Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/643

 

      2022        07          28                                    2022/ШЦТ/643

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Тэргэлсаран,

улсын яллагч О.Нандинцэцэг,

гэрч Н.Г , Р.М , Б.А ,  

хохирогч Б.А , түүний өмгөөлөгч Ц.Гансүх,

шүүгдэгч Л.Б , түүний өмгөөлөгч Д.Бурмаа нарыг оролцуулан Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Сартуул овгийн Л.Б д холбогдох эрүүгийн 2109013600872 дугаартай хэргийг 2022 оны 6 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

  Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Сартуул овгийн Л.Б , 1983 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, нөхөр, 6-14 насны 2 хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн ... дүгээр хороо, .......... тоотод оршин суух /иргэний үнэмлэхийн хаяг: Чингэлтэй дүүрэг ... дүгээр хороо, .......... тоот/, ял шийтгэлгүй, регистрийн дугаар ....

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Л.Б  нь 2021 оны 10 дугаар сарын 2-ны өдөр Чингэлтэй дүүргийн ...... дүгээр хороо, ............ тоотод үл ялих зүйлээр шалтаглан Б.А гийн нүүр хэсэгт цохиж, түлхэж унагаж биед нь хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, духанд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Л.Б  нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...10 дугаар сарын 01-ний өдөр намайг ажил дээр байхад Б.А  залгаж дуудсан. Яасан талаар лавлахад “дэлгүүр явах гэсэн тул чиний машин хэрэгтэй байна” гэхээр нь нөхрийг явуулсан. Нөхрийгөө явуулснаас хойш ирэхгүй 2-3 цаг болохоор нь араас нь очтол Б.А гийн 2 хүүхэд байсан. Хүүхдүүдээс нь хаачсан талаар асуухад “тэд нар дэлгүүр явсан, удахгүй хүрээд ирэх байх” гэхээр гэрт нь хүлээгээд сууж байтал гаднаас архи аваад ороод ирсэн. Урьд тэд нар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан бөгөөд бид үргэлжлүүлэн уусан. Гэтэл Р.М  болон Б.А  нар хоорондоо хэрэлдэж Б.А  нь аяга шидэж, зурагтаа хаглах зэргээр маргалдаад байхаар нь би нөхрөө аваад гэртээ ирсэн. Уг өдрийн дараа буюу 10 дугаар сарын 02-ны өдрийн өглөө Б.А  “ажилдаа яваагүй бол ороод ирээч” гэж залгасан. Ортол үлдсэн архиа хувааж ууж байсан бөгөөд би мөн уусан. Би Б.А д хандаж “чи өчигдөр зурагтаа хагалчихсан шүү дээ” зэргээр ярьж халааснаас 2000-3000 төгрөг гарахад нэг шил архи авна гээд Р.М ын гэрт очсон. Гэтэл Р.М  болон Б.А  нар дахин хоорондоо хэрэлдээд байхаар нь би “өчигдөр бас маргалдсан, одоо боль” гэхэд над руу аяга авч шидэн, үснээс зулгааж эхэлсэн. Миний зүгээс зодож, цохих үйлдлийг зогсоох зорилгоор Б.А г түлхэх шиг болсон. Нүүр лүү нь цохисон зүйлгүй...” гэв.

Хохирогч Б.А  нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...10 дугаар сарын 01-ний өдөр нөхөртэйгөө гэрээ барьж байсан ба Р.М  ирсэн. Хажуу талын дэлгүүр архи, согтууруулах ундааны зүйл зарахгүй байсан тул “Хуурай мухар”-луу Л.Б гийн нөхрийг гуйж явуулсан. Ирэхээр нь Р.М , Л.Б гийн нөхөр, би болон манай нөхөр бид 4 архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Нөхрийгөө Р.М тай асуудалтайг мэдэх ба уухаараа тус асуудлаас болж хардаж маргаан болдог нь үнэн. Үүний дараа Л.Б  ирсэн байсан бөгөөд Л.Б  нь нөхөртэйгөө маргалдаж, нөхөр нь зодно гэж дайраад байсан тул гараад явсан. Үүний дараах өдөр буюу 10 дугаар сарын 02-ны өдөр тал архи үлдсэн байсныг манай ээж ирэх гэж байсан тул би уухгүй талаар хэлж хоол хийж өгсөн. Р.М  ирсэн ба Л.Б гийн нөхөр Л.Б г “Ар Согоот”-оос авчирсан. Л.Б гаас ямар учраас “Ар Согоот”-д очиж хоносон талаар лавлахад “манай нөхөр зодох гэж дайраад байсан учир эгчийндээ очиж хоносон” гэж хэлсэн. Өглөө тэд нар өөрсдөө архи ууя гэж ирсэн ба Р.М  нь манайд тамхи асууж орж ирсэн. Тэд нар ирэн үлдсэн архиа хэрэглэсэн. Л.Б  нөхөртэйгөө маргалдаж, Р.М  бөөлжих зэргээр согтуураад байсан учир хүүхдүүдийг бодон Р.М ын гэрч очихоор болсон. Р.М ын гэрт очин 0,5 архиа задлан юм ярин сууж байтал хардалтын асуудлаас болж дахин маргаан үүссэн. Л.Б  согтууруулах ундааны зүйл хэрэглэсний дараа маш агсам болдог бөгөөд маш муухай үгээр орилоод байсан. Л.Б гийн нөхөр нь миний гарыг барьж, О.Мөнхзул хойноос зулгаах зэргээр гурван талаас нийлж зодсон. Би зугтаагаад голын цаанаас явж байхад гэрчээр оролцож буй А.Ганбат нь зодуулсан, цус болсон байдлыг харчхаад толбо байгаагүй гэж мэдүүлэг өгөөд байна...” гэв.

Гэрч Н.Г  нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...10 дугаар сарын 02-ны Л.Б гийн нөхрийн гэр лүү явж байсан. Явж байхад Б.А  нь согтуу зам голлоод яваад байсан. Надтай цуг явж байсан дүү “Б.А  эгч байна, хүргээд өгье” гэсэн бөгөөд зам дээрээс аваад гэрийнх нь үүдэнд очтол буухгүй байсан. Хүүхдээ дуудъя гээд хаалга онгойлготол хүү нь гарч ирсэн ба хүүдээ мөнгө авчир дэлгүүр орох талаар хэлсэн. Мөн охин нь гарч ирсэн бөгөөд хүүхдүүд нь мөнгийг нь олохгүй байсан. Би Б.А д гэр лүүгээ орохыг хэлтэл “би дэлгүүр орох хэрэгтэй байна, дэлгүүр орсны дараа эргээд намайг хүргээд өг” гэж хэлсэн. Хүүхдүүд нь түрийвчтэй мөнгийг нь олоогүй тул Батаа ахын гэрт хүргээд өг гэж надад хэлсэнд би хүргэж өгсөн. Эргээд Л.Б гийн нөхрийн гэр лүү яваад ортол Л.Б  үс нь сэгсийсэн байсныг хараад зодоон болсныг мэдсэн. Б.А  хойд талын сандалд суусан байсан бөгөөд эргэж харахдаа царай руу нь олон харсан ч биед гэмтэл учирсан талаар надад анзаарагдах зүйл юу ч байгаагүй. Хэрэв цус нөж болсон байсан тохиолдолд би анзаарах байсан. Согтуу хүний царай ямар байдаг яг тийм бүрзгэр царайтай байсан. Л.Б гийн тухайд үс нь сэгсийсэн, нүүр нь цус болсон байдалтай байсан. Би Л.Б г зодуулсан байна гэж харсан бөгөөд Б.А тай муудалцсан маягийн зүйл ярьсан. Би зодооны талаар нарийн зүйлийг мэдэхгүй. Б.А тай таарахдаа өдөр дундын алдад буюу 12 цагийн орчимд гэж санаж байна. Намайг Л.Б гийн нөхөртэй уулзах гээд очиход аль хэдийн Л.Б  зодуулсан (цус болсон, зарим хэсэг омголдсон) байдалтай байсан. Б.А г хүргэж өгсөн Батаа ахынх А.Б.А гийн гэрээс 100 метр орчмын зайтай. Тухайн үед би автомашин жолоодож байсан учир эрүүл байсан...” гэв.

Гэрч Р.М  нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Хэрэг 10 дугаар сарын 02-ны өдөр болсон. Дэлгүүр яваад өг гэж дуудаад тухайн орой Б.А тай бага зэрэг маргалдсан буюу аяга шидэж, зурагт хагалах зэрэг зүйл болсон. Өглөө унтаж байхад над руу залгаж “чи хүрээд ирэх юм уу” гэхээр нь тамхигүй болсон тул яваад очих талаар хэлсэн. Б.А тай архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээд байж байтал Л.Б , нөхрөөр хүргүүлэн үргэлжлүүлсэн уусан. Л.Б гийн халааснаас мөнгө гарч ирэхэд Б.А  нэмж архи авах талаар хэлсэн. Л.Б  орон дээр хэвтэж, Б.А  бид хоёр юм яриад сууж байтал Б.А  нөхрийн талаар яриад эхэлсэн. Л.Б  Б.А д хандаж “чи үргэлж хардалтын хэрүүл хийж байх юм” гэхэд Б.А  аяга авч шидэх зэргээс маргаан эхэлсэн. Орон дээр хэвтэж байсан Л.Б г Б.А  үсдэхэд, эргүүлэн Л.Б  түлхсэн. Л.Б гийн түлхэлтэд Б.А  ширээний өнцөг мөргөж унасан. Б.А г тэгтэл нь зодсон зүйлгүй, ширээ мөргөсний улмаас хамраас нь цус гарсан. Тухайн үед Л.Б гийн нөхөр байгаагүй буюу хүргэж өгчхөөд яваад өгсөн тул Л.Б , Б.А  бид гурав байсан. Уг маргааныг Б.А  намайг нөхөртэйгөө хардсан яриаг эхлүүлснээс үүдэлтэй. Б.А  нь Л.Б  руу аяга шидсэн. Б.А  нь Л.Б г үсдээд дарсан учир би болиулах гээд дийлэхгүй байсан. Тэгтэл зодоон гэж хэлэхээр зүйл болоогүй буюу түлхэхэд нь булаан мөргөн унахад хамраас нь цус гарсан. Үүгээр маргаан дуусгавар болсон. Миний хувьд урьд Б.А тай маргалдаж байсан зүйлгүй. Зарим тохиолдолд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үед Б.А  агсам талдаа хүн учир элдэв янзаар хэлдэг. Эмэгтэйчүүдийн маргаан учир нэгнийхээ үснээс зулгаасан болохоос бус нүүр хөхөртөл цохих, цус нөжтэйгөө холилдох зэрэг зүйл болоогүй учир тэгтэл зодоон гэж тодорхойлохгүй байна. Л.Б  нь Б.А г зодсон зүйлгүй. Үсдээд дараад байхаар нь түлхсэн үйлдлийн улмаас унахдаа зурагтын өнцөг мөргөсөн. Б.А гийн биед учирсан гэмтлийн зэргийн талаар нарийн мэдэхгүй.  Би архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн ч болсон үйл явдлыг санах хэмжээнд хэрэглэсэн байсан...” гэв.

Гэрч Б.А  нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Гэртээ хоол хийгээд 2 хүүхэдтэй байж байхад гэрийн гадаа машины сигнал дуугаргасан. Би хүүхдүүдэд хандаж хэн байгаа талаар хараад ир гэхэд хүүхдүүд эргэж орж ирэн “ээжийн нүүр, ам цус болсон зодуулсан байна” гэж хэлсэн. Эхнэр гаднаас орж ирэхдээ нүүр ам битүү улайсан, цус гарсан, зулгарсан, хувцас нь битүү цус болсон байдалтай байсан. Би юу болсон талаар лавлахад “тэд нар намайг алах шахлаа, би зугтаж гарч ирлээ”  гэж хэлсэн бөгөөд Р.М ын гэрээс голоор дамжиж ирсэн буюу хувцас нь шавар босон байсан. Би сандраад цочирдсон учир харж чадахгүй байсан. Л.Б  босож ирээд шууд цохиж, дайрсан ба түүнээс хойш юу болсон нь мэдэгдэхгүй гурван талаас дайрсан. Толгойнд хавдар гарсан, хүзүү самардуулсан, боолгосон, нүд нь хөхөрч тагларсан байдалтай байсан. 10 дугаар сарын 01-ний өдөр Батаагийнд хоноод маргааш нь буюу 10 дугаар сарын 02-ны өдөр гэртээ ирсэн. Надад А.Ганбатын машинтай Батаа ахынд очоод эргээд гэртээ ирсэн гэж хэлсэн. Тухайн өдөр нь цагдаагийн байгууллагад шууд хандаагүй. Зодсон гэх хүмүүс нь ирж уулзаж учирлах байх гэж бодсон ч аргагүйн эрхэнд буюу Б.А гийн биеийн байдал муудаад байсан учир хандсан. Урьд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэдэгт шийтгүүлсэн нь би Б.А тай хашааны гадна муудалцахад манай хүүхэд ааваас ичиж байна гэж уурласнаас үүдэн цагдаад дуудлага өгсөн зүйл болсон байдаг. Эхнэр гаднаас орж ирэхдээ боолгуулсан, самардуулсан зэрэг орж ирсэн учир баталгаажуулах үүднээс зургийг нь дарсан. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй бөгөөд. Эхнэр маргалдаж байхдаа над руу аяга шидэхэд нь булттал зурагтыг оноод хагалсан. Манай эхнэр Р.М тай харддаг асуудал байдаг...” гэв.

Гэм буруугийн дүгнэлт:

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар шүүх хуралдааны явцад хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд хэлэлцэж, шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор харьцуулан гэмт хэрэг гарсан байдлыг нотлов.

Шүүгдэгч Л.Б  нь 2021 оны 10 дугаар сарын 2-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Булгийн зуслангийн задгай тоотод үл ялих зүйлээр шалтаглан Б.А гийн нүүр хэсэгт цохиж, түлхэж унагаж биед нь хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, духанд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь

- зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 11 дэх тал/,

- хохирогч Б.А гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 2-ны өглөө Мөнхзул манай гэрт архи нь сайн гараагүй, тамхи байна уу гэж ирсэн. Тэгтэл Сайнбилэг эхнэр Л.Б гаа аваад ирсэн...., ... тэр гурав өмнөх орой үлдээсэн 0,75 0,5 литрийн архийг уусан. ...Сайнбилэгээр дөрвүүлээ Мөнхзулынх руу хүргүүлээд 0,5 литрийн Хараа архийг хувааж уугаад байж байсан. ...Би Мөнхзултай нөхрийгөө хардаж маргалдаад байж байтал Л.Б  “чи нөхрийгөө хий хардлаа” гээд надтай маргалдаад, намайг доромжлоод “чи юу гэнээ” гээд босоод ирэхээр нь би өөдөөс нь босоод зогсоод байж байтал нөхөр Сайнбилэг нь ширээний араас босож ирээд намайг гараас маань бариад авсан. Тэгтэл Мөнхзул, Л.Б  хоёр намайг зодсон. Сайнбилэг салгах гэж орж ирээд миний хоёр гарыг барьтал Л.Б , Мөнхзул хоёр нүүр лүү цохисон. Хэн нь яаж цохисоныг хараагүй. Миний хоолойг Л.Б  боож ам руу маань цохисон. Мөнхзул орилоод байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26 дахь тал/,

- гэрч Р.М ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Л.Б  манай орон дээр хэвтэж байтал Б.А  намайг нөхөртэйгөө хардаад надтай хэрүүл хийгээд байсан. Тэгтэл Л.Б  өндийгөөд “чи одоо болиоч дандаа бөгсний хэрүүл хийж байх юм” гэтэл Б.А  Л.Б  руу аяга авч шидээд, Л.Б гийн дээрээс нь дараад үснээс нь зулгаагаад ноцолдоод эхэлсэн. Л.Б  түлхтэл Б.А  манай зурагтын тавиурыг мөргөж унасан. ...тухайн зодоон болоход бид гурваас өөр хүн байгаагүй, зодуулсны дараа Л.Б гийн нөхөр ирж авсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 34 дэх тал/,

- гэрч Б.А ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...10 сарын 2-ны өглөө Мөнхзул, Л.Б , Сайнбилэг нар манайд үлдсэн ба өчигдрийн үлдсэн тэр хэд хувааж уугаад Мөнхзулынх руу явна гээд 11 цагийн үед гараад явсан. Б.А  14 цагийн үед хүнд зодуулсан байдалтай духан дээрээ олон хавдартай, хувцас нь битүү цус болсон, шавар шавхай болсон байдалтай ирээд би зугтаж ирлээ, тэр гурав намайг зодсон...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 43 дахь тал/,

- гэрч М.М ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би тухайн өдөр Б.А , Алтантулга хоёрын гэрт өдрийн 16 цагийн үед очиход Б.А гийн хоёр нүд хөхөрсөн, духан дээрээ хавдартай хүнд зодуулсан байдалтай ба болсон явдлын талаар асуухад Л.Б , Сайнаа, Мөнхзул нар намайг ийм болгочихлоо, зодчихлоо гэж уйлж байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 45 дахь тал/,

- шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн 9566 дугаартай “...Б.А гийн биед хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, духанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх үед үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 47-48 дахь тал/,

- шүүгдэгч Л.Б гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...гараараа миний нүүр лүү цохиход уруул хамраас цус гарсан. Би Б.А г түлхэж өөрөөсөө холдуулсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 63 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар нь “...Л.Б  нь Б.А г зодож, гэмтэл учруулаагүй, эргэлзээтэй тул цагаатгаж өгнө үү...” гэх боловч шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон хавтаст хэрэгт бичгийн нотлох баримтуудаар Л.Б гийн гэм буруу нотлогдон тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Р.М /хх-33-34/, М.Мөнхтулга/хх-45/, Б.А /хх-42-43/, хохирогч Б.А гийн мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт/хх-47-48/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна. Харин шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Р.М  мэдүүлэхдээ “...Л.Б  нь Б.А г зодоогүй, тухайн үед Б.А д гэмтэл учраагүй, тийм ч сүртэй хэрүүл маргаан болоогүй...”, гэрч М.Мөнхтулга мэдүүлэхдээ “... Хэрэг болсон гэх үед би Б.А д ямар нэгэн зодуулсан, ил харагдах шарх сорви байгаагүй, харахад их архи уусан, согтуу шинжтэй байсан болохоос зодоон хийсэн шинжгүй байсан...” гэх боловч тэдгээрийн мөрдөн байцаалтан үед өгсөн мэдүүлэг нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байгаа үйл баримттай тохирч байх тул мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгийг үнэн зөв гэж тооцов.

Шүүх хуралдааны үед шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Бурмаа нь нотлох баримтаар шүүгдэгч, хохирогч нарын Зөрчлийн арга хэмжээ авагдаж байсан талаарх Цагдаагийн АСАП сангийн лавлагаа болон шүүгдэгч Л.Б гийн гэрэл зураг зэргийг гаргаж өгсөн боловч эдгээр баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж аваагүй байх тул нотлох баримтаар тооцоогүй болно.

Түүнчлэн хохирогч Б.А  нь Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 2-р хэлтэст “...Р.М , Б.Л.Б , Ж.Сайнбилэг нар нь гуравуулаа намайг нийлж зодсон...” гэх агуулга бүхий өргөдөл, гомдол гаргаж байсан бөгөөд тухайн үед авсан гэх гэрэл зургийг нотлох баримтаар гаргаж өгч, хэрэгт хавсаргасан боловч шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн өмгөөлөгчөөс “...гэмтлийн зэрэг болон гэмт хэргийг хэн үйлдсэн тал дээр маргах хууль зүйн боломжгүй тул ямар нэгэн саналгүй...” гэх тул шүүх шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэсэн болно.

Иймд шүүгдэгч Л.Б г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэмт буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна. 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт:

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.

Шүүхээс шүүгдэгч Л.Б  эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.

Шүүгдэгч Л.Б д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.

Шүүгдэгч Л.Б д оногдуулсан торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 3 сарын хугацаанд төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.

Бусад асуудлын талаар:

Хохирогч Б.А  нь баримтаар нэхэмжилсэн зүйлгүй боловч “...хохирлоо жич нэхэмжилнэ, гомдолтой...” гэх тул шүүгдэгч Л.Б г энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйл, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Сартуул овгийн Л.Б г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Л.Б д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

4. Хохирогч Б.А  нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн гэм буруутай этгээдээс иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

5. Шүүгдэгч Л.Б  нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.   

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Б д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Б.ХАЛИУН