| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Акраны Дауренбек |
| Хэргийн индекс | 161/2022/0157/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/152 |
| Огноо | 2022-10-14 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Я.Д |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 10 сарын 14 өдөр
Дугаар 2022/ШЦТ/152
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Е,
Улсын яллагч, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Я.Д-,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.А-,
Шүүгдэгч Б.А- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Я.Д-гаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С овогт Б-ы А-д холбогдох эрүүгийн 2213000000190 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1993 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Баян-Өлгий аймгийн Улаанхус суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, яс үндэс Казах, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баян-Өлгий аймгийн ............ сумын ........... дугаар багт оршин суух хаягтай, ам бүл 4, ээж, ах, дүү нарын хамт амьдардаг, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, С овогт Б-ы А-, регистрийн дугаар БК...............
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.А- нь 2022 оны 08 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Баян-Өлгий аймгийн Сагсай сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр “Хар нуур” гэх газарт амарч байсан хохирогч Б.О-ий “Iроnе 13 рrо мах” загварын гар утсыг 82-70 УАХ улсын дугаартай цагаан өнгийн тээврийн хэрэгслээс нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр хулгайлж авч хохирогч Б.О-эд 3.700.000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг, санал, дүгнэлт:
1.1 Улсын яллагч Я.Д- шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Б.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна” гэв.
1.2 Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.А- шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Б.А- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон. Шүүгдэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учирсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан тул түүнийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцоход татгалзах зүйлгүй” гэв.
1.3. Шүүгдэгч Б.А- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Хийсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хуулийн хөнгөлөлт үзүүлж өгөхийг хүсэж байна.” гэв.
2. Эрүүгийн 2213000000190 дугаартай хэргээс, улсын яллагч болон хэргийн оролцогч нараас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд улсын яллагчаас:
2.1. Иргэн Л.А-аас 2022 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 01 дэх тал/,
2.2. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 05-09 дэх тал/,
2.3. Хохирогч Б.О-ий мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 15-16 дахь тал/,
2.4. Хохирогч Б.О-ээс гаргаж өгсөн баримт /хавтаст хэргийн 03 дахь тал/,
2.5. Гэрч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 19-20 дахь тал/,
2.6. Гэрч Л.А-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 31-32 дахь тал/,
2.7. Ашид билгүүн ХХК-ний 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн эд зүйлийн үнэлгээний дүгнэлт /хавтаст хэргийн 42-47 дахь тал/,
2.8. Шүүгдэгч Б.А-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 62-63 дахь тал/ зэргийг,
2.9. Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.А-ээс:
2.9.1. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг уншиж шинжлэн судлав.
3. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.
3.1.Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгчийн хувийн байдлын талаар шинжлэн судалсан нотлох баримтууд нь тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хамааралтай, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байна.
3.2. Шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч Б.А-д холбогдох хэргийг прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.
4 Хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар:
4.1. Шүүгдэгч Б.А- нь 2022 оны 08 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Баян-Өлгий аймгийн Сагсай сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр “Хар нуур” гэх газарт амарч байсан хохирогч Б.О-ий “Iроnе 13 рrо мах” загварын гар утсыг 82-70 УАХ улсын дугаартай цагаан өнгийн тээврийн хэрэгслээс нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр хулгайлж авч хохирогч Б.О-эд 3.700.000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:
4.1.1. Иргэн Л.А-аас 2022 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 01 дэх тал/,
4.1.2. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 05-09 дэх тал/,
4.1.3. Хохирогч Б.О-ий мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Миний бие В-Э-, Ам-, А-, Б- нарын хамт Баян-Өлгий аймаг руу зугаалаад ирсэн юм. Бид нар “Сыргалы” гэх газар луу явж байгаад замдаа Сагсай сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Хар Нуур” гэх газрын хажууд унтаж амрахаар болоод ачаагаа буулгаад майхнаа барьж хоол хийж байхад тэнд амьдардаг А- гэж өөрийгөө танилцуулсан залуу ирсэн. Тэр залууд цайны сүү авч ирж өгөх боломж байна уу гэхэд хэсэг хугацааны дараа нөгөө А- гэдэг залуу сүү болон ааруул аваад ирсэн юм. Тэгээд тэр залууд бид нар шийгуа болон пиво өгсөн. Тэр залуу бид нарын өгсөн шийгуа болон пивог авч яваад хэсэг хугацааны дараа халамцуу ирсэн ба 2.5 литрийн “Сэнгүүр” нэртэй пиво аваад ирсэн. Түүний авч ирсэн пивыг А-, Ам- хоёр уусан. Пиво ууж дуусаад яваад өгсөн. Хэсэг хугацааны дараа 2.5 литрийн “Сэнгүүр” нэртэй пиво авч ирээд Ам-тай цуг ууя гэсэн. Тухайн үед Ам- уухгүй гэсэн чинь бид нартай цуг явж байсан Аз-ыг татаж чангаагаад унтуулахгүй байсан. Тэгэхээр нь Ам- гараад чи одоо яв бид нар унтаж амармаар байна гэж явуулаад өөрөө майхан руу ороод унтаад өгсөн. Маргааш өглөө нь буюу 2022 оны 08 дугаар сарын 12-ны өглөө босож ирэхэд машин дотор байсан миний "Iроnе 13 рrо мах" маркийн гар утас алга болсон байсан. Сагсай сумын 6 дугаар багт амьдардаг өөрийгөө Ауганбай гэж танилцуулсан залуу шөнө хулгайлаад аваад явсан байна. Улаанхус сумаас ирсэн 2 цагдаа 2022 оны 08 дугаар сарын 13-ны өглөө 08 цагийн үед олж өгсөн. Ауганбай миний утсыг хулгайлаад гэрийнхээ баруун талд хулганы нүхэнд нуусан байсныг цагдаа нар олж өгсөн юм. ...Одоо ямар нэгэн нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15-16 дахь тал/,
4.1.4. Хохирогч Б.О-ээс гаргаж өгсөн баримт /хавтаст хэргийн 03 дахь тал/,
4.1.5. Гэрч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Өөрийгөө А- гэж танилцуулсан залуу манай найзын утсыг хулгайлж авсан байсан ба Улаанхус сумаас ирсэн хоёр цагдаа манай найзын утсыг олж өгсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19-20 дахь тал/,
4.1.6. Гэрч Л.А-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Миний бие Ховд аймаг амьдардаг ба найзууд болох В-Э-, О-Э-, А-, Б- нарын хамт Баян-Өлгий аймаг руу зугаалаад ирсэн юм. Бид нар “Сыргалы” гэх газар луу явж байгаад замдаа Сагсай сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах "Хар Нуур” гэх газрын хажууд унтаж амрахаар болоод ачаагаа буулгаад майхнаа барьж хоол хийж байхад тэнд амьдардаг А- гэж өөрийгөө танилцуулсан залуу ирсэн ба тэр залууд цайны сүү авч ирж өгөх боломж байна уу? гэхэд хэсэг хугацааны дараа нөгөө Ауганбай гэдэг залуу сүү болон ааруул аваад ирсэн юм.Тэгээд тэр залууд бид нар шийгуа болон пиво өгсөн болно.Тэр залуу бид нарын өгсөн шийгуа болон пивог авч яваад хэсэг хугацааны дараа*халамцуу ирсэн ба 2.5 литрийн “Сэнгүүр нэртэй пиво аваад ирсэн ба авч ирсэн пивыг нь А- бид хоёр уусан. Пиво дууссаны дараа А- нь яваад өгсөн ба хэсэг хугацааны дараа дахиад буцаад ирсэн ба ахиад 2.5 литрийн “Сэнгүүр” нэртэй пиво аваад ирээд цуг ууя гэсэн тухайн үед би уухгүй гэсэн чинь надтай цуг явж байсан охидын хөлөөс нь татаж чангаагаад унтуулахгүй байсан. Тухайн үед би майхнаас гараад чи одоо яв бид нар унтаж амармаар байна гэж явуулаад өөрөө майхан руу ороод унтаад өгсөн юм. Тэгээд маргааш өглөө нь буюу 2022 оны 08 дугаар сарын 12-ны өглөө босож ирэхэд машин дотор байсан О-гийн “Iроnе 13 рrо мах” маркийн гар утас нь алга болсон байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 31-32 дахь тал/,
4.1.7. Ашид билгүүн ХХК-ний 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн эд зүйлийн үнэлгээний дүгнэлт /хавтаст хэргийн 42-47 дахь тал/,
4.1.8. Шүүгдэгч Б.А-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. ...Бусдын эзэмшлийн мотоциклийг хулгайлж авч явж, гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 62-63 дахь тал/ зэрэг баримтуудаар шүүгдэгч Б.А- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь бүрэн нотлогдож тогтоогдсон байна.
5.1. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх бүрэлдэхүүн үнэллээ.
5.2. Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заажээ.
5.3. Шүүгдэгч Б.А- нь амар хялбар аргаар мөнгөтэй болж өөрийн хэрэгцээ шаардлагыг хангах зорилгоор, шунахайн сэдэлттэйгээр, шууд санаатайгаар үйлдэж, бусдын эд хөрөнгийг, хэн нэгэн хүнд хүч хэрэглэлгүй өмчийн эзэн нь түүнд дээрх хөрөнгийг авах зөвшөөрөл өгөөгүй байхад бусдын өмчлөх эрхэд халдаж бусдад эд хөрөнгийн хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан дээрх баримтуудаар нотлогдож байна.
5.4. Шүүгдэгч Б.А-гийн үйлдсэн хулгайн гэмт хэргийн улмаас буюу хүний эд хөрөнгийн халдашгүй байх эрхэд халдаж бусдын “Iроnе 13 рrо мах” маркийн гар утсыг хулгайлж, Б.О-эд 3.700.000 төгрөгийн хохирол учирсан болох нь хохирогчийн цагдаагийн байгууллагад өгсөн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон бусад баримтаар нотлогдож байх бөгөөд хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байх тул тэднийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
6. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
6.1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж хуульчилжээ.
6.2. Уг гэмт хэргийн улмаас хохирогч Б.О-эд учирсан хохирлыг биет байдлаар буцааж хүлээлгэж өгсөн нь хохирогч болон шүүгдэгчийн мэдүүлгээр тус тус тогтоогдож байх тул түүнийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
2.1. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “...шүүгдэгч Б.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 350 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” дүгнэлтийг,
2.2. Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.А-ээс “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцсэн болно.
2.3. Шүүгдэгч Б.А- нь хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
2.4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.
2.5. Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.А-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2, мөн зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу ял хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, харин хүндрүүлэх нөхцөл байдалгүй болохыг харгалзан үзлээ.
2.6. Шүүгдэгч Б.А- нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас”-аар /хх-ийн 65 дахь тал/ тогтоогдож байна.
2.7. Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүгдэгчийг гэм буруутай болохыг үндэслэл болгосон нотлох баримтууд болон хэрэгт авагдсан шүүгдэгч нарын хувийн байдлыг тодорхойлсон бусад баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.А-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, хүндрүүлэх нөхцөл байдалгүй, хувийн байдал зэргийг тус тус харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулахаар шийдвэрлэв.
Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-д Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Засаг даргын Тамгын газарт мод тарих 260 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулав.
2.8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт зургаан цагаар тогтоож, уг ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлах нь зүйтэй.
2.9. Шүүгдэгч Б.А- нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй.
2.10. Шүүгдэгч Б.А-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ямар нэгэн байдлаар саад учруулахгүй байх зорилгоор, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С овогт Б-ы А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-г 260 /хоёр зуун жаран/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Б.А-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Засаг даргын Тамгын газарт мод тарих ажил хийлгэхийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт зургаан цагаар тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А- нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол уг ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай.
6. Шүүгдэгч Б.А- нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шүүгдэгч Б.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ А.ДАУРЕНБЕК
й