй гэж үзэв. Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Г.О ын №92... дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хүргүүлэх нь зүйтэй байна.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.4, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Их Монгол овогт Г.О ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Г.О д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.О ын тээврийн хэрэгсэл жолоод эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хассугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Г.О д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тоолсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.О д оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

6. Гэмт хэргийн улмаас хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Н т 715.000 төгрөг, Эрүүл мэндийн даатгалын санд 1.534.000 төгрөгийн хохирол тус тус учирсныг шүүгдэгч Г.О  нь төлсөн болохыг дурдаж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Н  нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн гэм буруутай этгээдээс иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

7. Шүүгдэгч Г.О  нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдаж, шүүгдэгч Г.О ын №92457 дугаар жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.О д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Б.ХАЛИУН