Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Боролзойн Халиун |
Хэргийн индекс | 186/2022/0595/Э |
Дугаар | 2022/ШЦТ/619 |
Огноо | 2022-07-20 |
Зүйл хэсэг | 11.6.1., 17.8.1., |
Улсын яллагч | Д.Ундармаа |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 07 сарын 20 өдөр
Дугаар 2022/ШЦТ/619
2022 07 20 2022/ШЦТ/619
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Халиун даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Алтнай,
улсын яллагч Д.Ундармаа,
шүүгдэгч Г.Х /өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Торгод овгийн Г.Х т холбогдох эрүүгийн 2211005431225 дугаартай хэргийг 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Торгод овгийн Г.Х , 1975 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “.....” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн .... дугаар хороо, ....... тоотод оршин суух /иргэний үнэмлэхийн хаяг: Баянзүрх дүүргийн .. дүгээр хороо, ........ тоот/, ял шийтгэлгүй, регистрийн дугаар .....
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.Х нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 03 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.О тэй таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүний хоолойг боож түүний хүзүүнд байсан 2,3 грамм монетон гинжийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас Б.О т 310.500 төгрөгийн хохирол учруулсан,
Г.Х нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 03 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.О тэй таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүний хоолойг боож унагаасны улмаас Б.О ийн биед тархи доргилт, баруун зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алимны салстад цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Х мэдүүлэхдээ: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ би Б.О ийн гинж алга болсныг мэдээгүй, хохирогч ч бас мэдээгүй, маргааш нь мэдүүлэг өгөхдөө нэмж гинж алга болсон байсан талаар мэдүүлсэн байсан. Хохирогчид эмчилгээний зардалд бэлнээр 1.340.000 төгрөг өгсөн, тархины зураг авхуулахад 390.000 орчим төгрөг өгсөн. Нийт 1.700.000 орчим төгрөг хохиролд өгсөн...” гэв.
Гэм буруугийн дүгнэлт:
Хавтас хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, оролцогч нарын өгсөн мэдүүлэг, тайлбараар шүүгдэгч Г.Х нь хохирогч Б.О ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Дээрх үйлд баримт нь:
- хохирогч Б.О ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 03 дугаар сарын 27-ны шөнө 00 цагийн орчимд 17 дугаар хорооллоос уруудах зам 32-ын тойргийн автобусны буудал дээр эрэгтэй, эмэгтэй 2 хүн гараа өргөхөд нь зогсоод тухайн 2 хүнийг автомашиндаа суулгасан. Тэгээд тухайн хоёр хүн Их дэлгүүрийн ар талд очно гэсэн ба би нисдэг машины урд талын гэрлэн дохион дээр байхад намайг дүрэм зөрчөөд бүтэн эргээд орчих гэхээр нь би үгүй энэ чинь хориотой гэхэд эрэгтэй хүн нь зүгээрээ би энд 30 гаран жил амьдарч байна гэхээр нь дахиад үгүй тэнд алаг тэрэгтэй цагдаа зогсож байна гэж хэлээд болохгүй гэж хэлсэн. ...тэгээд Улсын их дэлгүүрийн ар талаар яваад заасан газар нь зогссон. Таксинд суусан залуу хэд болсон юм гэхэд нь би 6000 төгрөг болсон байна гэхэд эмэгтэй нь наад гуйлгачиндаа яг 6000 төгрөгийг нь өгөөрэй гэж хэлэхэд тухайн залуу надад 6 ширхэг мянган төгрөг тоолж өгсөн. Тэгээд эхлээд эрэгтэй нь буугаад дараа нь эмэгтэй нь яг автомашинаас буух гэж байхад эрэгтэй нь миний талын хаалгыг онгойлгоод миний баруун мөрний хэсгээс татаад автомашинаас буулгасан. Намайг автомашинаас буулгаад шууд миний цамцны захаар хоолойг минь боож эхэлсэн. Тэр үед зөрүүлээд цамцныхаа захнаас барьсан байсан эмэгтэй нь миний хажууд юм юу ч хэлэхгүй миний биед шалтгаангүй хүрээд байсан. ...Намайг боож байгаад газар унагаасан байсан би босч ирээд нүүр нойтон оргиод байхаар нь гараараа тэмтэрч үзэхэд цус гарсан байсан яаж цус гарсныг мэдэхгүй байна миний бодлоор намайг боож ухаан алдуулсан байх. Би босож ирэх үед өөр автомашины хойд талд хэвтэж байсан. Миний хоёр өвдөг шалбарсан, хамраас цус гарч, нүүр битүү цус болсон, хүзүү нуруу хөндүүр, хүзүү хэсэг орос орж улайсан байсан. Тэгэхээр нь би цагдаагийн байгууллагад хандсан. Тэр үед нөгөө эмэгтэй эрэгтэй хүн яг нэг орц руу орж байсан. Тэгэхээр нь би араас очоод та хоёр яагаад хүн ухаан алдсан байхад орхиод явж байгаа юм бэ гэхэд эмэгтэй нь зугтаагаагүй, манай нөхөр чамайг дахиад зодчих вий гэж бодоод гэр рүүгээ оруулах гэж байна гэсэн. Тиймээ би гомдолтой байна миний хүзүүнд байсан 2,3 граммтай 14 кратын нарийн монетон гинж байсан. Тэрийг тасдаж алга болгосон байсан. Тухайн гинжийг манай найзууд 2018 онд миний төрсөн өдрөөр бэлэглэж байсан, гинжээ 300.000 төгрөгөөр үнэлж байна. Би тухайн үйл явдлаас хойш эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлж эмчилгээ хийлгэсэн, мөн тархиа бариачид бариулсан хөлс, 7 хоногийн ажлын орлого болох нийт 1.320.000 төгрөг нэхэмжилж байна. Би 7 хоног гаран ажлаа хийж чадаагүй би өдөр 100.000 төгрөгийн орлоготой байдаг. Би гомдолтой байна, хуулийн дагуу шалгуулж, хохирлоо барагдуулж байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18 дахь тал/,
- шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 5106 дугаартай “...Б.О ийн биед тархи доргилт, баруун зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алимны салстад цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх үед үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 23-24 дэх тал/,
- “Ашид билгүүн” ХХК-ийн ТХҮ-922/3785 дугаартай “...монетон гинж 310.500 төгрөг” гэх үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 30-32 дахь тал/,
- шүүгдэгч Г.Х ын мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлсэн “...Бид хоёр тухайн таксины арын суудалд суугаад өөрийн гэр болох Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо 1-45 тоот руу явсан. Би явж байх замдаа Баянбүрд талаасаа Гэсэр сүмийн хойд талын гэрлэн дохион дээр ирээд зүүн гар тийшээ эргэ гэж хэлэхэд үгүй эргэж болдоггүй юм энд цагдаа нар байдаг юм гэхээр нь хэлсээр байгаад зүүн гар тийш нь эргүүлсэн тэгтэл цагдаа нар байдаг гэж хэлээд байхад гээд амандаа үглээд яваад байсан тэгэхээр нь ах нь наад замаар чинь 30 жил явж байна зүүн эргэж болдог юмаа гэхэд үглээд л байсан. Тэгээд Теди төвийн зүүн талаар урд зүгт эргээд Улсын Их дэлгүүрийн зүүн хойд талд байх манай гэрийн гадаа очсон. Тэгтэл таксины жолооч 6000 төгрөг болсон гэхээр нь бэлнээр 6000 төгрөг өгтөл гэнэт автомашиныхаа голын хайрцагныхаа тагийг онгойлгоод манай эхнэрийн хөлийг нь цохисон тэр үед манай эхнэр жолоочийн эсрэг талаар буусан би жолоочийн талаар буугаад гэр рүүгээ орох гэхэд тухайн таксины жолооч араас муусайн архичин юмнууд уусан идсэнээ шингээж чадахгүй гэх зэргээр хэл амаар доромжилсон. Тэр үед би шууд эргэж очоод хаалгыг нь онгойлгоод шууд таксины жолоочийг татаж буулгаж ирээд заамдаж авсан тэр тухайн хүн миний өөдөөс маажаад байхаар нь жоохон боосон өөрөөр цохиж нүдээгүй. Тэгээд нэг хартал хамраас нь цус гарсан байсан бөгөөд өөдөөс орилоод дайраад ирэх үед эмэгтэй гэдгийг нь мэдсэн түүнээс хойш дахиж гар хүрээгүй. Миний бодлоор тухайн таксины жолооч эмэгтэй автомашинаас нь татаж буулгаж байх үедээ толгойг нь мөргүүлчихсэн байх. Миний хүзүүнд байсан мөнгөн гинжийг тасалсан байсныг нь олсон харин тухайн жолоочийн хүзүүнд байсан гэх гинжний талаар мэдэхгүй байна гэхдээ төлбөр мөнгийг нь барагдуулна. Тэгээд цагдаагийн байгууллагад баригдаад эрүүлжүүлэхэд хоносон бөгөөд маргааш нь эрүүлжүүлэхээс гараад шууд тухайн жолооч эмэгтэйн гэрт нь очиж уучлалт гуйгаад Мөнгөн гүүр эмнэлэг очиж үзүүлсэн тэгэхэд хариугаа орой 22 цагийн орчим аваарай гэхэд нь төлбөрийг нь хийчхээд гэрт хүргэж өгөөд орой нь дахин очиж авч эмнэлэг дээр очиж хариуг нь аваад хоёулаа эмч дээр орж бүх гэмтэл уух эмээ бичүүлж авсан. Би жолооч эмэгтэйг Мөнгөн гүүр эмнэлэгт 300 гаран мянган төгрөгөөр үзүүлж эм тариа авч өгсөн байсан. Тэр үед Мөнгөн гүүр эмнэлгийн эмч бичиж өгсөн эмээ 3 хоног уугаад гайгүй болохгүй бол дахиж ирж үзүүлээрэй гэж байсан Тэгтэл таксины жолооч эмэгтэй 2 хоног ууж байгаад шүүх эмнэлэгт очиж үзүүлсэн тэр үед дахиж зураг авхуулах хэрэгтэй гэсэн юм шиг байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 38 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан байна гэж шүүх дүгнэв.
Шүүх шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулж, нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгч Г.Х т холбогдох эд хөрөнгө устгах гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлд заасан Эд хөрөнгө устгах, гэмтээх гэмт хэрэг нь бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг гэмт хэргийн субьектив шинж нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг. Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг үйлдсэн хүн өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно...”, мөн хуулийн 25.2 дахь хэсэгт “...тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно...” гэжээ.
Шүүгдэгч Г.Х нь Б.О тэй маргалдаж түүний хоолойг боож унагаах үед хохирогчийн гинж алга болсон бөгөөд шүүгдэгч нь хохирогчийн гинжийг санаатай устгах, алга болгох санаагүй байсан. Г.Х ын дээрх үйлдэл нь эрүүгийн гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байна гэж анхан шатны шүүх дүгнэв. Харин хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах үед түүний эд хөрөнгө буюу гинж алга болсон байх тул үүнийг гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй юм.
Иймд шүүгдэгч Г.Х ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэмт буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хариуцлагын дүгнэлт:
Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.
Шүүхээс шүүгдэгч Г.Х т эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлыг нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.
Шүүгдэгч Г.Х т оногдуулсан торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 3 сарын хугацаанд төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.
Шүүгдэгч Г.Х т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.
Бусад асуудлын талаар:
Хохирогч Б.О нь баримтаар 320.000 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч нь хохирол төлбөрт 1.340.000 төгрөгийг төлсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1,2 дахь хэсэг, мөн хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Прокуророос шүүгдэгч Г.Х т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т тус тус заасныг баримтлан гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүгдэгч Торгод овгийн Г.Х ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Шүүгдэгч Г.Х т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Х т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.
5. Шүүгдэгч Г.Х нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Х т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ХАЛИУН