Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 2022/ШЦТ/618

 

      2022        07          20                                    2022/ШЦТ/618

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Алтнай,

улсын яллагч Б.Дөлгөөн,

шүүгдэгч У.Х  /өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Харган овгийн У.Х д холбогдох эрүүгийн 2211009411309 дугаартай хэргийг 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

  Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Харган овгийн У.Х , 1979 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Дорнод аймгийн Гурванзагал суманд төрсөн, 43 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, холбоочин мэргэжилтэй, хөгшин настай хүн асардаг ажилтай, ам бүл 1, ганцаараа Чингэлтэй дүүргийн .. дүгээр хороо, ..... тоотод оршин суух /Иргэний үнэмлэхийн хаяг: Дорнод аймаг, ......../, ял шийтгэлгүй, регистрийн дугаар ........

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч У.Х  нь 2022 оны 5 дугаар сарын 24-ний шөнө Чингэлтэй дүүргийн .... хороо, ............. тоотод хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэж байсан Д.Л тай маргалдан, улмаар түүний толгой хэсэг рүү архины шил шидэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн дүгнэлт:

Хавтас хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, оролцогч нарын өгсөн мэдүүлэг, тайлбараар шүүгдэгч У.Х  нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Д.Л тай маргалдан, улмаар түүний толгой хэсэг рүү архины шил шидэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Дээрх үйлд баримт нь:

- хохирогч Д.Л ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 5 дугаар сарын 24-ны орой 20 цагийн үед Чингэлтэй дүүрэг 12 дугаар булгийн 10-570 тоотод гэртээ хамтран амьдрагч Ханджав, түүний ихрийн өрөөсөн Х , түүний найз залуу Д гийн хамт байсан юм. Бид дөрөв 0.75-н EX нэртэй архи хувааж уугаад энэ гурав түрүүлээд унтаад өгсөн. Тэгээд би гэрийн ойролцоо дэлгүүр ганцаараа орж EX нэртэй 0.75-н нэг шил архи аваад гэрт ирэхэд энэ гурав сэрчихсэн ахиад ууцгаасан ба би Ханджавын араар ороод унтах гээд хэвтэх гэтэл хамтран амьдрагчийн ихрийн өрөөсөн Х  толгойн тус газар буюу цохих шиг болохоор нь хартал Х  гэрээс гараад явчихсан, намайг юу юугаар цохисныг би тухайн үед анзаараагүй би толгойгоо бариад байж байхад миний дагзнаас цус гараад байж байхад миний дагзнаас цус гараад байж байхад Д  гэж дууддаг залуу 102-луу дуудлага өгсөн. Удаагүй цагдаа, эмч, ирсэн юм. ...Тухайн үед миний ар дагзны хэсгээс цус гараад хагарчихсан 3 оёдол тавьсан өөр гэмтэл байгаагүй. Д , Ханджав, Х  бид дөрөв байсан өөр хүн байгаагүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10-14 дэх тал/,

- гэрч Д ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хөдөө ажлаасаа ирсэн юм. Тэгээд би хамтран амдрагч Х тэй хамт байсан ба маргааш нь хамтран амьдрагчийн хамтаар ихэр Х.. нь Чингэлтэй дүүргийн .... дугаар хороо ............ тоотод байх гэрт нь очсон юм. Тэнд очиход Ханджав, түүний нөхөр Лхагва нар байсан ба бид нар уулзаагүй удсан гээд 0.75 литрийн 1 литрийн архи хуваагаад уусан юм. Тэгээд архи ууж байгаад Лхагва, Х  хоёр хоорондоо маргалдаад муудалцаад байхаар нь би Лхагва руу одоо болио эмэгтэй хүнтэй яах гэсэн юм гээд болиулах гэсэн чинь Лхагва над руу агсраад дайрч байгаад Х г зайл гээд хэлсэн чинь Х  Лхагва руу архины шил аваад шидчихсэн юм. Тэгсэн Лхагваагийн толгойноос цус гараад эхэлсэн ба Х  гарч яваад би цагдаа дуудсан юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27-28 дахь тал/,

- шинжээч Т.Чимэд-Очирын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Уг гэмтлүүдээс дагзны хуйханд шарх гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт орно. Бусад зүүн нүдний зовхи, баруун шанааны зулгаралт гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 32 дахь тал/,

- шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 7730 дугаартай “...Д.Л ын биед дагзны хуйханд шарх, зүүн нүдний зовхи, баруун шанаанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 35-36 дахь тал/,

- шүүгдэгч У.Х гийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн “...Архи ууж байгаад Лхагва бид 2 хоорондоо маргалдсан чинь Лхагва намайг зайлаарай гэж хэлэхээр нь уур хүрээд ууж байсан архины шилийг Лхагвын толгойны ар луу шидсэн чинь толгойны арын дагз хэсгийг оночихсон. Тэгээд би гэрээс нь гараад явсан. Би Лхагвын толгой руу архины шил шидээд толгойг нь хагалчихсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 61 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч У.Х г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэмт буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна. 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт:

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.

Шүүх шүүгдэгч У.Х д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хувь хүний байдал, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй тул шүүгдэгчийн улсын яллагчтай тохиролцсоноор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.

Шүүгдэгч У.Х д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.

Шүүгдэгч У.Х д оногдуулсан торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 3 сарын хугацаанд төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.

Бусад асуудлын талаар:

Хохирогч Д.Л  нь “...гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх тул шүүгдэгч У.Х г бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгч У.Х  нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “Хараа” нэртэй архины шилний хагархайнуудыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэв.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Харган овгийн У.Х г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Х д 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.Х д оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

4. Шүүгдэгч У.Х  нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй болох дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “Хараа” нэртэй архины шилний хагархайнуудыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч У.Х д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Б.ХАЛИУН