Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Тэрбишийн Мөнх-Эрдэнэ |
Хэргийн индекс | 128/2021/0476/З |
Дугаар | 128/ШШ2021/0476 |
Огноо | 2021-07-20 |
Маргааны төрөл | Татвар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 07 сарын 20 өдөр
Дугаар 128/ШШ2021/0476
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч: “М б ү о с ч ” шашны байгууллага
Хариуцагч: Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.А, Б.Д
Нэхэмжлэлийн шаардлага: Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.А, Б.Д нарын 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 2520902230 тоот нөхөн ногдуулалтын актаас 15,907,830.00 төгрөгийн төлбөрийг бууруулах.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М, Ү.Г, хариуцагч Б.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.Г, С.М нар шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай байгууллага нь 2015 оны санхүүгийн тайлангаар Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн дагуу үл хөдлөх хэрнгийн үнэлгээг 698,310,500.00 төгрөгөөр нэмэгдүүлэн 965,000,000.00 төгөрг болгон тайлагнасан. Үл хөдлөх хөрнгийн дүн өссөн нь нуун дарагдуулан хөрөнгө байгаагүй. Харин үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг баримтаар нотлогдоогүй нягтлан бодох бүртгэлийн дансны бичилтээр нэмэгдүүлсэнтэй холбоотой. Барилгын 698,310.500, хуримтлагдсан элэгдэл 251,450.500 төгрөг, дахин үнэлгээний нэмэгдэл 446,860.00 төгрөг. Ингэснээр санхүүгийн тайланд үл хөдлөх хөрөнгө 965,000,000.00 төгрөгөөр, татварын тайланд үл хөдлөх хөрөнгө 266,689.500 төгрөгөөр, 698,310.500.00 төгрөгийн зөрүүтэй тайлагнасан. Татварын байцаагч нар дээрх зөрүүтэй тайлагнасан дүнг зөрчилд тооцож, нөхөн татвар, торгууль, алданги оногдуулсан нь Үл хөдлөх хөрөнгийн албан татварын тухай хуулийг зөрчиж байна.
Захиргааны байгууллагаас хувь хүн, хуулийн этгээдийн эрх хууль ёсны ашиг сонирхолд халдахад хуульд заасан эрх зүйн үндэслэлтэй байх ёстой. Энэ тодорхой эрх зүйн үндэс байхгүй байна гэж үзэж байна.Татварын ерөнхий хуулийн 4 дүгээр зүйл дээр татварын хуулиар өөрчилж хүчингүй болгох гэснийг зохицуулж өгсөн байдаг. Мөн 28 дугаар зүйлийн 28.9 дэх хэсэгт борлуулалт ногдуулалт, төлөлттэй холбоотой харилцааг тусгайлан зохицуулсан байдаг. Үл хөдлөх хөрөнгийн албан татварын тухай ногдуулалттай холбоотой зөрчлийг Үл хөдлөх хөрөнгийн албан татварын тухай хуулиар зохицуулж байна.
Тодруулбал үл хөдлөхийн үнэлгээг ямар хүнээс авах вэ? 2000 онд баталсан хуулийн үзэл баримтлалд хуулийн этгээд, хувь хүн татвар төлөх ёстой. Хувь хүн дээр нягтлан бүртгэлийн асуудал байхгүй учраас Үл хөдлөх хөрөнгийн албан татварын тухай 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааж өгсөн. Газраас бусад үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулах үнэлгээг уул хөрөнгийн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгэгдсэн үнийн дүнгээр, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгэгдээгүй бол хөрөнгийн даатгалд даатгуулсан үнийн дүнгээр, хөрөнгийн даатгалд даатгуулаагүй бол данс бүртгэлд бүртгэгдсэн үнийн дүнгээр тус тус тодорхойлно гэж заасан. Энэ хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт татвараа яаж ногдуулах вэ? Татвар төлөгч нь үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг жил бүрийн 1 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар байгаа үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээгээр тооцно. Тэгэхээр үндсэн суурь ойлголт нь 5.1 дахь хэсэг гэж ойлгосон. Нөхөн ногдуулалтын акт дээр Үл хөдлөх хөрөнгийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг яригдаагүй, бичигдээгүй. Үндэслэл болгож байгаа зүйл бол Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг үндэслэж байна.
Бид үүнийг гэрчилгээ дээр бүртгэгдсэн дүн байна гэж үзэж байна. 2015 онд Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль батлагдсан. М б ү о с ч шашны байгууллагын 15 хөрөнгийг ил болгосон асуудал байхгүй. Улсын бүртгэлд бүгд бүртгэлтэй, санхүүгийн тайлан дээр бүгдээрээ тайлагнагдсан. Үнийн дүнг нь нэмэгдүүлсэн зүйлийг нь Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулиараа тухайн Бахайгийн санхүүгийн тайлан дээр нэмэгдүүлээд тайлагнасан байна. Нэмэгдүүлж тайлагнахдаа дахин үнэлгээний нөөц ашиглаад явсан. Гэтэл тухайн үеийн хууль тогтоогчийн хүсэл зориг нь нуусан хөрөнгө нь илрээгүй тохиолдолд ил гаргаад тайлагна гэсэн. Энэ нөхцөлд эзний өмч нэгдэх ёстой, нөгөө талаас бүрэн нэгдэх ийм бүртгэлтэй байсан.
Б н нягтлан бодогч тухайн үед хөрөнгийн үнэлгээ нэмэгдүүлснийг хөрөнгө ил болгосон гээд авсан. Энэ бол буруу харилцаа байсан. Засгийн газрын 348 дугаар тогтоолын 4.7 дахь хэсгийг зөрчсөн байна гэж үзэж байна. Татвар дээр бахай нийгэмлэг шинээр Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулиар тайлан гаргаж өгөөгүй. Зөвхөн санхүүгийн тайлан дээр гаргаж өгсөн. Эд хөрөнгийн улсын бүртгэлийн тухай хуультай холбоотой хариуцагч тал шүүхэд өгсөн тайлбартаа бол шинээр орж ирсэн Эд хөрөнгийн улсын бүртгэлийн тухай 13 дугаар зүйлийн 13.1.1 дэх хэсэгт үл хөдлөх хөрөнгийн үнэ өөрчлөгдсөн гэдгийг авсан гээд дүгнэлт хийсэн. Үүнийг буруу дүгнэлт гэж үзэж байна. Үл хөдлөх хөрөнгийн үнэт гэж зүйл хаана байна. Мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4 дэх хэсэгт үнийн талаар өөрчлөлт орсныг эрхийн улсын бүртгэлд бүртгэхэд хуульд заасны дагуу хөрөнгийн үнэлгээ хийх эрх бүхий этгээдээр тогтоолгосон үнэ гэдэг нь үл хөдлөх эд хөрөнгийн тайлантай байхыг шаардаж байна. Мөн гэрчилгээ дээр үнийн дүн бичигдээгүй бусад хөрөнгөнүүд байна. Татварын улсын байцаагч нар маргааныг Үл хөдлөх хөрөнгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэг гэж үзэж байгаа.
Татварын нөхөн ногдуулалтын акт дээр Үл хөдлөх хөрөнгийн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийг зөрчсөн гэж тэмдэглэсэн байгаа. Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг энэ хуулийн 5 дугаар зүйлд заасан үнэлгээнээс аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тухайн хөрөнгийн байршил, зориулалт, хэмжээ, зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн байдлыг харгалзан 0.6-1.0 хувиар тооцож ногдуулна гэсэн байгаа.
348 дугаар тогтоолоор баталсан журмын 2.1.1 дэх хэсэгт нуун дарагдуулсан гэж байгаа. Хувь хүн, хуулийн этгээд хөрөнгө орлого, үйл ажиллагаагаа хэтрүүлсэн Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлд 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнөх хугацаанд тухайн төрлийн албан татвар төлөгчөөр татварын албанд, ажил олгогчоор нийгмийн даатгалд, эд хөрөнгө, үйл ажиллагаагаа улсын бүртгэлд бүртгүүлсэн, санхүү, татварын тайлангаа гаргасан байвал зохих хувь хүн, хуулийн этгээд ийнхүү бүртгүүлээгүй, мэдүүлээгүй, тайлагнаагүй боловч энэ хуульд заасан хугацаанд холбогдох байгууллагад сайн дурын үндсэн дээр шинээр бүртгүүлсэн, мэдүүлсэн, тайлагнасан бол, мөн холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хөрөнгө, орлогоо бүртгүүлээгүй, мэдүүлээгүй хувь хүн, хуулийн этгээд энэ хуулийн хэрэгжих хугацаа дуусгавар болохоос өмнө холбогдох байгууллагад сайн дурын үндсэн дээр шинээр бүртгүүлсэн, мэдүүлсэн бол доор дурдсан хуульд заасан бүртгэлд хамрагдаагүй, албан татвар, нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй, хөрөнгө, орлогоо нуун
дарагдуулсны улмаас хүлээх хариуцлагаас нэг удаа чөлөөлнө. Буруу гаргасан гэж ярьж байна хууль дээрээ буруу гаргасан гэх зүйл байдаггүй юм. Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх барих ёстой.
Иймд Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.А, Б.Д нарын 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 2520902230 тоот нөхөн ногдуулалтын актаас 15,907,830.00 төгрөгийн төлбөрийг бууруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Б.А, Б.Д нар шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ““М б ү о с ч ” шашны байгууллагын 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдаж, 2520902230 дугаар томилолтоор 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны иж бүрэн шалгалтыг 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл томилолтын хугацаанд татварын улсын байцаагч Б.А, Б.Д нар хийж гүйцэтгэсэн.
Татварын хяналт шалгалтаар 2016 оноос 2019 онд илэрсэн нийт 2,553,242,000.0 төгрөгийн зөрчилд 21,612,420.0 төгрөгийн нөхөн татвар, 6,483,726.0 төгрөгийн торгууь, 4,332,484.4 төгрөгийн алданги, нийт 32,412,630.0 төгрөгийн төлбөр төлүүлэхээр акт тогтоосон болно.
Тус шашны байгууллага нь 2015 онд Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн дагуу балансад бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг нэмэгдүүлэн ил тод болгон 266,689,500.0 төгрөгийн балансын үнэтэй үл хөдлөх эд хөрөнгүүдийг 965,000,000.0 төгрөг болон тайлагнасан нь тус шашны байгууллагын санхүүгийн тайлангаар баталгаажиж байна. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Үл хөдлөх эд хөрөнгийн хэмжээ, үнэ, гүйцэтгэл өөрчлөгдөх” гэж заасны дагуу дээрх хөрөнгүүдийн үнийн өөрчлөлтийг эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлэх үүрэгтэй. 2016 оноос 2019 оны санхүүгийн тайлангийн тодруулга үндсэн хөрөнгө ба элэгдэл хэсэгт барилга 965,000,000 төгрөгөөр бүртгэгдсэн байна.
Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т “Энэ хуулийн 4.1-д заасны дагуу харьяалах гааль, татварын алба, харилцагч санхүүгийн байгууллагад сайн дурын үндсэн дээр шинээр гаргаж өгсөн санхүүгийн болон татварын тайлан, гаалийн байгууллагад нөхөн мэдүүлсэн барааны мэдүүлгийг тухайн хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагааны эхлэлтийн
тайлан, баланс, мэдүүлэг гэж тус тус үзэх...” гэж, Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн хэрэгжүүлэх журмн 4.7-д “Хөрөнгө, орлого, үйл ажиллагаагаа нуун дарадуулсан хувь хүн, хуулийн этгээдийн нэмж мэдүүлсэн тайлан нь дараагийн тайлангийн эхний үлдэгдэл буюу 2015 оны II, III дугаар улирал, жилийн эцсийн санхүү, татвар, нийгмийн даатгалын тайлангийн эхний үлдэгдэл байна” гэж тус тус заасан.
Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Газраас бусад үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулах үнэлгээг уул хөрөнгийн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгэгдсэн үнийн дүнгээр, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгэгдээгүй бол хөрөнгийн даатгалд даатгуулсан үнийн дүнгээр, хөрөнгийн даатгалд даатгуулаагүй бол данс бүртгэлд бүртгэгдсэн үнийн дүнгээр тус тус тодорхойлно”, 8 дугаар зүйлийн 8.1-д “Татвар төлөгч нь үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг жил бүрийн 1 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар байгаа үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээгээр тооцно” гэж заасан тул нөхөн ногдуулалтын актаар ногдуулсан 32,418,630.0 төгрөгийн төлбөрийг хэвээр үлдээж өгнө үү.
Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээд нь үйл ажиллагаагаа тайлагнаж илэрхийлж байгаа хэлбэр нь санхүүгийн тайлан байдаг. Санхүүгийн тайланг Татварын тайлан үндэслэж тооцооллоо хийдэг. Санхүүгийн тайлан дээр бүртгэсэн байгаа нь үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газар бүртгэснээс өөр байна гэж үзээд байна.Энэ нь цаанаа эдийн засгийн агуулгатай. Эрхээ эдлэхдээ үүргээ биелүүлээгүй байж манайх ийм байсан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй маргасан” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эшүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээтэй холбоотой татварт ногдуулах асуудал байсан. Хяналт шалгалтын явцад татвар төлөгчийг татварын өмч хөрөнгийн гэрчилгээтэй холбоотой гэрчилгээ анхны тайлагнасан 266 сая төгрөгийн үнэлгээтэй 16 ширхэг үл хөдлөх хөрөнгө байдаг. Түүнийгээ Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн дагуу татвар төлөгч үнэлгээгээ нэгтгэж дахин тайлагнасан байдаг. Засгийн газрын тухай хуулийн 4.1 дэх хэсэгт тайланг буруу гаргасан тохиолдолд залруулж болно. Үүний дагуу татвар төлөгч энэ боломжоо ашиглаад ил тодоороо тайлагнаж шинэчилж гаргаж өгөөд санхүүгийн тайландаа тайлагнаад ил тодын тайланд байгаа. Татвар төлөгчийн анхны үнэлгээ гээд зүйлийг хараад үзэхэд бүгд үл хөдлөх хөрөнгө байгаа. 650.000 төгрөгийн үл хөдлөх хөрөнгө Хөвсгөл аймагт, 350.000 төгрөгийн үл хөдлөх хөрөнгө Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд, өнөөдөр Монгол улсад 650.000, 350.000 төгрөгийн үл хөдлөх хөрөнгө байтугай хашаа ч байхгүй. Үүний дагуу татварын алба хяналт шалгалт хийхдээ ил тодод тайлагнасан хойших татвараа төлөхдөө эхлэлийн баланс гэж тооцсон мөнгөнөөсөө татвараа төл анхны дагаж байсан хууль үндэслэлгүй байна гэдэг үндэслэлээр нь ил тодоор тайлагнасан дүнгээс нь татвар ногдуулсан.Үүнийг эс зөвшөөрч маргаж байна. Иймд татварын улсын байцаагчдын хууль тогтоомжийн дагуу Татварын ерөнхий хууль, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын хууль, тухайн үл хөдлөх эд хөрөнгийн оршин суугаа орон нутгийн иргэдийн төлөөлөгчдийн гарсан албан татвар тооцохуй хэмжээгээр тооцож ногдуулсан татвар нь хууль зүйн үндэслэлтэй байгаа учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Нэхэмжлэгч тал өөрөө Эдийн засгийн ил тод байдлыг тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх татвар төлөгчөөр бүртгүүлээгүй эсвэл татварын тайлан гаргаагүй буюу буруу гаргасан бол шинэчилсэн тайланг харьяалах татварын албанд нөлөөлөх бүхий заасан байдаг. Буруу гаргасан тайлангаа зөв гаргах боломжийг нь хуульчилж өгсөн. Хөрөнгийн үнэлгээ буруу байсан бодитой биш зах зээлийн хөрөнгөд нийцэхгүй байсан хөрөнгөө хуулийн дагуу боломжоо ашиглаж зах зээлийн үнэд нийцүүлж гаргасан гэж ойлгож байна” гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
“М б ү о с ч ” шашны байгууллага нь тус шүүхэд хандан “Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.А, Б.Д нарын 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 2520902230 тоот Нөхөн ногдуулалтын актаас 15,907,830.00 төгрөгийн төлбөрийг бууруулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын зүгээс шүүх хуралдааны хэлэлцүүлэг дээр гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэг. Хэргийн үйл баримтын талаар:
1.1. Татварын улсын байцаагч Б.А, Б.Д нар 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж , 2520902230 тоот томилолтын дагуу “М б ү о с ч ” шашны байгууллагын тухайд дурдсан хугацаанд хамаарах татварын иж бүрэн шалгалтыг 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн хооронд хийж гүйцэтгэсэн.
1.2. Татварын хяналт шалгалтаар тус шашны байгууллагын тухайд 2016-2019 онд илэрсэн нийт 2,553,242.000.00 төгрөгийн зөрчилд 21,612,420.00 төгрөгийн нөхөн татвар, 6,483,726.00 төгрөгийн торгууль, 4,322,484.40 төгрөгийн алданги, нийт 32,418,630.00 төгрөгийн нөхөн төлбөр төлүүлэхээр маргаж буй нөхөн ногдуулалтын актыг тогтоосон.
1.3. Маргаж буй 2520902230 дугаартай Нөхөн ногдуулалтын актыг гаргахдаа Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 11.19.1.1, Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсгийг үндэслэсэн байна.
1.4. Татварын маргаан таслах зөвлөлийн 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 07 дугаар тогтоолоор Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 6 дугаар зүйлийн 6.1, 8 дугаар зүйлийн 8.1, 8.2, Эд хөрөнгийн улсын бүртгэлийн тухай тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1 дэх заалтыг тус тус баримтлан маргаж буй 2520902230 дугаартай Нөхөн ногдуулалтын актыг хэвээр баталсан.
1.5. Нэхэмжлэгч нь нөхөн ногдуулалтын актаар тогтоосон төлбөрөөс үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнд үнэлгээ бичигдсэн нийт 41,119,500.00 төгрөгийн үнэ бүхий 8 үл хөдлөх эд хөрөнгөд ногдох 15,907,830.00 төгрөгийн төлбөрийг бууруулахыг хүссэн бөгөөд татвар, торгууль, алдангийн хувь хэмжээний тухайд маргаагүй, харин үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулах үнэлгээг хэрхэн тооцох эсэх асуудал дээр маргасан болно.
Хоёр. Хариуцагчийн гаргасан захиргааны актын /нөхөн ногдуулалтын актын/
хууль зүйн үндэслэлийн талаар:
2.1. Нэхэмжлэгч “М б ү о с ч ” шашны байгууллага нь Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.А, Б.Д холбогдуулан “Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.А, Б.Д нарын 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 2520902230 тоот нөхөн ногдуулалтын актаас 15,907,830.00 төгрөгийн төлбөрийг бууруулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, тус шүүхийн шүүгчийн 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 3612 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн гаргасан 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 2520902230 тоот нөхөн ногдуулалтын актаас 15,907,830.00 төгрөгийн төлбөрийг бууруулах шаардлагаар захиргааны хэрэг үүсгэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн төлбөрийг
бууруулахыг хүссэн улсын байцаагчийн 2520902230 тоот нөхөн ногдуулалтын акт нь 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр бус 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр гаргасан болох нь тогтоогдож, тус актын огноог зөвтгөн хэргийг хянан шийдвэрлэлээ.
2.2 Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ “... Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйл “Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулах үнэлгээ”, мөн зүйлийн 5.1 дэх хэсэгт “Газраас бусад үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулах үнэлгээг уул хөрөнгийн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгэгдсэн үнийн дүнгээр, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгэгдээгүй бол хөрөнгийн даатгалд даатгуулсан үнийн дүнгээр, хөрөнгийн даатгалд даатгуулаагүй бол данс бүртгэлд бүртгэгдсэн үнийн дүнгээр тус тус тодорхойлно” ... гэж зааснаас үзэхэд үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг эд хөрөнгийн бүртгэлд бүртгэсэн үнийн дүнгээр, эд хөрөнгийн бүртгэлд бүртгээгүй бол даатгуулсан үнийн дүнгээр, даатгуулаагүй бол данс бүртгэлд бүртгэсэн үнийн дүнгээр тодорхойлохоор заасан ... Харин аль өндөр дүнтэй бүртгэгдсэн үнэлгээгээр үл хөдлөх албан татварыг
тооцохгүй бөгөөд эдгээр үнэлгээнүүд нь өөр өөр байх нь хууль зөрчсөн асуудал биш юм ...” гэжээ.
2.3. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл “М б ү о с ч ” шашны байгууллага нь өөрийн өмчлөлд нийт 15 үл хөдлөх эд хөрөнгийг өмчилдөг байх бөгөөд тэдгээрийн 8 нь буюу улсын бүртгэлийн 16*******, 15*******, 17*******, 13*******, 07*******, 18*******, 22*******, 22******* дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгүүд нь эд хөрөнгийн бүртгэлд буюу үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээн дээр бичигдсэн /бүртгэгдсэн/ үнэлгээтэй байна. Тодруулбал, 16******* дугаартай үл хөдлөх эд хөрөнгө нь 1,800,000.00 төгрөгийн, 15******* дугаартай үл хөдлөх эд хөрөнгө нь 1,000,000.00 төгрөгийн, 17******* дугаартай үл хөдлөх эд хөрөнгө нь 2,600,000.00 төгрөгийн, 13******* дугаартай үл хөдлөх эд хөрөнгө нь 350,000.00 төгрөгийн, 07******* дугаартай үл хөдлөх эд хөрөнгө нь 3,000,000.00 төгрөгийн, 18******* дугаартай үл хөдлөх эд хөрөнгө нь 700,000.00 төгрөгийн, 22******* дугаартай үл хөдлөх эд хөрөнгө нь 27,369,500.00 төгрөгийн, 22******* дугаартай үл хөдлөх эд хөрөнгө нь 4,300,000.00 төгрөгийн буюу нийт 41,119,500.00 төгрөгийн үнэлгээтэй байна.
2.4. Нэхэмжлэгч шашны байгууллага нь 2015 онд Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн дагуу балансад бүртгэлтэй дээр дурдсан 8 үл хөдлөх эд хөрөнгийн 41,119,500.00 төгрөгийн үнэлгээг нэмэгдүүлэн 395,000,000.00 төгрөг /нийт 15 үл хөдлөх эд хөрөнгийн тухайд 965,000,000.00 төгрөг/ болгон тайлагнасан нь нэхэмжлэгчийн санхүүгийн тайлангаар баталгаажсан байна. Тодруулбал, 16******* дугаартай үл хөдлөх эд хөрөнгө нь 1,800,000.00 төгрөгийн үнэлгээтэй байсныг 40,000,000.00 төгрөг болгож, 15******* дугаартай үл хөдлөх эд хөрөнгө нь 1,000,000.00 төгрөгийн үнэлгээтэй байсныг 15,000,000.00 төгрөг болгож, 17******* дугаартай үл хөдлөх эд хөрөнгө нь 2,600,000.00 төгрөгийн үнэлгээтэй байсныг 20,000,000.00 төгрөг болгож, 13******* дугаартай үл хөдлөх эд хөрөнгө нь 350,000.00 төгрөгийн үнэлгээтэй байсныг 15,000,000.00 төгрөг болгож, 07******* дугаартай үл хөдлөх эд хөрөнгө нь 3,000,000.00 төгрөгийн үнэлгээтэй байсныг 60,000,000.00 төгрөг болгож, 18******* дугаартай үл хөдлөх эд хөрөнгө нь 700,000.00 төгрөгийн үнэлгээтэй байсныг 40,000,000.00 төгрөг болгож, 22******* дугаартай үл хөдлөх эд хөрөнгө нь 27,369,500.00 төгрөгийн үнэлгээтэй байсныг 150,000,000.00 төгрөг болгож, 22******* дугаартай үл хөдлөх эд хөрөнгө нь 4,300,000.00 төгрөгийн үнэлгээтэй байсныг 55,000,000.00 төгрөг болгон үнэлгээг нь нэмэгдүүлэн тайлагнажээ. Энэ үйл баримт дээр талууд
маргаагүй болохыг дурдаж байна.
2.5. 2019 оны Татварын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт “Монгол Улсын татвар нь доор дурдсан төрөлтэй байна:” гээд мөн зүйлийн 7.2.14 дэх заалтад “үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар” гэж, мөн зүйлийн 7.3 дахь хэсэгт “Тодорхой төрлийн татварын харилцааг энэ хууль болон тухайн төрлийн татварын хуулиар зохицуулна.” гэж заасан байна.
Тухайн төрлийн татварын хууль болох Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Газраас бусад үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулах үнэлгээг уул хөрөнгийн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгэгдсэн үнийн дүнгээр, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгэгдээгүй бол хөрөнгийн даатгалд даатгуулсан үнийн дүнгээр, хөрөнгийн даатгалд даатгуулаагүй бол данс бүртгэлд бүртгэгдсэн үнийн дүнгээр тус тус тодорхойлно” гэж заажээ.
Хуулийн дээрх хэм хэмжээнээс үзвэл үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулах үнэлгээг тооцохдоо хэд хэдэн нөхцөлийг заасан байх бөгөөд эхний нөхцөл хангагдаагүй тохиолдолд дараагийн нөхцөл хэрэгжихээр зохицуулжээ. Өөрөөр хэлбэл, үл хөдлөх эд хөрөнгийн бүртэлд буюу үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнд үнэлгээ бүртгэгдсэн бол дараагийн нөхцөлийг харгалзахгүйгээр уул бүртгэгдсэн үнэлгээнээс татвар ногдуулахаар заажээ. Тиймээс нэхэмжлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээн дээр үнэлгээ бичигдсэн 8 үл хөдлөх хөрөнгийн тухайд тухайн гэрчилгээнүүд дээр бүртгэгдсэн үнэлгээнээс албан татвар ногдуулах ёстой хэмээн үзэж байна.
2.6. Хэдий тийм боловч Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Татварын болон нийгмийн даатгалын тухай хуулийн хүрээнд 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнөх хугацаанд тухайн төрлийн албан татвар төлөгчөөр татварын албанд, ажил олгогчоор нийгмийн даатгалд, эд хөрөнгө, үйл ажиллагаагаа улсын бүртгэлд бүртгүүлсэн, санхүү, татварын тайлангаа гаргасан байвал зохих хувь хүн, хуулийн этгээд ийнхүү бүртгүүлээгүй, мэдүүлээгүй, тайлагнаагүй боловч энэ хуульд заасан хугацаанд холбогдох байгууллагад сайн дурын үндсэн дээр шинээр бүртгүүлсэн, мэдүүлсэн, тайлагнасан бол, мөн холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хөрөнгө, орлогоо бүртгүүлээгүй, мэдүүлээгүй хувь хүн, хуулийн этгээд энэ хуулийн хэрэгжих хугацаа дуусгавар болохоос өмнө холбогдох байгууллагад сайн дурын үндсэн дээр шинээр бүртгүүлсэн, мэдүүлсэн бол доор дурдсан хуульд заасан бүртгэлд хамрагдаагүй, албан татвар, нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй, хөрөнгө, орлогоо нуун дарагдуулсны улмаас хүлээх хариуцлагаас нэг удаа чөлөөлнө:” гэж заасны дагуу
нэхэмжлэгч нь өөрийн 2016 оны 4 дүгээр улирлын санхүүгийн баталгаажсан тайлангаас эхлэн дээрх 8 үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээн дээрх нийт 41,119,500.00 төгрөгийн үнэлгээг 395,000,000.00 төгрөг болгон нэмэгдүүлсэн нь тогтоогдож байх тул хариуцагчийн зүгээс “нэхэмжлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээн дээрх үнэлгээг Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн хүрээнд нэмэгдүүлж өөрчилсөн” гэх тайлбар үндэслэл бүхий байна гэж шүүх үзлээ. Тодруулбал, нэхэмжлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээн дээр үнэлгээ бүртгэгдсэн 8 үл хөдлөх хөрөнгийн бүртгэгдсэн үнэлгээг de jure /де юре/ нэмэгдүүлж өөрчилсөн гэж үзэхээр байх тул санхүүгийн тайланд нэмэгдүүлж тайлагнасан үнэлгээнээс үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулах үндэслэлтэй гэж дүгнэлээ.
2.7. Мөн нэхэмжлэгчийн зүгээс “татварын улсын байцаагч нар хэрэглэх ёсгүй 2018 оны Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийг хэрэглэж нөхөн ногдуулалтын акт тогтоосон”, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс “санхүүгийн тайлангаар нэмэгдүүлж өөрчилсөн үнэлгээгээ Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1 дэх заалтад заасны дагуу эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх үүрэгтэй байсан боловч нэхэмжлэгч тэр үүргээ гүйцэтгээгүй хууль зөрчсөн” гэж маргасан.
2.8. Дээрх үндэслэлүүдийг судлан үзэхэд, нэхэмжлэгч нь 2015 оны Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн дагуу үнэлгээг нь нэмэгдүүлж
санхүүгийн тайланд тайлагнасан 8 үл хөдлөх эд хөрөнгийн шинэчилсэн үнэлгээгээ эд хөрөнгийн эрхийн бүртгэлд бүртгүүлэх үүрэгтэй байсан, тийнхүү бүртгүүлснээр
үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээн дээрх үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ албан ёсоор өөрчлөгдөх эрх зүйн үр дагавартай хэдий боловч хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн үндэслэж байгаа шиг нэхэмжлэгч нь 2016 оноос эхлэн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд үл хөдлөх хөрөнгүүдийн өөрчлөгдсөн үнэлгээг бүртгүүлэх үүрэгтэй байсан гэж үзэх боломжгүй байна.
2.9. Учир нь, 2018 оны Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн хууль нь тус хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт “Энэ хуулийг Улсын бүртгэлийн ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэж заасны дагуу Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулга хүчин төгөлдөр болсон өдөр буюу 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн байна. Тодруулбал, маргаан бүхий зөрчилд хамаарах 2016, 2017, 2018 онуудад Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн хууль үйлчлэх боломжгүй байжээ.
2.10. Харин дээр дурдсан онуудад 2003 оны Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль хүчин төгөлдөр үйлчилж байжээ. Тус хуулийн 19 дүгээр зүйлд эрхийн улсын бүртгэлд нэмэлт, өөрчлөлт оруулах гурван үндэслэлийг заасан байх бөгөөд тэдгээрт үл хөдлөх эд хөрөнгийн үнэ өөрчлөгдөх тохиолдолд эрхийн бүртгэлд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар заагаагүй байна. Тиймээс 2016, 2017, 2018 онуудад нэхэмжлэгч нь үл хөдлөх хөрөнгүүдийн өөрчлөгдсөн үнэлгээг бүртгүүлэх үүрэгтэй байсан гэж, мөн тэр үүргээ биелүүлээгүй учраас үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг мөн онуудад хамаарах санхүүгийн тайланд нэмэгдүүлж тайлагнасан үнэлгээнээс тооцож ногдуулах ёстой гэж буруутгах хууль зүйн үндэслэлгүй байна.
2.11. Харин 2019 онд Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн хууль /2018 оны/ хүчин төгөлдөр үйлчилж байсан тул нэхэмжлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг нэмэгдүүлэн тайлагнасан 8 үл хөдлөх эд хөрөнгийн өөрчлөгдсөн үнэлгээг тус хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1 дэх заалтад “үл хөдлөх эд хөрөнгийн хэмжээ, үнэ, гүйцэтгэл өөрчлөгдөх” тохиолдолд эрхийн улсын бүртгэлд нэмэлт өөрчлөлт оруулна гэж заасны дагуу бүртгүүлэх үүрэгтэй байсан байна. Гэвч энэхүү үүргээ нэхэмжлэгч нь биелүүлээгүй үйл баримт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар тогтоогдсон болно.
2.12. Тиймээс нэхэмжлэгч нь 2019 оноос эхлэн үл хөдлөх хөрөнгүүдийн өөрчлөгдсөн үнэлгээг бүртгүүлэх үүрэгтэй байсан гэж, мөн тэр үүргээ биелүүлээгүй учраас үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг мөн онд хамаарах санхүүгийн тайланд нэмэгдүүлж тайлагнасан үнэлгээнээс тооцож ногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
2.13. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан хүлээн зөвшөөрөхгүй байгаа 15,907,830.00 төгрөгийн төлбөрөөс 2016 оны 352,330,500.00 төгрөгийн зөрчилд хамаарах 2,651,305.00 төгрөгийн нөхөн татвар, 795,391.50 төгрөгийн торгууль, 530,261.00 төгрөгийн алданги, нийт 3,976,957.50 төгрөгийн, 2017 оны 352,330,500.00 төгрөгийн зөрчилд хамаарах 2,651,305.00 төгрөгийн нөхөн татвар, 795,391.50 төгрөгийн торгууль, 530,261.00 төгрөгийн алданги, нийт 3,976,957.50 төгрөгийн, 2018 оны 352,330,500.00 төгрөгийн зөрчилд хамаарах 2,651,305.00 төгрөгийн нөхөн татвар, 795,391.50 төгрөгийн торгууль, 530,261.00 төгрөгийн алданги, нийт 3,976,957.50 төгрөгийн буюу нийтдээ 11,930,872.50 төгрөгийн төлбөрийг бууруулан хангаж, үлдсэн буюу 2019 оны 352,330,500.00 төгрөгийн зөрчилд хамаарах 2,651,305.00 төгрөгийн нөхөн татвар, 795,391.50 төгрөгийн торгууль, 530,261.00 төгрөгийн алданги, нийт 3,976,957.50 төгрөгийн төлбөрийг хэвээр үлдээж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
2.14. Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс үндэслэж байсан “татварын улсын байцаагч нар нөхөн ногдуулалтын акт тогтоохдоо Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг хэрэгжүүлэх журмын 4 дүгээр зүйлийн 4.7 дахь хэсэгт заасныг хэрэглэсэн нь буруу” гэх агуулгатай тайлбарын тухайд авч үзэхэд, тус журмын дурдсан заалтад “хөрөнгө, орлого, үйл ажиллагаагаа нуун дарагдуулсан байх” урьдчилсан нөхцөл бичигдсэн байх бөгөөд мөн журмын 2 дугаар зүйлийн 2.1.1 дэх заалтад “нуун дарагдуулсан гэж ... хуулийн этгээд хөрөнгөө ... мэдүүлэх, бүртгүүлэх, тайлагнах үүргээ биелүүлээгүйн улмаас холбогдох албан татвар ... төлөөгүй, дутуу төлсөн байхыг ойлгох ...” гэж зааснаас, мөн маргааны үйл баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч нь 8 үл хөдлөх эд хөрөнгийн нэмэгдүүлсэн үнэлгээгээ бүртгүүлэх үүргээ 2019 оноос эхлэн биелүүлээгүй байх тул тус журмын 4 дүгээр зүйлийн 4.7 дахь хэсгийг хариуцагчийн зүгээс хэрэглэсэн нь буруу гэж үзэх үндэслэлгүй байна гэж дүгнэлээ.
Гурав. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд
гаргасан хүсэлтийг шийдвэрлэсэн тухайд:
3.1. Шүүх хуралдааны хэлэлцүүлэг эхлэхээс өмнө нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.Г Улсын бүртгэлийн байгууллагаас маргаж буй 8 үл хөдлөх эд хөрөнгийн хувийн хэргийг гаргуулах тухай хүсэлтийг гаргасан болно.
3.2. Дээрх хүсэлтийг шүүх хэлэлцээд маргааны гол зүйл нь үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн гэрчилгээн дээрх үнэлгээнээс үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулах эсэхтэй холбоотойгоор маргаж байгаа, түүнчлэн талууд маргаж буй 8 үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн гэрчилгээн дээрх үнэлгээний дүн дээр маргаагүй, мөн хувийн хэргийг татан авах нь энэхүү хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй ач холбогдолтой биш байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, шүүх хуралдааныг цааш үргэлжлүүлсэн болохыг дурдаж байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн
106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.6, 106.3.13 дахь заалтад тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 2003 оны Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэг, 2018 оны Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэг, мөн зүйлийн 13.1.1 дэх заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч “М б ү о с ч ” шашны байгууллагын гаргасан “Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.А, Б.Д нарын 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 2520902230 тоот Нөхөн ногдуулалтын актаас 15,907,830.00 төгрөгийн төлбөрийг бууруулах” тухай шаардлагаас 11,930,872.50 төгрөгийн төлбөрийг бууруулан хангаж, үлдсэн 3,976,957.50 төгрөгийн төлбөрийг хэвээр үлдээсүгэй.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, 35100 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр
зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.МӨНХ-ЭРДЭНЭ