| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гантөмөрийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 188/2022/1168/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/1178 |
| Огноо | 2022-09-23 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | У.Анхжаргал |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 09 сарын 23 өдөр
Дугаар 2022/ШЦТ/1178
2022 9 23 2022/ШЦТ/1178
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хулан,
улсын яллагч У.Анхжаргал,
шүүгдэгч Б.Б............л нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгчийг 2208 0204 41387 дугаартай хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Урианхай овогт Б............нгийн Б............л, Монгол Улсын иргэн, Говь-Алтай аймгийн Тонхил суманд 2001 оны 10 дугаар сарын 01-ний өдөр төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, .................................
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч Б.Б............л нь 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Спорт зааланд иргэн Т.Н..............ржийг шалтаг шалтгаангүйгээр нүүрэн тус газарт нь гараараа цохиж улмаар биед хамар ясны далд хугарал, хамрын таславчийн мурийлт гэмтлийг үүсгэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1.Шүүхээс тогтоосон үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.
Шүүгдэгч Б.Б............л нь 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ................... үйл ажиллагаа явуулдаг “........................” cпорт зааланд цагийн хөлс төлөн найзуудын хамт сагсан бөмбөг тоглосон байна. Энэ үед Т.Н..............рж нь түүнтэй хамт явж байсан хүнээс төлбөр тооцооны маргаан үүсгэхэд Б.Б............л нь найзыгаа өмөөрөн түүний эрүүл мэндэд халдаж биед хамар ясны далд хугарал, хамрын таславчийн мурийлт бүхий хөнгөн гэмтэл учруулсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.
1.2 Нотлох баримтын үнэлгээ
Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал
- Камерын бичлэгт үзлэг хийсэн 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн тэмдэглэлд:
- Video-b17c2bcf-57e5-4c9a-81c8-349c4a7 дугаартай файлыг нээж үзэхэд 32 секундийн бичлэг байв...2022.06.10 05:22:39 секундэд Т.Н..............ржийн зогсож байгааг харуулав...2022.06.10, 05:22:48 секундэд хохирогч Т.Н..............рж цохиулж байгааг харуулав...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 82-83 дахь тал)
- Хохирогч Т.Н..............ржийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 6 дугаар сарын 10-ны орой 18-20 цагийн хооронд гэр бүлийн найз нөхдийн хамааралтай хэсэг 10 орчим хүн нэг талдаа сагсан бөмбөг тоглохоор заал авч 50.000 төгрөгийн төлбөр хийсэн. Тэгээд 20 цаг болоход би тухайн үйлчлүүлсэн хүмүүст цаг дууссан талаар манай фитнес зааланд надтай хамт бэлтгэл хийдэг хуурай дүү болох Б...................агаар хэлүүлсэн. Тэгтэл удалгүй Б...................а над дээр ирээд нөгөө заал авсан хүмүүсийг 30 минут 7.500 төгрөгөөр сунгуулмаар байна гэж байгаа талаар хэлсэн. Харин би зөвшөөрсөн талаараа Б...................агаар нөгөө хүмүүст хэлүүлсэн. Удалгүй 30 минут дуусахад би өөрийн биеэр цаг дууслаа тооцоогоо авъя гэж хэлтэл нэг залуу нь тооцоог чинь өгье танай 2 давхрын фитнес өрөөнд чинь оръё гэж хэлсэн. Фитнес өрөөнд ороод миний дансыг асуугаад над руу 5000 төгрөг шилжүүлсэн. Би 2.500 төгрөг дутуу байна гэж хэлэхэд бид нар 30 минут хүрээгүй нэмж өгч чадахгүй гэж хэлээд шууд нэг давхар руу буусан. Тэгэхээр нь би хамт явсан үл таних нэг залууг нь хашиж зогстол тухайн залуу миний толгойн дагз хэсэг рүү 3-4 удаа, нүүр хэсэг рүү 1 удаа, миний баруун хөлийн гуя орчимд зүүн хөлөөрөө 1 удаа өшиглөхөд тухайн залуутай хамт явж байсан ах нар нь ирээд бид хоёрыг салгасан. Гэтэл тухайн залуу фитнес хаалганы гадна зогсож байснаа гэнэт хаалгаар хүмүүсийн дундуур орж ирээд миний хамар хэсэгт баруун гараараа нэг удаа цохисон...2022 оны 6 дугаар сарын 20-ны 14 цагт тус эмнэлэг дээр нь очиж 36.000 төгрөгөөр томографын зураг авхуулж, хариугаа аваад гэртээ харьж амарсан...200000 төгрөгөөр хамраа тэгшлүүлсэн...цаашдаа надад хамраа эмчлэхэд 3.000.000 төгрөг эмчилгээ хийлгэх шаардлагатай гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 9-10 дахь тал),
- Гэрч Б.Б...................агийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 6 дугаар сарын 10-ны орой 22 цагийн үед...тэнд байсан туранхай бор залуу бид нар тоглож амжаагүй, илүү мөнгө өгөхгүй гэхээр нь би дээшээ гараад Н..............рж ахтай уулзуулахад тэд нар Н..............рж ахай заалны мөнгөнөөс болж маргалдаж байгаад зүс таних Баянаа Н..............рж ахын хамар хэсэг рүү нэг удаа цохиод, ардаас нь хоёр удаа цохчхоод буугаад явчихсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 60-61 дэх тал)
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 9031 дугаартай дүгнэлт:
“Хэсэг газрын үзлэгт...Хамрын нуруунд гөлтгөнөн боолт хийгдсэн.
ЭМЖЖ чих хамар хоолойн эмнэлгийн 2022.06.20-ны өдрийн хамар дайвар хөндийн КТГ-н шинжилгээнд: ....Хамрын таславч баруун тийш мурий, хамрын яс зүүн талдаа цөмөрсөн хугаралтай, хэлбэр алдагдсан...гэжээ...
ЭМЖЖ эмнэлгийн чих хамар хоолойн эмчийн үзлэгт: Онош: Хамар ясны далд хугарал гэжээ...ДҮГНЭЛТ
1. Т.Н..............ржийн биед хамар ясны далд хугарал, хамрын таславчийн мурийлт гэмтэл тогтоогдлоо.
2. 4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
3. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
5. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алагдагдуулахгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15-16 дахь тал) зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.
Шүүгдэгч Б.Б............лын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би өөрийн буруутай үйлдэл хийснээ хүлээн зөвшөөрч байна. Надад ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 53-54 дэх тал) мэдүүлж байсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруу дээр маргахгүй...” гэснийг дурдах нь зүйтэй.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн юм.
1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.Б............л нь бүрэн дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг дурдах нь зүйн хэрэг.
1.4.Эрх зүйн дүгнэлт
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 9031 дугаартай дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч Б.Б............л нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр “найзыгаа өмөөрөн” хохирогч Т.Н..............ржийн эрүүл мэндэд халдаж, гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Шүүгдэгч Б.Б............л нь гараараа хохирогч Т.Н..............ржийн биед цохисны улмаас түүний эрүүл мэндэд хамар ясны далд хугарал, хамрын таславчийн мурийлт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Б.Б............л нь “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
1.5. Хохирол, хор уршиг
Хохирогч Т.Н..............рж нь 320.000 төгрөгийг баримт (хавтаст хэргийн 40-42 дахь тал) авагдсан байна. Харин шүүгдэгч Б.Б............л нь хохирогчид 2.600.000 төгрөгийг төлж барагдуулсан байх тул шүүгдэгч Б.Б............лыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагч: “...шүүгдэгч Б.Б............лыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй гэх дүгнэлтийг...”
Шүүгдэгч Б.Б............л нь улсын яллагчийн гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүгдэгч Б.Б............л нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” байгааг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцсон ба түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан Хялбаршуулах журмаар шийдвэрлэх тухай хүсэлт (хавтаст хэргийн 90, 91 дэх тал), Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх прокурорын тогтоол (хавтаст хэргийн 92-93 дахь тал), хялбаршуулсан журмаар шалгасан хэрэгт ял оногдуулах тухай прокурорын санал (хавтаст хэргийн 94 дэх тал),
шүүгдэгчийн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 46, 45 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 20 дахь тал), үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа (хавтаст хэргийн 24, 47 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Б.Б............л, хохирогч Т.Н..............рж нар нь хоорондоо эвлэрч, хэн аль нь гомдол саналгүй гэх хүсэлт гаргасныг улсын яллагч хуульд заасны дагуу шийдвэрлэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Иймд улсын яллагчийн саналын хүрээнд шүүгдэгч Б.Б............л нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн гэх хувийн байдал болон тэрээр эрхэлсэн тодорхой ажилтай зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн торгуулийн ял оногдуулахаар гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Шүүгдэгч Б.Б............л торгох ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар оногдуулсан торгох ялыг хуульд заасан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тэрээр торгох ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй.
2.3. Бусад асуудлын талаар
Эрүүгийн 2208 0204 41387 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Урианхай овогт Б............нгийн Б............лыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б............лыг 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б............лд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б............л нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хавсаргаж ирүүлсэн 1 ширхэг СD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.
6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Шийтгэх тогтоолыг, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.МӨНХЗУЛ