Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 148

 

 

 

 

 

 

 

 

 

Д ХХК-ийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2017/02800 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Д ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч С.Гд холбогдох  

 

154 069 792 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагч С.Гүндсамбын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.Энхболд

Хариуцагчийн өмгөөлөгч: Д.Нямдорж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ж.Энэрэл нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Г нь манай компанийн татваргүй барааны дэлгүүрт 2002 оноос худалдагчаар ажилд орсон. 2015 он гарснаас орлого илт багассан. Тооллого хийхэд 08 дугаар сард борлуулсан барааны орлогоос 19 218 ам.долларыг С.Г дутуу тушаасан учраас үүнтэй холбогдуулан бараа дутагдсан байж болзошгүй гэдэг хардлага төрж, 2015 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр С.Гүндсамбын хариуцаж байсан бараа материалыг тоолоход 50 896 ам.долларын бараа буюу 2 577 ширхэг бараа дутагдуулсан байдаг. Иймд Д ХХК-д учруулсан хохирол болох 77 314 ам.доллар буюу 154 069 792 төгрөгийг С.Гас гаргуулж өгнө үү. Хөдөлмөрийн гэрээний 4.16-д зааснаар “ажилтан өөрийн буруугаас болж эд хөрөнгийн хохирол учруулбал өөрөө хариуцна” гэж заасан байдаг. С.Г нь өөрөө бараагаа компьютерт шивж оруулаад, оруулсан бараагаа өөрөө худалддаг байсан нь шүүхээс үзлэг хийх явцад тогтоогдсон. 8 дугаар сард үзлэг хийхэд бараа бүрэн байсан. Үзлэг хийснээс хойш орлогыг дутуу төлсөн байдал илэрсэн учраас барааг тоолоход дутсан байсан. Иймд Хөдөлмөрийн гэрээнд зааснаар ажилтан өөрийнхөө буруугаас бараа дутаасан бол байгууллагад учирсан хохирлыг ажилтан өөрөө хариуцна гэсэн заалтын дагуу нэхэмжилж байгаа гэжээ.

Хариуцагч С.Г шүүхэд гаргасан тайлбартаа: Би “ДФ” компанийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дараахь үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Нэхэмжлэлд тооллого хийхэд 58 096 ам.долларын бараа дутсан гэж заажээ. 2015 оны 08 дугаар сард миний ажиллаж байсан салбар дэлгүүрт Улаанбаатар хотын гаалиас шалгалт орж барааны илүүдэлтэй байна гэж тогтоосон. Компани энэхүү зөрчлийг хүлээн зөвшөөрч, дэлгүүр 2015 оны 08 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл гурван долоон хоногийн турш хаалттай, битүүмжлэгдсэн байсан. Дэлгүүр нээгдэхэд компанийн дэд захирал н.Чимгээ надаас агуулах, дэлгүүр, кассны зэрэг бүх түлхүүрийг нэхэж авсан. Мөн илүүдсэн байсан 300 орчим хайрцаг бараанаас 155 хайрцаг барааг нягтлан бодогч н.Энхболд бид хоёр н.Чимгээ захирлын өгсөн үүргийн дагуу дэлгүүрээс гаргасан. Татваргүй барааны дэлгүүрийн бусад худалдааны газруудаас ялгаатай нь өдөр болгон “борлуулалтын өдрийн мэдээ" нэртэй тайлан гаргадаг. Татваргүй барааны дэлгүүрийн өөр нэгэн онцлог бол дэлгүүрийн агуулахыг гаалийн байгууллагаас битүүмжилж, зөвхөн гаалийн байцаагчийн хяналт доор бараа хөдөлгөөнд ордог байсан. Миний бие өдөр болгон “борлуулалтын өдрийн мэдээ"-гээ гаргаж компанийн удирдлагад өгч шалгуулдаг байсан төдийгүй компани намайг үр дүнтэй сайн ажиллаж байна гэж сар бүр нэмэгдэл цалин олгодог байсан. “ДФ” компани гаргасан нэхэмжлэлдээ намайг 19 218 ам.долларын орлогыг дутуу тушаасан гэж заажээ. Дээр дурдсан гаалийн шалгалттай холбоотойгоор дэлгүүр эргээд нээгдсэний дараа н.Чимгээ захирал 19 218 ам.долларыг хэд хэдэн өдрийн "Борлуулалтын өдрийн мэдээ"-нд хувааж оруулуулсан. Өөрөөр хэлбэл н.Чимгээ захирал надад үүрэг өгч орлого ороогүй, дэлгүүр ажиллаагүй байхад 19 218 ам.долларын орлого орсон мэтээр тайланд тусгуулсан. Д ХХК нь нэхэмжлэлдээ Санхүүгийн баримтуудыг хавсаргасан байна. Миний бие Д ХХК-ийн гаргаж өгсөн баримтуудыг нотолгоо гэж үзэхгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.2.1, 135 дугаар зүйлийн 135.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.Гас 154 069 792 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч Д ХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 928 299 төгрөгийг улсын төсөвт үлдээж, хариуцагчаас 928 299 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч С.Г давж заалдах гомдолдоо: “...Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1.2-т "...хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх үедээ байгууллагад хохирол учруулсан ажилтан эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүэлээлгэхээр хууль тогтоомжид заасан...",. мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.4 дэх хэсэгт ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд тусгаагүй бол түүнд эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэж болохгүй байхаар хуульчилсан.

Талуудын хооронд байгуулагдсан Хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.16-д "...Ажилтан өөрийн буруугаас компанид эд хөрөнгийн хохирол учруулбал түүнийг бүрэн хариуцаж барагдуулна..." гэж заасан бөгөөд худалдагч нь татваргүй барааны дэлгүүрт гаалийн мэдүүлгээр ирсэн барааг хүлээн авч, санхүүгийн программд бүртгэж, худалдан борлуулах зэрэг хөдөлмөрийн гэрээний үүргээ биелүүлж байсан нь тэдгээрийг дутаах үндэслэл болж, үүнийг шууд худалдагчийн буруу гэж үзэх үндэслэлгүй юм.

...Шүүх дэлгүүрийн эрхлэгч, няравын буруутай үйл ажиллагаа байгаа эсэх, тэдгээрийн гэм хор, учруулсан хохирлын хэмжээг тогтоогоогүй атлаа зөвхөн худалдагчийн буруугаас бараа дутсан гэж үзсэн нь учир дутагдалтай дүгнэлт болж, хэт нэг талыг баримтлан шийдвэрлэсэн байх бөгөөд шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэлтэй.

Хариуцагч нь "...дутагдуулсан гэх 19 218 ам.долларыг захирлын үүрэг даалгаврын дагуу борлуулалтын өдрийн мэдээнд хувааж, дэлгүүр ажиллаагүй байхад орлого орсон мэтээр тайланд тусгуулсан..." гэж маргадаг бөгөөд уг нөхцөл байдлыг тодруулахаар хариуцагчийн өмгөөлөгчөөс хавтаст хэрэгт авагдсан "Мөнгөн хөрөнгийн журнал" гэх баримтад дурдсан 2015 оны 08 дугаар сарын 01, 03, 24, 25, 26, 31-ний өдрүүдийн кассын талон буюу худалдан авагч тус бүрийн тасалбаруудыг гаргуулах хүсэлтийг гаргаж, нэхэмжлэгчийн зүгээс тус баримтуудыг шүүхэд ирүүлсэн.

Нэхэмжлэгчийн зүгээс тус кассын талонуудыг 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хэвлэж шүүхэд ирүүлсэн бөгөөд уг баримтуудыг нягтлан үзвэл 2015 оны 08 дугаар сарын 01-ний өдөр картын й-131609 дугаартай Герман улсын иргэн Россбахын 141 ам.долларын гүйлгээний баримтын огноо нь 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөр байх бөгөөд мөн 2015 оны 08 дугаар сарын 01-ний өдөр үйлчлүүлсэн гэх Австрали  улсын иргэн Бурчилын 159 ам.долларын кассын талон  нь 08 дугаар сарын 03, 24, 26-ны өдрүүдийн кассын талонтой яг ижил байдлаар хэвлэгдсэн байсан тул хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс дээрх баримтуудыг хуурамчаар үйлдэгдсэн байж болзошгүй гэж үзэж, түүнийг нотлуулахаар уг кассын талонуудад нэр дурдагдсан Монгол улсад суугаа дипломат төлөөлөгчийн газрын болон элчин сайдын яамны дипломат албан тушаалтнуудаас гэрчийн мэдүүлэг авахуулах хүсэлтийг гаргасан боловч шүүх хүсэлтийг хангахгүй орхин шийдвэрлэсэн, ...хариуцагчийн зүгээс 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн шүүх хуралдаанд маргаан бүхий дутагдсан гэх 107 нэр төрлийн, маш их овор хэмжээний бараа, бүтээгдэхүүнийг 10 гаруй хоногийн дотор дэлгүүрээс авч гарах боломжгүй болохыг нотлох үүднээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д "...Хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтоож чадах биет зүйл..." буюу татваргүй барааны дэлгүүрээс дутсан гэх бараа, бүтээгдэхүүнүүдийн ижил төрлийн сав, баглаа буюу 44 ширхэг цаасан хайрцагнуудыг авчирсан боловч шүүх хүлээн авахаас татгалзсан бөгөөд үзлэг хийлгэх боломжтой болохыг тайлбарласны үндсэн дээр хариуцагчийн өмгөөлөгчийн зүгзэс татваргүй барааны дэлгүүрээс дутсан гэх 107 нэр төрлийн барааны ижил төрлийн бараанд үзлэг хийлгэх хүсэлтийг гаргасныг мөн л хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь хариуцагчийн өөрийн тайлбар татгалзлаа нотлох эрхийг зөрчсөн атлаа шүүхийн шийдвэрт хариуцагчийг тайлбар, татгалзлаа нотлох үүргээ биелүүлээгүй гэж үзсэн нь үндэслэлгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотлох баримтыг бүрдүүлэх, цуглуулах журмыг шүүх зөрчсөн болно...Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:  

            Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасны дагуу үнэлж чадаагүй тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах замаар зөвтгөх нь зүйтэй гэж үзлээ.

 

            Нэхэмжлэгч Д ХХК нь хариуцагч С.Гд холбогдуулан дутагдуулсан барааны үнэ 77 314 ам.доллар буюу 154 069 792 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Шүүх талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 3.1-д “ажил олгогч нь...эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэх эрхтэй”, гэрээний 4.16-д “ажилтан өөрийн буруугаас компанид эд хөрөнгийн хохирол учруулбал түүнийг бүрэн хариуцаж барагдуулна” гэж тус тус заасан байна. Иймд зохигчдын хооронд Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1.2-т заасан эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулагдсан байх тул ажил олгогч Д ХХК нь ажилтан С.Гүндсамбын буруугаас учирсан хохирлыг шаардах эрхтэй гэж дүгнэсэн нь зөв байна.

 

            Хариуцагч С.Г нь Д ХХК-ийн татваргүй барааны дэлгүүрт худалдагчаар ажиллаж байх хугацаандаа барааг нэг бүрчлэн баримт үйлдэн хүлээж авдаггүй байсан боловч гаалийн мэдүүлгээр ирсэн барааг санхүүгийн программд бүртгэн дэлгүүрт хүлээн авдаг байсан талаар нэхэмжлэгч тайлбарласан /II-хх 412/ ба хариуцагч энэ талаар маргаагүй байна.

            Хэрэгт авагдсан татваргүй барааны дэлгүүрийн 2015 оны 08 дугаар сарын 01, 03, 24, 25, 26, 31-ний өдрүүдийн бараа материалын борлуулалтын товчоо, кассын талон, мөн мөнгөн хөрөнгийн журнал гэх баримтад хариуцагч С.Г нь дээрх өдрүүдийн борлуулалтын орлого 20 622 ам.доллар төлөхөөс 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн борлуулалтын орлого 1 404 ам.долларыг орлогод тушааж, үлдэх 19 216 ам.долларыг дутуу тушаасан гэж тодорхойлолт бичиж, гарын үсэг зурсан байх тул шүүх уг төлбөрийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ. /I-хх 7, IV-хх 26-87/

 

            Харин хэрэгт авагдсан гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг, бараа материалын дэлгэрэнгүй бүртгэл, бараа материалын бүтээгдэхүүний борлуулалтын товчоо зэрэг баримтаар 2015 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр дэлгүүрт тооллого явуулах үед хэдэн нэр төрлийн, хэдэн ширхэг, ямар үнийн дүнтэй, дэлгүүрт бараа байх ёстой байсан нь эргэлзээгүй тогтоогдоогүй болно.

 

Түүнчлэн гэрч Б.Мөнхбаяр “...Миний өмнүүр буюу намайг байхад барааг авч гараагүй, ажлын цагаар би харах боломжтой. Ажлын бус цагаар бол би яахыг мэдэхгүй”, гэж гэрч Д.Цэрэндорж “...бараа, бүтээгдэхүүнийг оруулаагүй, дэлгүүр хойноо хаалгатай, бид нар урд хаалган дээр сууж байдаг учир хойд хаалгаар гаргах боломж байгаа байх” /IV-хх 127, 147/ гэж тус тус мэдүүлсэн байна. Нэхэмжлэгчийн татваргүй барааны дэлгүүрт худалдаж байсан бараанаас 154 069 792 төгрөгийн үнэ бүхий бараа дутагдсанд тус дэлгүүрийн эрхлэгч, харуул, худалдагч нарын хэнийх нь буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн нь тогтоогдоогүй байхад зөвхөн худалдагчийн гэм буруутай үйл ажиллагаанаас уг бараа материал дутагдал болсон гэж дүгнэх боломжгүй байна.

Талуудын хоорондын эд хөрөнгийн бүрэн хариуцлагыг тогтоосон гэрээнд ажилтны буруутай үйл ажиллагаанаас хохирол учирсан бол хариуцахаар заасан бөгөөд хариуцагч С.Гүндсамбын ямар буруутай үйл ажиллагаанаас хохирол учирсан нь тогтоогдохгүй байна. Иймд анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан “Нотлох баримтыг ...үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэсэн заалтад нийцээгүй байна.       

 

            Иймд нэхэмжлэлийн шаардлагаас барааны үнэ 58 096 ам.доллар буюу 115 772 546 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

            Хариуцагчийн гаргасан “...барааны үлдэгдлийг анхан шатны нягтлан бодох бүртгэлийн баримтад үндэслэн аудитын дүгнэлт гаргуулах” хүсэлтийг шүүх хүлээн авсан бөгөөд шинжээчээр томилогдсон “Актив аудит” ХХК нь шинжээчийн дүгнэлт гаргах боломжгүй талаар албан бичиг ирүүлсэн, хариуцагч С.Г нь хүсэлтээсээ татгалзсан байгааг шүүхийг талуудын хүсэлтээр нотлох баримт бүрдүүлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан журмыг зөрчсөн гэж үзэх боломжгүй болно. /III-хх 11-13, 20, 26-29/

 

            Хэргийн 90 дүгээр талд хариуцагчийн өмгөөлөгч Д.Нямдорж “...татваргүй барааны дэлгүүрээс дутсан гэх бараа, бүтээгдэхүүнүүдийн ижил төрлийн сав, баглаа буюу 44 ширхэг цаасан хайрцагнуудыг авчирсан боловч шүүх хүлээн авахаас татгалзсан учир тухайн шүүхэд хүргүүлсэн эд мөрийн баримтууд байгаа газар буюу Д ХХК-ийн “Дипломат” татваргүй барааны дэлгүүрт байгаа 2015 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн тооллогоор дутсан гэх 107 нэр төрлийн барааны ижил төрлийн бараанд үзлэг хийлгэх,  үзлэгийн талаар тэмдэглэл хөтлөн бэхжүүлэн, баримтжлуулах ажиллагааг хийлгүүлэх тухай” хүсэлт гаргасныг шүүх эд мөрийн баримт нь тухай хэрэг маргаантай хамааралтай байх ёстой бөгөөд уг газарт үзлэг хийх нь зайлшгүй ач холбогдолтой гэж үзэх үндэслэлгүй гэж хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэснийг буруутгах боломжгүй юм.

 

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дэх заалтыг хэрэглэлгүй, уг хуульд байхгүй заалт болох 128 дугаар зүйлийн 128.2.1 дэх хэсэг гэж баримталсныг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой гэж үзлээ.

 

            Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2017/02800 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 135 дугаар зүйлийн 135.1.3-т заасныг баримтлан хариуцагч С.Гас 38 297 246 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 115 772 546 төгрөг холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчлөн,

шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...928 299 төгрөг...” гэснийг “...349 436 төгрөг...” тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар хариуцагч С.Гүндсамбын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 928 299 төгрөгийг буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                            ШҮҮГЧИД                                        Д.БАЙГАЛМАА

 

                                                                                     Д.ЦОГТСАЙХАН