Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 201620000255

 

 

 

            Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж, 

                Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Сувд-Эрдэнэ,

                Улсын яллагч: Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Баярмагнай,

                Шүүгдэгч: Ж.Батсайхан нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

                Увс аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Харнууд овгийн Жаргалын Батсайханд холбогдох эрүүгийн 201620000255 тоот хэргийг хянан хэлэлцэв.

                Биеийн байцаалт :  

           Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1970 оны 12 дугаар сарын 01-ний өдөр төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-8, эхнэр, хүүхдүүдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 4-р баг 1-4 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, /РД:ОЗ70120116/ Харнууд овгийн Жаргалын Батсайхан.  

            Хэргийн товч утга:

Шүүгдэгч Ж.Батсайхан нь 2016 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Увс аймгийн Өндөрхангай сумын Жаргалант багийн нутаг дэвсгэр “Уушгийн улаан” нэртэй газраас иргэн С.Түвдэндоржийн 3 тооны адуу хулгайлж, бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

                Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд:

                1. Мал, эд зүйл хураан авч, үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-9-р тал/,

           2. Мал эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 10-р тал/,

    3. Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-13-р тал/,

    4. Хураан авах тогтоол, эд зүйл хураан авч үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 14-16-р тал/,

    5. Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 17-р тал/,

    6. Хохирогч С.Түвдэндоржийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр өөрийн оршин суугаа газар болох Увс аймгийн Цагаанхайрхан сумын 3-р баг “Хунт нуур” гэх газраас өөрийн 1 азарга, 60 тооны адуугаа харахаар Өндөрхангай сумын нутаг дэвсгэрт байх “Уушгийн улаан” нэртэй газар луу явсан. Тухайн газарт очоод өөрийнхөө адуунуудаа тоолж үзэхэд 3 тооны буюу халтар зүсмийн 14 настай, бор хээр зүсмийн 12 настай, хул зүсмийн 6 настай нийт 3 адуу дутаж байсан. Тэгээд би Өндөрхангай сумын нутаг дэвсгэрээр явж уг 3 тооны адууг хайсан боловч олдоогүй тул гэрлүүгээ буцаад явсан. Маргааш нь буюу 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Өндөрхангай сумруу явж хэсгийн төлөөлөгчид адуугаа алдсан талаар хэлж, алдсан адуунуудынхаа им, тамгыг тэмдэглүүлчихээд буцаж, Цагаанхайрхан суманд ирж хэсгийн төлөөлөгчид мөн хэлж тэмдэглүүлсэн. Хамгийн сүүлд 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр Өндөрхангай сумын “Уушгийн улаан” гэх газарт очиж адуунуудаа тоолж, бүртгэж үзэхэд дээрх 3 тооны адуу ижил сүрэгтэйгээ байсан. Би 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Ж.Батсайханаас хар халтар зүсмийн 14 настай адуу, хул зүсмийн 6 настай адуугаа тус тус буцааж авсан. Одоо би Ж.Батсайханаас бор хээр зүсмийн 12 настай адуу болон 3 тооны адуугаа хайхад гарсан зардал, хар халтар зүсмийн 14 настай адуу, хул зүсмийн 6 настай адуугаа Улаангом сумаас Цагаанхайрхан суманд ачиж авч ирэхэд гарсан зардалд 800.000 төгрөгийг нэхэмжилж байна. Сүүлд Ж.Батсайхан миний бор хээр зүсмийн адууны оронд нэг үхэр өгсөн. Мөн эрж хайсны зардал 800.000 төгрөгний хохирлыг бүрэн барагдуулж өгсөн тул одоо энэ хүнд гомдол тэмцэл байхгүй. Иймд Ж.Батсайханд холбогдох хэргийг хөнгөн шийдэж өгнө үү” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21-р тал/,

7. Гэрч Ж.Эрдэнэ-Очирын мөрдөн байцаалтанд өгсөн: “Ж.Батсайхан бид хоёр Наранбулаг сумын уугуул хүмүүс тул нэг нэгнийгээ хүүхэд байхаасаа мэднэ. Би 2016 оны 9 дүгээр сарын 03-04-ний үед гэртээ байж байтал Ж.Батсайхан манай гэрт ирээд “Ахын дүү, ах нь Завхан аймаг, Увс аймгийн Өндөрхангай сумын нутаг дэвсгэрээр явж хүмүүсээс өөрийнхөө өр зээлийг авмаар байна. Чи машинаа бариад надтай хамт яваад өгөөч. Би чиний машинд 120 литр бензин хийж өгнө, мөн чамд 200000 /хоёр зуун мянга/ төгрөг өгье” гэж хэлэхээр нь би зөвшөөрөөд тухайн өдрөө Завхан аймаг руу өөрийнхөө машинтай явахаар болсон. Тэгээд тухайн өдрөө би өөрийнхөө 32-72 УВА улсын дугаартай микро маркийн автомашиныг бариад Ж.Батсайхан, Баярлах, Б.Аюушжав нарын хамт Завхан аймаг руу явсан. Тэгээд маргааш нь 12 цагийн орчимд Завхан аймгийн Улиастай суманд очсон. Завхан аймгийн Улиастай суманд очоод Ж.Батсайхан, Баярлах, Б.Аюушжав бид 4 нэг түрээсийн байранд орсон ба Завхан аймгийн Улиастай суманд бид 4 ойролцоогоор 6 хоног болоод 2016 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 15 цагийн үед Увс аймаг руу явсан. Увс аймгийн нутаг дэвсгэрлүү орж ирэхэд Ж.Батсайхан “Намайг Өндөрхангай сумын төвд хүргээд өгчих” гэж хэлэхээр нь би “Миний машинд бензин байхгүй байна. Тэгээд ч би Улаангом суманд яаралтай ажилтай байна” гэхэд Батсайхан Өндөрхангай сумын “Уушгийн улаан” нэртэй газарт бууж үлдсэн. Харин Баярлах, Б.Аюушжав бид гурав шууд Улаангом сумын төврүү яваад 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 04 цагийн үед Улаангомд орж ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-р тал/

                8. Гэрч Б.Аюушжавын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 10 цагийн үед Улаангом сумын 10 дугаар баг Тээврийн хороо 11-25 тоотод гэртээ байж байтал Ж.Батсайхан манай гэрт ирээд “Чи завтай байна уу?. Хэрэв завтай байвал надтай Завхан аймагруу яваад ирээч. Би Завхан аймаг орчихоод буцаж ирэх замдаа Увс аймгийн Өндөрхангай сумаар орж хүмүүсээс мал авна. Тэр малыг надтай цуг туулцаад Улаангом суманд аваад ирээч” гэж хэлэхээр нь би “За тэгье” гэж хэлээд зөвшөөрсөн. Тэгээд тухайн өдөртөө буюу 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Ж.Эрдэнэ-Очир, Ж.Батсайхан, Баярлах бид дөрөв Увс аймгийн Улаангом сумаас Завхан аймаг руу Ж.Эрдэнэ-Очирын микро маркийн автомашинтай явсан. Завхан аймгийн Улиастай суманд 2016 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 12 цагийн үед очиж нэг байранд орсон ба Завхан аймгийн Улиастай суманд бид 4 ойролцоогоор 6 хоног болоод 2016 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 15 цагийн үед Увс аймаг руу явсан. Увс аймгийн нутаг дэвсгэрлүү орж ирэхэд Ж.Батсайхан “Намайг Өндөрхангай сумын төвд хүргээд өгчих” гэж Ж.Эрдэнэ-Очирт хэлэхэд Ж.Эрдэнэ-Очир “Миний машинд бензин байхгүй байна. Тэгээд ч би Улаангом орох яаралтай ажилтай байна” гэж хэлэхэд Ж.Батсайхан “Намайг энд буулгачих” гэж хэлсэн. Тэгээд Ж.Эрдэнэ-Очир Ж.Батсайханыг Өндөрхангай сумын нутаг “Уушгийн улаан” нэртэй газарт машинаасаа буулгасан. Харин Баярлах, Ж.Эрдэнэ-Очир бид гурав шууд Улаангом сумын төврүү яваад Улаангом сумын төвд 2016 оны 10 сарын 11-ны өдрийн 04 цагийн үед очсон. Ж.Эрдэнэ-Очир бид хоёрт Завхан аймгийн Улиастай суманд хийх ажил байгаагүй болохоор байрласан байрандаа 6 хоносон. Харин Баярлах, Ж.Батсайхан хоёр өөрсдийнхөө ажлыг амжуулж байна гээд гадуур яваад байсан. Тэр хоёр ямар ажил амжуулж яваад байсан болохыг би сайн мэдэхгүй. Би Ж.Батсайханыг Увс аймгийн Өндөрхангай сумын “Уушгийн улаан” нэртэй газарт бууж үлдэхэд яах гэж байгаа талаар нь асуугаагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 23-р тал/,

                9. Гэрч Б.Гэрэлийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би 1978 онд Наранбулаг сумын 8 жилийн сургуулийн 1а ангид элсэн орохдоо нөхөр Ж.Батсайхантайгаа танилцаж байсан бөгөөд би 8 жилийн сургуульд сурч байхдаа нөхөртэйгээ найзалж эхэлсэн. Тэгээд 1992 оны 9 дүгээр сард Ж.Батсайхантай Наранбулаг суманд хуримаа хийсэн. Нөхөр Ж.Батсайхантайгаа гэр бүл болсон цагаас хойш өнөөдрийг хүртэл 23 жилийн хугацаанд нэг гэрт амьдарч 6 хүүхдийн аав, ээж болсон байна. Миний нөхөр Ж.Батсайхан надтай 23 жилийн хугацаанд амьдрахдаа сайн гэрийн эзэн, хүүхдүүдийнхээ халамжит аав нь байсан. Ж.Батсайхан нь бусадтай их нийтэч, ажилсаг хичээнгүй, хир барагтай зүйлд уурлаж уцаарладагүй, гарын дүйтэй гэх зэрэг олон сайн чанартай. Одоо манай гэр бүлийн 300 тооны бог мал 30 тооны адуу, 10 тооны үхрийг хүү Мөнгөн Орхон аймгийн Хялгант суманд маллаж байгаа. Харин нөхөр бид 2 хүүхдийнхээ хамт Улаангом суманд гэрээрээ эмээл, хазаар бугуйл гэх зэрэг суран эдлэл болон Монгол гутал, цагаан ултай гутал зэргийг хийж зарж амьдарч байна. Мөн Ж.Батсайхан нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэгүй. Миний нөхөрт ямар нэгэн хорт зуршил байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 24-р тал/,

    10. Гэрч Н.Нямаагийн мөрдөн байцаалтад өгсөн:  “Би 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 12 цагийн үед Улаангом сум 10 дугаар баг Тээврийн хороо 3-р гудамж 00 тоотод байх гэртээ байж байтал Ж.Батсайхан манай гэрт ирсэн. Тэгээд Ж.Батсайхан надтай юм ярьж байгаад “Та адуу авах уу?. Надад зарах 3 тооны адуу байна” гэж хэлэхээр нь би “Очиж үзье” гэж хэлсэн. Тэгээд манай гэрээс эхнэр Туяа, Ж.Батсайхан бид гурав гарч Ж.Батсайханы 3 тооны адууг очиж үзэхээр наадмын талбай руу явсан. Наадмын талбайн хажууд очиход хул, хар халтар, бор хээр зүсмийн 3 тооны адуу байсан. Тэгэхээр нь би тухайн 3 тооны адуунаас “Бор зүсмийн адууг худалдаж авъя. Хэдэн төгрөгөөр зарах юм бэ?” гэж асуухад Ж.Батсайхан “Бор хээр зүсмийн адууг 600.000 төгрөгөөр зарна” гэж хэлэхээр нь би Ж.Батсайханаас “Энэ адууны гар үүслийн бичиг байгаа юу?” гэж асуухад “Байгаа” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “Энэ бор хээр зүсмийн адууг манай хашаанд хүргэж тавихдаа гарал үүслийн гэрчилгээг нь цуг аваад очоорой” гэж хэлчихээд Ж.Батсайханд бэлнээр 300.000 төгрөг өгсөн. Тэгээд тэндээсээ эхнэр Туяагийн хамт гэрлүүгээ явсан. Би гэртээ очоод байж байгаад 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 15 цагийн үед Улаангом сумын төвөөс Сагил сумын нутаг дэвсгэрт байх Баянзүрх нэртэй газраас мал худалдаж авахаар Портер маркийн автомашинтай явсан. Сагил сумын Баянзүрх нэртэй газарт очоод хүмүүсээс мал худалдаж аваад буцаад гэртээ 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 23 цаг 30 минутанд ирэхэд Ж.Батсайхан манай хашаанд бор хээр зүсмийн адууг авч ирээд тавьчихсан байсан. Тэгэхээр нь би эхнэр Туяагаас “Ж.Батсайхан бор хээр зүсмийн адууны гарал үүслийн гэрчилгээг авч ирсэн үү?” гэж асуухад эхнэр Туяа “Ж.Батсайхан гарал үүслийн гэрчилгээ авч ирж өгөөгүй” гэж хэлсэн. Тэгэхээр нь би өөрийнхөө гар утаснаас Ж.Батсайханы гар утас руу залгаад “Энэ адууны гарал үүслийн гэрчилгээг яагаад авч ирж өгөөгүй юм бэ?” гэж асуухад Ж.Батсайхан “Маргааш өглөө эрт адууны гарал үүслийг гэрчилгээ хүргээд өгье” гэж хэлсэн. Тэгээд маргааш нь буюу 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 08 цагийн үед Ж.Батсайхан надад уг бор хээр зүсмийн адууны гарал үүслийг бичгийг авч ирж өгсөн. Би Ж.Батсайханаас уг бор хээр зүсмийн адууг худалдаж авахдаа хулгайн адуу гэдгийг мэдээгүй. Учир нь би Ж.Батсайханаас уг адууг худалдаж авахдаа “Гарал үүслийн гэрчилгээ байгаа юу?” гэж асуухад Ж.Батсайхан “Гарал үүслийн гэрчилгээ байгаа” гэж хэлсэн болохоор хулгайн адуу гэж бодоогүй. Би Ж.Батсайханаас худалдаж авсан бор хээр зүсмийн адуугаа нядлаад махыг нь 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Улаангом сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг хүнсний зах доторхи лангуун дээрээ зарах гээд байж байтал хоёр цагдаа надтай ирж уулзаад “Ж.Батсайханаас худалдаж авсан бор хээр зүсмийн адуу нь хулгайн адуу” гэж хэлэх үед уг адууг хулгайн болохьг мэдсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 25-р тал/,

    11. Шинжилгээ хийлгэх тогтоол, “Увс финанс-Аудит” ХХК-ийн Морь үнэлсэн тухай тайлан /хх-ийн 26, 27-28-р тал/,

    12. Шинжилгээ хийлгэх тогтоол, “Увс финанс-Аудит” ХХК-ийн Бүрэн тоноглолтой эмээл, эмээлийн мод үнэлсэн тухай тайлан /хх-ийн 31, 32-33-р тал/,

    13. Увс аймгийн Улаангом сумын 04 дүгээр багийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 1381 тоот тодорхойлолт /хх-ийн 49-р тал/,

    14. Шүүгдэгч Ж.Батсайханы урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 50-р тал/,

     15. 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Эвлэрлийн гэрээ. /хх-ийн /

     16. Шүүгдэгч Ж.Батсайханы мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би 2016 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Өндөрхангай сумын Жаргалант багийн нутаг дэвсгэрт байх “Уушгийн улаан” нэртэй газраас хар халтар зүсмийн 14 настай, бор хээр зүсмийн 12 настай, хул зүсмийн 6 настай, нийт 3 тооны адууг хулгайлж авсан. Би 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 09 цагийн үед Улаангом 4 дүгээр баг Сургуулийн хорооны 1 дүгээр гудамж 51 тоотод байх гэрээсээ гараад Ж.Эрдэнэ-Очирын гэрлүү явсан. Ж.Эрдэнэ-Очирын гэрт очоод түүнд “Өнөөдөр надтай хамт Завхан аймагруу яваад өгөөч. Би чиний машинд 120 литер түлш, чамд 200000 /хоёр зуун мянга/ төгрөг өгье” гэж хэлэхэд Ж.Эрдэнэ-Очир зөвшөөрсөн. Тэгээд би тэдний гэрээс гараад Б.Аюушжавын гэрлүү явж очоод Б.Аюушжавд “Би өнөөдөр Завхан аймагруу явах гэж байна. Завхан аймгаас буцаж ирэхдээ Өндөрхангай сумаар орж хүмүүсээс өрөндөө авах ёстой малнуудаа авна. Чи завтай бол надтай хамт яваад Өндөрхангай сумаас мал туулцаад Улаангом суманд авч ирж өгөөч” гэж хэлэхэд Б.Аюушжав зөвшөөрсөн. Тэгээд би Баярлахын 80940354 дугаарын гар утасруу залгаад “Би Завхан аймагруу явах гэж байна. Чи хамт явах юм уу?” гэж асуухад Баярлах “За тэгье, хамт Завхан аймагруу яваад ирье” гэж хэлэхээр нь би гар утасныхаа дуудлагыг тасалсан. Тэгээд тухайн өдрөө Ж.Эрдэнэ-Очир, Баярлах, Б.Аюушжав бид 4 Ж.Эрдэнэ-Очирын микро маркийн автомашинтай Улаангом сумаас Завхан аймагруу хөдөлсөн. Маргааш нь буюу 2016 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 12 цагийн үед Завхан аймгийн Улиастай суманд очоод нэг түрээсний байр олж орсон. Тухайн түрээсийн байрандаа 2016 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанд байрласан. Завхан аймгийн Улиастай суманд байх хугацаандаа Баярлах бид хоёр хүмүүсээс авах ёстой мөнгөнүүдээ нэхэж явсан боловч мөнгө авах ёстой хүмүүсээсээ мөнгөө авч чадаагүй. Тэгээд Завхан аймгаас гараад Увс аймгийн нутаг дэвсгэрт орж ирэхэд би Ж.Эрдэнэ-Очирт “Намайг Өндөрхангай сумын төв дээр хүргэж өгчихөөд Улаангом сумруу яв” гэж хэлэхэд Ж.Эрдэнэ-Очир “Миний машины түлш бага байна. Дээрээс нь би Улаангом суманд очиж ажил явдалд оролцох яаралтай ажилтай явж байна. Тийм болохоор чамайг Өндөрхангай сумын төв дээр хүргэж өгч чадахгүй” гэж хэлсэн. Тэгэхээр нь би Өндөрхангай сумын Жаргалант багийн нутаг дэвсгэрт байх “Уушгийн улаан” нэртэй газар бууж үлдсэн. Харин Ж.Эрдэнэ-Очирын машинтай Ж.Эрдэнэ-Очир, Б.Аюушжав, Баярлах бид гурав Улаангом сумын төврүү явсан. Би Ж.Эрдэнэ-Очирын машинаас буугаад Өндөрхангай сумын төврүү явж байсан замын унаанд дайгдаж суух гээд хүлээсэн боловч Өндөрхангай сумын төврүү явах замын унаа олдохгүй болохоор нь замын ойролцоо байсан 6 тооны адуунаас барьж аваад Улаангом сумын төврүү оръё гэж бодоод тухайн 6 тооны адууг хар замруу шахаж байгаад өөрт байсан сураараа нэг нэгээр нь бугуйлдаж хар халтар, хул, бор хээр зүсмийн 3 тооны адууг нь барьж авсан. Барьж авсан 3 тооны адуугаа ээлжилж унасаар байгаад замдаа хоёр хоноод Улаангом сумын төвд ирсэн. Тэгээд өөрийнхөө унаж ирсэн 3 тооны адуугаа Улаангом сумын төвд байрлах наадмын талбайн ойролцоо үлдээчихээд гэрлүүгээ явсан. Гэртээ очоод тухайн өдрөө унтаж амарчихаад хулгайлж авсан 3 тооны адуугаа яах талаар бодож байгаад нэгэнт Улаангом суманд аваад ирсэн юм чинь зараад мөнгө болгоё гэж шийдсэн. Тэгээд маргааш нь буюу 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 09 цагийн үед Улаангом сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах хүнсний зах дотор мах зардаг Нямаа гэх хүний гэрлүү явсан. Нямаагийн гэрт очоод Нямаатай юм ярьж байгаад “Би Өндөрхангай сумаас өрөндөө нэг хүнээс 3 тооны адуу авч ирсэн. Та адуу худалдаж авах уу?” гэж асуухад Нямаа “Адууг чинь үзэж байгаад авах эсэхээ шийдье” гэж хэлэхээр нь би Нямааг Өндөрхангай сумаас авч ирсэн 3 тооны адуун дээр дагуулж очиж үзүүлэхэд Нямаа “Бор хээр зүсмийн адууг авъя” гэж хэлээд надаас тухайн адууг 630000 /зургаан зуун гучин мянга/ төгрөгөөр худалдаж авахаар болоод надад бэлнээр мөнгийг нь өгсөн. Тэгэхээр нь би тухайн өдрөө буюу 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 20 цагийн үед бор хээр зүсмийн морийг Нямаагийн гэрт хүргэж өгсөн. Үлдсэн хар халтар, хул зүсмийн хоёр адууг өөр дээрээ байлгаж байя гэж бодоод өдөр нь Улаангом сумын төвд байрлах наадмын талбайн ойролцоо идээшүүлж орхиод, орой нь өөрийнхөө хашаанд авч ирж хонуулсан. Тэгээд маргааш нь буюу 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр гэртээ байж байтал Цагдаагийн газраас эрүүгийн төлөөлөгч Батбаяр, Батжаргал хоёр манай гэрт орж ирээд “Та яагаад Өндөрхангай сумын Жаргалант багийн “Уушгийн улаан” нэртэй газраас иргэн С.Түвдэндоржийн 3 тооны адууг хулгайлж байгаа юм бэ?” гэж хэлэхээр нь би болсон явдлын талаар яриад С.Түвдэндорж гэх хүний 3 тооны адууг хулгайлж авсан болохоо хүлээн зөвшөөрсөн. ...Надад Өндөрхангай сумын Жаргалант багийн нутаг дэвсгэрт байх “Уушгийн улаан” нэртэй газраас Түвдэндоржийн 3 тооны адууг хулгайлж авах бодол байгаагүй. Тухайн газраас 3 тооны адууг барьж авахдаа ээлжилж унаад Улаангом сумын төв орно гэж бодсон. Харин Улаангом сумын төвд уг 3 тооны адууг ээлжилж унаж ирсэний дараагаар тухайн 3 тооны адууг зарж мөнгө олъё гэж бодсон. Би машинаас буухдаа Өндөрхангай сумын төв дээр очоод надаас эмээл, бугуйл зарсан хүмүүстэй уулзвал надаас худалдаж авсан эмээл, бугуйлныхаа мөнгөний оронд мал өгч магадгүй, хэрвээ мал өгвөл тухайн малыг Улаангом сумын төврүү тууж явахад морь унах шаардлага гарна гэж бодоод өөрийнхөө чөдөр, хазаар, бугуйл гурвыг авч буусан юм. Би С.Түвдэндоржид 2 морийг нь буцаан өгч, 1 мориных нь оронд 1 үхэр өгч, эрэл хайгуулын зардал 800.000 төгрөгийн хохирлыг бүрэн төлж барагдуулж бид хоорондоо эвлэрсэн. Хийсэн хэрэгтээ харамсаж байна. Надад хөнгөн ял шийтгэж өгнө үү” гэх мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн баримтууд болно.

            Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтуудыг шинжлэн судалж дүгнэвэл:

           Шүүгдэгч Ж.Батсайхан нь 2016 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Увс аймгийн Өндөрхангай сумын Жаргалант багийн нутаг дэвсгэр “Уушгийн улаан” нэртэй газраас иргэн С.Түвдэндоржийн 3 тооны адуу хулгайлж, С.Түвдэндоржид бага бус хэмжээний хохирол учруулсан болох нь хохирогч С.Түвдэндорж, гэрч Ж.Эрдэнэ-Очир, Б.Аюушжав, Н.Нямаа нарын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн мэдүүлгүүд, мал, эд зүйл хураан авч, үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр баталгаажуулсан гэрэл зургийн үзүүлэлтүүд, мал эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, “Увс Финанс-Аудит” ХХК-ийн 2016 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 493 тоот үнэлгээний тайлан болон шүүгдэгч Ж.Батсайханы хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна. 

            Шүүгдэгч Ж.Батсайханы “...6 тооны адууг хар замруу шахаж байгаад өөрт байсан сураараа нэг нэгээр нь бугуйлдаж хар халтар, хул, бор хээр зүсмийн 3 тооны адууг нь барьж авсан...” гэх мэдүүлэг, хохирогч С.Түвдэндоржийн “...тухайн газарт очоод өөрийнхөө адуунуудаа тоолж үзэхэд 3 тооны буюу халтар зүсмийн 14 настай, бор хээр зүсмийн 12 настай, хул зүсмийн 6 настай нийт 3 адуу дутаж байсан...”гэх мэдүүлэг, “Увс Финанс-Аудит” ХХК-ийн 2016 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 493 тоот үнэлгээний тайланд “...14 настай морины үнэ 700.000 төгрөг, 12 настай морины үнэ 700.000 төгрөг, 6 настай морины үнэ 600.000 төгрөг нийт алдагдсан 3 тооны адууны зах зээлийн үнэ 2 сая төгрөг...” гэж үнэлсэн үнэлгээ зэргээс үзэхэд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч С.Түвдэндоржид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт заасан бага бус хэмжээний хохирол учирсан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн бүрэлдэхүүн хангагдаж байна. 

             Иймд хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон тул шүүгдэгч Ж.Батсайханыг бусдын эд хөрөнгө хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй.

             Шүүгдэгч Ж.Батсайхан нь хулгайлсан 3 тооны адуунаас хар халтар зүсмийн 14 настай адуу, хул зүсмийн 6 настай адууг хохирогч С.Түвдэндоржид буцаан өгсөн, хээр зүсмийн 12 настай адууны оронд үхэр өгсөн, эрлийн болон 2 тооны адууг Улаангом сумаас Цагаанхайрхан сум руу тээвэрлэсэний зардалд нийт 800.000 төгрөг нэхэмжилснийг төлж барагдуулсан, гэм буруугаа ойлгож ухамсарлан чин санаанаасаа гэмшиж хохирогчоос уучлалт гуйсан, хохирогч С.Түвдэндорж нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хохирогчоос шүүхийн шатанд гаргаж өгсөн Эвлэрлийн гэрээ зэргээр тогтоогдож байна.  

                 Иймд шүүгдэгч Ж.Батсайхан нь анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан гэм хорыг арилгасан, хохирогч С.Түвдэндорж нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн нь нотлогдож байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар шүүгдэгч Ж.Батсайханд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д заасан эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлтэй гэж дүгнэв.

             Харин шүүгдэгч Ж.Батсайхан нь гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл буюу хулгайлсан хээр зүсмийн 12 настай адууг бусдад зарж борлуулан 300.000 төгрөгийн ашиг олсон нь шүүгдэгчийн шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэг болон гэрч Н.Нямаагийн “...Ж.Батсайханд 300.000 төгрөг бэлнээр өгсөн...” гэх мэдүүлэгээр тогтоогдож байх тул Ж.Батсайханаас 300.000 төгрөг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй байна.   

            Шүүгдэгч Ж.Батсайхан нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч Ж.Батсайханы эзэмшлийн суран бугуйл 1 ширхэгийг устгаж, шүүгдэгчээс гаргуулах хохирол, төлбөргүй тул түүний эзэмшлийн эд хөрөнгө болох бүрэн тоноглолтой эмээл 1 ширхэг, тоноглосон эмээлийн мод 1 ширхэг, эмээлийн мод 1 ширхэгийг тус тус битүүмжилсэн  мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгохоор шийдвэрлэв.          

              Шүүгдэгч Ж.Батсайханд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлж байгаа тул түүнд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгох үндэслэлтэй байна.

             Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283 дугаар зүйлийн 283.1, 284 дүгээр зүйлийн 284.1, 294-296,  297 дугаар зүйлийн 297.1-5 дахь хэсэг, 298 дугаар зүйлүүдэд  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

             1. Шүүгдэгч Харнууд овгийн Жаргалын Батсайханыг бусдын эд хөрөнгө хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д заасныг баримтлан  шүүгдэгч Ж.Батсайханд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар Ж.Батсайханыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

            3. Шүүгдэгч Ж.Батсайхан нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, гаргуулах хохиролгүй болохыг тус тус дурдсугай.

     4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар Ж.Батсайханаас гэмт хэрэг үйлдэж олсон орлого 300.000 /гурван зуун мянга/ төгрөгийг гаргуулж, улсын орлого болгосугай.

       5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Ж.Батсайханы эзэмшлийн суран бугуйл 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

       6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-д зааснаар Ж.Батсайханы эзэмшлийн бүрэн тоноглолтой эмээл, тоноглосон эмээлийн мод, эмээлийн мод битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-ыг хүчингүй болгосугай. 

       7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д зааснаар шүүгдэгч Ж.Батсайханд өмнө авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

         8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            С.БОЛОРТУЯА