Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 2022/ШЦТ/800

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Мөнхтүшиг,

улсын яллагч Ц.Хулан,

шүүгдэгч Д.А нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Дашнямын Ад холбогдох эрүүгийн 2211 00000 1519 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Боржигон овогт Дашнямын А /РД:./,

Монгол Улсын иргэн, 1979 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Архангай аймгийн Жаргалант суманд төрсөн, 42 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэл мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо Нуурын 16-347а тоотод оршин суух хаягтай боловч одоо Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо Дэнжийн 42-612 тоотод түр оршин сууж байгаа, урьд ял шийтгэлгүй.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.А нь согтуугаар 2022 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Дэнжийн 42-612 тоот дахь гэртээ иргэн П.Алтанчимэгтэй “хүүд нь төрсөн ээж нь биш” гэж хэлсэн шалтгаанаас болж маргалдан, улмаар түүний толгой руу зуухны төмөр таг шидэж, нүүр рүү нь гараараа нэг удаа цохиж эрүүл мэндэд нь дагзанд шарх, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн шуунд цус хуралт, зүүн хөмсөгт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                                    

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 703 дугаартай яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд, шүүгдэгчийн шинжлэн судлуулсан нотлох баримт, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримт, хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Гэм буруутайд тооцох тухайд:

Шүүх хуралдаанд мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэж оролцсон болохыг дурдаж байна.

   Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч Д.А нь согтуугаар 2022 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Дэнжийн 42-612 тоот дахь гэртээ иргэн П.Алтанчимэгтэй “хүүд нь төрсөн ээж нь биш” гэж хэлсэн шалтгаанаас болж маргалдан, улмаар түүний толгой руу зуухны төмөр таг шидэж, нүүр рүү нь гараараа нэг удаа цохиж эрүүл мэндэд нь дагзанд шарх, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн шуунд цус хуралт, зүүн хөмсөгт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Энэ нь  хохирогч П.Алтанчимэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...би нэлээд согтоод, надад хоол хийж өгөхөөр нь би асгахад А надад уурлахаар нь би Аг хэл амаар доромжилсон ба над руу зуухны таг аваад шидчихсэн ба миний толгойг оноод, дахиад намайг цохих гээд байхаар нь зүүн гараараа хамгаалаад, би уур хүрээд дахиад хэл амаар доромжлоход А намайг гэрээсээ зайл гээд хөөж гаргасан... Би Мөнх-Оргилд А чиний ээж чинь биш өргөж авсан юм гэх мэтээр хэл амаар доромжлоход Агийн уур нь хүрч намайг зодох болсон. Би Агийн биед халдаж цохиогүй. А нь хүү Мөнх-Оргилын хамт байсан өөр хүн байгаагүй...”,

“...Дээрх хөнгөлөлт үйлчилгээнээс би Ад зодуулахдаа 161,000 төгрөгийн гэмтлийн эмнэлгийн яаралтай тусламжийн хөнгөлөлт үйлчилгээ авсан юм. Бусад хөнгөлөлт үйлчилгээ нь Ад зодуулсантай ямар нэгэн хамааралгүй. 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдөр би... гэр бүлийн шалтгааны улмаас өөрийгөө хутгаар зүсэж учруулсан гэмтлээсээ болоод цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, хагалгаа хийлгүүлсэн юм...” /Хавтаст хэргийн 6, 41 дүгээр тал/,

Шинжээч эмчийн 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 11239 дугаартай дүгнэлт:

П.Алтанчимэгийн биед дагзанд шарх, зүүн нүдний дээд доод зовхи, зүүн шуунд цус хуралт, зүүн хөмсөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ.

Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна.

Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо.

Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй гэх /Хавтаст хэргийн 12-13 дугаар тал/,

Шүүгдэгч Д.А мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...тухайн үед миний биед гэмтэл учраагүй, надад хэн нэгэн халдаж цохисон зүйл байхгүй... бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна...” /Хавтаст хэргийн 35 дугаар хуудас/,

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 04/4291 дугаартай албан бичиг, түүний хавсралт /Хавтаст хэргийн 39-40 дүгээр тал/

Иргэний нэхэмжлэгч Б.Насанжаргал мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...П.Алтанчимэг нь 2022 оны 08 дугаар сард Гэмтэл согог судлалын үндэсний төвд гэмтлийн яаралтай тусламж 161,000 төгрөгийн зардал гарсан нь ... баримтуудаар тогтоогдож байх тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг Д.Агаас гаргуулж... төлүүлж өгнө үү...” гэх /Хавтаст хэргийн 44 дүгээр тал/,

шүүгдэгч Д.А шүүхийн хэлэлцүүлэгт: “...гардаж авсан яллах дүгнэлттэй тохирч байна. Тайлбарлуулах зүйлгүй гэх, мөн хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд агуулгын хувьд нийцсэн, харилцан уялдаатайгаар нотлогдож байна. 

Иймд шүүгдэгч Д.Аг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Д.Аг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах прокурорын саналыг хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй байна.

Иймд шүүхээс прокурорын саналыг хүлээн авч шүүгдэгч Д.Ад Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны зарчмыг баримтлан анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, гэмт хэрэг гарахад нөлөөлсөн хохирогчийн зүй бус үйлдэл зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан оногдуулах ялаас чөлөөлөх нь зүйтэй гэж шүүх үзэв.

Хохирол хор уршгийн талаар:

Хохирогч П.Алтанчимэг хавтаст хэрэгт хохирол нэхэмжилсэн зүйлгүй. Иргэний нэхэмжлэгч Б.Насанжаргал нь төрд учирсан 160,000 төгрөг нэхэмжилсэн ба шүүгдэгч Д.А төлж барагдуулсан байх тул цаашид бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.  

Бусад асуудлын талаар:

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болно.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

                                                       ТОГТООХ нь:

          1. Шүүгдэгч Боржигон овогт Дашнямын Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шүүгдэгч Д.Ад 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан ялаас шүүгдэгч Д.Аг чөлөөлсүгэй.

4. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

5. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     П.АРИУНБОЛД