| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвээгийн Ариунболд |
| Хэргийн индекс | 186/2022/0735/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/789 |
| Огноо | 2022-10-11 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | О.Нандинцэцэг |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 10 сарын 11 өдөр
Дугаар 2022/ШЦТ/789
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, С, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Мөнхтүшиг,
улсын яллагч О.Нандинцэцэг,
шүүгдэгч Т.С нарыг оролцуулан,
Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тайж нар овогт Төмөрбаатарын Ст холбогдох эрүүгийн 2211 01033 1376 дугаартай хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Тайж нар овогтой Төмөрбаатарын С, /РД: ./,
Монгол Улсын иргэн, 1980 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Баянхонгор аймгийн Эрдэнэцогт суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, дээд боловсролтой, спортын сэтгүүлч, жүдогийн дасгалжуулагч мэргэжилтэй, хувиараа барилгын дотоод засал хийдэг гэх, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Шинэчлэл хорооллын 6-1-21 тоотод оршил суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай,
Урьд Хан-Уул дүүргийн эрүүгийн шүүхийн 2002 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 96 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялыг тэнссэн,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Т.С нь 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Шинэчлэл хорооллын “Шинэчлэл” гэх дэлгүүрийн гадна Э.Эрхэмбилэгийн эрх, эрх чөлөөнд халдан зодсоны улмаас биед нь тархи доргилт, баруун дал, баруун хөмсөгний зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 621 дугаартай яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд, шүүгдэгчийн шинжлэн судлуулсан нотлох баримт, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримт, хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Гэм буруутайд тооцох тухайд:
Шүүх хуралдаанд шүүгдэгч нь, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэж оролцсон болохыг дурдаж байна.
Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч Т.С нь 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Шинэчлэл хорооллын “Шинэчлэл” гэх дэлгүүрийн гадна Э.Эрхэмбилэгийн эрх, эрх чөлөөнд халдан зодсоны улмаас биед нь тархи доргилт, баруун дал, баруун хөмсөгний зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Энэ нь гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 2 дугаар тал/,
Насанд хүрээгүй хохирогч Э.Эрхэмбилэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр миний бие Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороонд байрлах Шинэчлэл хорооллын “Шинэчлэл” нэртэй хүнсний дэлгүүрийн гадаа шатан дээр сууж байтал нэг үл таних эрэгтэй, нэг охинтой ирснээ намайг “чи яагаад хүүхэд хэл амаар доромжлоод байгаа юм” гэхээр нь “би танай хүүхдийг хэл амаар доромжлоогүй шүү дээ” гэхэд тухайн эрэгтэй хүн шууд миний нүүр хэсэг рүү 2 гараараа ээлжлэн алгадаад авсан бөгөөд урагш татаж унагаагаад миний нуруу хэсэг рүү гараараа тохойлдоод”, хөлөөрөө өвдөглөсөн. Тэгсэн чинь тэнд байсан манай найзууд болиоч гээд орилоод салгах гэж оролдсон бөгөөд тухайн эрэгтэй нь миний зүүн талын хавирга хэсэг рүү хөлөөрөө өшиглөсөн. Тэгээд би нэг сонин амьсгалж болохоо байсан ба цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Тухайн үед тэр эрэгтэй нь тохиролцъё гээд гуйгаад байхаар нь салсан бөгөөд өнөөдөр тухайн залуугийн гэрийн хаяг болох Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Шинэчлэл хотхоны 6-1 байрны 5 давхрын 21 тоотод очиж уулзахад цагдаагаараа учраа ол гэсэн...” гэх /хавтаст хэргийн 10 дугаар тал/,
Гэрч Т.Баярмаа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...манай байранд амьдардаг С гэх залуу ирээд тухайн Эрхэмбилэг гэх хүүхдэд хандаж “шүлсээ битгий хаяад бай” гэж удаа дараа хэлэхэд тухайн хүүхэд “чамд хамаагүй, чиний газар биш” гэж өөдөөс нь хэрэлдээд зогсоод байхаар нь С гэх залуу тухайн Эрхэмбилэг дээр очоод гараараа зүүн хөмсөг хэсэг рүү нь нэг удаа цохисон чинь доошоо эвхрээд суусан. Тэгээд толгой, цээж рүү нь нэг нэг удаа гараараа цохиод, цээж рүү нь хөлөөрөө нэг удаа өшиглөсөн чинь тухайн хүүхэд уйлаад миний хавирга хугарчихсан байхад та яах гээд цохиж байгаа юм гээд салцгаасан... ” гэх /хавтаст хэргийн 23-24 дүгээр тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 8431 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:
Э.Эрхэмбилэгийн биед тархи доргилт, баруун дал, баруун хөмсөгний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр 2022.06.08-ны өдөр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна.
Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдуулахгүй гэх /хавтаст хэргийн 27-28 дугаар тал/,
Шинжээч эмч С.Чулуунсүх мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тархи доргилт болон баруун хөмсөгийн зөөлөн эдийн няцрал зэрэг нь тус тусдаа гэмтлийн зэрэгт орно...” гэх /хавтаст хэргийн 32 дугаар тал/,
Шүүгдэгч Т.С шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 19 цагийн үед Хан-Уул дүүрэгт байрлах цэнгэлдэхийн хажууд “NCD” барилгын төсөл дээр ажлаа хийж байсан юм. 18-19 цагийн үед манай төрсөн охин 12 настай С.Есүгэн над руу найзынхаа дугаараас миний 99161533 дугаар руу залгаад байрны гадаа намайг шоглоод байдаг хүүхдүүд манай найзын гар утсыг авчаад намайг хулгайлсан гээд шоолоод байна гэхээр нь ямар хүүхдүүд вэ гэсэн чинь 3-н эрэгтэй хүүхэд байгаа гэж хэлсэн .Тэгэхээр нь би наад хүүхдүүд чинь одоо яг байна уу гэсэн чинь байна гэхээр нь байлгаж байгаарай гээд би ажлаас 20 минутын дараа гарсан. Тэгээд Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо шинэчлэл хорооллын 6-1 дүгээр байрны гадаа ирсэн чинь манай охин С.Есүгэн дэлгүүрийн үүдэнд хүүхдүүдтэй зогсож байхаар нь дуудаад чамайг шоглоод байсан хүүхдүүд чинь хаана байна гэсэн чинь яг намайг хэл амаар доромжлоод байсан хүүхэд нь байхгүй хамт байсан хоёр хүүхэд нь дэлгүүрийн үүдэнд байна гэж заасан юм. Тэгэхээр нь би тухайн хоёр хүүхэд дээр очоод та нар яагаад хүүхэд шоглоод байгаа юм гэсэн чинь нэг хүүхэд нь би шоглоогүй тэр хүүхэд нь яваад өгчихсөн гэж хэлээд шүлсээ газар хаяад байхаар нь би наад шүлсээ газар битгий хаяад бай гэж хэлсэн чинь чиний газар дээр хаясан юм уу гэхээр нь би наад газраа цэвэрлэ гэсэн чинь өөдөөс пизда минь гэхээр нь миний уур хүрээд баруун гараараа хацар руу нь алгадаад татаж унагаагаад шүлсээ цэвэрлэ гээд шилэн хүзүүн дээрээс нь дараад нуруун дээр нь тохойгоороо нудраад шүлсээ хаясан газар руу нь заагаад шилэн хүзүүнээс гараараа бариад харуулсан чинь өөдөөс би чамайг шоронгийн хадаас болгоноо пизда минь гэхээр нь хөлөөрөө цээж рүү нь нэг удаа өшиглөсөн юм. Тэгсэн чинь тухайн байрны гадаа гар утсаа алдсан хүүхдийн ээж боль гээд болиулсан. Удаагүй цагдаа ирсэн юм...” гэх /хавтаст хэргийн 39-40 дүгээр тал/,
шүүгдэгч Т.С шүүхийн хэлэлцүүлэгт: “...Миний охиныг 2 жилийн турш сэтгэл санааны дарамтад оруулж, дарамталсан байсан, тэгээд миний охин бүр гэрээсээ ч гарч чадахгүй айгаад нөгөө 3 хүүхэд чинь гадаа байна гэж хүртэл надад хэлж байсан тэгээд би уулзаад асуудлыг шийдэх гээд очсон. Гар хүрсэн тэрийгээ би хүлээн зөвшөөрч байгаа, хууль зөрчсөнөө ч хүлээн зөвшөөрч байгаа гэх мөн хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд агуулгын хувьд нийцсэн, харилцан уялдаатайгаар нотлогдож байна.
Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Т.С нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүхээс, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх дээрх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.
Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн хохирол төлбөр төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг гархад нөлөөлсөн хохирогчийн зүй бус үйлдэл зэргийг тал бүрээс нь харгалзаж шүүгдэгч Т.Ст Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 / дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дахь заалтад заасныг журамлан оногдуулах ялаас чөлөөлөх нь зүйтэй гэж шүүх үзэв.
Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.
Хавтаст хэрэгт авагдсан баримтын хэмжээнд шүүгдэгчээс 209,500 /хоёр зуун есөн мянга таван зуун мянга/ төгрөг гаргуулан хохирогч Чингэлтэй дүүргийн 10-р хороо, Чингэлтэйн 11-368а тоотод оршин суух, Энхбаярын Эрхэмбилэг /УП07251875/-т олгуулахаар шийдвэрлэлээ.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Тайж нар овогтой Төмөрбаатарын Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Т.Ст Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 / дөрвөн зуун тавин мянган / төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан ялаас Т.Сыг чөлөөлсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Т.Саас 209,500 /хоёр зуун есөн мянга таван зуун мянга/ төгрөг гаргуулан хохирогч Чингэлтэй дүүргийн 10-р хороо, Чингэлтэйн 11-368а тоотод оршин суух, Энхбаярын Эрхэмбилэг /УП07251875/-т олгосугай.
5. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.АРИУНБОЛД