Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 2022/ШЦТ/155

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх  хуралдааныг шүүгч Н.Дэлгэрмаа даргалж

Нарийн бичгийн дарга                             М.Баярмэнд

Улсын яллагч                                             Б.*******

Шүүгдэгч                                                     Д.*******

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.*******т холбогдох 2223000830150 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.         

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1989 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Завхан  аймаг Улиастай суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, ******* боловсролтой, Эрх зүйч мэргэжилтэй, ******* ХХК-нд гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдийн хамт Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн *******, ******* дугаар байр, ******* тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай ******* овогт *******гийн ******* /РД:/,

Шүүгдэгч Д.******* нь Завхан аймгийн Улиастай сумын Жинст багийн нутаг дэвсгэрт баригдаж буй 5 давхар нийтийн орон сууцны барилгыг барихдаа “Барилгын архитектур төлөвлөлтийн даалгаваргүй, баталсан ажлын иж бүрэн зураггүй байхад барилгын ажлыг эхлүүлж, нийтийн эзэмшлийн зам талбайн хамгаалалтын байгууламж, тэмдэг, тэмдэглэгээг тогтоосон хэмжээгээр байршуулаагүй, 1,3 метрээс дээш өндөрт ажил гүйцэтгэх үед өндрөөс унаж болох, бүсийн хилээс 2 метрээс багагүй зайнд байгаа ажлын байр болон түүн рүү хүрэх замыг хамгаалалтын хаалтаар хашаагүй, барилга угсралтын талбайд барилгын инженерийг байлгаагүй, эрүүл ахуйн сургалтад хамрагдаж шалгалт өгөөгүй, бие дааж ажиллах зөвшөөрөлгүй хохирогч Д.ыг ажиллуулж хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас Д. нь 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр барилгын ажил гүйцэтгэх үедээ барилгын 4 давхрын тагтнаас доош газарт унаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан” гэмт хэрэгт холбогджээ.

Түүний холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарч байна.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд 

ТОДОРХОЙЛОХ нь:

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хохирогчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна.

Хохирогч шүүх хуралдаанд оролцох талаар бичгээр хүсэлт гаргаагүй учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар учир хохирогчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.

1.Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон талаар:

Д.******* нь 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Завхан аймгийн Улиастай сумын Жинст багийн нутаг дэвсгэрт баригдаж  байгаа нийтийн орон сууцны барилгын ажил гүйцэтгэж байх үедээ барилгын 4 давхрын тагт хоорондын тулаас баганыг авах үед тагт нурж Д. унасан үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.Тухайлбал:

Энэ талаар мэдүүлсэн хохирогч Д.ы “...өглөө 08 цаг өнгөрч байх үед ажил цугласан юм. ...ажлаа хуваарилаад хуралдчихаад Хөдөлмөр аюулгүй ажиллагааны зааварчилгааны дэвтэр дээрээ гарын үсгээ зураад ажилдаа гарсан. Тухайн өдөр байшингийн 4 давхар цонхны фолконы хаалтны өрлөг явагдаж байсан. Тухайн өдөр өрлөг хийж байсан өрлөгчдөдөө тайлбар гаргаж өгөх зорилгоор би 4 давхрын фолкон хоорондын тулаас баганыг аваад явж байсан. Тэгээд би цааш санахгүй байна...” гэсэн мэдүүлгээр,

Ослын талаар мэдүүлсэн гэрч Ж.гийн “...2022 оны 04 дүгээр сарын 25-ны 08 цаг 30 минутад өдөр тутмын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зааварчилгааг ХАБ-ын инженер ******* ажлын зааварчилгааг өгөөд бид нар гарын үсгээ зураад ажилдаа орсон. ...Би туслах болохоороо өрлөгч хийж байгаа хүнд шавар дөхүүлж өгч байсан. Тэгтэл юм нурах чимээ гарсан тэгэхээр нь би 3 давхрын цонх руу очоод хартал худгийн хажуу талд явж байсан хүмүүстээ хэлээд бид нар буц ирэх үед ******* гараад ирчихсэн ы хажууд зогсож байсан, тухайн үед нь зүүн талаараа хажуу тийм налсан байдалтай миний зүүн талын гар хөдөлж болохгүй байна гэж хэлээд байж байсан. Тэгээд эмнэлэг ирээд авч явсан...” гэсэн мэдүүлгээр,

Гэрч Т.ын мэдүүлсэн “...Өглөө ажилчид 08 цагт цугларч тухайн өдөр хийх ажлаа ярилцаад 08 цаг 30 минутад ажилдаа гарцгаасан. Тэгээд ойролцоогоор 11-12 цагийн үед... ...Бид нар ажлаа хийгээд сууж байтал удалгүй юм нурах шиг чимээ гарсан. Тэгээд би тухайн үед хана нурчихлаа гэж бодсон чинь гүйж ирээд гадаа хүн барилгаас уначихсан байна гэж хэлсэн. Гадаа барилгын зүүг талд яваад очтол нь газар уначихсан гар, гар гээд орилоод хэвтэж байсан. Тухайн үед ******* хажууд нь зогсож байсан...” гэсэн мэдүүлгээр,

Гэрч Д.ийн мэдүүлсэн “...2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр манай ажил 08 цагт эхлээд ХАБ-ын инженер *******, барилгын даамал бид гурав ажилчдадаа өдөр тутмын зааварчилгаа ХАБ-ын дэвтэр дээрээ бичээд уншиж өгч танилцуулаад, хийх ажлыг нь тус тусад нь хэлж өгөөд зааварчилгаа дээрээ бичүүлээд ажилд нь гаргасан. Гэтэл 10 цагийн орчимд барилгын материал ирж байна гэхээр нь туслах ыг аваад бараа хүлээж авахаар Ногоон хашаа руу явсан. Тэгсэн 30 минутын дараа над руу ерөнхий захирал залгаад барилга дээрээс унасан байна, хурдан ирээрэй гэхээр нь очиход нь барилгын 4-н давхрын ертөнцийн зүгээр зүүн хойд талын цутгасан тавцангийн хэв болон тулаасыг авч байгаад газар унасан байдалтай байсан...” гэсэн мэдүүлгээр,

Гэрч А.ын “...2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр ХАБ-ын инженер ******* нь өдөр тутмын зааварчилгаа өгч гарын үсэг зуруулсан. Тухайн хэрэг гарах үед манай барилгын тоосго дуусаад инженер э, кранист Дорж нартай Ногоон хашаа руу яваад тоосгоо ачаад байж байтал барилгын даамал ыг барилгаас унасан гэж хэлсэн...” гэсэн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.

Дээрх ослын улмаас хохирогч Д.ы биед хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Т.ын гаргасан 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 00000319 дугаартай дүгнэлт болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч, цагдаагийн ахлах дэслэгч Б.гийн 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 590 дугаартай дүгнэлтээр “...1.Иргэн Д.ы биед Зүүн талын богтос ясны бяцрал хугарал гэмтэл учирсан байна. 2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүснэ. 3. Д.ы биед үүссэн тухайн гэмтэл нь 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр үүссэн байх боломжтой. 4. Д.ы биед учирсан дээрх гэмтэл нь хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. 5. Д.ы биед Зүүн талын богтос ясны хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлтээр болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Д.*******  нь ******* констракшн ХХК-ны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан нь баримтаар тогтоогдсон байна.

Осол гарсан шалтгаан Барилгын тухай хуульд түүнд нийцүүлэн гаргасан барилгын норм дүрмийг баримтлаагүй, бетоны бэхжилтийн хугацаа болсон эсэхийг шалгалгүйгээр тагтны тулаасыг авснаас тагт хугарсан нь Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын шинжээч П., Б. нарын 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн “...1.Барилгын архитектур төлөвлөлтийн даалгаваргүй, баталсан ажлын иж бүрэн зураг байхгүй, гадна дулаан цэвэр, бохир усны шугам сүлжээ, ус дулаан дамжуулах төв, дулаан механикийн зураг төслүүдийг иж бүрэн боловсруулаагүй, экспертизээр магадлал хийлгээгүй байгаа нь Барилгын тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн  14.1.1 дэх заалт, 40.2 дугаар зүйлийг заалтыг зөрчсөн байна. 2. Д.д 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр давтан зааварчилгааг Д.******* өгсөн байна. Д. нь эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаагүй, хамгаалалтын хувцас хэрэгслээр бүрэн хангагдсан байна. Хэргийн материалаас харахад Д. нь өндөрт ажиллах сургалтад хамрагдаагүй, ******* констракшн ХХК нь сургалтын хөтөлбөргүй, нийт ажилчдад сургалт хийгээгүй, шалгалт аваагүй, бие даан ажиллах зөвшөөрөл олгоогүй нь нотлогдож байна. Энэ нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 17.2.1-17.2.3, 17.4 дахь заалтыг зөрчсөн байна. 3. ******* констракшн ХХК нь 5 давхар барилгын ажлыг хийж гүйцэтгэх явцдаа мэргэжлийн барилгын инженергүйгээр, барилгын зураг төслийг баталгаажуулаагүй байхад аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас барилгын ажлыг эхлүүлэх зөвшөөрлийг 2021 оны 10 дугаар сарын 12-нд авч үйл ажиллагаагаа явуулсан нь Барилгын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.5, 40.1, 16 дахь заалтыг хангахгүй байна. 4. ******* констракшн ХХК нь 5 давхар барилга нь нийтийн эзэмшлийн зам талбайн хамгаалалтын байгууламж, тэмдэг, тэмдэглэгээг тогтоосон хэмжээгээр байршуулаагүй 1,3 метрээс дээш өндөрт ажил гүйцэтгэх үед өндрөөс унаж болох, бүсийн хилээс 2 метрээс багагүй зайнд байгаа ажлын байр болон түүн рүү хүрэх замыг хамгаалалтын хаалтаар хашаагүй нь Барилга, замын ажил гүйцэтгэхэд иргэдийн аюулгүй байдлыг хангах ерөнхий шаардлага 5, 6, 7, 8, 9, 11 дэх заалтыг БНБД12-03-04-ийн 6.216 дахь заалтыг, Барилгын тухай хуулийн 40.1.5 дахь заалтыг тус тус зөрчсөн байна. 5. Бетон нь 18+2С температурын нөхцөлд 28 хоногийн хугацаанд эрчимтэй бэхжинэ гэсэн шаардлага байдаг бол тус 5 давхар, 17 айлын орон сууцны барилгын 5 давхрын талыг 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр цутгасан ба тагтны тулаасыг төслийн бат бэхийн хугацаанаас өмнө авсан. Мөн барилгын ажлыг зөвшөөрөл, магадлал хийгдэж баталгаажаагүй зураг төслийн дагуу хийгээгүй, хашлагыг ширхгийн материалаар хийж хүнд ачаа өгсөн, барилга угсралтын талбайд барилгын инженер байгаагүй нь тагт хугарах шалтгаан болсон гэж үзэж байна” гэсэн дүгнэлтээр  болон  хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хохирогч болон гэрчүүд мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой заасан бөгөөд тэдний мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтууд шүүгдэгчийн үйлдэл, хэргийн үйл баримтыг нотолж байгаа, энэ хэрэгт хамааралтай, хуульд заасны дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байх тул дээрх нотлох баримтуудыг шийдвэрийн үндэслэл болголоо.

Шинжээчийн дүгнэлтүүдийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт “хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах хөдөлмөрийн нөхцлийг сайжруулах хууль тогтоомжийг хэрэгжүүлэх хяналт тавих үүргийг ажил олгогч шууд хариуцах” үүрэгтэй бөгөөд ажил олгогч Д.******* дээрх ажлыг гүйцэтгүүлж байхдаа ажилтанд хяналт тавьж ажиллаагүй, сургалтын хөтөлбөргүй, сургалтад хамруулж шалгалт аваагүй, хөдөлмөр хамгааллын зохих арга хэмжээг авч ажиллаагүйгээс барилгын талбайд осол гарч Барилгын тухай хууль, Хөдөлмөрийн аюулгүй байдал, Эрүүл ахуйн тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний актуудыг зөрчсөн байна.

 Өөрөөр хэлбэл 1,3 метрээс дээш өндөрт ажил гүйцэтгэх үед өндрөөс унаж болох, бүсийн хилээс 2 метрээс багагүй зайнд байгаа ажлын байр болон түүн рүү хүрэх замыг хамгаалалтын хаалтаар хашаагүй, мөн бетон бэхжилтийн хугацаанд хяналт тавиагүйгээс тагт хугарч барилгаас хүн унаж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүйгээр үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилсан бөгөөд шүүгдэгч Д.******* нь хуульд заасан дээрх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирол хор уршиг учирч болохыг мэдэх ёстой байсан боловч учруулахгүй байж чадна гэж хайхрамжгүй  хандсан нь Эрүүгийн хуулийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн субьектив шинжийг хангаж байна.

Шүүгдэгч Д.******* холбогдох хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, ажил олгогч хуульд заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн обьектив шинжийг хангаж байна.

Шүүгдэгчийн дээрх эс үйлдэхүй болон хохирол, хор уршиг хоорондоо шууд шалтгаант холбоотой байна гэж үзлээ.

Иймд  шүүгдэгч Д.*******ыг Эрүүгийн хуулийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.

 Шүүгдэгч Д.******* нь гэм буруугийн талаар маргаангүй, хохирогчид “хохирлоо бүрэн барагдуулсан, гомдол санал байхгүй” гэсэн хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

                  2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Прокуророос шүүгдэгч Д.*******т холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн бөгөөд  хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журам зөрчигдөөгүй, шүүх хуралдаанаар мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянахад бүрэн хангагджээ.

Шүүгдэгч Д.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  буюу “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүй учруулах гэмт хэрэг” үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон учир түүнд Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан  эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэж байгаа тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******ыг 1100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1100000 /нэг сая нэг зуу/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Д.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний хувьд ногдох хөрөнгөнөөс битүүмжлээгүй, иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан  болохыг тус тус дурдах нь зүйтэй  гэж үзээд

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 5 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 36.8 дугаар зүйлийн  4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг Эрүүгийн хуулийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүй учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Д.*******т Эрүүгийн хуулийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1100000 /нэг сая нэг зуу/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.******* нь 1100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1100000 /нэг сая нэг зуу/ төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй /15000 төгрөг/ тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг анхааруулсугай.

4. Шүүгдэгч Д.******* нь 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Шүүгдэгч Д.******* нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн эд хөрөнгөнөөс битүүмжлээгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний ******* шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Н.ДЭЛГЭРМАА