| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Өркений Бахытбек |
| Хэргийн индекс | 161/2022/0154/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/149 |
| Огноо | 2022-10-05 |
| Зүйл хэсэг | 23.2.1., |
| Улсын яллагч | Б.Б |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 10 сарын 05 өдөр
Дугаар 2022/ШЦТ/149
Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Бахытбек даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Е,
орчуулагч, хэлмэрч Б.Ж,
улсын яллагч Б.Б-,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Э-,
шүүгдэгч Н.О-, С.Ё-,
шүүгдэгч нарын өмгөөлөгч Х.Б-, Т.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогч Б.Б-гаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч Х.н овогт Н-ын О-, Ш овогт С-н Ё- нарт холбогдох 2213001340169 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1.Монгол Улсын иргэн, 1973 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Баян-Өлгий аймгийн Толбо суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Баян-Өлгий аймгийн ......... сумын ........ дугаар багт оршин суудаг, урьд шүүхээс ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх, Х.н овогт Н-ын О-, регистрийн дугаар БЙ..............,
2.Монгол Улсын иргэн, 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Баян-Өлгий аймгийн Толбо суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, дээд боловсролтой, компьютер график дизайн мэргэжилтэй, Толбо суманд фото зургийн студи ажиллуулдаг, Баян-Өлгий аймгийн ........ сумын ...... дугаар багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх, Ш овогт С-н Ё-, регистрийн дугаар БЙ...........,
Шүүгдэгч нарын холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч С.Ё- нь 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр шүүгдэгч Н.О-тай бүлэглэж, түүний төрсөн хүү О.Ж-ыг Баян-Өлгий аймгийн Толбо сумын хүүхдийн цэцэрлэгт эмчээр ажилд оруулах зорилгоор эрх олгосон баримт бичиг буюу Баян-Өлгий аймгийн Засаг дарга Д.Б-ы 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн А/781 дугаартай “Бүтэц, орон тоо батлах тухай" захирамж, түүний хавсралтыг хуурамчаар үйлдсэн гэмт хэрэгт,
Шүүгдэгч Н.О- нь 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр өөрийн төрсөн хүү О.Ж-ыг Баян-Өлгий аймгийн Толбо сумын Хүүхдийн цэцэрлэгт эмчээр ажилд оруулах зорилгоор яллагдагч С.Ё-тай бүлэглэн, эрх олгосон баримт бичиг буюу Баян-Өлгий аймгийн Засаг дарга Д.Б-ы 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн А/781 дугаартай "Бүтэц, орон тоо батлах тухай” захирамж, түүний хавсралтыг хуурамчаар үйлдэж, улмаар уг захирамж болон түүний хавсралтыг хуурамч болохыг мэдсээр байж 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Толбо сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч М.Г-д гаргаж өгч ашигласан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар
1. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, шүүгдэгч нараас гаргасан мэдүүлэг,
1.1 Шүүгдэгч Н.О- мэдүүлэхдээ “Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч байгаа” гэв.
1.2 шүүгдэгч С.Ё- мэдүүлэхдээ “Шүүгдэгч Н.О- нь миний нагац ах байгаа юм. Тэгээд надад нэг цаасыг барьж авч ирээд үүнийг янзлаад гаргаад өгөөч гэхээр нь гаргаад өгсөн. Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Гэмт хэрэг үйлдсэндээ маш их гэмшиж байна” гэв.
1.3 Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Э- мэдүүлэхдээ “...2022 оны 04 дүгээр сард аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Фестивал надад хандаж, 03 дугаар сарын 07-ны өдөр Толбо сумын цэцэрлэгт ямар нэгэн захирамж гарсан эсэхийг тодруулсан. Би шууд тийм захирамж гараагүй гэдгийг хэлсэн. Гараагүй гэдгийг батална. Тухайн онд гарсан захирамжуудыг шүүж, удирдлагуудад танилцуулсан байгаа” гэв.
2. 2213001340169 дугаартай эрүүгийн хавтаст хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
2.1. Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 01/488 дугаартай албан бичгээр гаргасан “...Тус аймгийн Толбо сумын Хүүхдийн цэцэрлэгийн бүтэц орон тоог аймгийн Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн “Бүтэц, орон тоо батлах тухай” А/781 дугаартай захирамжаар хуурамчаар үйлдэж, үйл ажиллагаандаа ашигласан байж болзошгүй тул тус захирамжийг хуурамчаар үйлдсэн хууль бус үйлдлийг зохих журмын дагуу шалгаж хариу ирүүлнэ үү” гэсэн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл (хавтаст хэргийн 2-3 дахь тал),
2.2. Гэрч Т.Ф-ийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 5-10 дахь тал),
2.3. Толбо сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч М.Г-гаас Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн А/781 дугаартай “Бүтэц, орон тоо батлах тухай” захирамж, түүнийг эх хувиар нь хураан авсан тухай 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн тэмдэглэл (хавтаст хэргийн 11-14 дэх тал),
2.4. Толбо сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч М.Г-гаас Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн А/781 дугаартай “Бүтэц, орон тоо батлах тухай” захирамж, түүнийг хавсралтыг эх хувиар нь хураан авсан ажиллагааг хүчинтэй тооцох тухай прокурорын 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 48 дугаартай тогтоол (хавтаст хэргийн 16-17 дахь тал),
2.5. Шүүгдэгч Н.О-аас гаргаж өгсөн гэх “Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Г-ы 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн А/783 дугаартай “Бүтэц, орон тоо батлах тухай захирамж”-ийн хуулбар (хавтаст хэргийн 29-30 дахь тал),
2.6. Шүүгдэгч С.Ё-гийн Фото студийн байранд үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 59-71 дэх тал),
2.7. “Сэрүүлэг” дээд сургуулийн Р201517156 дугаартай баклаврын дипломын хуулбар (хавтаст хэргийн 74-75 дахь тал),
2.8. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Э-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Аймгийн Засаг даргын эрх хэмжээний хүрээнд батлан гаргадаг захирамж 2022 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар нийт 301 захирамж гарсан байгаа. Гэтэл Толбо сумын хүүхдийн цэцэрлэг нь аймгийн Засаг даргын А/781 гэх дугаартай захирамжийг хуурамчаар үйлдэн ашигласан байж болзошгүй байдалтай байгаа юм аа. Толбо сумын хүүхдийн цэцэрлэгт 1 орон тоо нэмэгдлээ гэхэд заавал аймгийн санхүү төрийн сангийн хэлтэст бүтэц орон тоо нэмэгдсэн тухай мэдэгдэж, санхүүжилтээ нэмэгдүүлдэг, эсвэл захирамж гарсан даруйд шууд төсөвт санхүүжилтээ суулгах ёстой байдаг. Энэ захирамжийг Толбо сумын хүүхдийн цэцэрлэгээс санхүүжилтээ нэмэгдүүлэх зорилгоор аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст оруулж ирснээр шалгалтын ажиллагаа хийгдэх болсон. ...Энэ онд Толбо сумын хүүхдийн цэцэрлэгт бүтэц орон тоо батлуулах тухай болон бусад ямар нэгэн Засаг даргын “А” дугаартай захирамж гараагүй байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 76-81 дэх тал),
2.9. Гэрч Т.Ф-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр миний бие тус аймгийн Толбо сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч М.Г-гийн утас руу албаны утсаар холбогдож “...танай цэцэрлэгт бүтэц орон тоо нэмэгдэж, хүн авсан юм байна шүү дээ, хэзээ ямар хүн авсан бэ...” гэж асуухад тэрээр “аймгийн Засаг даргын 781 дүгээр захирамжаар эмчийн орон тоо нэмэгдэж, 1 хүн шинээр авсан байгаа” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “тэгвэл би Засаг даргын захирамжийг үзье, яаралтай зургийн дараад явуулаарай” гэхэд М.Г- миний фейсбүүкийн мессенжер чат руу аймгийн Засаг даргын А/781 дугаартай “Бүтэц орон тоо батлах тухай” захирамжийн зургийг явуулсан. Тэгээд би уг Засаг даргын захирамжийн талаар аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн Ж.Э-гаас асууж, “яаралтай аваад ир” гэхэд тэр надад “аймгийн Засаг даргаас 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр А/781 дугаартай Толбо сумын хүүхдийн цэцэрлэгийн бүтэц орон тоог батлах тухай ямар нэгэн захирамж гараагүй байна, би олоогүй” гэж хэлэхээр нь энэ асуудлыг аймгийн Засаг даргад танилцуулж, хуулийн байгууллагад хандаж, шалгуулахаар болсон...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 83 дахь тал),
2.10. Гэрч О.Ж-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Миний аав болох Н-ын О- нь аймаг руу очиж Засаг дарга болон бусад холбогдох хүмүүстэй уулзаж Толбо сумын Хүүхдийн цэцэрлэгт эмчийн орон тоо нэмсэн талаарх аймгийн Засаг даргын захирамжийг гаргуулж авлаа гээд надад 2022 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Бямба гарагт хэлээд 1 дэх өдрөөс эхлэн ажилдаа орно гэсэн. Би 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр буюу Даваа гарагт өглөө 08 цагт сумаас 12 км зайд байрлах Борт гэх газраас сумын төв рүү ээжийн хамтаар ирж цэцэрлэгийн эрхлэгч М.Г-тай уулзаж, улмаар тэр хүн намайг ажилд томилох захирамж гарган ажилд авсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 91 дэх тал),
2.11. Гэрч А.Н-ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Баян-Өлгий аймгийн Толбо сумын хүүхдийн цэцэрлэгт эмчийн орон тоо байхгүй байсан. Тэгээд 2022 оны 04 дүгээр сард эмчийн орон тоо нэмэгдэж захирамж гарсан байна гээд цэцэрлэгийн эрхлэгч туршилтын журмаар эмч ажиллуулах тушаал гаргасан байсан. Би түүний дагуу цалинг нь олгосон. О.Ж- нь 2022 оны 04, 05 дугаар сард цалин аваад 06 дугаар сараас ажлаас халагдсан. Нийт 2 сарын хугацаанд 939625 төгрөгийн цалин авсан” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 200-201 дэх тал),
2.12. Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний албаны криминалистикийн шинжээч, цагдаагийн дэслэгч С.Р-гийн 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 22/28 дугаартай "... 1.Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн А/781 дугаартай захирамж нь шинжилгээнд тэнцэнэ. 2. Хуурамч байна. 2.Өнгөт принтерээр хэвлэх аргаар үйлдсэн байна.” гэсэн дүгнэлт, (хавтаст хэргийн 101-102 дахь тал),
2.13. Шүүгдэгч Н.О-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...О.Ж- нь миний том хүү байгаа юм. Миний хүү 2017 онд Энэрэл дээд сургуулийг төгсөж ирээд гэртээ ажилгүй байсан юм. Ингээд 2021 онд дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед цэцэрлэгийн эмчээр түр ажиллах болсон юм. Ингээд тухайн үед вакцин хийж дуусаад ажилгүй болсон. Түүний дараагаар цэцэрлэгт хүүгээ эмчээр ажилд оруулж болох юм байна гэж бодоод цэцэрлэгийн эрхлэгч М.Г-тай 2 удаа очиж уулзсан. Тэгэхэд манай цэцэрлэгт орон тоо байхгүй гэж явуулсан. Сүүлд уулзахад М.Г- эрхлэгч надад манай цэцэрлэгт эмчийн орон тоо байхгүй байна гээд цэцэрлэгийн бүтэц орон тоо баталсан аймгийн Засаг даргын захирамжийг үзүүлээд та ийм захирамж гаргуулаад ирж чадвал таны хүүг авч болох юм гэж хэлсэн. Тэгээд би М.Г-гийн хажууд утсаараа зургийг нь дарж авсан. Ингээд би тэр зургийг аваад аймаг орж ирээд аймгийн Засаг дарга Д.Б-тай уулзах гэхэд байхгүй байсан. Ингээд би манай суманд фото студи ажиллуулдаг С.Ё- гэдэг залуутай уулзаж чи надад энэ захирамжид эмчийн орон тоо нэмсэн болгоод өг гэж гуйж Засаг даргын захирамжийг хуурамчаар үйлдээд түүнийг сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч М.Г-д аваачиж өгсөн. М.Г- захирамжийг надаас аваад миний хүүг ажилд томилж авсан... Засаг даргын захирамжийг хуурамчаар хийх санааг би өөрөө гаргасан....” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 165-166 дахь тал),
2.14. Шүүгдэгч С.Ё-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Миний аавын эгчийн хүү буюу миний зээ ах Н.О- нь 2022 оны 04 дүгээр сард надтай ирж уулзаад “миний дүү надад тус бол, чи надад энэ бичиг баримтыг засаад өг” гээд 2 цаас авч ирсэн. Тэр 2 цаасыг үзэхэд аймгийн Засаг даргын захирамж гэсэн орон тоо баталсан юм байсан. Тэгэхээр нь би “ахаа үүнийг чадахгүй, би айж байна” гэсэн. Тэгэхэд Н.О- ах надад хандаж “чи одоо үүнийг л хийж өг, би чамд дээр анх удаа юм хийлгэх гэж ирж байна. Чи заавал надад туслах ёстой” гээд байхаар нь би нагац ахад чадахгүй гэж хэлж чадалгүйгээр надад авч ирж өгсөн 2 цаасыг авч интернэт хайлтаас А.Г- даргын дарсан тамгыг хуулж аваад Н.О- ахын авч ирсэн цааснаас авч сканердаад компьютерт фотошоп программ ашиглаж хэвлэсэн. Би захирамжийн хавсралт албан тушаалын жагсаалтыг World программ дээр бичээд мөн нөгөө сканердаж тасалж авсан тамгаа дээд хэсэгт нь дарж өгөөд явуулсан. ... Тухайн үед ашигласан Dell загварын компьютер 1 ширхэг, athaleon 3.10 загварын процессор, принтер 1 ширхэг, гар, хулгана, Т50 загварын өнгөт принтер зэрэг техник хэрэгслүүд нь миний фото студид байгаа...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 171-172 дахь тал),
2.15. Иргэн О.Ж-ын 2022 оны 4, 5 дугаар саруудад авсан цалингийн жагсаалт (хавтаст хэргийн 119 дэх тал),
2.16. Яллагдагч М.Г-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би тухайн үед захирамжийг хуурамч гэдгийг мэдээгүй. Н.О-ыг захирамжийг гаргуулаад аваад ирж байна гэж ойлгосон. Мөн Н.О- нь мөргөл үйлддэг гэж хэлсэн нь надад үнэхээр захирамж юм байна гэдэг итгэл төрүүлсэн. Яагаад гэхээр мөргөл үйлддэг хүн манай шашинд огт худал хэлж болдоггүй....” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 182 дахь тал),
2.17. Толбо сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Б/07 дугаартай О.Ж-ыг эмчийн ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар (хавтаст хэргийн 191 дэх тал),
2.18. Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 92 дугаартай “Эд мөрийн баримт хураан авах тухай” тогтоол (хавтаст хэргийн 193 дахь тал),
2.19. 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Эд зүйл хураан авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 194 дэх тал),
2.20. Үнэлгээ тогтоосон шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 22-0209 дугаартай “...2022 оны 8 дугаар сарын байдлаар дээрх техник хэрэгслийн нийт үнэ 1135000 төгрөгийн үнэтэй байх боломжтойг тодорхойлов.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 234-235 дахь тал)
2.21. Толбо сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн Б/05 дугаартай О.Ж-ыг эмчээр томилох тухай тушаалын хуулбар (хавтаст хэргийн 19 дэх тал) зэрэг болно.
2.22. Шүүгдэгч нарын хувийн байдлын талаар дараах нотлох баримт хэрэгт цугларсан байна.
1. 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 128 дахь тал),
2. Шүүгдэгч Н.О-, С.Ё- нарын иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 128, 139 дахь тал),
3. Шүүгдэгч Н.О-, С.Ё- нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 247-248 дахь тал) зэрэг болно.
2.23. Шүүх прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн, шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.
3. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт, нөхцөл байдлын талаар
3.1. Шүүгдэгч Н.О- нь 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр өөрийн төрсөн хүү О.Ж-ыг Баян-Өлгий аймгийн Толбо сумын Хүүхдийн цэцэрлэгт эмчээр ажилд оруулах зорилгоор тус сумын 5 дугаар багт фото студи ажиллуудаг шүүгдэгч С.Ё-гаар Баян-Өлгий аймгийн Засаг дарга Д.Б-ы 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн А/781 дугаартай "Бүтэц, орон тоо батлах тухай” захирамж, түүний хавсралтыг хуурамчаар үйлдүүлж, улмаар уг захирамжийг хавсралтын хамт 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр “байгууллагын орон тооны бүтцэд эмчийн орон тоог нэмж батлуулж ирлээ” гэж Толбо сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч М.Г-д өгсөн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Үүнд:
3.2. Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 01/488 дугаартай албан бичгээр гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл, (хавтаст хэргийн 2-3 дахь тал),
3.3. Гэрч Т.Ф-ийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 5-10 дахь тал),
3.4. 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн Эд зүйл хурааж авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 11-14 дэх тал),
3.5. Шүүгдэгч Н.О-аас гаргаж өгсөн гэх “Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Г-ы 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн А/783 дугаартай “Бүтэц, орон тоо батлах тухай захирамж”-ийн хуулбар (хавтаст хэргийн 29-30 дахь тал),
3.6. Шүүгдэгч С.Ё-гийн Фото студийн байранд үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 59-71 дэх тал),
3.7. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Э-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Аймгийн Засаг даргын эрх хэмжээний хүрээнд батлан гаргадаг захирамж 2022 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар нийт 301 захирамж гарсан байгаа. Гэтэл Толбо сумын хүүхдийн цэцэрлэг нь аймгийн Засаг даргын А/781 гэх дугаартай захирамжийг хуурамчаар үйлдэн ашигласан байж болзошгүй байдалтай байгаа юм аа....” гэсэн мэдүүлэг, (хавтаст хэргийн 76-81 дэх тал),
3.8. Гэрч Т.Ф-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр миний бие тус аймгийн Толбо сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч М.Г-гийн утас руу албаны утсаар холбогдож “...танай цэцэрлэгт бүтэц орон тоо нэмэгдэж, хүн авсан юм байна шүү дээ, хэзээ ямар хүн авсан бэ...” гэж асуухад тэрээр “аймгийн Засаг даргын 781 дүгээр захирамжаар эмчийн орон тоо нэмэгдэж, 1 хүн шинээр авсан байгаа” гэж хэлсэн....” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 83 дахь тал),
3.9. Гэрч О.Ж-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр буюу Даваа гарагт өглөө 08 цагт сумаас 12 км зайд байрлах Борт гэх газраас сумын төв рүү ээжийн хамтаар ирж цэцэрлэгийн эрхлэгч М.Г-тай уулзаж, улмаар тэр хүн намайг ажилд томилох захирамж гарган ажилд авсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 91 дэх тал),
3.10. Гэрч А.Н-ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Баян-Өлгий аймгийн Толбо сумын Хүүхдийн цэцэрлэгт эмчийн орон тоо байхгүй байсан. Тэгээд 2022 оны 04 дүгээр сард эмчийн орон тоо нэмэгдэж захирамж гарсан байна гээд цэцэрлэгийн эрхлэгч туршилтын журмаар эмч ажиллуулах тушаал гаргасан байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 200-201 дэх тал),
3.11. Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний албаны криминалистикийн шинжээч, цагдаагийн дэслэгч С.Р-гийн 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 22/28 дугаартай "... 1.Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн А/781 дугаартай захирамж нь шинжилгээнд тэнцэнэ. 2. Хуурамч байна. 2.Өнгөт принтерээр хэвлэх аргаар үйлдсэн байна.” гэсэн дүгнэлт, (хавтаст хэргийн 101-102 дахь тал),
3.12. Яллагдагч Н.О-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Ингээд би тэр зургийг аваад аймаг орж ирээд аймгийн Засаг дарга Д.Б-тай уулзах гэхэд байхгүй байсан. Би манай суманд фото студи ажиллуулдаг С.Ё- гэдэг залуутай уулзаж чи надад энэ захирамжид эмчийн орон тоо нэмсэн болгоод өг гэж гуйж Засаг даргын захирамжийг хуурамчаар үйлдээд түүнийг сумын хүүхдийн Цэцэрлэгийн эрхлэгч М.Г-д аваачиж өгсөн. М.Г- захирамжийг надаас аваад миний хүүг ажилд томилсон....” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 165-166 дахь тал),
3.13. Яллагдагч С.Ё-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Чи заавал надад туслах ёстой гээд байхаар нь би нагац ахад чадахгүй гэж хэлж чадалгүйгээр надад авч ирж өгсөн 2 цаасыг авч интернэт хайлтаас би А.Г- даргын дарсан тамгыг хуулж аваад Н.О- ахын авч ирсэн цааснаас авч сканердаад компьютерт фотошоп программ ашиглаж хэвлэсэн. Би захирамжийн хавсралт албан тушаалын жагсаалтыг World программ дээр бичээд мөн нөгөө сканердаж тасалж авсан тамгаа дээд хэсэгт нь дарж өгөөд явуулсан....” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 171-172 дахь тал),
3.14. Яллагдагч М.Г-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би тухайн үед захирамжийг хуурамч гэдгийг мэдээгүй. Н.О-ыг захирамжийг гаргуулаад аваад ирж байна гэж ойлгосон. Мөн Н.О- нь мөргөл үйлддэг гэж хэлсэн нь надад үнэхээр захирамж юм байна гэдэг итгэл төрүүлсэн....” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 182 дахь тал) болон шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтууд болно.
3.15. Улсын яллагчаас шүүгдэгч нарыг урьдчилан үгсэж тохиролцож, бүлэглэн хуурамч баримт бичгийг үйлдэх, ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлт, шүүгдэгчийн өмгөөлөгч нараас “гэм буруугийн талаар маргахгүй, улсын яллагчийн яллах дүгнэлтийн хүрээнд гэм буруутайд тооцох үндэслэлтэй” гэсэн дүгнэлт тус тус гаргав.
3.16. Шүүгдэгч нар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа талаар мэдүүлж, тэдгээрийн өмгөөлөгч нар нь гэм буруугийн талаар мэтгэлцээгүй боловч шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь харьцуулан үнэлэхэд шүүгдэгч Н.О- нь төрсөн хүү О.Ж-ыг Баян-Өлгий аймгийн Толбо сумын Хүүхдийн цэцэрлэгт эмчээр ажилд оруулах зорилгоор урьдын танил шүүгдэгч С.Ё-д Баян-Өлгий аймгийн Засаг даргын захирамжийн зургийг үзүүлж, Толбо сумын Хүүхдийн цэцэрлэгийн бүтцэд эмчийн орон тоо нэмж баталсан мэтээр хавсралтад өөрчлөлт оруулж хийж өг гэснээр шүүгдэгч С.Ё- нь Засаг дарга Д.Б-ы 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн А/781 дугаартай "Бүтэц, орон тоо батлах тухай” захирамж түүний хавсралтыг өөрийнхөө фото студид ашигладаг компьютер, принтерийг ашиглан үйлдэж хэвлэж өгсөн, улмаар тухайн захирамжийг шүүгдэгч Н.О- нь Толбо сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч М.Г-д 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр уг захирамжийг үндэслэн иргэн О.Ж-ыг цэцэрлэгийн эмчээр томилсон зэрэг үйл баримт тогтоогдож байна.
3.17 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул хууль ёсны нотлох баримт гэж үзэж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлэн, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.
4. Эрх зүйн дүгнэлт
4.1 Хууль тогтоогч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “тусгай зөвшөөрөл, эрх олгосон, үүргээс чөлөөлсөн баримт бичиг, тамга, тэмдэг, иргэний, албаны, жолоодох эрхийн үнэмлэх, боловсролын үнэмлэх, диплом, гадаад паспорт, төрийн шагнал, хүний хувийн байдлыг тодруулсан, гэрчилсэн эдийн, эдийн бус баялгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг тодорхойлсон баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан, худалдсан үйлдлийг “Хуурамч бичиг баримт үйлдэх, ашиглах” гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан.
4.2. Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний албаны криминалистикийн шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 22/28 дугаартай дүгнэлтээр (хавтаст хэргийн 101-102 дахь тал) шүүгдэгч Н.О-ын шүүгдэгч С.Ё-гаар үйлдүүлэн Толбо сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч С.М.Г-д өгсөн гэх тус аймгийн Засаг дарга Д.Б-ы 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн А/781 дугаартай "Бүтэц, орон тоо батлах тухай” захирамжийг /хавсралтын хамт/ өнгөт принтерээр хэвлэх аргаар үйлдсэн болох нь тогтоогджээ.
4.3. Бичиг баримт хуурамчаар үйлдэх гэдэг нь албан ёсны баримт бичгийг бүхий л арга хэрэгсэл ашиглан бүрэн дуурайлгаж, эсхүл хэсэгчлэн хуурамчаар үйлдэх, өөрчлөхийг ойлгох бөгөөд шүүгдэгч Н.О-ын шүүгдэгч С.Ё-гаар өнгөт принтерээр хэвлэх аргаар үйлдүүлсэн аймгийн Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн А/781 дугаартай "Бүтэц, орон тоо батлах тухай” захирамж, түүний хавсралт нь хуурамч баримт бичиг болох нь хэрэгт цугларсан шинжээчийн дүгнэлт, яллагдагч, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар нотлогдсон учир шүүгдэгч нарыг эрх олгосон баримт бичгийг хуурамчаар үйлдсэн гэж үзнэ.
4.4. Шүүгдэгч Н.О- нь эрх олгосон баримт бичиг буюу аймгийн Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн А/781 дугаартай "Бүтэц, орон тоо батлах тухай” захирамжийг /хавсралтын хамт/ Толбо сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч М.Г-д гаргаж өгснөөр уг захирамжийг үндэслэн цэцэрлэгчийн эрхлэгч 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн Б/05 дугаартай “О.Ж-ыг эмчээр томилох тухай” тушаал гаргасан зэрэг хэргийн үйл баримтыг дүгнэхэд шүүгдэгч нь хүүгээ ажилд оруулахын тулд эрх олгосон баримт бичгийг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан нөхцөл байдал тогтоогдож байна.
4.5. Шүүгдэгч нар нь өөрсдийнхөө үйлдлийн хууль бус шинжийг ухамсарласан атал захирамжийг хуурамчаар үйлдэж, улмаар тухайн захирамжийг бусдад гаргаж өгсөн үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.
4.6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэж тохиролцсоныг, эсхүл үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцогчид тооцно” гэж заасан бөгөөд шүүгдэгч Н.О- Засаг даргын захирамжийг хуурамчаар үйлдэх санаа гаргаснаар шүүгдэгч С.Ё- нь түүнийг хуурамчаар үйлдэж, эрх олгосон баримт бичгийг хуурамчаар үйлдэх гэмт хэргийг урьдчилан үгсэж тохиролцож, бүлэглэж үйлдсэн байна.
4.7. Шүүгдэгч Н.О-, С.Ё- нарын бүлэглэж Баян-Өлгий аймгийн Засаг дарга Д.Б-ы 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн А/781 дугаартай "Бүтэц, орон тоо батлах тухай” захирамж, түүний хавсралтыг хуурамчаар үйлдсэн, шүүгдэгч Н.О-ын энэхүү захирамжийг хуурамч гэдгийг мэдсээр байж хүүгээ эмчийн орон тоонд ажилд оруулахын тулд Толбо сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчид гаргаж өгч, хүү О.Ж-ыг ажилд орох нөхцөлийг бүрдүүлсэн зэрэг үйлдлүүд нь “хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах” гэмт хэргийн “эрх олгосон баримт бичгийг хуурамчаар үйлдэх”, “эрх олгосон баримт бичгийг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан” гэх шинжийг хангаж байх тул прокуророос шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэгт нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон гэж дүгнэлээ.
4.8. Иймд шүүгдэгч С.Ё-г шүүгдэгч Н.О-тай урьдчилан үгсэн тохиролцон, бүлэглэж, эрх олгосон баримт бичгийг хуурамчаар үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурамч баримт бичиг үйлдэх гэмт хэрэг, шүүгдэгч Н.О-ыг шүүгдэгч С.Ё-тай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэж, эрх олгосон баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, эрх олгосон баримт бичгийг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан буюу мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
4.9. Шүүгдэгч Н.О- нь хүү О.Ж-ыг эмчийн орон тоонд ажилд оруулах зорилготой байсан, шүүгдэгч нарын хууль, эрх зүйн мэдлэг дутмаг зэрэг нь гэмт хэрэг үйлдэх шалтгаан нөхцөл болжээ.
5. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар
5.1 Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг шүүгдэгч нараас гаргуулан хохирогчид олгох нь зөрчигдсөн эрхийг сэргээх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцнэ.
5.2 Шүүгдэгч Н.О- нь хүү О.Ж-ын Толбо сумын Хүүхдийн цэцэрлэгт 2 сар ажиллахдаа авсан цалин 939625 төгрөгийг төлж барагдуулсан нь хэрэгт цугларсан банкны шилжүүлгээр (хавтаст хэргийн 114 дэх тал) нотлогдож байна.
Хоёр. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар
2.1. Шүүгдэгч Н.О-, С.Ё- нарыг шүүхээс бүлэглэж, хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй.
2.2. Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, тэдгээрийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ.
2.3. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Н.О- нь 49 настай, эхнэр, хүүхдүүдийн хамт Баян-Өлгий аймгийн Толбо сумын 6 дугаар багт мал маллаж амьдардаг гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх, шүүгдэгч С.Ё- нь 27 настай, эхнэр, хүүхдийн хамт тус аймгийн Толбо сумын 5 дугаар багт амьдардаг, хувиараа фото зургийн студи ажиллуулдаг, ял шийтгүүлж байгаагүй зэрэг хувийн байдал тус тус тогтоогдож байна.
2.4. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн” эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
2.5. Улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “Шүүгдэгч Н.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4000 нэгжтэй тэнцэх 4000000 төгрөгийн, шүүгдэгч С.Ё-д 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний 3000000 төгрөгийн торгох ял оногдуулж, шүүгдэгч С.Ё-гийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан буюу хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “Dell” загварын компьютер, “athaleon 3.10” загварын процессор, принтер, гар, хулгана, “Т50” загварын өнгөт принтер зэрэг тоног төхөөрөмж болон гэмт хэрэг үйлдэж олсон орлого 10000 төгрөгийг тус тус улсын орлого болгох, шүүгдэгч нараас гаргуулах хохирол байхгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэх” гэсэн,
Шүүгдэгч С.Ё-гийн өмгөөлөгч Т.Б-, шүүгдэгч Н.О-ын өмгөөлөгч Х.Б- нараас “шүүгдэгч нар гэм буруугийн талаар маргаагүй, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан торгох ялын доод хэмжээгээр эсхүл 500000 төгрөгийн торгох ял оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.
2.6 Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж тэдгээрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндсэн ялын төрлөөс торгох ялыг сонгож оногдуулах нь эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгод нийцнэ гэж дүгнэв.
2.7. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.О-ыг 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний 2000000 төгрөгийн, шүүгдэгч С.Ё-г 800 нэгжтэй тэнцэх хэмжээний 800000 төгрөгийн торгох ялаар тус тус шийтгэв.
2.8. Шүүгдэгч нарын орлого олох боломж буюу шүүгдэгч С.Ё-гийн хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, шүүгдэгч Н.О-ын малчин гэх нөхцөл байдлыг харгалзан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялыг 8 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч С.Ё-, Н.О- нарт тайлбарлах нь зүйтэй.
3. Бусад асуудлын талаар
3.1. Шүүгдэгч С.Ё-, Н.О- нар нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүхийн дуудсан цагт хүрэлцэн ирэхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор тэдгээрт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэв.
3.2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч хохирол, хор уршиг нэхэмжлээгүй, Толбо сумын хүүхдийн цэцэрлэгт 939625 төгрөгийг шүүгдэгч Н.О- төлсөн байх тул шүүгдэгч нарыг энэ шийтгэх тогтоолоор бусад төлөх хохирол, төлбөргүй гэж үзлээ.
3.3. Харин шүүгдэгч С.Ё- нь гэмт хэрэг үйлдэхэд “Dell” загварын компьютер, “athaleon 3.10” загварын процессор, принтер, гар, хулгана, “Т50” загварын өнгөт принтер зэрэг тоног төхөөрөмжүүдийг ашигласан нь нотлогдсон, мөн тэрээр ажлын хөлс гэж 10000 төгрөг авсан нөхцөл байдал шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон тул түүнийг гэмт хэрэг үйлдэж орлого олсон, техник хэрэгсэл ашиглаж гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчээс 100000 төгрөгийг албадан гаргуулан, мөн эд мөрийн баримтаар хураагдсан 1135000 төгрөгийн үнэ бүхий (хавтаст хэргийн 234-235 дахь тал) шүүгдэгч С.Ё-гийн эзэмшлийн “Dell” загварын компьютер, “athaleon 3.10” загварын процессор, принтер, гар, хулгана, “Т50” загварын өнгөт принтер тус бүр 1 ширхгийг тус тус улсын төсөвт шилжүүлж шийдвэрлэв.
3.4. 2213001340169 дугаартай эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “Dell” загварын компьютер, “athaleon 3.10” загварын процессор, принтер, гар, хулгана, “Т50” загварын өнгөт принтер тус бүр 1 ширхгийг тус тус улсын төсөвт шилжүүлсэн, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.
3.5. Шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.
Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1,2,3,4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х.н овогт Н-ын О-ыг урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн эрх олгосон баримт бичгийг хуурамчаар үйлдэж, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан,
шүүгдэгч Ш овогт С-н Ё-г урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн эрх олгосон баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н-ын О-ыг 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний 2000000 (хоёр сая) төгрөгийн, С-н Ё-г 800 нэгжтэй тэнцэх хэмжээний 800000 (найман зуун мянга) төгрөгийн торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.О-д оногдуулсан 2000000 төгрөгийн, шүүгдэгч С.Ё-д оногдуулсан 800000 төгрөгийн торгох ялыг тус тус 8 (найм) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч Н.О-, С.Ё- нарт тайлбарласугай.
5. Шүүгдэгч Н.О-, С.Ё- нар нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, тэдгээрт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.Ё-гийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, техник хэрэгсэл буюу хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “Dell” загварын компьютер, “athaleon 3.10” загварын процессор, принтер, гар, хулгана, “Т50” загварын өнгөт принтер тус бүр 1 ширхэг болон гэмт хэрэг үйлдэж олсон орлого 10000 (арван мянга) төгрөгийг шүүгдэгчээс албадан гаргуулж тус тус улсын төсөвт шилжүүлсүгэй.
7. Шүүгдэгч Н.О- нь 939625 төгрөгийн хор уршгийг төлж барагдуулсан, шүүгдэгч нар энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол, төлбөргүй, тэдгээрээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, 2213001340169 дугаартай эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлийг улсын орлого болгосон, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шүүгдэгч Н.О-, С.Ё- нарт оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан, мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ө.БАХЫТБЕК