Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 2022/ШЦТ/636

 

    2022        07          26                                   2022/ШЦТ/636

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Номин,

улсын яллагч Б.Дөлгөөн,

шүүгдэгч З.Б , түүний өмгөөлөгч Б.Соёл-Эрдэнэ нарыг оролцуулан Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хуралгад овгийн З.Б  холбогдох эрүүгийн 2211003341216 дугаартай хэргийг 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдөр  хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Хуралгад овгийн З.Б , 1996 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Дорнод аймгийн Сүмбэр суманд төрсөн 26 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт амьдардаг Чингэлтэй дүүргийн ..... дугаар хороо, ...... тоотод оршин суух, 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 99 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 7 сар хорих ял шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 100 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 788 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийт 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4,5, 6.8 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус баримтлан З.Б ийн биечлэн эдлэх ялыг 4 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосон бөгөөд Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 413 дугаартай шүүгчийн захирамжаар 1 жил 8 сар 18 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан, регистрийн дугаар .........

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч З.Б  нь тэнссэн хугацаандаа буюу 2022 оны 2 дугаар сарын 7-ны өдөр 10 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Гүн нуур” нэртэй дэн буудалд “дуу сонсож байгаад өгье” гэж хуурч, иргэн М.У ээс Самсунг А52 загварын гар утсыг шилжүүлэн авч 989,910 төгрөгийн хохирол учруулж, залилсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

- шүүгдэгч З.Б  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би түүний гар утсаар дуу сонсох гэж авсан бөгөөд урд нь уусан архиндаа халуураад 200.000 төгрөгөөр зараад архи уучихсан. Маш их харамсаж байна...” гэв.

Гэм буруугийн дүгнэлт:

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар шүүх хуралдааны явцад хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд хэлэлцэж, шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор харьцуулан гэмт хэрэг гарсан байдлыг нотлов.

Шүүгдэгч З.Б  нь “дуу сонсож байгаад өгье” гэж хуурч, иргэн М.У ээс Самсунг А52 загварын гар утсыг шилжүүлэн авч 989.910 төгрөгийн хохирол учруулсан болох нь  

- хохирогч М.У ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Би 2022 оны 2 дугаар сарын 6-ны шөнө 2 цагийн орчимд өөрийн найз болох Шаркав болон түүний найз үл таних эрэгтэй хүний хамт 5 буудалд байх Дэн буудал нэртэй буудал орж согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Тэгээд өглөө 10 цагийн үед миний гар утсыг Шаркавын найз болох үл таних залуу “дуу сонсоно” гэж хэлээд миний гар утсыг аваад явсан. Тэгээд манай найз Шаркав миний гар утсыг авч өгнө гэж хэлсэн. ...Би 2022 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр Самсунг Галакси А52 загварын гар утсыг Сайн электрониксоос лизингээр авсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15-16 дахь тал/,

- гэрч М.О гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2022 оны 2 дугаар сарын 6-ны орой 23 цагийн орчим намайг гэртээ байж байхад Б  залгаад намайг дуудаад 17 дээр хүрээд ир, ууя гэж хэлсэн. Тэгэхээр нь би эхнэрийнхээ найз болох У ийг 17-ийн автобусны буудлын орчимд явж байхдаа Б той уулзаад байж байсан чинь У  такситай ирчихлээ гэхээр нь Б  бид хоёр У ийн сууж явсан таксинд суугаад хойшоо 5-н буудалд байх цагаан өнгөтэй 2 давхар буудал руу орсон. Тэгээд дотор нь ороод бид гурав 2 шил архи уугаад унтацгаасан. Тэгээд өглөө босоод 9 цаг болоод бид гурав гарах гээд байж байсан чинь Б  У ээс утсаа өгч байгаа ч гээд утсыг нь аваад буудлыг өрөөнөөс гарсан.Тэгээд У  бид 2 араас нь гараад буудлын үүдэн дээр зогсож байсан чинь Б  буцаж ирэхээр нь би Б оос хүний утсыг өгөөч гэж хэлсэн чинь байж бай би утсыг нь өгнө шүү дээ утсаар яриадхая гэж хэлсэн. Тэгээд байж байгаад утсыг нь өгөхгүй болохоор нь зам дагуу явж байсан хоёр залуугаас наад залуугаас утсыг нь аваад өгөөч гэж хэлсэн чинь Б  тэр хоёр залуутай муудалцаад такси бариад утсыг нь аваад зугтаагаад яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23-24 дахь тал/,

- Дамно Хөрөнгийн үнэлгээний “Самсунг Галакси А52 загварын гар утсыг 989.910 төгрөгөөр үнэлсэн” үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 33-34 дэх тал/,

- Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн шинжээчийн 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 542 дугаар “...З.Б  нь одоо Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн донтох эмгэг судлалын клиникд Архины шалтгаант солиорох эмгэг F10.52  оношоор хэвтэн эмчилгээний үр дүнд сэтгэцийн байдал нь засарсан, эмийн эмчилгээнд болон сэтгэл заслын эмчилгээнд хамрагдаж байна. Зоригтны Б  нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай, үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна...” гэх дүгнэлт /хавтас хэргийн 39-40 дэх тал/,  

- шүүгдэгч З.Б оос 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдөр 500.000 төгрөг хүлээн авсан, 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 500.000 төгрөгийг хохирогч М.У т хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлүүд /хавтаст хэргийн 90-91 дэх тал/,

- шүүгдэгч З.Б ийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн “...2021 оны 2 дугаар сарын 6-ны өдөр Отгонхүүгийн хамтаар Төв аймгийн Борнуур сумаас 17 цагийн орчимд Улаанбаатар хотод ирээд 0.5 литрийн хараа нэртэй архийг Монос эмийн үйлдвэрийн орчимд гадаа хувааж уугаад байж байтал Отгонхүүгийн найз У  гэх эмэгтэй такси аваад ирсэн байсан. Бид дэлгүүрээс 0.75 литрийн хараа 0.5 хараа нэг ундаатай аваад Чингэлтэй дүүргийн 5 буудлын автобусны буудлын орчимд Гүн нуур нэртэй дэн буудал ороод Отгонхүү У , нартай дэлгүүрээс авсан 2 шилтэй архийг ууж дуусгаад унтсан. Өглөө нь сэрээд би дэлгүүр гараад 0.75 литрийн хараа авч орж ирээд Отгонхүүтэй авсан архийг хувааж уусан. Харин У  нэмж уугаагүй тул би Самсунг А52 загварын гар утсыг дуу сонсоод өгье гэж хэлж аваад буцааж өгөлгүй ганцаараа гараад явсан. Сүхбаатарыг талбайн баруун талын Монтел худалдааны төв дээр очиж 200.000 төгрөгөөр зарсан ба би мөнгийг бэлнээр авсан.Надаас гар утас худалдан авсан эрэгтэйг би одоо танихгүй би тухайн 200.000 төгрөгийг архи согтууруулах ундааны зүйл худалдан авч захиран зарцуулсан. Би өөрийн гэм буруутай зүйлээ хүлээн зөвшөөрч байгаа тул 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар 500.000 төгрөгийг төлж барагдуулсан...” гэх мэдүүлэг /хавтас хэргийн 48-49 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Залилах гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй байх гэсэн субьектив санаатай байх бөгөөд бодит байдлыг гуйвуулах, худал хэлэх зэргээр бусдын эд хөрөнгийг өөрийн болгодог байна. Уг гэмт хэргийн арга нь хуурах, баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглах, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулах, урвуулан ашиглах хэлбэрээр үйлдэгддэг. З.Б ийн дээрх үйлдэл нь Залилах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байна гэж дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч З.Б ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэмт буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна. 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт:

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.

Шүүх шүүгдэгч З.Б т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хувь хүний байдал, хохирол төлөхөө илэрхийлсэн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэв.

Шүүгдэгч З.Б т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хариуцлагыг хөнгөрүүлэх, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.

Харин шүүгдэгч З.Б  нь Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 788 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 4 жил 6 сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 8 сар 18 хоногийн хорих ялаас 2020 оны 12 дугаар сарын 16-ны  өдөр хугацааны өмнө суллагдаж, хяналт тогтоосон хугацаанд буюу 2022 оны 2 дугаар сарын 7-ны өдөр дахин гэмт хэрэг үйлдсэн байх бөгөөд энэ гэмт хэрэг нь 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт хамаарагдаж байх тул тэнссэн хугацаа нь хэрэгсэхгүй болсон гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч З.Б  нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлав.

Бусад асуудлын талаар:

Гэмт хэргийн улмаас хохирогч М.У т 989.910 төгрөгөөр хохирол учирснаас шүүгдэгч З.Б  нь 500.000 төгрөгийг төлсөн байх тул үлдэх 489.910 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч З.Б  нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан  ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Хуралгад овгийн З.Б ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч З.Б т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Б  нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч З.Б оос 489.910 /дөрвөн зуун наян есөн мянга есөн зуун арав/ төгрөгийг гаргуулж хохирогч Чингэлтэй дүүргийн .... дугаар хороо ........ тоотод оршин суух М.У  /РД:.....-т олгосугай.

5. Шүүгдэгч З.Б  нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан  ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.  

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.Б т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Б.ХАЛИУН