Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 221/МА2024/0533

 

Д.Б-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч О.Оюунгэрэл

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч З.Ганзориг

Илтгэсэн шүүгч Г.Билгүүн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б

Нэхэмжлэлийн шаардлага: Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын А/18 дугаар “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” захирамжийн иргэн Д.Б-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 543 дугаар

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Чс, өмгөөлөгч Ж.Э

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Дөлгөөн

Хэргийн индекс: 128/2024/0288/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Д.Б-аас Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдуулан “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын А/18 дугаар “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” захирамжийн иргэн Д.Б-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 543 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.6, 57 дугаар зүйлийн 57.3, 57.4, Газрын төлбөрийн тухай хуулийн 3, 4 дүгээр зүйл, 11 дүгээр зүйлийн 1, Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2, 27.2 дахь хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Б-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн А/18 дугаар захирамжийг хууль бус болохыг тогтоон, хүчингүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

Иргэн Д.Б нь Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдуулан (Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн А/18 дугаар “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” захирамжийн иргэн Д.Б-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах) шаардлага бүхий нэхэмжлэлийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хянан хэлэлцээд 128/ШШ2024/0543 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2024 оны А/18 дугаар захирамжийн Д.Б-т холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

            Дүүргийн Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/630 дугаар “Газар эзэмших эрхийн гэрчилгээний нэр шилжүүлэх тухай” захирамжаар Д.Б-т 19 дүгээр хороо 2-48 урд үйлчилгээтэй орон сууц зориулалтаар 948 м.кв газрын 15 жилийн хугацаатай эрх олгож, 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг байгуулж, 000047675 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон байна.

            Улмаар Сонгинохайрхан дүүргийн газар зохион байгуулалтын нэгдүгээр албанаас иргэн Д.Б-т 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 20/807 албан тоотоор Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1 дэх заалт, Газар эзэмших гэрээний 3.1 дэх хэсгийг зөрчин хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу ашиглаагүй, 2020-2022 оны газрын төлбөрийг хугацаанд нь бүрэн төлөөгүй байх тул Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасны дагуу таны газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл бүрдсэн байна. 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн дотор холбогдох тайлбар, саналаа ирүүлэх талаар Монгол шуудангийн RD161056955 дугаарт хүргүүлсэн. Заасан хугацаанд тайлбар, санал ирүүлээгүй тул өдрийн сонины 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн мягмар гаригийн №205(4006) дугаарт зарлуулсан. Заасан хугацаанд тайлбар, санал ирүүлээгүй тул дүүргийн Засаг даргын 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн А/18 дугаар “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” захирамжаар хүчингүй болгож шийдвэрлэсэн. Анхан шатны шүүх нотлох баримтыг үнэн зөв эргэлзээгүй талаас нь дүгнээгүй мөн хуулийг буруу тайлбарлаж улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж дүгнэлт гаргасан. Үүнд:

            Шүүхийн шийдвэрийн хянавал хэсгийн 2.12-т “Сонгинохайрхан дүүргийн газар зохион байгуулалтын алба нь Д.Б-тай байгуулсан Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан байгаа ба уг гэрээг газрын төлбөрт улирал тутамд 265,248 төгрөгийг төлөхөөр тогтсон.

            2.13-д нэхэмжлэгч Д.Б нь газрын төлбөрийг уг гэрээ байгуулснаас хойш, маргаан бүхий захиргааны акт гарах хүртэл буюу 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн А/18 дугаар захирамжийг гарах хүртэл төлөөгүй байсан ба уг төлөөгүй шалтгаанаа “газар чөлөөлөхгүй байсан тул газрын төлбөр төлөх эсэхээ тодруулахаар дүүргийн Газрын албанд хандахад шийдвэрлэж өгөөгүй” гэх нэхэмжлэгчийн аман тайлбарыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож нотлох баримт үнэлээгүй нь үндэслэл бүхий болоогүй.

            Д.Б 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, хоёрдугаар 48 байрны урд байрлалтай 921 м.кв газрыг эзэмших эрх үүссэн бөгөөд тэрээр уг газрын эзэмших эрхийг олж авах үед уг газар дээр бусдын эд хөрөнгө болох тоосгон гарааш болон зөөврийн чингэлгүүд /контейнер/ байсан бөгөөд иргэн хүн бусдын өмч хөрөнгийг албадан нүүлгэх, хөндөх эрх байхгүй учраас түүний газраа зориулалтаар нь ашиглаагүй шалтгааныг “хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж үзэх ба энэ нь нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаанаас болоогүй байна гэж үзлээ гэх тайлбар нь нотлох баримтад үндэслээгүй нэхэмжлэгч маргаан бүхий газар эзэмших эрхийг олж авч байх үед уг газар дээр тоосгон гарааш болон зөөврийн чингэлгүүд байсан талаар өөрөө мэдэж байсан энэ талаар Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, 57.4-т заасан өөрийн газар эзэмших эрхээ хэрэгжүүлэхээр захиргааны байгууллагад хүсэлт гаргаж байгаагүй бөгөөд шүүхэд хандаж байгаагүй байхад дээрх дүгнэлтийг хэтэрхий нэг талыг барьж дүгнэлт гаргажээ. Хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга болон түүний Газрын алба нь эзэмших эрх үүссэн газар дээр нь бусдын хууль бус эзэмшил үүссэн, уг газрыг албадан чөлөөлөөгүй тохиолдолд төлбөрийг хэрхэн авах эсэх талаар шийдвэрлээгүй, нэхэмжлэгчийн сонсох ажиллагаа явуулаагүй байхдаа газрын төлбөрийг төлөөгүй гэж үзэж, газар эзэмших эрхийг дуусгавар болгосон нь хууль ёсны байх шаардлагыг хангаагүй байна.

            Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын нэгдүгээр алба нь Д.Б-т “Сонсох ажиллагааны мэдэгдэл”-ийг хүргүүлсэн байгаа боловч тэрээр гардан аваагүй болох нь нотлогдсон, дахин сонсох ажиллагаа явуулах зорилгоор өдрийн сонины 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн №205 (4006) дугаарт зарлуулсан байгаа боловч шүүхээс нэхэмжлэгчийг уг зарыг мэдсэн байх ёстой гэж үзэх боломжгүй байна.

            Татгалзал: Захиргааны байгууллага нэхэмжлэгч Д.Б-ын хаягт 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 20/807 албан тоотоор Газрын тухай хуулийн 35.3.1 дэх заалт, Газар эзэмших гэрээний 3.1 дэх хэсгийг зөрчин хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан нөхцөл болзол зориулалтын дагуу ашиглаагүй, 2020-2022 оны газрын төлбөрийг хугацаанд нь бүрэн төлөөгүй гэх агуулга бүхий мэдэгдлийг хүргүүлсэн. 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн дотор холбогдох хариу тайлбар ирүүлээгүй, Монгол шуудангийн RD161056955 дугаарт хүргүүлсэн. Мөн өдрийн сонины 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн мягмар гаригийн №205 (4006) дугаарт зарлуулсан заасан хугацаанд хариу тайлбар хүргүүлээгүй. Иргэн өөрийн оршин суугаа газрын хаягийн өөрчлөлтийг захиргааны байгууллагад мэдэгдээгүй.

Мөн хариуцагч сонсох ажиллагаа явуулахдаа хуульд заасан арга хэлбэрүүдээс “өдөр тутмын сонин зарлах” гэсэн зөвхөн ганц аргыг сонгосон байгаа ба Монгол улсын мэдээллийн болон харилцаа холбооны олон суваг, хэлбэр байгаагаас үүдэн аливаа этгээд бүх мэдээллийн сувгийг сонсох, мэдээлэл бүрэн авах боломжгүй нь бодит байдалд тодорхой тул нэхэмжлэгчийг өдөр тутмын сонин бүрийн зарыг үзэх боломжтой байсан гэж дүгнэх боломжгүй юм гэжээ.

            Татгалзал: Хариуцагч нь 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 20/807 албан тоотоор 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн дотор холбогдох хариу тайлбар ирүүлээгүй мөн Монгол шуудангийн RD161056955 дугаарт хүргүүлсэн. Мөн өдрийн сонины 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн мягмар гаригийн №205 (4006) дугаарт зарлуулсан, заасан хугацаанд хариу ирүүлээгүй захиргааны байгууллага сонгох боломж, эрхийн хүрээнд 2 төрлийн аргыг хэрэглэж Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн дагуу сонсох ажиллагааг бүрэн хийсэн болно.

            Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1-д “нэхэмжлэлийг хангасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.

 

ХЯНАВАЛ:      

 

1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

2. Дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэлээ.

2.1. Нэхэмжлэгч Д.Б-аас Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдуулан “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын А/18 дугаар “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” захирамжийн иргэн Д.Б-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

2.2. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2006 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 379 дүгээр захирамжаар тус дүүргийн 19 дүгээр хороонд 0.02 га газрыг худалдаа үйлчилгээний зориулалтаар “О м” ХХК-д эзэмшүүлж, дүүргийн Засаг даргын 2012 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 100 дугаар захирамжаар 19 дүгээр хороо 2-48 урд байрлах үйлчилгээний зориулалт бүхий газрын эзэмших эрхийг 5 жилээр сунгаж баталгаажуулсан бөгөөд дүүргийн Засаг даргын 2014 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн А/63 дугаар захирамжаар газар эзэмших эрхийг Б.О-т “орон сууц, үйлчилгээ”-ний зориулалтаар шилжүүлэн эзэмшүүлсэн байна.

2.3. Харин дүүргийн Засаг даргын 2012 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 199 дүгээр захирамжаар тус дүүргийн 19 дүгээр хороо 2-48 урд авто гражийн зориулалттай 748 м.кв газрыг Г.Н-т 5 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн бөгөөд дүүргийн Засаг даргын 2014 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн А/155 дугаар захирамжаар газар эзэмших эрхийг Б.О-т шилжүүлэн эзэмшүүлсэн байна. Улмаар Б.О-аас өөрийн эзэмшлийн дээрх 2 нэгж талбар бүхий газрын эзэмших эрхийг нэхэмжлэгч Д.Б-т шилжүүлэх, нэг эзэмших эрхийн гэрчилгээ, нэг кадастрын зурагтай болгуулах, мөн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах зэрэг хүсэлт гаргасны дагуу дүүргийн Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/630 дугаар захирамжаар 19 дүгээр хороо 2-48 урд байрлах 948 м.кв газрыг үйлчилгээтэй орон сууцны зориулалт бүхий газрыг 15 жилийн хугацаатайгаар Д.Б-т шилжүүлэн эзэмшүүлжээ.

2.4. Маргаан бүхий Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн А/18 дугаар захирамжаар газар эзэмшигч нь газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлээгүй, эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, тухайн газраа зориулалтын дагуу хоёр жил дараалан ашиглаагүй иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсний дотор нэхэмжлэгчийн эзэмших эрх бүхий дээрх газар багтсан бөгөөд нэхэмжлэгчээс “... коронавирус цар тахалтай холбоотойгоор 2020 оны 04 дүгээр сараас 2022 оны 08 дугаар сар хүртэл эрх бүхий байгууллагаас тогтоосон хөл хорионы улмаас тухайн газрыг зориулалтын дагуу ашиглах боломжгүй нөхцөл байдалтай байсан, хөл хорио дууссаны дараа үйлчилгээтэй орон сууцын барилга барихаар төлөвлөлт хийх гэсэн боловч тус газар дээр зөвшөөрөлгүй баригдсан автомашины гараашнууд байрлаж байсан бөгөөд нийслэлийн Засаг даргын захирамжаар энэхүү гараашнуудыг нураах ажил явагдаж, газар чөлөөлөх тухай Газрын албанаас мэдэгдсэн учир нураах хүртэл мөн л үйл ажиллагаа явуулах, зориулалтын дагуу ашиглах боломжгүй байдал үүссэн, ... эзэмших, ашиглах боломжгүй байсан учраас газрын төлбөрийг бид нар төлөх боломжгүй байна, иргэдийн гараашийг чөлөөлөөд өгөөч гэдэг хүсэлтийг шийдвэрлээгүй учраас газрын төлбөрийг төлөх боломжгүй байгаад байсан...” гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлан маргаж байна.

2.5. Анхан шатны шүүх “... Д.Б 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, Хоёрдугаар 48 дугаар байрны урд байрлалтай 921 м.кв газрыг эзэмших эрх үүссэн бөгөөд тэрээр уг газрыг эзэмших эрхийг олж авах үед уг газар дээр бусдын эд хөрөнгө болох тоосгон гарааш болон зөөврийн чингэлгүүд /контейнерууд/ байсан бөгөөд иргэн хүн бусдын өмч хөрөнгийг албадан нүүлгэх, хөндөх эрх байхгүй учраас түүнийг газраа зориулалтаар нь ашиглаагүй шалтгааныг “хүндэтгэн үзэх шалтгаантай байсан” гэж үзэх ба энэ нь нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаанаас болоогүй, ... хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга ... газрыг хууль бус эзэмшигч, ашиглагчаас албадан чөлөөлөх эрх, үүрэг нь Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, 57.4-т зааснаар үүссэн байхад уг үүргээ хэрэгжүүлээгүй атлаа ийнхүү Д.Б-ыг газраа зориулалтаар нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ашиглаагүй гэж үзсэн нь ийнхүү Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д нийцээгүй, ... Газрын төлбөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд ... заасны дагуу газрыг эзэмшиж, ашиглаж байгаа этгээдэд газрын төлбөр ногдуулах ба ... газрыг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлөх арга хэмжээг аваагүй буруутай үйл ажиллагааны улмаас газраа зориулалтаар нь ашиглаж чадахгүй байгаа тохиолдолд Д.Б-ыг Газрын төлбөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан “иргэний эзэмшиж байгаа газар” гэж үзэх үндэслэл хангалттай биш...” гэж дүгнэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж шийдвэрлэсэн үндэслэл муутай болжээ.

2.6. Учир нь хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэгч Д.Б маргаан бүхий газрын эзэмших эрхийг шилжүүлэн авах үед уг газар дээр тоосгон гарааш, контейнер зэрэг байрлаж байсан бөгөөд нэхэмжлэгч үүнийг нь мэдсээр байж газар эзэмших эрхийг шилжүүлэн авсан байхаас гадна газар эзэмших эрхийг шилжүүлсэн авсан 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс маргаан бүхий акт гарах хүртэлх бүхий л цаг хугацаанд газрын төлбөрийг огт төлөөгүй буюу Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д зааснаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл нэгэнт бүрдсэн байна. Хэдийгээр нэхэмжлэгчээс маргаан бүхий акт гарсны дараа буюу 2024 оны 01 дүгээр сарын 23, 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдөр тус тус газрын төлбөрийг нөхөн төлсөн боловч энэ нь маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох үндэслэл болохгүй.

2.7. Нөгөөтээгүүр, Газрын төлбөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлд “хууль тогтоомжийн дагуу газар эзэмшүүлэх, ашиглуулахаар шийдвэрлэсний үндсэн дээр газрыг эзэмшиж, ашиглаж байгаа иргэн ... газрын төлбөр төлөгч байна”, 4 дүгээр зүйлд “газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх бүхий этгээдийн шийдвэрийн дагуу ... аж ахуйн нэгж, байгууллагын ... ашиглаж байгаа, Газрын тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан газрын нэгдмэл сангийн үндсэн ангилалд хамаарах болон тусгай хэрэгцээний газарт төлбөр ногдуулна”, 7 дугаар зүйлийн 2-т “газрын төлбөрийн хэмжээг энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хязгаарт багтаан газрын үнэлгээ, ашиглах зориулалтыг харгалзан хөдөө аж ахуйн газрын үнэлгээний тойрог, хот, тосгон, бусад суурины газрын үнэлгээний зэрэглэл тус бүрээр Засгийн газар тогтооно” гэж тус тус зааснаас үзэхэд газрын төлбөр төлөх үүрэг нь газар эзэмшигч, ашиглагчид хуулиар хүлээлгэсэн үүрэг байна.

Өөрөөр хэлбэл, газар эзэмшигч, ашиглагч газраа зориулалтын дагуу ашиглаж чадаагүй нь газар эзэмшигч, ашиглагчийг газрын төлбөр төлөх хуулиар хүлээсэн үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.

2.8. Түүнчлэн хариуцагч захиргааны байгууллагаас 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 20/807 дугаар албан бичгээр “... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу ашиглаагүй, 2020-2022 оны газрын төлбөрийг хугацаанд нь бүрэн төлөөгүй байх тул Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасны дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл бүрдсэн...” талаарх мэдэгдлийг нэхэмжлэгч Д.Б-ын Сонгинохайрхан дүүргийн Газрын албанд бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо 13 дугаар байр, 180 тоот хаягаар хүргүүлсэн болох нь “Монгол шуудан” ХК-ийн 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 18/279 дүгээр албан бичгээр тогтоогдож байх бөгөөд нэгэнт хариуцагчаас бүртгэлтэй хаягаар нь ийнхүү мэдэгдэл хүргүүлсэн байхад нэхэмжлэгч хүлээн аваагүй нь хариуцагчийг буруутгах үндэслэл болохгүй юм.

2.9. Нөгөөтээгүүр анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлэх үүргээ хэрэгжүүлэхгүйгээр ийнхүү нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ маргаан бүхий Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн А/18 дугаар захирамжийн нэхэмжлэгч Д.Б-т холбогдох хэсгийг бус захирамжийг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй гэж үзэх бас нэгэн үндэслэл болно.

 

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 543 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Б-аас Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын А/18 дугаар “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” захирамжийн иргэн Д.Б-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б-ийн давж заалдах гомдлыг хангасугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                        ШҮҮГЧ                                                           О.ОЮУНГЭРЭЛ

 

 

                        ШҮҮГЧ                                                           З.ГАНЗОРИГ

 

 

                        ШҮҮГЧ                                                           Г.БИЛГҮҮН