| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Боролзойн Халиун |
| Хэргийн индекс | 186/2021/0065/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/661 |
| Огноо | 2022-08-10 |
| Зүйл хэсэг | 22.1.2., |
| Улсын яллагч | Б.Бүжинлхам |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 08 сарын 10 өдөр
Дугаар 2022/ШЦТ/661
2022 08 10 2022/ШЦТ/661
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Халиун даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Тэргэлсаран,
улсын яллагч Б.Бүжинлхам,
шүүгдэгч Н.У , түүний өмгөөлөгч П.Сарантуяа нарыг оролцуулан Нийслэлийн прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3-д заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дөрвөн уул овгийн Н.У т холбогдох эрүүгийн 1702002540285 дугаартай хэргийг 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Дөрвөн уул овгийн Н.У , 1962 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 59 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ерөнхий цэргийн команд мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл 3, эхнэр, 7 настай хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн ..... хороо, ......... тоотод оршин суух,
Баянзүрх дүүргийн шүүхийн 2002 оны 07 дугаар сарын 19-ний өдөр 599 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан, регистрийн дугаар ..........
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Н.У нь Нийслэлийн Онцгой байдлын газрын даргаар ажиллаж байхдаа Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйл “Төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг үүрэг”, 37.1.1-д “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх”, 37.1.2-д “өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх”, 37.1.7-д “төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх”, мөн хуулийн 39 дүгээр зүйл “Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагаанд хориглох зүйл”, 39.1.2-д “албаны эрх мэдлээ хэтрүүлэх”, 39.1.4-т “...албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах...” гэснийг, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн...” гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно...”, Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6-д “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”, 7.1.7-д “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх” гэснийг тус тус зөрчиж Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2014, 2016 онуудад онцгой байдлын үед хэрэглэх аврах багаж, тоног төхөөрөмж, техник хэрэгслийг худалдан авах мэдээллийг ашиглан, Нийслэлийн Онцгой байдлын газарт “үйлчлэгч, цахилгаанчин, туслах ажилтан, орчуулагч”-аар ажиллаж байсан Б.Н ын нэр дээр “Тэнгэрийн давалгаа” ХХКийг 2014 оны 7 дугаар сарын 02-ны өдөр “Галын машин, механизм, тоног төхөөрөмжийн худалдаа, түрээс, аялал жуулчлал”-ыг эрхлэх үйл ажиллагааны чиглэлээр үүсгэн байгуулан, гүйцэтгэх захирлаар бүртгүүлж, Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас зохион байгуулсан тендер сонгон шалгаруулалтад өөрөө бичиг баримтыг нь бүрдүүлэн тус компанийг оролцуулж, 2014 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 10/639 дугаартай албан бичгээр ой хээрийн түймэр унтраах 2 ширхэг автомашиныг нийлүүлэх шууд гэрээг “Тэнгэрийн давалгаа” ХХК-тай байгуулах саналыг Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт хүргүүлж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт 2014 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр НХААГ-14/0028 дугаартай 200.000.000 төгрөгийн үнэ бүхий 2 ширхэг “Ой хээрийн түймэр унтраах тусгай зориулалтын автомашин нийлүүлэх гэрээг” байгуулж, Бүгд Найрамдах Солонгос улсын “Hanseo Precision Industry” /Хансо Прэсишн Индастри/ ХХК-аас 2 ширхэг тээврийн зардал, татвар орсон 188,662,614 төгрөгийн ой хээрийн түймэр унтраах тусгай зориулалтын автомашин нийлүүлж, өөртөө давуу байдал бий болгож, Нийслэлийн Засаг даргын тамгын газарт 200.000.000 төгрөгийн, Мөн үргэлжилсэн үйлдлээр 2015 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 10/318 дугаартай “...Тэнгэрийн давалгаа” ХХК нь 2014 онд ой хээрийн түймэр унтраах 2 ширхэг автомашиныг хугацаанд нь нийлүүлж байсан” талаар дурдсан албан бичгийг Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт хүргүүлж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Нийслэлийн Онцгой байдлын газарт 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдөр НОБГ-16/01 дугаартай 340.000.000 төгрөгийн үнэ бүхий 2 ширхэг “Ой хээрийн түймэр унтраах тусгай зориулалтын автомашин нийлүүлэх гэрээг” байгуулж, Бүгд Найрамдах Солонгос улсын “Hanseo Precision Industry” /Хансо Прэсишн Индастри/ ХХК-аас 2 ширхэг тээврийн зардал, татвар орсон 211.571.428.76 төгрөгийн ой хээрийн түймэр унтраах тусгай зориулалтын автомашин нийлүүлж, өөртөө давуу байдал бий болгож, Нийслэлийн Засаг даргын тамгын газарт нийт 540.000.000 төгрөгийн их хэмжээний хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
- шүүгдэгч Н.У нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “....Миний бие Нийслэлийн Онцгой байдлын газарт 32 жил ажиллаж, 2017 онд тэтгэвэр тогтоолгосон. Уг хугацаанд гал сөнөөгч аврагчаас газрын дарга хүртэл дэвшин ажилласан. Би 2017 оноос хойш 5 гаруй жилийн хугацаанд 129,765,957 /зуун хорин есөн сая долоон зуун жаран таван мянга есөн зуун тавин долоон/ төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт холбогдон шалгагдаж байна. Нийслэлийн Онцгой байдлын газарт ажиллах байх хугацаанд ямар нэгэн байдлаар асуудалд холбогдож байсан удаагүй буюу хувийн ашиг сонирхол, хувьдаа эд хөрөнгөтэй болох бодол огт байгаагүй. Мөрдөн шалгах ажиллагаанаас авхуулж миний болон хүүхдүүдийн дансыг шалгах зэргээр өөртөө ашиг хонжоо олсныг тогтоож өгөхийг хүссээр ирсэн. Болсон үйл явдлын тухайд, 2014 онд 2 галын машин, 2016 онд 2 галын машин нийт 4 галын машин худалдаж авсан. 2014 онд 200,000,000 /хоёр зуун сая/ төгрөг Нийслэлийн засаг даргын тамгын газраас төлөвлөж өгсөн боловч бодит байдалд 200,000,000 төгрөгөөр 2 галын машин гэж байхгүй тул тендерийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарласан боловч нэг ч компани ороогүй. Галын машин үнэтэй буюу 1,000,000,000 /нэг тэрбум/ орчим төгрөгөөр үнэлэгддэг. Би Нийслэлийн Онцгой байдлын газарт ажиллаж байх сүүлийн 10 жилийн хугацаанд онцгой байдлын албыг бэхжүүлэх үүднээс Бүгд Найрамдах Солонгол Улс (БНСУ)-тай хамтран ажилласан нь холбогдох гэрээ, баримтуудаас харагдана. Бүгд Найрамдах Солонгол Улс дахь Онцгой байдлын газрын албаны хүмүүсийг урьж авчрах, хамтын ажиллагааг гүйцэтгэх, нөгөө талд хувийн журмаар харилцах зэргээр ажиллаж байсан. Төрийн албанд боловсон хүчний асуудлаас гадна албыг бэхжүүлэхэд хөрөнгө, санхүүгийн асуудал чухал байдаг. Нийслэлийн Онцгой байдлын газар мөн адил уг зовлонг туулж буюу хөрөнгө мөнгө төсөвлөдөггүй, төсөвлөсөн мөнгө хүрэлцдэггүй. Миний бие 200,000,000 төгрөгөөр галын машин авах саналыг оруулж, 200,000,000 төгрөг төсөвлөснийг танил найзуудыг гуйж машиныг оруулж ирсэн. Уг авчирсан машин Монгол улсад анх удаагаа орж ирсэн ой хээрийн түймрийг унтраах зориулалттай машин юм. Богд Хан уул болон зуслангийн газруудаар ой хээрийн түймэр их гардаг. 10 тонн ус тээвэрлэсэн галын машин тулаад дээш гардаггүй учраас онцгой байдлын албан хаагчид усны саванд ус тээвэрлэн дээш зөөж галыг унтраадаг байдлыг өөрчлөх зорилгоор тус нөхцөл байдалд тохирсон галын машиныг оруулж ирсэн юм. Оруулж ирэх гэтэл төсөвлөсөн мөнгө хүрэлцэхгүй, тендерт оролцох компани байхгүй нөхцөлийн улмаас миний бие найзыгаа гуйж компани байгуулах санал тавьсан. Мөнгийг буцаан хураалгахгүйн тулд ямар нэгэн байдлаар галын машин авахын тулд тус үйлдлийг гаргасан юм. Би өөрийн үйлдлийг бүрэн өмгөөлөхгүй, хууль эрх зүйн мэдлэг дутуу байдлын улмаас гаргасан алдааг хүлээн зөвшөөрч байна. 2014 онд оруулж ирсэн галын 2 машин одоо хүртэл ажиллаж, бүх газруудаар явж байгаа гэдгийг дурдах нь зүйтэй. 2016 онд мөн адил тендер шууд худалдан авах гэрээгээр Нийслэлийн засаг даргын тамгын газраас Нийслэлийн Онцгой байдлын газарт эрх олгосны дагуу зохион байгуулсан. Галын машиныг оруулж ирэхдээ мөн ялгаагүй танил талаараа гуйж оруулж ирсэн. Бүгд Найрамдах Солонгол Улс дахь Онцгой байдлын албатай сүүлийн 5 жил нөхөрлөхдөө Солонгос улсаас 2017 оноос хойш 15 нэр төрлийн машин техник авчирсан. Улсын төсвөөс нэг ч төгрөг гаргуулалгүйгээр 9 эмнэлгийн машиныг иж бүрэн тоноглолтойгоор оруулж ирсэн бөгөөд одоо зориулалтын дагуу ашиглагдаж буй. Хамгийн сүүлд Сөүл хотод 4 ширхэг байдаг 500,000,000 төгрөгийн үнэтэй сургалтын том галын машиныг (зураг 1, 2 үзүүлэв) авчирсан. Ардын хувьсгалын 100 жилийн ойгоор Сүхбаатарын талбайд миний оруулж ирсэн галын машиныг (зураг 3 үзүүлэв) үзүүлсэн байдаг. 2016 онд Нийслэлийн Засаг даргын төсвөөс 4,500,000,000 /дөрвөн тэрбум таван зуун сая/ төгрөг гаргуулж бага насны хүүхдүүдэд сургалтын төвийг байгуулж, барилгыг бариулсан. Тус сургалтын төв Нийслэлийн Хан-Уул дүүрэгт байрлалтай ба цэцэрлэгийн насны, ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүд очиж гамшгийн эсрэг сургалтыг авдаг. Сургалтын төвд галын машинтай болох талаар бодож маш олон удаа Солонгос улс руу 1-3 хоногийн хугацаатай зорчиж (холбогдох баримт хавтаст хэрэгт авагдсан) байсан. Уг машин ерөнхий боловсролын сургуулийн программд хамгийн хэрэгцээтэй боловч огт байдаггүй сургалт болох гамшгийн эсрэг сургалтад ашиглагдах зориулалттай. Тухайлбал, утаатай орчинд хэрхэн ажиллах, өндрөөс хэрхэн буух талаар онцгой байдлын албан хаагчид зааж өгдөг. Ийм үр нөлөөтэй галын машиныг хувийн шугамаар оруулж ирсэн буюу 19,000,000 /арван есөн сая/ төгрөгийн үнэтэй. Би 32 жил ажилласан мэргэжлийн хүн, мэргэжилдээ дуртай хүн тул тус галын машиныг хараад авах бодол гарцаагүй төрнө. 3 жил улайран зүтгэсний эцэст галын машиныг оруулж ирсэн. Надад ямар нэгэн хувийн ашиг сонирхол, мэдээллийг ашиглаж өөртөө давуу байдал бий болгох санаа, зорилго огт байгаагүй. Уг машинуудыг хаана байгаа талаар, намайг үнэн ярьж байгаа эсэх талаар тогтоогоод өгөх талаар Авлигатай тэмцэх газар, прокурорын байгууллагад удаа дараа хүсэлтийг гаргасан. Шалгаж өгөөгүй тул дурдсан машинууд байгаа талаар зарим байгууллагуудаас албан бичиг авсан. Баян-Өлгий аймагт гэхэд 4 машин явж байгаа талаар бичгээр ирүүлсэн. Би гагцхүү эдгээр машинуудыг оруулж ирсэн. Түүнээс бус 129,765,957 /зуун хорин есөн сая долоон зуун жаран таван мянга есөн зуун тавин долоон/ төгрөгөөр хувьдаа машин авч унаагүй гэдгийг шүүх бүрэлдэхүүн тунгаан үзнэ үү. Шүүхийн шийдвэрийг хүндэтгэнэ....” гэв.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар шүүх хуралдааны явцад хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд хэлэлцэж, шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор харьцуулан гэмт хэрэг гарсан байдлыг нотлов.
Шүүгдэгч Н.У нь Нийслэлийн Онцгой байдлын газрын даргаар ажиллаж байхдаа үргэлжилсэн үйлдлээр албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт их хэмжээний хохирол буюу 540.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь
- хохирогч, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хууль ёсны төлөөлөгч А.Ууганбаярын “...Мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон байгууллагад хохирлыг нэхэмжилнэ ...” гэх мэдүүлэг /7 дугаар хавтаст хэргийн 153-154 дүгээр тал/,
- гэрч Н.Г ийн “...Тэгээд Нийслэлийн Онцгой байдлын газраас Тэнгэрийн давалгаа ХХК-ийг санал болгосон бөгөөд тус компанийн ирүүлсэн тендерийн баримт бичгийг манай үнэлгээний хороо 2014 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хуралдаад “Тэнгэрийн давалгаа” ХХК-ийг тендерийн шаардлагыг хангасан материал ирүүлсэн гэж 200,0 сая төгрөгөөр машин нийлүүлэх гэрээ байгуулах зөвлөмжийг 2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Нийслэлийн Онцгой байдлын газарт хүргүүлсэн юм ...” гэх мэдүүлэг /5 дугаар хавтаст хэргийн 45-46 дугаар тал/,
- гэрч Д.Э “...Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга Н.У аас 2014 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 10/369 тоот албан бичгээр Тэнгэрийн давалгаа ХХК-тай шууд гэрээ байгуулах саналыг Нийслэлийн худалдан авах ажиллагааны газарт хүргүүлсэн болно ...” гэх мэдүүлэг /5 дугаар хавтаст хэргийн 55 дугаар тал/,
- гэрч С.Ж “...Н.У ын гуйлтаар найз нь ажил ихтэй байна энэ компанийг чи нэр дээрээ авчихаач гэсэн 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Тэнгэрийн давалгаа ХХК-ийг өөрийнхөө нэр дээр шилжүүлж авсан болно. Тэгээд Н.У тэтгэвэртээ гарсаны дараа завтай болохоор нь 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Н.У ын нэр дээр нь шилжүүлж өгсөн юм. Тэнгэрийн давалгаа ХХКийн Голомт банкны 1410017515 тоот данснаас 2016.06.30-ны өдөр 35,000,000 төгрөг, 2016.08.15-ны өдөр 40,000,000 төгрөгүүдийг би Н.У ын хэлснийх нь дагуу тус данснаас нь бэлнээр гаргаж аваад өөрт нь өгсөн ...” гэх мэдүүлэг /5 дугаар хавтаст хэргийн 109-110 дугаар тал/,
- гэрч Б.Н ын “...2014 билүү 2015 онд Н.У нь надаас ой хээрийн гал унтраах машин авах гэсэн чинь тухайн тендерийн бүх заалттай нийцэх компани олдохгүй байна, манайх өөрсдөө авах хэрэгтэй байна чи өөрийнхөө нэр дээр компани байгуулчих гэсэн. Тэгээд би Тэнгэрийн давалгаа ХХК-ийг үүсгэн байгуулсан. Би ганцаараа л хувьцааг 100 хувь эзэмшиж байсан. Надад энэ талаар мэдэх зүйл байхгүй... ...Тухайн үед хуулийн чиглэлээр ямар ч ойлголт байгаагүй учраас болох юм байна гэж ойлгож байсан. Одоо бол ингэж болохгүй юм байна гэдгийг ойлгож мэдсэн. Тухайн үед Н.У дарга надтай уулзаад Солонгос улсаас ой хээрийн түймэр унтраах зориулалттай автомашин оруулж ирэх хэрэгтэй байна. Тэнгэрийн давалгаа ХХК-ийг өөрийн нэр дээр бүртгүүлж болох уу гэхэд нь Н.У даргад итгэж захирлаар нь нэрээ бүртгүүлсэн. Түүнээс би компанийн үйл ажиллагаанд нэг ч удаа оролцож байгаагүй. Харин миний нэр тус компанийн захирлаар бүртгэгдсэн учраас зөвхөн баримт бичигт гарын үсэг зурдаг байсан. Түүнээс надад ямар нэгэн цалин хөлс, урамшуулал өгч байгаагүй. Тэнгэрийн давлагаа ХХК-ийн тамга, тэмдэг надад байгаагүй, харин Н.У даргад байдаг байсан ...” гэсэн дахин мэдүүлэг /7 дугаар хавтаст хэргийн 96-98 дугаар тал/,
- гэрч Я.Э “...Хугацааг нь сайн санахгүй байна. Намайг тэтгэвэртээ гарсны дараа 2015 онд Н.У надтай уулзаад Тэнгэрийн давалгаа ХХК-ийн захирлаар ажил гэдэг санал тавьсан. Тэгээд дээрх компанийн захирлаар томилогдсон 2016 оны 06 дугаар сар хүртэл ажилласан. 2016 оны 06 дугаар сард Тэнгэрийн давалгаа ХХК-ийг С.Жаргалсайхан гэх хүн рүү шилжүүлсэн. Бид 340 сая билүү, 360 сая төгрөгийн тендерт шалгаруулалтад оролцсон санаж байна. Тендер сонгон шалгаруулалтад би ганцаараа орсон. Харин Насантогтох гэх эмэгтэй орчуулгыг нь хариуцаж байсан. Харин Н.У 300.000.000 төгрөгөөс нэг ч төгрөг надад өгөөгүй. Би дээрх мөнгийг юунд зарцуулсан талаар мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /7 дугаар хавтаст хэргийн 93-95, 99-102 дугаар тал/,
- гэрч С.Ж “...Найз Н.У ын гуйлтаар 2016 оны зун Тэнгэрийн давалгаа ХХК-ийг өөрийнхөө нэр дээр шилжүүлэн авч байсан бөгөөд 2017 оны намар Н.У ын нэр дээр нь шилжүүлэн өгч байсан. Тэнгэрийн давалгаа ХХК-ийн баримт, бичиг тамга, тэмдэг нь надад байгаагүй ...” гэх мэдүүлэг /7 дугаар хавтаст хэргийн 104 дүгээр тал/,
- Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга Н.У ын 2014 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 10/639 дугаартай Нийслэлийн худалдан авах ажиллагааны газарт хүргүүлсэн “Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2014 онд санхүүжих хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээний жагсаалтын дагуу ой хээрийн түймэр унтраах 2 ширхэг автомашин нийлүүлэх шууд гэрээ хэлэлцээр байгуулахаар “Тэнгэрийн давалгаа” ХХК-г санал болгож байна” гэсэн агуулга бүхий албан бичиг /2 дугаар хавтаст хэргийн 2 дугаар тал/,
- “Тэнгэрийн давалгаа” ХХК-ийн 2014 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 01/07 дугаартай захирал Б.Н гарын үсэг зурсан Нийслэлийн худалдан авах ажиллагааны газарт хүргүүлсэн “Үнийн санал хүргүүлэх тухай” албан бичиг /2 дугаар хавтаст хэргийн 7-8 дугаар тал/,
- Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга Н.У “Тэнгэрийн давалгаа” ХХК-ийн захирал Б.Н од 2014 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 10/772 дугаартай албан бичгээр гэрээ байгуулах эрх олгох тухай албан бичиг /2 дугаар хавтаст хэргийн 46 дугаар тал/,
- Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга Н.У , “Тэнгэрийн давалгаа” ХХК-ийн захирал Б.Н нарын хооронд байгуулсан “Ой хээрийн түймэр унтраах тусгай зориулалтын автомашин нийлүүлэх гэрээ” 2014 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр байгуулсан, 200,000,000 төгрөгийн төсвийн хөрөнгөөр санхүүжүүлнэ /2 дугаар хавтаст хэргийн 47-48 дугаар тал/,
- Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 02/2108 дугаартай албан бичгээр “Тэнгэрийн давалгаа” ХХК-ийн эзэмшигчийн талаарх лавлагааг ирүүлсэн /4 дүгээр хавтаст хэргийн 156-157 дугаар тал/,
- Гаалийн ерөнхий газрын 01-1/1205 дугаартай албан бичгээр “Тэнгэрийн давалгаа” ХХК-ийн 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр үйлдсэн 1501955, 1501956 дугаартай гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлгийн хуулбар, Мөрдөгчийн Гаалийн ерөнхий газрын Статистикийн хэлтсээс 01-1/1205 дугаартай албан бичгээр ирүүлсэн 83 хуудас материалд үзлэг хийсэн тэмдэглэл /4 дүгээр хавтаст хэргийн 171-250 дугаар тал/,
- Б.Н , Я.Э нар нь Онцгой байдлын газарт ажиллаж байсан болохыг тогтоосон Нийслэлийн онцгой байдлын газрын 10/541 дугаартай албан бичиг /5 дугаар хавтаст хэргийн 14-22 дугаар тал/,
- Шүүгдэгч Н.У ын 2015 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 10/318 дугаартай “...2014 оны төсвийн хөрөнгө оруулалтаар НХААГ-14/0028 дугаартай Ой хээрийн түймэр унтраах тусгай зориулалтын автомашин нийлүүлэх тендерт гэрээ хийх эрхийг Тэнгэрийн давалгаа ХХК-д олгосноор 2014 оны 09 дүгээр сарын 23-наас 2014 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дотор нийлүүлэх гэрээ байгуулан ажиллаж нөхцөл шаардлагыг хангасан барааг хугацаанд нийлүүлсэн болно ...” гэсэн агуулга бүхий албан бичгийг Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт хүргүүлсэн /5 дугаар хавтаст хэргийн 71 дүгээр тал/,
- Н.У нь Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын хувьд, Тэнгэрийн давалгаа ХХК-ийн захирал Я.Э, Нийслэлийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Э.Г нар нь тус тус баталсан 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн “НОБГ-16/01” дугаартай гэрээний эх хувь /5 дугаар хавтаст хэргийн 72-73 дугаар тал/,
- шүүгдэгч Н.У ын 2015 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 10/318 дугаартай “...Ой хээрийн түймэр унтраах тусгай зориулалтын автомашин 2 ширхэг нийлүүлэх ажил /Дугаар НОБГ-16/01/ 340,000,000 /гурван зуун дөчин сая/ төгрөгөөр ирүүлсэн танай тендерт оролцогчдод өгөх зааварчилгаанд тусгасны дагуу залруулга, тохируулга хийсэн байдлаар манай байгууллага хүлээн зөвшөөрснийг мэдэгдье ...” гэсэн агуулга бүхий албан бичгийг Тэнгэрийн давалгаа ХХК-д гэж хүргүүлсэн /5 дугаар хавтаст хэргийн 74 дүгээр тал/,
- Нийслэлийн Онцгой байдлын газрын Захиргааны удирдлагын хэлтсийн дарга, дэд хурандаа Б.Б 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 10/910 дугаартай албан бичгээр улсын дугаар бүхий тусгай тоноглолтой автомашины танилцуулгыг ирүүлсэн /5 дугаар хавтаст хэргийн 126-135 дугаар тал/,
- Шүүгдэгч Н.У нь 2012 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Онцгой байдлын ерөнхий газрын дарга Т.Д 698 дугаартай тушаалаар Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын албан тушаалд томилогдож, -2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадралын Б/676 дугаартай тушаалаар мөн сарын 25-ны өдрөөс цэргийн алба хаасны тэтгэвэрт гаргажээ /6 дугаар хавтаст хэргийн 4-8 дугаар тал/,
- Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас 03/1294 дугаартай албан бичгээр ирүүлсэн “Ой хээрийн түймэр унтраах тусгай зориулалттай автомашин нийлүүлэх тухай” НХААГ-14/0028 дугаартай нээлттэй сонгон шалгаруулалтын материал /6 дугаар хавтаст хэргийн 86-206 дугаар тал/,
- Мөрдөгчийн тэмдэглэл: Монгол банкны холбогдох сайтаас Монгол банкны зарласан ханшийн талаарх мэдээллийг хуулбарлан авав /7 дугаар хавтаст хэргийн 46- 50 дугаар тал/, Н.У аас гаргаж өгсөн Голомт банкны 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн гадаад гуйвуулгын даалгавар, гадаад гүйлгээний баримт /7 дугаар хавтаст хэргийн 57-58 дугаар тал/,
- Цагдаагийн Ерөнхий газрын Интерполын үндэсний төв товчооны 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 07/356 дугаартай албан тоотоор Бүгд Найрамдах Солонгос Улсын Интерполын үндэсний төв товчооны хариуг, хавсралтын хамт ирүүлсэн баримт /7 дугаар хавтаст хэргийн 67-70 дугаар тал/,
- Бүгд Найрамдах Солонгос Улсын бичиглэл бүхий баримтын орчуулга /7 дугаар хавтаст хэргийн 213-214 дүгээр тал/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэж, 2015 оны Эрүүгийн хуулиар зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна.
Иймд шүүгдэгч Н.У ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Эрүүгийн хариуцлагын дүгнэлт:
Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.
Шүүгдэгч Н.У т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэхэд оролцсон оролцоо, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, хувийн болон ар гэрийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн зорилтод нийцүүлэн нийгмээс тусгаарлахгүйгээр хүмүүжүүлэх, нийгэмшүүлэх боломжтой гэж дүгнээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 6.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.
Шүүгдэгчид оногдуулсан нийтийн албанд томилогдох эрх хасах нэмэгдэл ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар торгох үндсэн ял оногдуулсан үеэс буюу шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс тоолж эхлэхийг тайлбарлав.
Шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 3 сарын хугацаанд төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.
Бусад асуудлын талаар:
Энэ гэмт хэргийн улмаас Нийслэлийн Засаг даргын тамгын газарт учирсан 540.000.000 төгрөгөөс нийлүүлсэн автомашины хохирлыг хасаж тооцон, үлдэх 129.765.957.24 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгуулж, хохирлоо 1 жилийн хугацаанд төлж барагдуулах үүрэг хүлээлгэв.
Хэдийгээр шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар хохирлоос хасаж тооцуулахаар 88.350.308 төгрөгийн жагсаалт бүхий баримт гаргаж өгсөн боловч шүүх уг жагсаалт болон баримтыг үндэслэн хохирлоос хасаж тооцох үндэслэлгүй гэж дүгнэв. Учир нь уг жагсаалтад дурдсан 2016-2017 онуудад БНСУ-д ажиллахад гарсан зардал, автомашины тоноглол болон сургагч багш нарын зардал гэх үнийг энэ хэрэгт хамааралтай гэж үзэх хангалттай нотлох баримтгүй, хохирлоос хасаж тооцох үндэслэл бүхий баримтгүй байх тул уг хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна.
Харин Н.У нь өөрт хохирол учирсан гэж үзвэл энэ талаарх асуудлаа Иргэний журмаар шийдвэрлүүлэх боломжтой болохыг дурдав.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, хэрэгт битүүмжлэгдсэн Н.У ын өмчлөлийн Хан-Уул дүүргийн ..... дугаар хороо, ...... тоотод байрлах 2 өрөө 54м2 орон сууцыг гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө гэж үзэх үндэслэлгүйгээс гадна түүний дан ганц хувьд ноогдох хөрөнгө гэж үзэх боломжгүй байх тул тус орон сууцыг битүүмжилсэн Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурорын 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 93 дугаартай тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.
Хохирогч Нийслэлийн Засаг даргын хууль ёсны төлөөлөгч А.У нь ээлжийн амралтаа авсан, утас нь холбогдох боломжгүй байсан бөгөөд, хохирогч нь шүүх хуралдаанд оролцох талаар хүсэлт гаргаагүй, А.У нь мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлэгт удаа дараа мэдүүлэг өгч байсан тул шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг оролцуулахгүйгээр түүний мэдүүлгийг шинжлэн судалж, хэргийг хянан хэлэлцсэн болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.4, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Дөрвөн уул овгийн Н.У ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3-д заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Шүүгдэгч Н.У т оногдуулсан торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 3 /гурав/ сарын хугацаанд төлж барагдуулах үүрэг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар нийтийн албанд томилогдох эрх хасах ялыг Н.У т торгох үндсэн ял оногдуулсан үеэс буюу шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс тоолж эхлэхийг тайлбарласугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.У аас 129.765.957.24 /зуун хорин есөн сая долоон зуун жаран таван мянга есөн зуун тавин долоон төгрөг хорих дөрвөн мөнгө/ төгрөгийг гаргуулан Нийслэлийн засаг даргын Тамгын газарт олгосугай. .
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 129.765.957.24 төгрөгийн хохирлыг 1 /нэг/ жилийн хугацаанд төлж гэмт хэргийн хор уршгийг арилгах үүрэг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах болохыг тайлбарласугай.
8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, Н.У ын өмчлөлийн Хан-Уул дүүргийн ... дугаар хороо, хэрэгт битүүмжлэгдсэн ....... тоотод байрлах 2 өрөө 54м2 орон сууцыг битүүмжилсэн Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурорын 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 93 дугаартай тогтоолыг хүчингүй болгосугай.
9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.У т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ХАЛИУН