| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвээгийн Ариунболд |
| Хэргийн индекс | 186/2022/0721/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/807 |
| Огноо | 2022-10-14 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | О.Нандинцэцэг |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 10 сарын 14 өдөр
Дугаар 2022/ШЦТ/807
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,
шүүгдэгч М.С,
нарийн бичгийн дарга А.Мөнхтүшиг,
улсын яллагч О.Нандинцэцэг нарыг оролцуулан,
Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Машбатын Сад холбогдох эрүүгийн 2211 01051 1377 дугаартай хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Боржигон овгийн Машбатын С, /РД: ./,
Монгол Улсын иргэн, 1996 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, “Rent pay” ХХК-д зөвлөх менежер ажилтай, ам бүл 6, эцэг эх, эмээ, хүүгийн хамт Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 43-26 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч М.С нь 2022 оны 06 дугаар сарын 08-ны өглөө Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Улсын их дэлгүүрийн 3 дугаар давхарт байрлах лангуунаас М.Төрчимэгийн эзэмшлийн “Samsung А-73” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 1,804,905 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 651 дугаартай яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд, хохирлын талаарх баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Гэм буруутайд тооцох тухайд:
Шүүгдэгч М.С нь шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлэн, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч оролцсон болохыг дурдаж байна.
Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч М.С нь 2022 оны 06 дугаар сарын 08-ны өглөө Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Улсын их дэлгүүрийн 3 дугаар давхарт байрлах лангуунаас М.Төрчимэгийн эзэмшлийн “Samsung А-73” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 1,804,905 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Энэ нь гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 7 дугаар тал/,
Хохирогч М.Төрчимэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2022 оны 06 дугаар сарын 08-ны өглөө 08 цаг 15 минутад ажил дээрээ ирсэн бөгөөд ажлаа хийж байгаад өөрийн суудаг ширээнийхээ шургуулгад өөрийн гар утсаа хийж үлдээгээд хажуугийн агуулахаас бараа авахаар явсан. Би лангуун дээрээ ганцаараа ажилладаг бөгөөд 11 цагийн үед 20 гаран насны эмэгтэй орж ирж үйлчлүүлээд пүүз өмсөж үзэхээр болсон. Тэгээд би эхний пүүзийг нь агуулахаас гаргаж ирээд өмсүүлж үзүүлээд “дахиад нэгийг авъя” гэхээр нь эргээд агуулах руугаа ороод пүүз аваад гараад ирэхэд нөгөө эмэгтэй над руу сандарсан янзтай хараад, яарсан байдалтай гараад явж байсан. Тэгээд хоёр пүүзээ эргүүлээд агуулах руу оруулчхаад ширээн дээрээ ирж шургуулгаа татаад гар утсаа авах гэтэл алга болсон байсан. Тэгэхээр нь хажуугийн тасгийн хүнээр өөрийн дугаар руу залгуулсан чинь холбогдох боломжгүй байсан. Тэгэхээр нь би зохион байгуулагчаас зөвшөөрөл аваад хяналтын камер шүүж үзэхэд надаар үйлчлүүлж байсан тэр пүүз өмсөж үзэж байсан эмэгтэй намайг эхний удаа агуулах руугаа пүүз авахаар орох үед миний утсыг шургуулгаас аваад дахин намайг агуулах руу орох үед гараад явж байгаа бичлэг бичигдэн үлдсэн байсан. Хамгийн сүүлд гар утасныхаа байршлыг тогтоож үзэхэд “Теди” худалдааны төв дээр асаасан байсан. “...Одоо тэр эмэгтэйг харвал танина...” гэх /хавтаст хэргийн 26 дугаар тал/,
Гэрч Ж.Алтанболд мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 11 цаг 30 минутын үед Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, “Теди” төвийн зүүн хойд хаалган дээр зогсож байхад 25-30 орчим насны хар хувцастай эмэгтэй хүн ирээд утас авах уу гээд зарах гэж байсан харахад ар талдаа 3 ширхэг босоо том камертай, 1 жижиг камертай, спичкатай, ногоон цэнхэр өнгөтэй “Самсунг Галакси А-73” загварын гар утас байсан. “...Тэгээд утсыг нь үзчихээд “скайтел” төвийн Хаан банкны АТМ-ээс 300,000 төгрөг бэлнээр авч өгсөн. Би тухайн утсыг авахдаа “самсунг “А53” гэж харсан бөгөөд маргааш нь надад тухайн утас алдсан хүний нөхөр нь алдсан утасны хайрцаг болох “Самсунг А-73” загварын гар утасны хайрцаг харуулсан ба ийм утас орж ирвэл залгаарай гээд 95093443 дугаар орхиод явсан. Тэгээд 2 хоногийн дараа буюу 2022 оны 06 дугаар сарын 11-ний өглөө нөгөө утсаа сайн хараад үзтэл “Самсунг А-73” мөн, өнгө нь таарч байсан тул тухайн захисан залуу руу утасдаад 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр цагаан ултай хар өнгийн “nike” загварын кеттэй, трапецан өмдтэй, дотуураа шаргал өнгийн хөндлөн судалтай цамцтай, “Swoosh" гэх ар талдаа хар өнгийн бичиглэлтэй хар өнгийн куртиктэй, хар өнгийн одоо барьж байгаа хар цүнхтэй 25-30 орчим насны цагаан өнгийн масктай эмэгтэй хүн байсан, мөн 300,000 төгрөгөөр худалдаж авсан гэдгээ хэлсэн тул тухайн залуу над руу дансаар 10:27 цагт мөнгө шилжүүлэн өгөөд утсаа буцаагаад аваад явсан...” гэх /хавтаст хэргийн 35 дугаар тал/,
“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 38-39 дүгээр тал/,
хохирогч М.Төрчимэгээр таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хавтаст хэргийн 8-13 дугаар тал, гэрч Ж.Алтанболдоор таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 14-19 дүгээр тал/
Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл/ хавтаст хэргийн 22-23 дугаар тал/
Шүүгдэгч М.С мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2022 оны 06 сарын 08-ны өглөө Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо Улсын их дэлгүүрт ороод 3 давхарт спорт хувцасны тасаг дотор явж байгаад тухайн тасгийн худалдагч эмэгтэй агуулах руугаа орсон хойгуур нь тухайн дэлгүүрийн лангуун дээр байсан ногоон цэнхэр туяатай саарал өнгийн кейстэй ухаалаг гар утас байхаар нь авчихсан юм. Тэгээд тухайн “Самсунг А-73” загварын гар утсыг аваад их дэлгүүрээс гараад “Тэди” худалдааны төвийн утасны ченжид 300,000 төгрөгөөр зарсан юм...” /хавтаст хэргийн 36 дугаар тал/,
Шүүгдэгч М.С шүүхийн хэлэлцүүлэгт, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлгээр тус тус нотлогдож байна.
Хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтууд, шүүгдэгчийн мэдүүлэгтэй агуулгын хувьд нийцсэн, харилцан уялдаатайгаар нотлогдож байх ба энэ талаар улсын яллагч үндэслэл бүхий дүгнэлт хийж яллах дүгнэлтэд тусгасныг дурдах нь зүйтэй.
Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч М.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.
Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм буруугаа анхнаасаа хүлээн зөвшөөрч хохирогчид хохирол төлбөр төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, хувийн байдал болох бага насны хүүхэдтэй, ажил хөдөлмөр эрхэлдэг зэргийг нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж, оршин суух газар, ажлаа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэж түүнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулав.
Шүүгдэгч М.С нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах болохыг тайлбарлав.
Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.
Хохирогч М.Төрчимэг эд зүйлээ биетээр хүлээн авсан хохиролгүй /хавтаст хэргийн 30 дугаар тал/ гэх тул шүүгдэгч М.Сыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
Шүүгдэгч М.С нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овгийн Машбатын Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 6 /зургаан/ сарын хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суух газар, ажлаа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.С нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тайлбарласугай.
5. Шүүгдэгч М.С нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн дискийг хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
ÄÀÐÃÀËÀÃ×, د¯Ã× П.АРИУНБОЛД