Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 2022/ШЦТ/639

 

      2022        07          27                                    2022/ШЦТ/639

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Тэргэлсаран,

улсын яллагч Б.Дөлгөөн,

шүүгдэгч А.Э  /өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн А.Э д холбогдох эрүүгийн 2211007221247 дугаартай хэргийг 2022 оны 7 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

  Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Боржигон овгийн А.Э , 1978 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, дүү нарын хамт Чингэлтэй дүүргийн ... дугаар хороо, ........ тоотод оршин суух /иргэний үнэмлэхийн хаяг: Сонгинохайрхан дүүрэг ... дүгээр хороо ......... тоот/,  

Сүхбаатар дүүргийн шүүхийн 1996 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 384 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 6 жил хорих ялаар шийтгүүлж, 1996 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 1.4 дэх хэсэгт зааснаар дээрх ялаас өршөөн хэлтрүүлсэн,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 1997 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 339 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 131 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэгдсэн,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 1998 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 185 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жил 4 сарын хугацаагаар хорих ял шийтгэгдсэн,

 Нийслэлийн шүүхийн 2002 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн 22 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4, 125 дугаар зүйлийн 2, 225 дугаар зүйлийн 3, 267 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нийт 12 жилийн хугацаагаар хорих ял шийтгэгдсэн,

Баянгол дүүргийн шүүхийн 2009 оны 8 дугаар сарын 4-ний өдрийн 295 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 12 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэгдсэн,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2010 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 125 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 4, 147 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 11 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Баянгол дүүргийн шүүхийн 2009 оны 8 дугаар сарын 4-ний өдрийн 295 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 12 жил 6 сарын хорих ялын зарим болох 2 жилийг нэмж, 100.000 төгрөгийн хөрөнгө хурааж, нийт 13 жил хорих ял шийтгэгдэж Булган аймгийн шүүхийн шүүгчийн 2017 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 439 дугаартай захирамжаар суллагдсан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 373 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 13000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.300.000 төгрөгөөр торгох ял шийтгэгдсэн, регистрийн дугаар .........

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А.Э  нь 2022 оны 4 дүгээр сарын 29-ний 12 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо, Зүүн тасганы 6-71а тоотод өөрийн төрсөн дүү Н.Г тай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар түүний нүүр хэсэгт алгадаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн дүгнэлт:

Хавтас хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, оролцогч нарын өгсөн мэдүүлэг, тайлбараар шүүгдэгч А.Э  нь хохирогч Н.Г г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Дээрх үйлд баримт нь:

- хохирогч Н.Г гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би өөрийн нөхөр болон хүү, төрсөн ах А.Э  ийн хамт амьдардаг. Манай ах тухайн үед буюу 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэн гадуур явж байгаад орой 22 цагийн орчим гэртээ орж ирж унтсан. Маргааш өглөө нь буюу 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн өглөө манай нөхөр Мөнхбаатар гаднаас нэг том пиво авчирсан, түүнийг гурвуулаа хувааж ууцгаасан. Тэгээд манай нөхөр Мөнхбаатар хүүхдээ сургуулиас нь авна гээд сургууль руу явсан. Ах бид хоёр гэртээ үлдсэн байсан бөгөөд би ахдаа мөнгө төгрөгөө аятайхан зарцуулахгүй байна гэж хэлээд хэрэлдсэн. Намайг доромжлоод байхаар нь би ах руугаа дайраад цээж хэсгээс нь самардсан тэгтэл ах маань уурлаад намайг хоёр удаа баруун хацар луу гараараа алгадсан. Тэгэхээр нь би цагдаагийн байгууллагад хандсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20 дахь тал/,

- шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн 6480 дугаартай “...Н.Г гийн биед баруун зовхи, хацар, шанаа, эрүү, зүүн эгэм, хүзүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 26-27 дахь тал/,

- шүүгдэгч А.Э  ийн мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр өгсөн: “...би дүү Н.Г тай нөгөө пиво ууж сууж байгаад манай дүү бөө болно гээд мөнгө их үрсэн байсан тэрийг ярилцаж маргаан үүссэн байсан. Манай дүү Н.Г  их шартай хүн байгаа юм би газар байх орон дээрээ сууж байтал гэнэт ирээд намайг цохиод эхэлсэн тэгэхээр нь уур хүрээд өөрийнх нь орон дээр түлхэж унагаагаад 2 удаа зүүн гараараа хацар руу нь алгадчихаад уур хүрээд гаргаад явчихсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч А.Э  ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэмт буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна. 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт:

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.

Шүүхээс шүүгдэгч А.Э д эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.

Харин шүүгдэгч А.Э  нь Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 373 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 13000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.300.000 төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 600.000 төгрөгийн торгох ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 1.300.000 төгрөгийн торгох ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 1.900.000 төгрөгөөр торгох ялаар тогтоов. 

Шүүгдэгч А.Э д оногдуулсан торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 3 сарын хугацаанд төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.

Шүүгдэгч А.Э д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.

Бусад асуудлын талаар:

Хохирогч Н.Г  нь “...гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх тул шүүгдэгч А.Э  ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.4, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Александрын Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч А.Э д Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Э д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 600.000 төгрөгийн торгох ял дээр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 373 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 1.300.000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх ялыг 1.900.000 /нэг сая есөн зуун мянга/ төгрөгийн торгох ялаар тогтоосугай.   

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Э д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

5. Шүүгдэгч А.Э  нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.   

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Э д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Б.ХАЛИУН