Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 221/МА2024/0535

 

С.Д-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч О.Оюунгэрэл

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч З.Ганзориг

Илтгэсэн шүүгч Г.Билгүүн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Нэхэмжлэгч С.Д

Нэхэмжлэлийн шаардлага: “У м” ХХК-ийн өмчлөлд Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар багт байршилтай, 2 давхар 467.6 метр квадрат талбайтай дэлгүүр, 364 м.кв агуулахын барилгыг миний тушаал, шийдвэргүйгээр бүртгэсэн 2000 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн үйлдлийг хууль бус байсныг тогтоолгож, 0816000325 дугаарт бүртгэгдсэн 67 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийг хүчингүй болгуулах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 3 дугаар

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч С.Д

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ц, Ч.О

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Еликай

Хэргийн индекс: 117/2020/0009/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч С.Д-ээс Дундговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан ““У м” ХХК-ийн өмчлөлд Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар багт байршилтай, 2 давхар 467.6 метр квадрат талбайтай дэлгүүр, 364 м.кв агуулахын барилгыг миний тушаал, шийдвэргүйгээр бүртгэсэн 2000 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн үйлдлийг хууль бус байсныг тогтоолгож, 0816000325 дугаарт бүртгэгдсэн 67 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 3 дугаар шийдвэрээр: Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуулийн /1997 оны/ 9 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 1, 2, 11 дүгээр зүйлийн 2, 13 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.Д-ийн нэхэмжлэлтэй, Дундговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хариуцагдах “У м” ХХК-ийн өмчлөлд Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар багт байршилтай, 2 давхар 467.6 метр квадрат талбайтай дэлгүүр, 364 м.кв агуулахын барилгыг миний тушаал, шийдвэргүйгээр бүртгэсэн 2000 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн үйлдлийг хууль бус байсныг тогтоолгож, 0816000325 дугаарт бүртгэгдсэн 67 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

Тус захиргааны хэргийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 8 дугаар зүйлд бүртгэлийн мэдүүлгийн жагсаалтдаа дурдсан гэж ташаа дүгнэжээ. Энэ нь 2020 оны 02 дугаар сарын 14-ний үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн мэдүүлэг, “У м” ХХК-ийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 15 тоот албан бичгээр бүртгэлд баяжилт хийлгэх тухай албан бичгийг үндэслэж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай байна. Харин 2000 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 67 дугаарт бүртгэлтэй 0816000325 дугаартай “У м” ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн актыг хүчингүй болгох талаар нэхэмжлэл гаргасныг 2020 онтой андуурч ойлгож шийдвэр гаргасан нь үндэслэлгүй юм. Тэгээд ч үндэслэлээ тодорхой тайлбарлаж бичээгүй байна. Харин шийдвэрийн 7 дугаарт бичигдсэн 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн Улсын бүртгэлийн хэлтсийн 385 тоот албан бичиг бүхий 2000 оны бүртгэлийн мэдүүлгийн баримт материал нь үндэслэлтэй бөгөөд албан ёсны баримт юм. Энэ баримтаас дүгнэлт хийж үзэхэд, “У м” ХХК нь Д  хоршооны хувьчлагдсан хөрөнгийг төрөөс худалдаж аваагүй, өөрсдөө бариагүй, өөр этгээдээс худалдаж аваагүй, өв залгамжлаагүй байхад хөрөнгө эзэмших эрхтэй эсэхийг тооцож үзэхгүйгээр эзэмшигч болгосон нь хууль зөрчсөн нь илт юм. Тус захиргааны хэргийн шүүхэд 3 хүсэлт гаргасныг хувьцаатай холбоотой хүсэлт нь Улсын бүртгэлийн хэлтэст хамаарахгүй гэж дүгнэсэн хэр нь хувьцаатай холбоотой асуудлыг нотлох баримтаар дүгнэсэн нь ойлгомжгүй байгаа бөгөөд улсын бүртгэлтэй хамааралгүй асуудлыг хамааруулахаар дүгнэлт хийсэн нь ойлгомж муутай бөгөөд хувьцаа хамаарахгүй гэж үзсэнээ дараа нь хувьцаа хамаарахаар шийдвэр гаргасан нь зүйд нийцэхгүй ойлгомжгүй юм. Захиргааны хэргийн давж заалдах шатны хэрэг үүсгэхгүй гэсэн захирамжийг хүчингүй болгосон хөөн хэлэлцэх хугацаа болон хүсэлт хангахгүй гэсэн захирамжийг хүчингүй болгосон тогтоолуудыг дүгнэлт хийж шийдвэртээ тусгах талаар анхаарал тавиагүй. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн тогтоолоор захирамж хүчингүй болсон байхад уг захирамжид дурдсан асуудлыг авч хэлэлцээгүй орхигдуулсан. Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааны 418 дугаар тэмдэглэлээр хариуцагч тал зоог гуанзыг төрөөс худалдаж авсан 598 ш хувьцаанд оролцоогүйгээ хүлээн зөвшөөрсөн. Мөн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн асуулт хариултад 598 ш хувьцаанаас өөрсдөө нийлүүлсэн гэж байгаа бол хувьцаа авсан хүмүүсийн мэдээллээс 3-3 хүний нэр хэл гэсэн асуултад хариулж чадаагүй нь зоог гуанзыг төрөөс худалдаж авахад оролцоогүй нь тодорхой байдаг. Мөн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хариуцагч талаас Д  хоршоог худалдаж авахад С.Д миний бие хувьцаа нийлүүлсэн үү? гэж асуухад дуудлага худалдаанд оролцож хувьцаа нийлүүлсэн гэдгийг харилцагч тал хүлээн зөвшөөрсөн билээ. Энэ нь захиргааны хэргийн анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд тодорхой байна. Хувьцаа эзэмшигчдийн хурал хийж тогтоол үйлдэж хувьцаа эзэмшигчийг тогтоох болохоос санаанаасаа зохиож хувьцаа эзэмшигчийг сонгох эрхгүй бөгөөд Д  хоршоо зоог гуанзыг төрөөс худалдаж авч эзэмших эрхийн гэрчилгээ миний нэр дээр байхад тогтоол тушаалгүйгээр хөрөнгө эзэмших эрх хэнд ч байхгүйг мэдсээр байж шийдвэр хууль бус гарсан бөгөөд миний шүүхэд тавьсан хүсэлтүүдийг хангаж шүүхийн шийдвэрийг хүчингүйд тооцож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

2. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.

2.1. Нэхэмжлэгч С.Д-ээс ““У м” ХХК-ийн өмчлөлд Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар багт байршилтай, 2 давхар 467.6 метр квадрат талбайтай дэлгүүр, 364 м.кв агуулахын барилгыг миний тушаал, шийдвэргүйгээр бүртгэсэн 2000 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн үйлдлийг хууль бус байсныг тогтоолгож, 0816000325 дугаарт бүртгэгдсэн 67 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийг хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлон маргажээ.

2.2. Анхан шатны шүүх “... “У м” ХХК-иас бүрдүүлсэн баримтуудыг улсын бүртгэгч хүлээн аваад Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуулийн /1997 оны/ 10 дугаар зүйлийн 1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 2, 13 дугаар зүйлийн 1-т заасны дагуу тус компанийн хүсэлтэд үндэслэн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг баталгаажуулсан үйл ажиллагаа нь хуульд нийцсэн, ... “У м” ХХК-иас үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн мэдүүлгийн жагсаалтдаа дурдаж, хавсарган өгсөн баримтууд нь тус компанийг тухайн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхийг нотлох” талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

2.3. Тодруулбал, хавтаст хэрэгт авагдсан Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 1225 дугаар тогтоолоор ““Д” хоршооны үндсэн хөрөнгийг 4 хувааж, С.Д-д “Зоог” гуанз, 250 м.кв агуулахын барилга, 4 828 329 төгрөгийн үндсэн болон эргэлтийн хөрөнгийг өгсөн ба үлдсэн 3 гишүүн нь “У” ББХХ-г байгуулсан, уг хоршоо нь одоогийн “У м” ХХК болж өөрчлөгдсөн бөгөөд маргаан бүхий 467.6 м.кв талбайтай дэлгүүрийн барилга, 30 м.кв талбайтай халаалтын зуухны барилга, 62 м урттай тоосгон хашаа тус компанийн өмчлөлд бүртгэгдэж, улмаар 2000 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 467.6 м.кв талбайтай дэлгүүрийн барилгын өмчлөгчөөр бүртгүүлж эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ авсан, мөн маргаан бүхий Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар багт байршилтай, 2 давхар 467.6 метр квадрат талбайтай дэлгүүрийн барилга Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д зааснаар “У м” ХХК-д шилжсэн, улсын бүртгэл үнэн зөв” талаар нэгэнт дүгнэжээ.

2.4. Өөрөөр хэлбэл, гуравдагч этгээд “У м” ХХК нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг ийнхүү шударгаар олж авсан, улсын бүртгэлд бүртгүүлэхдээ бүрдүүлбэл зохих баримтуудыг бүрэн бүрдүүлж улсын бүртгэлд бүртгүүлсэн байгаа энэ тохиолдолд нэхэмжлэгчийн ““У м” ХХК нь Д хоршооны хувьчлагдсан хөрөнгийг төрөөс худалдаж аваагүй, өөрсдөө бариагүй, өөр этгээдээс худалдаж аваагүй, өв залгамжлаагүй байхад хөрөнгө эзэмших эрхтэй эсэхийг тооцож үзэхгүйгээр эзэмшигч болгосон нь хууль зөрчсөн нь илт” гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

Учир нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх улсын бүртгэлээр баталгааждаг болохоос биш улсын бүртгэл нь шинээр өмчлөх эрхийг бий болгодоггүй бөгөөд нэгэнт гуравдагч этгээд “У м” ХХК-иас өмчлөх эрхийг шударгаар олж авсан үл хөдлөх эд хөрөнгөө холбогдох баримтыг бүрэн бүрдүүлж, ийнхүү улсын бүртгэлд бүртгүүлсэн байгаа энэ тохиолдолд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.

 

Иймд анхан шатны шүүхээс маргааны үйл баримтыг зөв тодорхойлж, шаардлагатай нотлох баримтуудыг цуглуулан, уг баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 3 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ШҮҮГЧ                                                          О.ОЮУНГЭРЭЛ

 

 

ШҮҮГЧ                                                           З.ГАНЗОРИГ

 

 

ШҮҮГЧ                                                           Г.БИЛГҮҮН