Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 2022/ШЦТ/637

 

      2022        07          26                                    2022/ШЦТ/637

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Номин,

улсын яллагч С.Сүрэнхорол,

насанд хүрээгүй хохирогч А.Б , түүний хууль ёсны төлөөлөгч Б.Б  ,

хохирогч, шүүгдэгч А.Т  /өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/

шүүгдэгч З.Ш , түүний өмгөөлөгч Ц.Оргил нарыг оролцуулан Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Харгайт овгийн А.Т , Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Гамбал овгийн З.Ш  нарт холбогдох эрүүгийн 211008251175 дугаартай хэргийг 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Харгайт овгийн А.Т , 2001 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, машин механизмын засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн ..... дүгээр хороо, ......... тоотод оршин суух,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 622 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, регистрийн дугаар .......,

Гамбал овгийн З.Ш , 1999 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, хөгжимчин мэргэжилтэй, ........... дуу бүжгийн эрдмийн чуулганд хөгжимчин ажилтай, ам бүл 3, эх, эгч нарын хамт Чингэлтэй дүүргийн ..... дугаар хороо ......... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар ...........

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А.Т  нь 2021 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо Хувьсгалчдын Г-539 тоотын гадна иргэн А.Г , А.Б  нартай маргалдаж, улмаар А.Г ын нүүрэн тус газар гараараа 1 удаа цохиж, газарт унагаан эрүүл мэндэд нь баруун, зүүн нүдний доод зовхины зулгаралт, бугалга, тохойны зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол, мөн А.Б ын нүүрэн тус газар гараараа 1 удаа цохиж эрүүл мэндэд нь зүүн дээд үүдэн нэгдүгээр шүд булгарал, дээд, доод уруулын зүүн талын дотор салстад язарсан шарх бүхий хөнгөн хохирол тус тус санаатай учруулсан буюу хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч З.Ш  нь 2021 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо Хувьсгалчдын Г-539 тоотын гадна иргэн А.Т тай маргалдаж, улмаар түүний нүүр рүү гараараа нэг удаа цохиж эрүүл мэндэд нь зовхи, хацар шанаа, нүдний алиманд  цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Т : “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Миний буруу хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч З.Ш : “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Миний буруу, хохирогчид учирсан хохирлыг төлж барагдуулах болно...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй хохирогч А.Б  мэдүүлэхдээ: “...Тухайн хэрэг гардаг өдөр буюу орой 10 өнгөрч байхад миний бие найзуудтайгаа уулзаж байсан. Бид хамтдаа манай гэр рүү явж байхад хажуу талын гудманд хүмүүс зодолдож байгаа чимээ гарсан.  Тухайн хүмүүст “энд зодолдож болохгүй, яагаад энд зодолдоод байгаа” талаар асууж, хэлхэд согтуу ах нарын нэг нь манай ахтай маргалдаж, шатны хажуугаас нэг ах гүйж ирээд намайг цохисон. Миний үүдэн шүд эмтэрч гэмтсэн бөгөөд одоо би хиймэл шүдтэй байгаа...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй хохирогч А.Б ын хууль ёсны төлөөлөгч Б.Б   мэдүүлэхдээ: “...Тухайн хэрэг гарснаас хойш 3 хоногийн дараа миний бие хүүхдийнхээ шүдийг шүдний хэд хэдэн эмнэлэгт үзүүлсэн. Үүдэн шүдийг нь эмчлүүлэхэд 2.5 сая төгрөг болох талаар эмч хэлсэн. Үүнийг шүүгдэгч А.Т  төлөхгүй гэсэн. Хүүгийнхээ шүдийг эмчлүүлэх хүсэлтэй байна. Мөн энэ гэмт хэргийн хохирогч гэх А.Г  нь 14 хоног ажил хөдөлмөр эрхлээгүй бөгөөд ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг мөн адил шүүгдэгчээс нэхэмжилж байна ...” гэв.

Гэм буруугийн дүгнэлт:

Хавтас хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, оролцогч нарын өгсөн мэдүүлэг, тайлбараар шүүгдэгч А.Т  нь А.Г , А.Б  нартай маргалдаж хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч З.Ш  нь А.Т тай маргалдаж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь тогтоогдож байна.

Дээрх үйл баримт нь:

- хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн /19-23 дахь тал/,

- яллагдагч З.Ш ын биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 24-26 дахь тал/,

- таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 27 дахь тал/,

- хохирогч А.Г ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2021 оны 07 дугаар сарын 17-ны өдөр би Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо Хувьсгалчдын Г-539 тоот буюу Монгол гэрт эхнэр Жавзмаа, охин 4 настай Хүслэн, 5 сартай Гантуяа, хойд байшинд ээж Баасанцэнгэл ганцаараа байсан юм. Тэгээд 21 цагийн үед төрсөн дүү Баяржаргал гэрт орж ирээд “ах аа Нямлхагва усанд явъя гэж байна” гэхээр нь “ах нь явъя усны саваа бэлдчих” гэсэн юм... Тэгээд би хувцсаа өмсөөд байж байх үед дүү Баяржаргал гэрээс гарч байгаа харагдсан юм. Тэгээд би гэрт байгаа түмпэнтэй усаа асгах гээд хашаандаа гараад баруун хойшоо асгасан чинь хашааны зүүн буланд нохой хуцаад төмөр дугараад байсан. Би гэрлүү орох гэж байсан чинь төрсөн дүү Баяржаргал яагаад байгаа юм гээд гадаа сонсогдохоор нь би хашааны хаалгаар гарсан чинь манай дүү Баяржаргал, найзтайгаа байж байсан юм. Тэгэхээр нь би юу болсон яасан гэсэн чинь 27 насны орчим ягаан үстэй, нөгөө залуу нь буржгар хими хийлгэчихсэн бордуу царайтай хоёр залуу зогсож байсан. Тэгээд би яагаад байгаа юм гэтэл ягаан үстэй залуу нь чи хаанахынх юм гээд байхаар нь би зурагтынх гээд хоорондоо маргалдаж байхад хамт байсан залуу нь орилоод байсан... Тэгээд ягаан үстэй залуу нь намайг заамдаад байж байтал цагаан футболктой нэг залуу ирээд миний зүүн талын шанаа руу нэг удаа цохисон. Тэгсэн чинь би газар уначихсан юм. Тэгээд би толгойгоо бариад Баяржаргалыг гэртээ ор гээд орилсон. Тэгээд би толгойгоо бариад газар, хэвтчихсэн байх үед хэн нь хаашаа цохисныг мэдэхгүй байна, нуруу руу өшиглөөд байсан... Намайг цохисон залуу дээгүүрээ цагаан өнгийн цамц юм уу футболктой... Миний баруун зүүн нүдний доод зовхины зулгаралтыг цагаан өнгийн цамцтай зүүн хөмсгөндөө шигтгээ зүүн залуу учруулсан...”, “Н.Ж  нь андуурч мэдүүлэг өгсөн юм А.Т  нь ирж зүүн нүд рүү гараараа цохисон, цохингуутаа доошоо очоод манай дүү А.Б ын ам руу цохиж, 1 шүдийг нь унагасан байсан. Би түүнийг А.Б ын ам руу цохиж, 1 шүдийг нь унагасан байсан. Би түүнийг А.Б ыг цохиж байхыг нь бол хараагүй, харин дүү маань дараа нь өөрөө надад хэлсэн... Баяр-Эрдэнэ нь А.Т ыг намайг цохихоос өмнө нь зууралдаж, заамдалцсан байх үед бол цохиогүй, зүгээр л надтай зууралдаж, түлхэлцсэн. Тэр зууралдаж байх үед бол ямар нэгэн гэмтэл шарх учраагүй...” /1 дүгээр хавтаст хэргийн 46-51 дэх тал/,

-насанд хүрээгүй хохирогч А.Б ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... А.Т  гэдэг залуу анх намайг миний уруул хэсэгт цохиж 1 шүд унагасан.Тэгээд түүний дараагаар ах Гантулга намайг хашаандаа ор гэж орилхоор нь би Жавхлангийн хамтаар хашаандаа орсон. Орох үед тэр Баагий буюу Батжаргал гэдэг нэртэй цагаан өнгийн канттай, хар өнгийн биеийн тамирын хослолтой залуу баруун гараараа зүүн шанаа хэсэг рүү цохисон, энэ нь үнэн. Гэхдээ түүний тэр шанаа хэсэг рүү цохисон цохилтоос ямар нэгэн гэмтэл, шарх учраагүй, шүүх эмнэлэг дээр очоод ямар нэгэн ул мөр байгаагүй болохоор шанхаа хэсэгтээ цохиулсан гэдгээ хэлээгүй. Гэмтэл учирсан буюу шүд цохиж унагасан хүн нь Төгөлдөрсайхан юм...” гэх мэдүүлэг / 1 дүгээр хавтаст хэргийн 72 дахь тал/,

- насанд хүрээгүй хохирогч А.Б ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...намайг цохисон хүн тэр хоёр хүн биш, дээрээс нэг намхан нуруутай цагаан футболктой зүүн хөмсгөндөө ээмэгтэй, зүүн гарынхаа шуу хэсэгтээ шивээстэй эрэгтэй хүн бууж ирээд гараараа шүд хэсэгт нэг удаа цохисон, тэр хүнийг би урьд нь харж байгаагүй танихгүй хүн байсан, би тэр хүнийг цохиогүй, тэгээд манай ахыг цохисон... тэгээд хашаанд ороход хар өнгийн бэлтгэлийн хувцастай шивээстэй ах намайг цохих гээд дайраад байхаар нь түлхсэн, тэгсэн цаашаа яваад өгсөн. Би гэмтлийн эмнэлэгт 2021 оны 07 дугаар сарын 18-нд үзүүлэхэд томографын зураг авхуул, шүдний эмчид үзүүл гэсэн. Тэгээд шүүх эмнэлэгт үзүүлсэн, шүдний хувийн эмнэлэгт болох Индранил эмнэлэгт 07 дугаар сарын 21-ний өдөр үзүүлэхэд 6 сарын дараа имплант шүд буюу суулгацтай шүд хийнэ гэж хэлсэн төлбөр нь 2.500.000-3.000.000 төгрөг гэсэн, ямар нэг эмчилгээ хийлгээгүй, томографын зураг л авхуулсан...”,”...Тухайн үед намайг зогсож байхад дээрээс нэг цагаан футболктой, хар шорттой ах гүйж ирээд шууд уруул хэсэгт цохисон, А.Т  гэдэг хүн байсан... Эхлээд ягаан үстэй ах болох Баяр-Эрдэнэ манай ахтай зууралдчихсан байсан, тэгээд намайг хашаанд ороход манай ах Гантулга хашааны гадна А.Т , Баяр-Эрдэнэ Шинэбаяр нартай үлдсэн. Батжаргал гээд хар биеийн тамирын хослолтой ах нь миний зүүн шанаа руу цохиод мод аваад дайраад байсан, тэгэхдээ гэмтэл учруулахаар цохиогүй...” /1 дүгээр хавтаст хэргийн 62-63, 70, 73-74 дэх тал/,

- хохирогч А.Т , насанд хүрээгүй хохирогч А.Б  нарыг мөрдөн шалгах ажиллагааны үед нүүрэлдүүлж авсан мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 65 дугаар дахь тал/,

- хохирогч А.Т ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Тэгсэн чинь Баяр-Эрдэнийн ах Заяа энэ хүмүүсийг таних юм байна гээд байж байсан чинь хоёр танихгүй залуу тухайн маргалдсан айлын хашаанаас давж гарч ирээд Заяа гэх ахтай хоорондоо нэг нэгнийгээ таньдаг бололтой ярилцаад байсан. Тэгээд надтай анх муудалцсан савхитай залуу дүүтэйгээ ирсэн. Тэгсэн чинь хашаа давж гарч ирсэн хоёр залуугийн нэг нь энэ банди мөн юм уу гэсэн чинь “мөн” гэсэн чинь нэг залуу нь миний зүүн нүд рүү нэг удаа цохиод авсан. Тэгээд миний зүүн нүднээс цус гараад би доошоо газар хэвтсэн  чинь нөгөө залуу нь миний зүүн хавирга цээж рүү өшиглөхөөр нь би одоо больё гэсэн чинь больчихсон юм... миний биед хашаа давж гарч ирсэн хоёр залуугийн зүүн билүү баруун гарын булчингийн гадна хэсэгт мааяа шивээстэй залуу зүүн нүд рүү нэг удаа цохисон...” /1 дүгээр хавтаст хэргийн 79-81 дүгээр хуудас/,

   - насанд хүрээгүй хохирогч А.Б , хохирогч А.Г , гэрч Н.Ж  нарыг нүүрэлдүүлж авсан мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 79-81 дэх тал/,

   - гэрч Г.Б ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...яг ямар зодоон цохион болсон талаар би хараагүй юм... намайг очих үед тухайн асуудал болоод өнгөрсөн хоорондоо зууралдсан байдалтай байсан. Хэн хэнийхээ хаашаа юугаар хэдэн удаа цохисон талаар би мэдэхгүй байна...” /1 дүгээр хавтаст хэргийн 116 дахь тал/,

   - гэрч Б.Б ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Тэгээд Шинэбаяр бид 2-ыг гэрт байж байхад А.Т  гаднаас орж ирээд илүүр бариад гарсан. Тэгэхээр нь түүнийг дагаар араас нь гарсан. Тэгээд эргээд зодоон болсон газар очиход А.Г ын найзууд гэх баахан залуучууд цугларчихсан байсан ба тэр залуучууд дундаас нь цээжээрээ нүцгэн, хөхнөөсөө мөрөө даваад тохой хүртэл үргэлжилсэн Мааяа загварын шивээстэй нэг залуу нь А.Т ыг барьж нүүр рүү нь хэд хэдэн удаа цохиж, газар унагаад хөлөөрөө өшиглөөд байсан юм. Тэгэхээр нь Шинэбаяр бид 2 буцаад гэр рүүгээ зугтчихсан. Учир нь аягүй олон залуучууд ирчихсэн байсан болохоор зугтсан. Тэгээд А.Т , Батжаргал нар эрүүлжүүлэхэд хоносон юм. Тэгээд одоо миний санаж байгаагаар ийм зүйл болсон. Тухайн зодооны маргааш нь бид зарим зүйлсийг нь санахгүй байсан. Гэтэл Шинэбаяр, А.Т  нар нь намайг тэр дүү Баяржаргалынх нь шүдийг өшиглөөд унагачихсан гэж яриад байсан болохоор мөрдөгч дээр мэдүүлэг өгөхдөө би өөрийгөө цохисон гэж мэдүүлэг өгсөн. Уг нь бол би цохисон эсэх болон хэн тэр дүүг нь цохисныг нь хараагүй болохоор санахгүй байгаа юм. Харин А.Т  нь тэр А.Г  гэх залууг газар унагаад дээрээс нь цохиж, өшиглөж байсныг бол санаж байгаа, учир зугтаая гээд түүнийг салгах гэсэн боловч салахгүй, түүнийг дээр нь цохиод байсан болохоор санаад байгаа юм. Цагдаа дээр ирээд сууж байхад тэр А.Г  болон дүү А.Б  нар нь намайг цохиогүй гэж хэлээд байсан, тухайн үед би гайхаж байсан боловч мөрдөгчдөө мэдүүлэг өгөхдөө цохисон гэж мэдүүлсэн. Шинэбаяр, А.Т  2 нь намайг цохисон гэж хэлээд байсан болохоор үгэнд нь итгээд тухайн үедээ тэгж мэдүүлсэн юм. ...А.Шинэбаяр нь тухайн үед нэлээн согтуу байсан болохоор буруу санаад мэдүүлсэн байх гэж бодож байна, би лав тэр дүү Баяржаргалынх нь нүүр рүү нь өшиглөж, шүдийг нь унагаагүй, мөн би хэн тэгснийг нь ч харж амжаагүй, А.Т ыг доошоо гүйж байхыг нь л харсан. Баяржаргал нь ч гэсэн өөрөө намайг нүүр рүү өшиглөж, шүдийг нь унагасан хүн биш гэж хэлсэн... Тэр хүнийг А.Т ыг цохихыг нь бол харсан, царай төрхийг нь одоо дүрсэлж хэлж мэдэхгүй байна, төрхийг нь бол одоо бас сайн санахгүй байна, харин шивээсийг нь бол хараад танина... Энэ хүн бол А.Т ыг цохисон хүн мөн байна, би царай төрхөөр нь биш биен дээрх шивээсээр нь таньж байна. Царай төрхийг нь харин сайн санахгүй байна...” /1 дүгээр хавтаст хэргийн 118-119 дахь тал/,

- гэрч Ш.Э гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...А.Т  бид хоёр хашааны гадаа зогсож байхад мааяа гэх гаран дээрээ шивээстэй залуу дээгүүрээ нүцгэн, нэг найзтайгаа хашаа давж гарч ирээд А.Т ыг учиргүй хавирч унагаагаад нүүр рүү нь нэг удаа өшиглөсөн. Тэгээд би болиулаад байж байсан чинь удаагүй цагдаа ирсэн...” /1 дүгээр хавтаст хэргийн 125-126 дахь тал/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 6431 дугаар шинжээчийн “...А.Г -н биед баруун зүүн нүдний доод зовхины зулгаралт, бугалга, тохойны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих, үрэх, дарах, шахах үйлдлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...” гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 135-136 дахь тал/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 6426 дугаар шинжээчийн “...А.Б ын биед зүүн дээд үүдэн нэгдүгээр шүд булгарал, дээд, доод уруулын зүүн талын дотор салстад язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 5% алдагдуулна. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...” гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 139-140 дэх тал/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 6465 дугаар шинжээчийн “...А.Т ын биед зовхи, хацар шанаа, нүдний алиманд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна...” гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 142-143 дахь тал/,

- шинжээч эмч Н.Туяагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...А.Т ын биед учирсан гэмтлүүд нэг хүчин зүйлийн үйлчлэлээр үүссэн. Энэ гэмтлийг тус тусад нь ялгах боломж байхгүй...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 146-147 дахь тал/,

- шинжээч эмч Н.Энхцолмонгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...А.Б ын биед учирсан гэмтэл, шархыг шалгах шаардлага байхгүй, нэг удаагийн мохоо зүйлийн удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Харин А.Г ын биед учирсан бугалга, тохойн зөөлөн эдийн няцрал гэмтэл нь дангаараа хөнгөн зэрэгт хамаарна...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 150 дахь тал/,

- шүүгдэг З.Ш ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...тогтоолыг хүлээн зөвшөөрч байна... мод барьсан залууг модоо хаячих гэж хэлсэн чинь өөдөөс модоо далайхаар нь намайг цохиж магадгүй гэж бодоод зүүн гараараа тэр мод барьсан залуугийн нүүр рүү нэг удаа цохисон...”, “...тэр цээж, хавирга руу өшиглөж цохисон гээд байгаа хүн нь бол би байгаа юм. Надтай хамт хашаа давж орсон хүн байхгүй...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 174, 181 дэх тал/,

- шүүгдэгч А.Т ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж байгааг хүлээн зөвшөөрч байна... Гантулга, Баяржаргал нарын нүүрэн тус газарт цохиж, хөнгөн зэргийн гэмтэл учруулсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 179-180 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч З.Ш ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан,

шүүгдэгч А.Т ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэмт буруутайд тус тус тооцож, тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна. 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт:

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хувь хүний байдал зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч З.Ш ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ял, 

шүүгдэгч А.Т т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэмт буруутайд 700.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэв.

Шүүгдэгч А.Т  нь Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 622 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 800.000 төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 700.000 төгрөгийн торгох ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 800.000 төгрөгийн торгох ялыг нэмж нэгтгэн нийт торгох ялыг 1.500.000 төгрөгөөр тогтоов. 

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан  эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.

Шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан шүүгдэгч З.Ш  3 сар, шүүгдэгч А.Т  7 сарын хугацаанд төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.

Шүүгдэгч З.Ш , А.Т  нар нь гэм буруугийн талаар, шүүгдэгч З.Ш ын өмгөөлөгч Ц.Оргил нь хэргийн үйл баримтын талаар маргаагүй болно.

Бусад асуудлын талаар:

Хохирогч А.Т  нь “...Миний бие ямар нэгэн гомдол саналгүй. Нэхэмжлэх зүйлгүй...” гэх тул шүүгдэгч З.Ш ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Насанд хүрээгүй хохирогч А.Б ын хууль ёсны төлөөлөгч Б.Б   нь баримтаар 128.500 төгрөгийн нэхэмжилснийг шүүгдэгч А.Т аас гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгуулж, шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй хохирогч А.Б ын хууль ёсны төлөөлөгч Б.Б   нь шүүхийн хэлэлцүүлэгт “...Үүдэн шүдийг нь эмчлүүлэхэд 2.5 сая төгрөг болох талаар эмч хэлсэн, мөн энэ гэмт хэргийн хохирогч гэх А.Г  нь 14 хоног ажил хөдөлмөр эрхлээгүй бөгөөд ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг мөн адил шүүгдэгчээс нэхэмжилж байна...” гэх боловч энэ талаар нотлох баримт байхгүй байх тул энэ шийтгэх тогтоолоор шийдвэрлэхгүй орхиж, насанд хүрээгүй хохирогч А.Б ын хууль ёсны төлөөлөгч Б.Б  , хохирогч А.Г  нар нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Шүүгдэгч З.Ш , А.Т  нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохын тус тус дурдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Гамбал овгийн З.Ш  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Харгайт овгийн А.Т ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч З.Ш ад Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял,

шүүгдэгч А.Т т Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Т т энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 700.000 төгрөгийн торгох ял дээр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 622 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 800.000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн, нийт торгох ялыг 1.500.000 төгрөгөөр тогтоосугай.  

4. Шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан шүүгдэгч З.Ш  3 /гурав/ сар, шүүгдэгч А.Т  7 /долоо/ сарын хугацаанд төлөхөөр тогтоож, шүүгдэгч нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч А.Т аас 128.500 төгрөгийг гаргуулж насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Чингэлтэй дүүргийн ... дугаар хороо ....... тоотод оршин суух Б.Б /РД: ..../-т  олгуулж, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б  , хохирогч А.Г  нар нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

6. Шүүгдэгч З.Ш  нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч З.Ш , А.Т  нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.   

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.Ш , А.Т  нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                            ДАРГАЛАГЧ,

 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Б.ХАЛИУН