Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 115

 

 

 

 

 

 

 

 

 

К ХХК-ийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2017/03236 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч К ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Б ХХК-д холбогдох  

11 520 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Цэрэнтогтохын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Цэрэнтогтох

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ж.Энэрэл нар оролцов.

Нэхэмжлэгч К ХХК-иас тус шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөлгч Т.Жигмэддагва шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани Чингэлтэй дүүрэг, Бага тойруугийн 4 дүгээр хорооны 12А байрны 4 дүгээр давхарт байрлах 34/1 тоот өрөөг хариуцагч Батаар медиа ХХК-нд түрээслүүлэхээр 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр ажлын байрны зориулалтаар байр түрээслэх гэрээ байгуулсан юм. Хариуцагч тал 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдөр түрээсийн байранд цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон тул гэрээг 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон цуцалж байгаагаа мэдэгдсэн ба 13 сарын түрээсийн төлбөрт нийт 7 680 000 төгрөгийг тодорхой график хугацаанд төлнө гэснийг бид хүлээн авсан. Гэвч хариуцагч түрээсийн төлбөрийг төлөх үүргээ үл биелүүлж өнөөдрийг хүртэлх хугацаанд төлбөрийг төлөхгүй, өмнөх шүүх хуралдааны явцад төлнө, энэ талаар нэхэмжлэгчтэй эвлэрэхэд татгалзах зүйлгүй гэсэн боловч түүнээс хойш шүүх хуралдааныг үндэслэлгүй хойшлуулж, цаг хугацаа хожиж байна. Талуудын хооронд байгуулсан гэрээний 3 дугаар зүйлийн 3.2-т зааснаар түрээслэгч тал төлбөрийг төлөхгүй хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.3 хувийн алдангийг төлөхөөр заасан бөгөөд алдангийн хэмжээ нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар үндсэн үүргийн 50 хувиас хэтэрсэн тул 3 840 000 төгрөгийн алдангийг 7 680 000 төгрөгийн хамт нэхэмжилсэн. Миний бие К ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажилладаг бөгөөд 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн түрээсийн гэрээнд гарын үсэг зурж, баталсан тул гэрээ хүчин төгөлдөр бөгөөд Иргэний хуульд заасан бичгээр байгуулах хуулийн шаардлагыг хангасан. Хэдийгээр гэрээнд түрээслүүлэгчийг төлөөлж менежер П.Анар-Эрдэнэ гарын үсэг зурахаар тусгасан байх боловч ямар учраас компанийн тэмдэг дарагдаагүй болон тэрээр гарын үсэг зураагүйг хэлж мэдэхгүй байна. Хэрэгт авагдсан баримтаар манай компани 900.6 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг өмчилдөг ба хариуцагчид дээрх хөрөнгийн тодорхой хэсгийг түрээслүүлсэн тул хуульд зааснаар улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагагүй юм. Түрээслэгчийн хувьд түрээсийн байрыг 2017 оны 03 дугаар сард хүлээлгэн өгсөн тухай аливаа маргаан байхгүй ба гагцхүү түрээсийн төлбөртэй холбоотой маргааныг шийдвэрлүүлэх хүсэлттэй байна. Иймд хариуцагчаас 11 520 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.  

Хариуцагч Б ХХК шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цэрэнтогтох шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талуудын хооронд байгуулсан түрээсийн гэрээ нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт зааснаар бичгийн хэлбэрийг зөрчиж хийсэн гэрээ тул хүчин төгөлдөр бус юм. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2 дахь хэсэгт заасан гэрээг бичгээр байгуулахаар талууд тохиролцсон бол энэ талаар баримт үйлдэж, гарын үсэг зурна гэсэн заалтыг зөрчсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Зохигчид 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 31/1 тоот ажлын байр түрээслэх гэрээг байгуулахдаа талууд батлав гэсэн хэсэгт түрээслүүлэгчийг төлөөлж захирал Т.Жигмэддагва гарын үсэг зурсан ч тамга, тэмдэг дарагдаагүй, мөн түрээслэгчийн төлөөлөгч менежер П.Анар-Эрдэнэ гарын үсэг зураагүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүрэгтэй. Гэтэл П.Анар-Эрдэнийн хувьд уг гэрээг байгуулахад төлөөлөх эрхтэй этгээд байсан уу, үгүй юу гэдгийг итгэмжлэлээр харуулаагүй тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасныг үндэслэн ажлын байрны зориулалтаар байр түрээслэх гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6, мөн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасныг үндэслэн хариуцагч Б ХХК-иас 11 520 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч К ХХК-нд олгож, зохигчдын хооронд 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр байгуулсан ажлын байр түрээслэх гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 199 310 төгрөг, хариуцагчийн төлсөн 137 830 төгрөгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 199 310 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цэрэнтогтох давж заалдах гомдолдоо: “...Талуудын хооронд 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр байгуулсан түрээсийн гэрээг түрээслүүлэгчийг төлөөлж захирал Т.Жигмэддагва, түрээслэгчийг төлөөлж Ж.Соёл-Эрдэнэ болон маркетингийн албаны дарга Т.Ганзориг нар байгуулсан байх ба хариуцагчийн зүгээс түрээслэгчийг төлөөлж гэрээ байгуулсан этгээдүүдийн бүрэн эрхийн талаар маргаагүй гэдэг. Хэрэгт авагдсан түрээсийн гэрээнд батлав захирал гэдэг бөгөөд гэрээ байгуулсан этгээдүүд нь тэдгээрийн төлөөлөгчид байдаг. Гэтэл хэрэгт тэдгээр төлөөлөгчдөд олгосон итгэмжлэл авагдаагүй байхад гэрээ байгуулагдсан гэж үзэж байгаа нь Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3, 196 дугаар зүйлийн 196.1.2, 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь заалтыг зөрчсөн. Мөн түрээслэж байх хугацаанд тухайн байранд гарч байсан доголдол болон гэрээг цуцлах тухай санал гаргаж байсныг гэрчлэх гэрч оролцуулах хүсэлтийг хүлээн аваагүй. Иймд шүүхийн шийдвэрийн алданги буюу 3 840 000 төгрөг гаргуулах хэсэгт өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

       Нэхэмжлэгч К ХХК нь хариуцагч Б ХХК-д холбогдуулан түрээсийн төлбөрт 7 680 000 төгрөг, алданги 3 840 000 төгрөг, нийт 11 520 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

       Талуудын хооронд 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдө №34/1 дугаартай “Ажлын байр түрээслэх гэрээ” байгуулагдаж, уг гэрээгээр түрээслэгч нь Чингэлтэй дүүрэг, Бага тойруугийн 4 дүгээр хорооны 12А байрны 4 дүгээр давхарт байрлах 34/1 тоот өрөөг 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хугацаагаар түрээслүүлэх, түрээслүүлэгч нь уг ажлын байрыг өөрийн компанийн үндсэн ажиллагааны зориулалтаар ашиглаж, сар бүр 600 000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон болох нь хэрэгт авагдсан түрээсийн гэрээ, К ХХК-ийн мэдэгдэл, Б ХХК-ийн хүсэлт, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдсон, түрээслэгч буюу хариуцагч тал түрээсийн зүйлийг 2017 оны 03 дугаар сард хүлээлгэн өгсөн болон “түрээсийн төлбөр 7 680 000 төгрөгийг тодорхой хугацаанд төлөх” тухай албан бичгийн талаар хэн аль нь маргаагүй. /хх 5-7, 9, 10/

            Анхан шатны шүүх зохигчдын хооронд байгуулагдсан гэрээний харилцааг зөв тодорхойлж Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний талаар дүгнэлт хийсэн нь зөв байна.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд түрээслэгч буюу хариуцагч нь 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарыг дуустал хугацааны түрээсийн төлбөрийг төлөөгүй байх бөгөөд түрээсийн гэрээний 3.2-т Иргэний хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1.1-д заасан үүргийн гүйцэтгэлийг хангах арга болох анзыг хэрэглэхээр тохиролцсон талуудын тохиролцоо нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д зааснаар баримт үйлдэж гарын үсэг зурж байгуулсан хүчин төгөлдөр хэлцэл тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар гэрээний үүргийг хариуцагчаас шаардах эрхтэй.

Хариуцагч нь 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдөр түрээсийн гэрээний нөхцөлийн талаар хүсэлт гаргаж байсан, гэрээнд заасны дагуу хоногийн 0.3 хувийн алданги тооцож үзэхэд төлөгдөөгүй үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч байгаа учраас тэр хэмжээгээр хязгаарлаж, түрээсийн төлбөр 7 680 000 төгрөг, алданги 3 840 000 төгрөг, нийт 11 520 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцсэн, энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй болжээ.

            Хариуцагч Б ХХК нь нэхэмжлэгч К ХХК-д холбогдуулан 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдө №34/1 дугаартай “Ажлын байр түрээслэх гэрээ”-г хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэл гаргасан байна.

            Талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээнд түрээслүүлэгч байгууллагын менежер П.Анар-Эрдэнэ гэдэг хүн бичигдсэн байгаа боловч гэрээг төлөөлөх бүрэн эрхтэй этгээд болох К ХХК-ийн захирал Т.Жигмиддагва гарын үсэг зурсан болох нь улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна.

Нэхэмжлэгч байгууллагын тамга, тэмдэг дарагдаагүй байх нь Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.1.8-д заасан хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлд хамаарахгүй байх тул анхан шатны шүүх гэрээнд түрээслүүлэгч талын хүсэл зориг зохих ёсоор тусгагдсан, эрх бүхий этгээд уг гэрээг байгуулсан гэж үзэж сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэргийн баримтад нийцсэн, энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй.

Шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цэрэнтогтохын “З.Наранбат, Н.Хулан нарыг гэрчээр оролцуулах тухай” хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэхгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.       

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

            1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2017/03236 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цэрэнтогтохын давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 76 390 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                                               

    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                         ШҮҮГЧИД                                           Ш.ОЮУНХАНД

 

                                                                                                     Д.ЦОГТСАЙХАН