Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 2022/ШЦТ/764

 

 

 

 

 

 

 

 

    2022         10           17                                    2022/ШЦТ/764

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Нарансолонго,

улсын яллагч Г.Цогтгэрэл /Нийслэлийн прокурор/,

шүүгдэгч Т.Уу, М.Ха, тэдгээрийн өмгөөлөгч Н.Намжилцогт нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ******** овогт ******** Уу,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ******** овогт *********** Ха нарт тус тус ял сонсгож яллах дүгнэлт ирүүлсэн эрүүгийн 2202000000320 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хянан хэлэлцэв.  

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 1995 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хувиараа засал чимэглэлийн ажил хийдэг гэх, ам бүл 5, эхнэр, хүүхэд, эхийн хамт ************* тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, ******** овогт ******** Уу, /РД: **********/,

2. Монгол Улсын иргэн, 1998 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, “****” ХХК-нд туслах ажилтан ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт *************** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, ******** овогт *********** Ха /РД: ********/.

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Т.Уу нь 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 10-р хороо, Зүүн Нарангийн 12-62 тоот хашаанд биедээ Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9-тетрагидроканнабинолын агууламжтай “шавар” гэх нэршилтэй цэвэр жин нь нийтдээ 2,397 грамм хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, мөн үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 08 дугаар сарын 22-26-ны өдрийн хооронд Баянгол дүүргийн 10-р хороо, Зүүн Нарангийн 12-62 тоотод оршин суух М.Н гэрт Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9-тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй цэвэр жин 137,2 грамм хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар тус тус хадгалсан,

Шүүгдэгч М.Ха нь 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 10-р хороо, Зүүн Нарангийн 12-62 тоотын орчим 89-99 УБС улсын дугаартай тээврийн хэрэгсэлд Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9-тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй цэвэр жин 1,81 грамм сэтгэцэд нөлөөт бодисыг тус тус худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Уу мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Ха мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

1. Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцсон 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 269 дугаартай прокурорын тогтоол /1 дүгээр хавтаст хэргийн 10-11 дэх тал/,

2. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 12-14 дэх тал/,

3. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 15-20 дахь тал/,

4. Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцсон 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 276 дугаартай прокурорын тогтоол /1 дүгээр хавтаст хэргийн 22-23 дахь тал/,

5. Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 24-27 дахь тал/,

6. Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /Т.Уу/, /1 дүгээр хавтаст хэргийн 28-29 дэх тал/,

7. Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тухай тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 30-35 дахь тал/,

8. Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /М.Ха/, /1 дүгээр хавтаст хэргийн 28-29 дэх тал/,

9. Гэрч М.Н:

“... Би 2022 оны 08 дугаар сарын 22-ний өдөр гэртээ байсан. Гэрт байж байхад манай найз нар ирээд бид эхнэр Х хамт найз нартайгаа уулзаж юм ярьж ганц шил архи ууж суусан. Би нэлээн халаад согтсон байсан. Тэр үед 15 цагийн үед байх манай багын найз болох Уу манай гэрт ирээд байж байгаад явсан байсан. Би тэр үед согтсон тасарсан байсан. Би эхнэр Хонгорзулаас маргааш нь сонссон юм. Тэрнээс хойш буюу 2022 оны 08 дугаар сарын 26-ны өглөө босоод эхнэр Х утас олдохгүй байхаар нь гэрээ нэгжиж үзэж хайж байтал манай тольтой тавиурын ард талд цэнхэр тортой нунтаг өвс шиг зүйл байхаар нь гаргаж ирээд үзтэл ганга ч биш шарилж өвс арай биш сонин өвс байхаар нь эхнэртэй хэлээд ярилцаж байгаад 2022 оны 08 дугаар сарын 22-ны орой цагдаа нар ирээд хашаанд үзлэг хийгээд байсан, аягүй бол нөгөө хайж үзэж байсан юм нь байх гэж бодоод цагдаагийн байгууллагын 70191430 дугаарын утас өгөхөөр нь тэр утас руу нь залгаж “манай гэрт өвс байна” гэдгийг мэдэгдсэн юм. 2022 оны 08 дугаар сарын 26-ны үдээс хойш 17-18 цагийн үед цагдаа нар ирээд үзлэг хийгээд нөгөө өвсийг хураан авсан. Би энэ төрлийн өвсний талаар ямар нэгэн мэдлэг гээд байх зүйл байхгүй. Цагдаа нар явсны дараа Уу, Маргаа гэх залуугийн хамт орж ирээд “чи ийм юм байна гэж цагдаа нарт яах гэж хэлж байгаа юм” гээд сонин хэрүүл өдөөд муухай хараад гараад явсан. Би тэгэхээр нь араас нь “юу яриад байгаа юм бэ? би наад асуудлаас айж байна. Би огт юу ч мэдэхгүй учир цагдаад хандсан юм” гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг, /1 дүгээр хавтаст хэргийн 61-62 дахь тал/,

10. Гэрч О.Х:

“...Би 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдөр гэртээ нөхөр Наранбат хоёр хүүхдийн хамт байсан. Тэгтэл хажуу айлын залуу гэрт орж ирээд манай нөхөртэй нэг шил архи 1 том пиво ууцгааж юм ярьж сууж байсан. Тэгээд нөхөр нэлээн халаад согтсон байсан. Өдөр 15 цагийн үед нөхрийн найз Уу орж ирээд “юу байцгаана, та хоёр ууцан байгаа юм уу” гээд юм ярьж байсан би тэр үед дэлгүүр лүү хоёр бэлэн хоол захисан байсан тэр бэлэн хоол ирэхээр нь дэвтээсэн тэр үед Уу ганцаараа байсан. Надтай ойр зуурын юм яриад бэлэн хоолноос идээд “мөнгө байвал зээлээч” гэж асуухаар нь “байхгүй” гэхэд гараад явсан юм. Манай тольтой тавиурын урд суугаад бэлэн хоол идээд гараад явсан. Би тухайн үед нээх ч анзаараагүй. Тэгтэл орой нь гэрийн хашаанд цагдаа нар ирээд үзлэг хийгээд байсан. Цагдаа нар явсны дараа юу болов гэсэн хар тамхины цагдаа нар ирээд явсан гээд гайхаад өнгөрсөн тэр өдрөө бид хэд гэртээ амарсан. Тэрнээс хойш нэг хоёр хоногийн дараа байх тав дахь өдөр л байсан 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдөр өглөө миний утас олдохгүй гэрээр юм болж хайсан. Би тольтой тавиурын араар үзсэн чинь цэнхэр гялгар уут байхаар нь юу юм бол гээд татаад гаргаад ирсэн чинь өвс байсан. Би үнэртэж үзсэн чинь эвгүй муухай үнэртэй ганга юм болов уу гэхэд арай биш байсан. Зэрлэг өвс юм болов уу гэхэд арай биш байхаар нь нөхөртөө хэлээд ярилцаад нөгөө хар тамхи гэдэг нь энэ юм биш үү гээд 102 луу залгаад 70191430 гэсэн дугаар авч яриад цагдаад мэдэгдсэн юм. Цагдаа нар 2022 оны 08 дугаар сарын 26-ны орой 17-18 цагийн хооронд үзлэг хийгээд хурааж авч явсан. Би бодохдоо Уу нь 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдөр манай гэрт орж ирээд бэлэн хоол идээд юм ярьж байгаад гараад явахдаа тэнд нуугаад явсан байх гэж бодож байгаа юм. Тэрнээс биш өөр илүү дутуу хүн манай гэрт нээх орж ирээгүй...” гэсэн мэдүүлэг, /1 дүгээр хавтаст хэргийн 63-64 дэх тал/,

11. И.Гэрч О.Ө:

“... би 2022 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Ха-ын хамт манай гэр болох Чингэлтэй дүүргийн 5-р хороо, 12-34 тоотод хамт хоноод өглөө нь буюу 2022 оны 08 дугаар сарын 22-ны 8:00 цагт Ха намайг миний ажил болох Хотын стандарт хяналтын газарт очиж хүргэж өгөөд миний эзэмшлийн машин болох 89-99 УБС “Королла” маркийн тээврийн хэрэгслийг унаад буцаад явсан. Тэгээд миний ажил 17 цагт тараад намайг ирж аваад явж байтал Ха надад хүнтэй уулзах ажил байна гэж хэлээд Баянгол дүүргийн 10-р хороо, Зүүн наран гэх газрын 12 дугаар гудамж руу явсан. Тэгээд хашаатай айлын гадаа очсон бөгөөд би машин дотроо сууж, Ха-ыг хүлээж байгаад Ха гарч ирээд машиндаа суугаад машинаа асаагаад дөнгөж хөдөлж байхад цагдаа нар ирсэн. Би Хатай танилцаад удаагүй бөгөөд мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэдэг эсэхийг ч мэдэхгүй. Цагдаа нар миний машинд хийсэн үзлэгийн үеэр миний машины голын хайрцгийн хойд талаас “өвс” мэт зүйл гарч ирэхэд нь би таван салаа ургамал байна гэж бодсон бөгөөд Ха-ыг мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хадгалсан гэж огт төсөөлөөгүй. Би Уу гэх залууг огт мэдэхгүй Хатай уулздаг байхдаа хальт харж байсан. Би 89-99 дугаартай тээврийн хэрэгслийг 2022 оны 02 дугаар сараас эхлээд одоог хүртэл өөрөө барьдаг байсан байсан бөгөөд өөр хүн огт унаж байгаагүй машин байгаа юм. Би өөрийн машин болох 89-99 УБС улсын дугаартай тээврийн хэрэгсэлд тийм өвс гэх зүйл болон мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис мэт зүйлүүдийг огт харж байгаагүй. Би энэхүү 89-99 УБС улсын дугаартай тээврийн хэрэгслийг ажилдаа явахдаа унадаг байсан бөгөөд Ха-ыг 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдөр гадуур хөөцөлдөх ажилтай гэсэн болохоор нь машинаа өгч явуулсан ба миний машинд мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис байна гэж би огт төсөөлөөгүй...” гэсэн мэдүүлэг, /1 дүгээр хавтаст хэргийн 65, 72-73 дахь тал/,

12. Эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол, /1 дүгээр хавтаст хэргийн 78-80 дахь тал/,

13. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 4154 дугаартай:

“...Шинжилгээнд ирүүлсэн дээжүүд хэмжээний хувьд хүрэлцэх тул шинжилгээд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “Т.Уу УШ******* 2022.08.22” гэж хаягласан шээсэнд тетрагидроканнабинол /ТНС/ илрэв. Шинжилгээнд ирүүлсэн “М.Ха УШ******* 2022.08.22”, “Өнөрбилэг ТЕ********* 2022.08.22” гэж хаягласан шээсэнд тус тус мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис агууламж илрээгүй. Тетрагидроканнабинол /ТНС/ нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын I жагсаалтад багтдаг...” гэсэн дүгнэлт, /1 дүгээр хавтаст хэргийн 83-86 дахь тал/,

14. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 4158 дугаартай:

“...Шинжилгээнд ирүүлсэн эд зүйлс шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн 1 дугаартай ууттай 1 гэж дугаарласан 1.537 грамм, 2 гэж дугаарласан 1.400 грамм жинтэй 2 ширхэг шавар мэт зүйлс, 2 дугаартай ууттай тугалган цаас, 3 дугаартай ууттай хуйлсан байдалтай АМ2855092 серийн дугаар бүхий 20 төгрөгийн дэвсгэр зэрэгт тус тус дельта-9-тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/ илрэв. Дельта-9-тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын жагсаалтад багтдаг...” гэсэн дүгнэлт, /1 дүгээр хавтаст хэргийн 99-103 дахь тал/,

15. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 4157 дугаартай:

“...Шинжилгээнд ирүүлсэн нунтаг ургамал мэт зүйл нь шинжилгээнд тэнцэнэ. 89-99 УБС улсын дугаартай “Corolla” маркийн машинаас хураан авсан 3.8 грамм “өвс” гэж хаягласан 4 дугаартай цэнхэр уутанд ирүүлсэн 1.81 грамм цэвэр жинтэй нунтаг ургамал мэт зүйлд дельта-9-тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/ илрэв. Дельта-9-тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын жагсаалтад багтдаг...” гэсэн дүгнэлт, /1 дүгээр хавтаст хэргийн 106-108 дахь тал/,

16. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 4220 дугаартай:

“...Шинжилгээнд ирүүлсэн эд зүйлс шинжилгээнд тэнцэнэ. 1 гэж дугаарласан “Баянгол дүүргийн 10-р хороо 6-62 тоотод хэргийн газрын нөхөн үзлэг хийж үзлэгээр №1 гэж дугаарласан цэнхэр өнгийн гялгар ууттай 148.1 грамм “өвс” гэх нэршилтэй зүйл Г-122 дугаартай гомдол” гэж хаягласан цэнхэр өнгийн ууттай 137.2 грамм жинтэй өвс ургамал мэт зүйлд дельта-9-тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/ илрэв. Дельта-9-тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын жагсаалтад багтдаг...” гэсэн дүгнэлт, /1 дүгээр хавтаст хэргийн 111-113 дахь тал/,

17. Шүүх сэтгэц эмгэг судлалын 800, 802 дугаартай дүгнэлтүүд, /1 дүгээр хавтаст хэргийн 126-132 дахь тал/,

18. Шүүгдэгч М.Хаын:

“...Би яллагдагчаар татсан тогтоолыг бүрэн гүйцэт уншиж танилцсан. Яллагдагчаар татсан тогтоолтой холбоотой ямар нэгэн санал хүсэлт гомдол байхгүй. Намайг мэдүүлэг өгөхөд нөлөөлсөн дарамталсан, тулган шаардсан зүйл огт байхгүй. Би 2022 оны 08 дугаар сарын 22-ны өглөө найз охин болох Өнөрбилэгтэй цуг гэрээс гараад цуг ажил руу нь машин дотор нь суугаад явсан. Ажил нь 08 цаг ордог юм билээ. Ажил руу нь найз охин Өнөрбилэгийг оруулчхаад “машиныг чинь аваад явлаа шүү, гадуур ажил амжуулаадахъя” гэж хэлээд унаад явсан. Би замаараа таксинд явж байгаад найз Уутэй утсаар яриад “найз охиныхоо машиныг авчихлаа, уулзах уу” гэж яриад 10-11 цагийн үед хорооллын бичилд уулзаад цуг Уу машинд суугаад бид 2 гадуур ганц нэг халтууранд явж байгаад “Өргөө” кино театрын арын зам дээр явж байхад нэг залуу гараа өргөж байхаар нь дөхөөд очиход Уу зүс мэдэх залуу байгаа зогсчих гээд зогсоосон. Тэр залуу машинд суухад Уу “чи чинь Памбага мөн билүү” гээд ойр зуурын юм ярьж байгаад нөгөө Памбага гэх залуу нь “Дарь-Эх орж явна” гэхээр нь Уу бид 2 Дарь эх рүү хүргэж өгөхөөр болсон. Явж байх хугацаанд Уу Памбага гэх залуугийн барьж явсан өвснөөс цэнхэр өнгийн гялгар ууттайг авч байсан. Тэгээд буух газар ирээд зогсох үед “надаа бас жоохныг өгөөч” гэж Памбага гэх залууд хэлэхэд толгой дохиод “жоохныг ийшээ хийчлээ” гээд голын хайрцгийн ар тал руу заахаар нь “за, за жоохныг өгсөн юм байна” гэж бодоод өнгөрсөн. Замдаа орой Уу-гийн ээжийг эмнэлгээс авахаар ярилцаад Уу дээшээ алхлаа гээд буусан. Найз охин Ө ажил тарахыг хүлээж байгаад 17 цагт ажлыг нь тарахаар нь шууд аваад Уу-тэй яриад байгаа газар луу нь шууд явсан. Би Баянгол дүүргийн 10-р хороо, 12 дугаар гудамж өгсөөд зогсож Уу-гийн байгаа айл руу халь ороод ирчихлээ гэдгээ мэдэгдээд буцаад машин руугаа явсан. Машин дээр байхад энгийн хувцастай цагдаа нар ирээд “түлхүүрээ өгч бай” гээд машин шалгахаар болж “Хар тамхитай тэмцэх газраас байна гээд чиний машинд хууль бус мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис эд зүйл эм бэлдмэл байгаа юу” гэж асуухаар нь гэнэт нөгөө голын хайрцгийн арын жижиг саванд хийлгэсэн өвсөө санаад “байгаа байх” гэж хэлээд үзэхэд нээрээ жоохон өвс хийсэн байсан юм. Тэр өвсийг би өөрийн сайн дураар цагдаа нарт гаргаж өгсөн. Тэгээд байж байтал Уу нөгөө айлаасаа гарч ирээд бас цагдаа нарт баригдсан. Цагдаа нар шууд газар дээр Уу-гийн хувцсанд үзлэг хийхэд Уу-гээс шавар гэх зүйл гарч ирсэн. Тэр шавар гэх зүйлийг хэнээс яаж авсныг би мэдэхгүй. Би бол огт танихгүй. Би машин барьж байсан. Өмнө нь огт харж байгаагүй залуу байсан. Энэ талаар манай найз охин Өнөрбилэг огт мэдэхгүй. Би яриачгүй. Би тухайн үед өвс авсан гэдгээ мэдэхгүй мартсан байсан. Би урьд өмнө нь огт хэрэглэж байгаагүй. Тухайн үед сонирхол хөдлөөд л хэрэглэж үзнэ гэж бодож аваад мартсан байсан учир хэрэглэж үзэж чадаагүй. Өөр нэмж ярих зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг, /1 дүгээр хавтаст хэргийн 223-225 дахь тал/,

19. Шүүгдэгч Т.Уу-гийн:

“...Би 2022 оны 08 дугаар сарын 22-ны өглөө 10 цаг өнгөрч байхад найз Ха над руу залгаад “хаана байна, би машинтай явж байна” гээд уулзахаар болж хорооллын бичилд уулзсан юм. Тэгээд бид 2 Ха-ын унаж ирсэн машинтай таксинд явж гадуур нэлээн явж байгаад 12 цагийн үед байх хорооллын “Өргөө” кино театрын арын зам дээр явж байхад хальт зүс мэдэх Памбага гэх залуу гараа өргөөд зогсож байхаар нь би таниад Хаад “зогсчих” гэж хэлээд машинд суулгаад “хаа хүрэх гэж байгаа юм чамайг Памбага гэдэг биз дээ” гээд “чамаар сонин сайхан юу байна” гэж ойр зуурын юм ярьж байгаад “чи хаашаа хүрэх юм” гэж асуухад Памбага гэх залуу “Дарь эх орох хэрэгтэй” гэхээр нь Ха бид 2 хүргэж өгөхөөр явсан. Памбага гэх залуу тортой зүйл барьж явахаар нь “юу юм” гэж сонирхож асуухад “өвс байна” гэж хэлсэн. Тэгээд Дарь эхийн тэнд буух гэж байхад нь “наад өвснөөсөө жоохныг өгөөч” гэхэд Памбага гэх залуу цэнхэр өнгийн гялгар ууттай өвс өгсөн. Бид 2 буцаад хороололд очоод “Өргөө” кино театрын ар талд нөгөө өвсөө аваад буусан. Би дээшээ явган өгсөн 12 гудамжаар өгсөж яваад арай хүнээс зайдуу зүс таних найз Н хашаанд орж нөгөө өвснөөсөө жоохныг тасалж аваад ундааны саванд хийж халуун ус гуйж аваад хашааны урд захад нь нөгөө өвснөөсөө шавар гэх зүйл жоохныг гаргаж авсан. Би шавар гаргаж өвстэй байгаа гэдгээ найз Наранбат болон түүний эхнэр Хонгорзул нарт мэдэгдээгүй, бэлэн хоол идээд сууж байхдаа үлдэгдэл цэнхэр өнгийн гялгар ууттай өвсөө үлдээгээд дараа ирж авахаар болоод орхиод гараад явсан юм. Би Н гэрээс гараад 00-д нь ороод нөгөө хийсэн жоохон шаварнаасаа мөнгөлөг цаасан дээр тавиад доороос нь галаар төөнүүлж байгаад мөнгө ороож байгаад хэд хэдэн удаа сорж хэрэглээд хашаанаас нь гараад машин дээр очиход энгийн хувцастай цагдаа нар Ха-ын унаж явсан машин дээр ирсэн байсан юм. Ха би 2 өдөр өвс авчаад явж байхад Ха надаас асууж “хоёулаа орой жоохныг хэрэглэж үзье” гээд ярилцаж байсан. Би тээврийн хэрэгсэл дотор өвс байсныг огт мэдээгүй. Хэнээс яаж авсныг мэдэхгүй. Би лав өөрийн авсан өвснөөс огт өгөөгүй. Би бүтэн нэр, гэрийн хаяг, утасны дугаар, фейсбүүк чат, зэргийг нь огт мэдэхгүй. Зүгээр л зүс мэднэ. Би тухайн үед айж сандраад энэ бүхнийг өөрөөсөө зайлуулах гээд худлаа санаанаасаа дугаар зохиож хэлсэн юм. 50.000 төгрөгөөр шавар гэх зүйл хийж өгнө гэсэн зүйл огт байхгүй. Би сандарсандаа худлаа мэдүүлэг өгсөн юм. Шавар хийх аргыг интернэт орчноос мэдсэн. Тэгээд орой ажлаа амжуулаад хэрэглэж үзэх санаатай байсан. Хэрэглэж үзээгүй байж байгаад цагдаад баригдсан юм. Намайг мэдүүлэг өгөхөд нөлөөлсөн, дарамталсан, тулга шаардсан зүйл огт байхгүй...” гэсэн мэдүүлэг, /1 дүгээр хавтаст хэргийн 235-237 дахь тал/,

20. Шүүгдэгч М.Ха, Т.Уу нарын ял шалгах хуудас, хүүхдийн төрсний гэрчилгээ, оршин суух хаягийн лавлагаа зэрэг хувийн байдалтай холбоотой баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “Шүүгдэгч Т.Уу, М.Ха нар нь мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул тэдгээрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч “Миний үйлчлүүлэгч Т.Уу, М.Ха нар мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа, гэм буруу дээр маргахгүй...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Т.Уу, М.Ха нарын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч Т.Уу нь:

2022 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 10-р хороо, Зүүн Нарангийн 12-62 тоот хашаанд биедээ Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9-тетрагидроканнабинолын агууламжтай “шавар” гэх нэршилтэй цэвэр жин нь нийтдээ 2,397 грамм хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

- мөн үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 08 дугаар сарын 22-26-ны өдрийн хооронд Баянгол дүүргийн 10-р хороо, Зүүн Нарангийн 12-62 тоотод оршин  суух М.Н гэрт Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9-тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй цэвэр жин 137,2 грамм хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар тус тус хадгалсан,

Шүүгдэгч М.Ха нь:

2022 оны 08 дугаар сарын 22-ны өдөр **************** тоотын орчим 89-99 УБС улсын дугаартай тээврийн хэрэгсэлд Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9-тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй цэвэр жин 1,81 грамм сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар тус тус хадгалсан болох нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцсон прокурорын тогтоол, гэрч М.На, О.Хо, О.Ө нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын химийн шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 4157, 4158 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримтаар тооцох тогтоол, шүүх сэтгэц эмгэг судлалын 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 800, 802 дугаартай дүгнэлтүүд зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг нь нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг ихтэй, энэ төрлийн бодис нь олон нийтийн эрүүл мэндэд болон нийгэмд хортой үр дагавартай учир тухайн төрлийн бодис, эм бэлдмэлийг хууль бус аргаар олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах, түгээх, тарьж ургуулах, боловсруулж бэлтгэхэд чиглэсэн аливаа үйл ажиллагаа, уг төрлийн бодисын үндэстэн дамнасан хууль бус аливаа эргэлтийг хориглож, олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэргийн төрөлд хамааруулж үндэсний хууль тогтоомж болон Олон улсын гэрээ, конвенцид заасан.  

“Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис” гэж донтуулах болон сэтгэцэд бусад хүчтэй нөлөөлөл үзүүлдэг, Мансууруулах эмийн тухай 1961 оны НҮБ-ын конвенц, Сэтгэцэд нөлөөт бодисуудын тухай 1971 оны НҮБ-ын конвенцын жагсаалтад заасан, хууль тогтоомжийн дагуу Монгол Улсад хяналтад байлгавал зохих эм, байгалийн болон нийлэгжүүлсэн бэлдмэлийг ойлгоно.   

Энэ төрлийн эм, бэлдмэл, бодисыг хууль ёсны буюу зөвхөн зохих байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр нийлүүлэх, онцгой тохиолдолд хувь хүмүүст эмнэлгийн зорилгоор хэрэглэхэд зориулж эмчийн жороор, эрүүл мэндийг хариуцдаг эрх бүхий байгууллагаас томилсон тусгай зөвшөөрөл бүхий зөвхөн эмийн сан, эмнэлгийн байгууллагаар дамжуулан олж авахаас бусад аргаар олж авсныг “хууль бус” гэж үзнэ.

Түүнчлэн сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг гагцхүү эмчийн заавраар хэрэглэхээс бусад бүх тохиолдлыг Монгол Улсын нутаг дэвсгэрт хориглосон бөгөөд зохих тусгай зөвшөөрөл, хяналтаас гадуур санаатайгаар орон байраас эхлэн тусгай зориулалтын байр, агуулах сав, өөрийн бие, эд зүйл, цүнх сав, тээврийн хэрэгсэл, тусгай бэлтгэсэн нуувч зэрэгт сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодис байлгахыг “хууль бусаар хадгалсан” гэж үзнэ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийг худалдаалах зорилгогүйгээр хадгалсан үйлдэл байдаг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хадгалсан” гэмт хэргийн шинжийг хангасан байна.   

Хууль зүйн хувьд шүүгдэгч нарын үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүн амын эрүүл мэнд, нийгмийн аюулгүй байдал, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хууль тогтоомжийн эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч нар нь өөрсдийн үйлдлийг хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Т.Уу-г үргэлжилсэн үйлдлээр “Мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан”,

- шүүгдэгч Т.Ха-ыг “Мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэргийг тус тус үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ууг 1 жил 9 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Т.Ха-ыг 1 жил 3 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулах, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч “Миний үйлчлүүлэгч М.Ха нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг хэрэглээгүй. Түүний хувийн байдлын тухайд бага насны хүүхэдтэй. Өөрийн үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, тэнссэн хугацаанд мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлд заасан согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох албадлыг арга хэмжээ авч өгнө үү, Т.Уу-гийн тухайд бага насны 2 хүүхэдтэй. Өөрийн үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, мөн анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Т.Уу, Т.Ха нар нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэлгүй байх ба тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүхээс шүүгдэгч Т.Уу-г үргэлжилсэн үйлдлээр “Мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан”, шүүгдэгч М.Ха-ыг “Мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсон тул тэдэнд хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба, үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн шүүгдэгч Т.Ууг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч М.Хаыг мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

- Бусад асуудлаар:

Эрүүгийн 2202000000320 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа:

- 1.537, 1.400 грамм жинтэй 2 ширхэг шавар мэт зүйл, тугалган цаас, 1.81 грамм жинтэй нунтаг ургамал мэт зүйл, 137.2 грамм жинтэй өвс, ургамал зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц зохих журмын дагуу устгахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, AN2855092 серийн дугаар бүхий 1 ширхэг хуйлсан 20 төгрөгийн мөнгөн дэвсгэртийг Монгол банканд хүргүүлж,

- Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Т.Уу, М.Ха нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *********** овогт ********** Уу-г үргэлжилсэн үйлдлээр “Мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан”,

- шүүгдэгч ****** овогт ********* Ха-ыг “Мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ууг 1 /нэг/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ял,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ха-ыг 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Уу, М.Ха нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4 дэх заалтуудад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа 1.537, 1.400 грамм жинтэй 2 ширхэг шавар мэт зүйл, тугалган цаас, 1.81 грамм жинтэй нунтаг ургамал мэт зүйл, 137.2 грамм жинтэй өвс, ургамал зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц зохих журмын дагуу устгахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, 1 ширхэг хуйлсан 20 төгрөгийн мөнгөн дэвсгэртийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Монгол банканд хүргүүлж, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч М.Ха, Т.Уу нар нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч Т.Уу, М.Ха нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, тэдгээрийн эдлэх ялыг 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн тоолсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нар, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Уу, М.Ха нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 М.ДАЛАЙХҮҮ