Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 221/МА2024/0532

 

   “А” ХХК-ийн нэхэмжлэлтэй

   захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч З.Ганзориг

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч О.Оюунгэрэл

Илтгэсэн шүүгч Г.Билгүүн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б

Нэхэмжлэлийн шаардлага: Том татвар төлөгчийн газрын Татварын хяналт шалгалтын татварын улсын байцаагч С.Г, Б.Э нарын 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн НА-21220000108 тоот нөхөн ногдуулалтын актын зарим хэсгийг буюу 2019 оны 04 дүгээр сарын 15-аас 2019 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн хооронд ачигдсан 24 712.46 тонн төмрийн хүдрийн баяжмалд АМНАТ нөхөн тогтоож 4 673 176 885.28 төгрөгийн зөрчил гэж үзэн ногдуулсан 238 790 377.17 төгрөгийн нөхөн татвар, 71 637 113.15 төгрөгийн торгууль, 47 758 075.44 төгрөгийн алданги, нийт 358 185 565.76 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгуулах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 474 дүгээр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, өмгөөлөгч Б.Б

Хариуцагч С.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Номуунаа

Хэргийн индекс: 128/2023/0523/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “А” ХХК-иас Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын Татварын хяналт шалгалтын татварын улсын байцаагч С.Г, Б.Э нарт холбогдуулан “Том татвар төлөгчийн газрын Татварын хяналт шалгалтын татварын улсын байцаагч С.Г, Б.Э нарын 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн НА-21220000108 тоот нөхөн ногдуулалтын актын “зарим хэсгийг буюу 2019 оны 04 дүгээр сарын 15-аас 2019 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн хооронд ачигдсан 24 712.46 тонн төмрийн хүдрийн баяжмалд АМНАТ нөхөн тогтоож 4 673 176 885.28 төгрөгийн зөрчил гэж үзэн ногдуулсан 238 790 377.17 төгрөгийн нөхөн татвар, 71 637 113.15 төгрөгийн торгууль, 47 758 075.44 төгрөгийн алданги, нийт 358 185 565.76 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 474 дүгээр шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагч С.Г, Б.Э нарын 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн НА-21220000108 нөхөн ногдуулалтын актын зарим хэсгийг буюу 2019 оны 04 дүгээр сарын 15-аас 2019 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн хооронд ачигдсан 27 712.46 тонн төмрийн хүдрийн баяжмалд АМНАТ нөхөн тогтоож 4 673 176 885.28 төгрөгийн зөрчил гэж үзэж ногдуулсан 238 790 377.17 төгрөгийн нөхөн татвар, 71 637 113.15 төгрөгийн торгууль, 47 758 075.44 төгрөгийн алданги, нийт 358 185 565.76 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгуулахыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэгч “А” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Үүнд:

3.1. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэглэгдвэл зохих хуулийг буруу хэрэглэсэн. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч маргаан бүхий асуудалд харилцааг нарийвчлан зохицуулсан Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийн хэд хэдэн удаагийн нэмэлт өөрчлөлтийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч биш эсэх талаар улмаар зөрчил гэж үзэх эсэх талаар хууль хэрэглээний талаар нэр томьёоны хувьд тухайн төрлийн татвар төлөгч этгээд биш юм гэж гомдол гаргаж маргаан үүсгэсэн.

Хариуцагч нар маргаан бүхий актын 1 болон 2 дахь хэсэгт “А” ХХК-ийг ашигт малтмал “экспортолсон этгээд” гэж үзэж энэ үндэслэлээр ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч тул нөхөн татвар ногдуулж улмаар тайлагнаагүй зөрчил гаргасан этгээд гээд алданги торгуулийн хариуцлага хүлээлгэсэн.

Нэхэмжлэгчийн зүгээс тайлагнаагүй гэх зөрчилд өөрийгөө гэм буруугүй, уг үйлдэл нь зөрчлийн шинжгүй гэж үзэж, татварын улсын байцаагч нарын дүгнэлт, нөхөн ногдуулалтын актыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж нэхсэн.

Ашигт малтмалын тухай хууль /2006 оны/-ийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уурхайн эдэлбэрээс олборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүх төрлийн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнээс тооцож ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг улсын төсөвт төлнө” гэж заасныг Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар “47.1-т ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан хуулийн этгээд нь ... ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байх ба ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан бүх төрлийн ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс тооцож төсөвт төлнө” хэмээн өөрчлөн найруулсан.

Хариуцагч нар Ашигт малтмалын тухай хуулийн 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн нэмэлт өөрчлөлтийн 47.1.2-т “ашигт малтмал экспортолсон этгээд” гэсэн өөрчлөлтийг хэрэглэж акт тогтоосон. Гэтэл зөрчил гэж үзсэн үйл баримтын цаг хугацааг 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хүртэл гэж татварын улсын байцаагч нар тогтоож актыг үйлдсэн. Энэ цаг үе хугацаанд хуульд “экспортолсон этгээд” гэдэг утга агуулга, үг үсэг байгаагүй. Өөрөөр хэлбэл хариуцагч нар хуулийг буцааж хэрэглэсэн асуудалд анхан шатны шүүх дүгнэлт хийгээгүй, улмаар шийдвэрийн үндэслэл болгосон.

Харин хариуцагч нар шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан хариу, нэмэлт тайлбартаа маргаан бүхий актад үндэслэл болгоогүй 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт оруулсан нэмэлт өөрчлөлтийг хэрэглэж тайлбар гаргасан байсан.

Ингэхдээ хариуцагч нар “А” ХХК-ийг ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан хуулийн этгээдийн аль нь болох талаар тодорхойлоогүй, анхан шатны шүүх ч энэ талаар ерөнхийд нь тоймлон дурдаад дүгнэлт хийгээгүй.

“А” ХХК нь бусдын төрийн хүдрийг баяжуулж агууламжийг нь дээшлүүлж орлого олсон болохоос бус худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан хуулийн этгээдийн аль нь ч биш юм.

Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.8-д “Энэ хуулийн 47.5, 47.17-д заасан хүдэр, баяжмал, бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинд тавигдах шаардлага, ангилал, тооцох үндсэн зарчим, аргачлалыг геологи, уул уурхайн болон санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар батална” гэж заасны дагуу Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 193 дугаар тогтоолоор “Ашигт малтмалын хүдэр, баяжмал, бүтээгдэхүүн боловсруулалтын түвшинд тавигдах шаардлага, ангилал, тооцох үндсэн зарчим, аргачлал”-ыг баталсан, уг аргачлалын 1.2-т “Ашигт малтмалын хүдэр, баяжмал, боловсруулсан эцсийн бүтээгдэхүүн боловсруулалтын түвшинд тавигдах үндсэн шаардлага, түүнийг тооцох зарчмыг тодорхойлохдоо Гаалийн төв лабораторийн шинжилгээний дүнг үндэслэнэ” гэжээ.

Нэхэмжлэгч гагцхүү хүдэр баяжуулсан тонн тутамд ногдох ашигт малтмалын агууламжийг дээшлүүлж үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнд нь Гаалийн лаборатори “А” ХХК-ийн нэрээр дүгнэлт гаргах нь зүй ёсных юм. Гаалийн бүрдүүлэлтэд хавсрагдсан гаалийн лабораторийн дүгнэлтээр тухайн хуулийн этгээдийг ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан гэж ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч гэж үзэх нь үндэслэлгүй юм.

3.2. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, захиргааны маргааны харилцааг зөв тодорхойлж чадаагүй байна. Нэхэмжлэгч ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тайлагнаагүй гэх зөрчилд өөрийгөө гэм буруугүй, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч биш учир уг үйлдэл нь зөрчлийн шинжгүй гэж үзэж эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа захиргааны актыг таслан зогсооход чиглэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүх хуулийг дагаж мөрдөх үүрэггүй гэж нэхэж, маргасан мэт дүгнэлт хийснээр шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг зөрчлөө.

Анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон түүний өмгөөлөгчийг хуралдаанд оролцуулалгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж шийдвэрлэсэн. Шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн зарчим талуудын харилцан мэтгэлцүүлэх зарчмыг хэрэгжүүлээгүй.

Шүүхээс 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдөр талуудад болон миний 99091999 дугаарын утсанд, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-ын 9905**** дугаарын утсанд шүүх хуралдааны товыг мэдэгдсэн гэдэг боловч хэн нь ч мэдээгүй шүүхээс тов мэдэгдсэн дуудлага аваагүй байдаг. Өмгөөлөгч миний бие тухайн цаг үед Бүгд Найрамдах Хятад Ард улсын Хөх хотод хүзүү нурууны мэдрэлийн нарийвчилсан шинжилгээ оношилгоонд орж байсан тул шүүх хуралдааны товыг мэдсэн мэдэх боломжгүй байсан. Нэхэмжлэгчээс итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-ыг 05 дугаар сарын 29-ний өдрөөс 06 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл хугацаанд Бүгд Найрамдах Хятад Ард улсад томилолтоор зорчих болсон тухай эл байдлыг харгалзан хурлын товыг гаргаж өгөхийг хүссэн хүсэлтээ 05 дугаар сарын 22-ны өдөр шүүхэд ирүүлсэн. Гэвч анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэл хэсэгт ирцийн тухайд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүхэд ирээгүй гэсэн нь итгэмжлэгдсэн төлөөлөгч өмгөөлөгч нарт мэдэгдээгүй, тэд мэдэх боломжгүй байсан шалтгаантай.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч түүний өмгөөлөгчид мэтгэлцэх боломж олгосон бол Засгийн газраас баталсан аргачлалын дагуу нэхэмжлэгчийн гаргасан бүтээгдэхүүний боловсруулалтын түвшин, өөрөөр хэлбэл төмрийн хүдэр, төмрийн баяжмал, эсхүл эцсийн бүтээгдэхүүний аль болохыг лабораторийн дүгнэлтээр агуулга, хэмжээг тодорхойлохоос бус зөвхөн гаалийн мэдээнд үндэслэж нөхөн ногдуулалтын акт тогтоохгүй талаар, 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр батлагдсан Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд 47 дугаар зүйлийн 47.7-д “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг хүдэр, баяжмал, бүтээгдэхүүнд давхардуулалгүйгээр ногдуулна” гэсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр маргаан бүхий актад тусгагдсан төмрийн хүдэр баяжмалд тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээд Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгдсөн эсэх талаар нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах, нэмэгдүүлэх, хариуцагчаар нотлох баримт гаргуулах, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй ...”, 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ” гэсэн хуулийн зохицуулалтыг хэрэгжүүлэх хүсэлтээ шийдвэрлүүлэх байсан.

“А” ХХК-ийн 2019 онд экспортолсон гэх ашигт малтмалыг төмрийн хүдэр, баяжмал эцсийн бүтээгдэхүүн аль нь болохыг актад нарийвчлан тусгаагүй, иймд шийдвэрт хийсвэр таамаглал, эсхүл маргаан таслах зөвлөлийн тогтоолыг хуулбарлах байдлаар “дүгнэлт” өгсөн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.4-д “шүүх шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, эсхүл ... шүүх хуралдаанаар хэлэлцэгдээгүй нотлох баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон” гэсэнд хамаарна.

Иймд хууль буруу хэрэглэж хуулийн этгээдэд үндэслэлгүйгээр нөхөн татвар ногдуулж, алданги торгуулийн хариуцлага хүлээлгэсэн татварын улсын байцаагч нарын актад хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж шийдвэрлэж чадаагүй, талуудыг харилцан мэтгэлцүүлээгүй, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх, өөрчлөх, тодруулж тайлбарлах боломж олгоогүй Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 474 дүгээр шийдвэрийг хянаж анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

          1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

2. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.

2.1. Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч С.Г, Б.Э нар нэхэмжлэгч “А” ХХК-ийн 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийж, 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн НА-2122000018 дугаар нөхөн ногдуулалтын актаар 277 553 164.38 төгрөгийн нөхөн татвар, 91 777 858.16 төгрөгийн торгууль, 61 012 289.94 төгрөгийн алданги, нийт 430 343 312.48 төгрөгийн төлбөр төлүүлэхээр тогтоосон байна.

2.2. Нэхэмжлэгчээс дээрх нөхөн ногдуулалтын актын зарим хэсгийг буюу “2019 оны 04 дүгээр сарын 15-аас 2019 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн хооронд ачигдсан 24 712.46 тонн төмрийн хүдрийн баяжмалд АМНАТ нөхөн тогтоож, 4 673 176 885.28 төгрөгийн зөрчил гэж үзэн ногдуулсан 238 790 377.17 төгрөгийн нөхөн татвар, 71 637 113.15 төгрөгийн торгууль, 47 758 075.44 төгрөгийн алданги, нийт 358 185 565.76 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... “А” ХХК нь 2013 оноос эхлэн Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд төмрийн хүдрийг нойтон аргаар баяжуулалт буюу боловсруулах үйл ажиллагаа явуулж байна. Манай компани ашигт малтмал олборлох уул уурхайн үйл ажиллагаа явуулдаггүй бөгөөд бусад аж ахуйн нэгж болон энэ төрлийн бизнес эрхлэгч нарын төмрийн хүдрийг боловсруулж баяжуулдаг, хэдийгээр экспорт нь “А” ХХК-ийн нэр дээр гарж байгаа хэдий ч ... манай компани нь экспортоос орлого олдоггүй ба зөвхөн төмрийн хүдрийн баяжуулалтаас орлого олж, дотооддоо ажлын байр бий болгон нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн гаргах зорилготой үйл ажиллагаа явуулж ирсэн, ... татварын улсын байцаагч нар Үндсэн хууль зөрчсөн, хүчингүй болсон хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэрэглэлгүйгээр өмнөх өөрчлөлт ороогүй байсан хуулийн зохицуулалтыг хэрэглээгүй хууль хэрэглээний ноцтой зөрчил гэж үзнэ...” гэж тайлбарлан маргажээ.

2.3. Анхан шатны шүүхээс “... хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасан зохицуулалтын өөрчлөлтүүдээс үзэхэд, уг зохицуулалтыг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор хүчингүй болгосон хэдий ч хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэг Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 04 дүгээр тогтоол гарах хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байсан, хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомжийг иргэн, хуулийн этгээд дагаж мөрдөх үүрэгтэй, ... татварын улсын байцаагчдын 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн НА-21220000108 тоот нөхөн ногдуулалтын актаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн хууль Төрийн мэдээлэл сэтгүүлд нийтлэгдэж хүчин төгөлдөр болсноос хойших хугацаанд экспортолсон төмрийн хүдэр, баяжмалд төлбөр ногдуулсан байх тул тус НА-21220000108 тоот нөхөн ногдуулалтын акт нь үндэслэлтэй...” талаар үндэслэлтэй зөв дүгнэлт хийж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

2.4. Тодруулбал, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх заалтыг “Ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан хуулийн этгээд болон Монголбанк, түүнээс эрх олгосон арилжааны банканд алт тушаасан этгээд нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байх ба ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан бүх төрлийн ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс тооцож улсын төсөвт төлнө” гэж өөрчилсөн бөгөөд Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 03 дугаар дүгнэлтээр дээрх хуулийн заалтыг Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн болохыг тогтоож, Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор тус хэсгийг хүчингүй болгожээ.

2.5. Хэдийгээр дээр дурдсанаар Үндсэн хуулийн цэцийн тогтоолоор хуулийн дээрх заалтыг хүчингүй болгож шийдвэрлэсэн байх боловч нэхэмжлэгч компанийн 2019 онд экспортолсон төмрийн хүдэр, баяжмалын борлуулалтын үнэлгээнд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулж, тайлагнаагүй зөрчил гаргасан цаг хугацаанд хүчин төгөлдөр үйлчилж байсан хуулийн зохицуулалтыг үндэслэн нэхэмжлэгч компанид нөхөн татвар, торгууль, алданги ногдуулсныг буруутгах үндэслэлгүй.

          2.6. Түүнчлэн, Ашигт малтмалын тухай хууль /2006 оны/-ийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уурхайн эдэлбэрээс олборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүх төрлийн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнээс тооцож ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг улсын төсөвт төлнө” гэж зохицуулсан байсан бөгөөд уг хуулийн зохицуулалтад экспортолсон этгээд гэж байгаагүй ч хариуцагч татварын улсын байцаагч нар нэхэмжлэгч компанийг “худалдсан, худалдахаар ачуулсан” гэж тайлбарлаж буй нь үндэслэлтэй. Хэдийгээр нэхэмжлэгч компани төмрийн хүдэр, баяжмалыг худалдан борлуулсан этгээд биш гэж маргах боловч гаалийн мэдүүлэг, мэдээ, татварын хөндлөнгийн мэдээллийн сангаас ирүүлсэн мэдээлэл зэргээр худалдан борлуулсан болох нь нотлогдож байгаа энэ тохиолдолд нэхэмжлэгч компанийг ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан хуулийн этгээдийн аль нь болох талаар тодорхойгүй гэх үндэслэлээр нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгох үндэслэлгүй.

          2.7. Нөгөөтээгүүр анхан шатны шүүх 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр уг хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдөр товлон зарласан бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарыг шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхээр нь хангаж, шүүх хуралдааныг хойшлуулж, 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 12 цаг 00 минутад хийхээр товлон зарласан байх ба шүүх хуралдааны товыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарт тэдгээрийн гар утсанд мэдэгдэж баримт үйлдсэн байгаа энэ тохиолдолд нэхэмжлэгч талын шүүх хуралдаанд биечлэн оролцох, өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах эрхээр хангаагүй гэж шүүхийг буруутгах үндэслэлгүй төдийгүй Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.2-т зааснаар “Хэргийн оролцогч шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэгтэй” бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар энэхүү үүргээ хэрэгжүүлээгүй байх тул “шүүх хуралдаанд оролцож, мэтгэлцэх боломжоор хангаагүй” гэх агуулга бүхий гомдлыг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

         

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

Харин анхан шатны шүүх шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтад “ногдуулалтын ногдуулалтын” гэж давхардуулан бичиж, техникийн шинжтэй алдаа гаргасан байсан болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 474 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б-аас гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасны дагуу өмгөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ШҮҮГЧ                                                            З.ГАНЗОРИГ

 

 

ШҮҮГЧ                                                            О.ОЮУНГЭРЭЛ

 

 

ШҮҮГЧ                                                            Г.БИЛГҮҮН