| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тэрбишийн Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 128/2021/0344/З |
| Дугаар | 128/ШШ2021/0470 |
| Огноо | 2021-07-09 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 07 сарын 09 өдөр
Дугаар 128/ШШ2021/0470
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч: Д.Э
Хариуцагч: Улсын бүртгэлийн ерөнхий газар
Нэхэмжлэлийн шаардлага: Өвлөгчид шаардлагатай лавлагаануудыг гаргаж өгөөгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, өвлөгч Б.Т ийн өв хүлээн авахтай холбоотой бүхий л лавлагаануудыг гаргаж өгөхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.М*******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Э шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “... М овгийн Д-ийн Э миний бие Б овгийн Т-ын Б-той 2017 онд танилцаж гэр бүл болж хамт амьдраад 4 жил гаруйн хугацаа өнгөрч байгаа бөгөөд бидний дундаас 2021 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүү Б.Т төрж, төрсөн эцэг Т.Б-оор овоглосон болно. Манай нөхөр 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр гэнэт өвчний учир нас барсан. Манай нөхөр нас барангуут түүний төрсөн дүү Т.Б нь хүү бид хоёрыг С дүүргийн … дугаар хороо, …-р хороолол, ХД-… байрны 105 тоот 2 өрөө байрнаас хөөж гаргаад, өнөөдөр нялх биетэй миний бие нярай хүүхдийн хамт хэцүү нөхцөлд амьдарч байна. Мөн нөхрийн маань 7.000.000 төгрөгийн …. УНЗ Тоёота Ками автомашиныг ч булааж авч явсан.
Нөхөр Т.Б маань ... 2 өрөө Ү-АААААААААА дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч бөгөөд түүний өв залгамжлагч нь миний хүү Б.Т болно.
Б.Т нь одоо 2 сар хүрч байгаа бөгөөд түүний төрсөн эх Д.Э миний бие хууль ёсны асран хамгаалагч тул Б.Т ийн төрсөн эцэг, талийгаач Т.Б-той холбоотой улсын бүртгэлийн лавлагаануудыг авч, өв хөрөнгөө хүлээн авах хүсэлтээ нотариатад гаргах гээд Улсын бүртгэлийн ерөнхий газарт хандахад 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 11/1386 тоот албан бичгээр шүүхэд ханд гэж хариу өгсөн хууль бус үйлдэл юм.
Учир нь талийгаач төрсөн хүүхэд болох Б.Т ийн ээж Д.Э миний бие талийгаачийн өв хүлээн авахад шаардлагатай бүх лавлагаануудыг гаргуулан авах эрхтэй гэж үзэж энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Иймд өвлөгчид шаардлагатай лавлагаануудыг гаргаж өгөөгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, өвлөгч Б.Т ийн өв хүлээн авахтай холбоотой бүхий л лавлагаануудыг гаргаж өгөхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж өгнө үү.” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Улсын бүртгэлийн ерөнхий газарт иргэн Д.Э нь 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Т.Б-той холбоотой лавлагааг гаргуулж Б.Т ийн өв хөрөнгөтэй холбоотой асуудлыг шийдвэрлүүлэх боломж олгож өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан. Хүсэлтийг хүлээн авч иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санд тухайн иргэдийн холбогдох мэдээллийг шалгахад Д.Э , Т.Б нар нь дундаас төрсөн хүүхэдтэй боловч албан ёсны гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлээгүй байх тул Т.Бын нас барсны бүртгэлийн лавлагааг олгох боломжгүй байсан. Мөн Т.Бын төрөл садангийн холбогдох лавлагаа түүний хүүхэд Б.Т т олгох боломжгүй. Учир нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 12 дугаар зүйлийн 12.5 дахь хэсэгт хаалттайгаас бусад мэдээллийг хуулиар тусгайлан эрх олгосон байгууллагын эрх бүхий албан тушаалтны хүсэлтээр, 12.6 дахь хэсэгт нээлттэй, хаалттайгаас бусад мэдээллийг тухайн иргэн, хуулийн этгээдийн зөвшөөрлөөр өгөхөөр заасан. Мөн хуулийн 12.14 дэх хэсэгт “ Эрүү, иргэн, зөрчил, захиргаа, арбитрын хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч өмгөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч, үйлчлүүлэгчийнхээ эрх ашгийг хамгаалахад шаардлагатай лавлагаа, мэдээллийг улсын бүртгэлийн байгууллагаас гаргуулах тухай хүсэлтээ уг хэрэг, маргааныг хянан шийдвэрлэж байгаа эрх бүхий этгээдээр дамжуулан авна.” гэж заасан байдаг.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч тус шүүхэд хандан “өвлөгчид шаардлагатай лавлагаануудыг гаргаж өгөөгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, өвлөгч Б.Т ийн өв хүлээн авахтай холбоотой бүхий л лавлагаануудыг гаргаж өгөхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэг дээр шүүхээс нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг тодруулсан бөгөөд түүний дагуу нэхэмжлэлийн шаардлагыг “өвлөгч Б.Т т шаардлагатай байгаа талийгаач Т.Бын нас барсны лавлагаа, төрүүлсэн эцэг эхийн лавлагаа, гэрлэсний лавлагаа, төрүүлсэн болон үрчилсэн хүүхдүүдийн лавлагааг гаргаж өгөөгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, өвлөгч Б.Т ийн өв хүлээн авахтай холбоотой лавлагаануудыг гаргаж өгөхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгуулах” тухай гэж тодруулсан болно.
Шүүх хэргийн оролцогч нарын зүгээс шүүх хуралдааны хэлэлцүүлэг дээр гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Нэг. Хэргийн үйл баримтын талаар:
1.1. Нэхэмжлэгч Д.Э нь Т.Б-той 2017 онд танилцаж гэр бүл болж, 4 жил гаруйн хугацаанд хамт амьдарсан бөгөөд тэдний дундаас 2021 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүү Б.Т төрж, төрсөн эцэг Т.Б-оор овоглосон байна. Б.Т ийн эцэг Т.Бнь 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр өвчний учир нас баржээ.
1.2. Талийгаач Т.Бнь GG тоот 2 өрөө Ү-АААААААААА дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч бөгөөд түүний өв залгамжлагч нь хүү Б.Т болох эрхтэй гэж нэхэмжлэгч үзэж байна.
1.3. Б.Т ийн хууль ёсны төлөөлөгч Д.Э нь талийгаач Г.Б*******той холбоотой улсын бүртгэлийн лавлагаануудыг авч, өв хөрөнгөө хүлээн авах хүсэлтээ нотариатад гаргах зорилгоор Улсын бүртгэлийн ерөнхий газарт хандахад тус газраас 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 11/1386 тоот албан бичгээр шүүхэд ханд гэсэн агуулга бүхий хариуг өгчээ.
1.4. Нэхэмжлэгч Д.Э нь талийгаач Т.Б-той холбоотой улсын бүртгэлийн лавлагаануудыг гаргаж өгөхгүй байгаа Улсын бүртгэлийн ерөнхий газрын эс үйлдэхүйг хууль бус гэж үзэж, улмаар энэ нь өвлөгч Б.Т ийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчиж байна хэмээн маргасан болно.
Хоёр. Хариуцагчийн гаргасан захиргааны акт /эс үйлдэхүй/-ын хууль зүйн үндэслэлийн талаар:
2.1. Талийгаач Т.Бын төрсөн хүүхэд болох Б.Т ийн эх Д.Э ийн зүгээс өв хүлээн авахад шаардлагатай болоод байгаа талийгаач Т.Бын нас барсны лавлагаа, төрүүлсэн эцэг эхийн лавлагаа, гэрлэсний лавлагаа, төрүүлсэн болон үрчилсэн хүүхдүүдийн лавлагаануудыг гаргуулан авах эрхтэй гэж үзэж, Улсын бүртгэлийн ерөнхий газарт хандсан байна.
2.2. Хариуцагч “... холбогдох мэдээллийг шалгахад Д.Э , Т.Бнар нь дундаас төрсөн хүүхэдтэй боловч албан ёсны гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлээгүй байх тул Т.Бын нас барсны бүртгэлийн лавлагааг олгох боломжгүй байсан. Мөн Т.Бын төрөл садангийн холбогдох лавлагаа түүний хүүхэд Б.Т т олгох боломжгүй. Учир нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 12 дугаар зүйлийн 12.5 дахь хэсэгт хаалттайгаас бусад мэдээллийг хуулиар тусгайлан эрх олгосон байгууллагын эрх бүхий албан тушаалтны хүсэлтээр, 12.6 дахь хэсэгт нээлттэй, хаалттайгаас бусад мэдээллийг тухайн иргэн, хуулийн этгээдийн зөвшөөрлөөр өгөхөөр заасан тул өгөх боломжгүй” гэжээ.
2.3. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт “Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн мэдээллийг нээлттэй, хаалттай, хязгаартайгаар буюу энэ хуулиар тогтоосон шаардлага хангасан этгээдэд өгнө” гэж зааснаас үзвэл мэдээллийн нэгдсэн сангийн мэдээллийг нээлттэй, хаалттай, хязгаартай хэмээн гурван хэсэгт ангилан авч үзэх бөгөөд мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт нээлттэй байх мэдээллийг, 12.3 дахь хэсэгт хаалттай байх мэдээллийг тус тус хуульчлан тогтоожээ. Харин хууль тогтоогчийн зүгээс хязгаартайгаар олгох мэдээллийг хуульчлан тогтоогоогүй байх боловч тус хуулийн 12 дугаар зүйлийн 12.6 дахь хэсгээс үзэхэд нээлттэй болон хаалттайгаас бусад мэдээллийг хязгаартайгаар олгох мэдээлэлд хамааруулсан гэж үзэхээр байна.
2.4. Нэхэмжлэгчийн зүгээс шаардаж буй талийгаач Т.Бын нас барсны лавлагаа, төрүүлсэн эцэг эхийн лавлагаа, гэрлэсний лавлагаа, төрүүлсэн болон үрчилсэн хүүхдүүдийн лавлагаанууд нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт заасан нээлттэй, 12.3 дахь хэсэгт заасан хаалттай мэдээлэлд хамаарахгүй, харин тус хуулийн 12 дугаар зүйлийн 12.6 дахь хэсэгт заасан хязгаартайгаар олгох мэдээлэлд хамаарахаар байна.
2.5. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 12 дугаар зүйлийн 12.6 дахь хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол иргэн, хуулийн этгээдэд энэ хуулийн 12.2, 12.3-т зааснаас бусад мэдээллийг тухайн иргэн, хуулийн этгээдийн зөвшөөрлөөр, эсхүл хязгаартайгаар буюу нотариатчаар дамжуулан энэ хуулийн 12.7-д заасан зорилгоор хуульд заасан үндэслэл, журмын дагуу өгөх бөгөөд үйлчилгээний хөлсний хэмжээг энэ хуулийн 21.2-т заасны дагуу тогтооно” гэж заасан байна.
Хуулийн дээрх хэм хэмжээнээс үзвэл иргэн, хуулийн этгээдэд энэ хуулийн 12.2, 12.3-т зааснаас бусад мэдээллийг зарчмын хувьд тухайн иргэн, хуулийн этгээдийн зөвшөөрлөөр буюу маргаан бүхий тохиолдлын хувьд иргэн Т.Бын зөвшөөрлөөр олгохоор заасан байна гэж үзнэ. Гэвч Т.Бнь нас барсан байх тул түүний зөвшөөрлийг авах боломж бодит байдал дээр байхгүй болсон байна.
2.6. Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5 дахь хэсэгт “Гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ” гэж, 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсэгт “Гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг, эхээс төрсөн ... хүүхдийг ялгаварлан гадуурхаж, эрх, ашиг сонирхлыг нь хохироохыг хориглоно”, мөн зүйлийн 25.3 дахь хэсэгт “Эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаална” гэж, Иргэний хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэгт “... хууль ёсны төлөөлөгч /эцэг, эх, харгалзан дэмжигч/ …” гэж тус тус заасны дагуу талийгаач Т.Бын хүү Б.Т ийн төрсөн эх Д.Э нь өв залгамжлалын эрх зүйн харилцаанд өөрийн хүүхдийг төлөөлөх, хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах бүрэн эрхтэй этгээд гэж үзэх үндэслэлтэй.
2.7. Тиймээс нэгэнт Т.Бын зөвшөөрлийг авах боломжгүй болсон, мөн нэхэмжлэгчийн шаардаж буй лавлагаанууд нь хязгаартайгаар олгох мэдээлэлд хамаарч байгаа, мөн мэдээлэл авах гэж буй зорилго нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 12 дугаар зүйлийн 12.7.1 дэх заалтад заасан зорилгод нийцэж байгаа, түүнчлэн нэхэмжлэгч нь Б.Т ийн хууль ёсны төлөөлөгч бөгөөд түүний эрх, ашиг сонирхлыг хамгаалах эрхтэй этгээд байх тул Улсын бүртгэлийн ерөнхий газарт хандан талийгаач Т.Бын нас барсны лавлагаа, төрүүлсэн эцэг эхийн лавлагаа, гэрлэсний лавлагаа, төрүүлсэн болон үрчилсэн хүүхдүүдийн лавлагаануудыг гаргуулан авах эрхтэй этгээд мөн гэж шүүх дүгнэлээ.
2.8. Харин нэхэмжлэлийн шаардлагад дурдсан лавлагаануудыг гаргуулан авахдаа Улсын бүртгэлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.6 дахь хэсэгт “... хязгаартайгаар буюу нотариатчаар дамжуулан ...” гэж заасны дагуу нотариатчийн тусламжтайгаар, түүгээр дамжуулан нэхэмжлэлийн шаардлагад дурдсан лавлагаануудыг гаргуулан авах шаардлагатай болохыг дурдах нь зүйтэй гэж үзлээ.
2.9. Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газар нь дээр дурдсан Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 12 дугаар зүйлийн 12.6 дахь хэсэгт зааснаар мэдээлэл гаргаж өгөхдөө тус хуулийн 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэгт заасан “Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас лавлагаа, мэдээлэл өгөх журам”[1] болон мөн зүйлийн 12.9 дэх хэсэгт заасан хугацааг баримтлах учиртай болохыг дурдаж байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.12 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 12 дугаар зүйлийн 12.6, 12.8, 12.9 дэх хэсгүүдэд заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Э ийн гаргасан “өвлөгч Б.Т т шаардлагатай байгаа талийгаач Т.Бын нас барсны лавлагаа, төрүүлсэн эцэг эхийн лавлагаа, гэрлэсний лавлагаа, төрүүлсэн болон үрчилсэн хүүхдүүдийн лавлагааг гаргаж өгөөгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, өвлөгч Б.Т ийн өв хүлээн авахтай холбоотой лавлагаануудыг гаргаж өгөхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт үлдээж, хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.МӨНХ-ЭРДЭНЭ
[1] Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 125 дугаар тогтоолын Нэгдүгээр хавсралт