Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 128/ШШ2021/0495

 

 

 

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Гомдол гаргагч: “И М О” ХХК

Хариуцагч: Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Я.Х

Гомдлын шаардлага: “Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Я.Х-гийн 2021 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 00 дугаартай 10000000 /арван сая/ төгрөгийн шийтгэлийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий зөрчил шалган шийдвэрлэх захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гомдол гаргагч “И М О” ХХК нь шүүхэд ирүүлсэн гомдолдоо: “И ХХК нь 2019 оноос 2021 он хүртэл Оросын Холбооны Улсын “Г” компаниас хүнсний баяжуулсан ундаа импортлох, Монгол Улсад худалдаалах албан ёсны дистрибютерийн эрх авч худалдааны гэрээ байгуулан оруулж ирж зах зээлд нийлүүлэх үйл ажиллагаа явуулж байна. Дэлхий нийтэд үүсээд буй цар тахал болох Ковид-19 өвчин дэгдэж, цаг хугацаа алдагдаж тогтоосон цаг хугацаандаа импортолж чадаагүй тохиолдолд гарч барааныхаа худалдан авалтын тоог хайрцгийг цөөрүүлж хилээр оруулж ирсэн болно. 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдөр дээрх бараагаа гурвалжин гүүрний дэргэдэх “Т*******” гааль дээр ирсэн бараагаа авах гэж очтол мэргэжлийн хяналтын байцаагч Я.Х нь барааг хүлээн авах бичиг баримтын бүртгэл зөрчилгүй байхад мэргэжлийн хяналтын ахлах байцаагч нэр бүхий этгээд цааш өрөө рүүгээ бичиг баримтуудыг  авч орон буцаж гарч ирээд гаалийн хяналтын бүсээс бараагаа ачаад гараад ир, бүтээгдэхүүнээсээ хоёр ширхэгийг аваад ир гэсэн. Дараа нь зөрчлийн хэрэг үүсгэж, илт шантаажилж, хувийн ашиг сонирхол гаргаж, хүнд дарамт учруулдаг нь илт байсан тул хугацаа хэтэрсэн бүтээгдэхүүн байна хэмээн шантаажилж байцаагч Я.Х нь манай компанийн эрх бүхий албан тушаалтны даалгавар, зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авахуулах тухай гэх утгатай албан бланк байхгүй улсын байцаагчийн тэмдэг дараагүй, яг ямар зөрчил гаргасан болон арилгах нь тодорхойгүй зүйл бичсэн бичгийг үүгээр надад өгсөн. Манай компанийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнд гаалийн бүрдүүлэлт хийж, гаалийн хяналтын бүсээс гаргасан. Улмаар бүтээгдэхүүнээ лабораторийн шинжилгээнд хамруулж, улсын байцаагчийн дүгнэлт гаргуулан Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрлэлийн танхимаас давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ авч худалдан борлуулсан болно. Иймд Я.Х мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн хууль бус шаардлагыг хянан үзэж шийдвэрлэж өгөхийг хүсье” гэжээ.

Хариуцагч Я.Х шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Я.Х, хүнсний чанар стандарт хяналтын улсын байцаагч З.З******* нар, Т******* Ложистик гаалийн хяналтын бүсэд 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдөр “И М О” ХХК /РД:*******/-ийн Оросын Холбооны Улсаас импортолсон “Vitality lux”, “Perfecto lux” нэрийн ургамлын баяжмал бүтээгдэхүүнд хяналт шалгалт хийсэн талаар тайлбар хүргүүлж байна.

"И*******” ХХК-ийн Оросын Холбооны Улсаас импортолсон“Vitality lux”, “Perfecto lux” нэрийн ургамлын баяжмал бүтээгдэхүүнийг хяналт шалгалтад хамруулах зорилгоор тус компанийн захирал Б.Г*******“Vitality lux”, “Perfecto lux” нэртэй 2 ширхэг бүтээгдэхүүнийг бичиг баримтын /21 хуудас/ хамт “Т******* Ложистик”-ийн №204 тоот өрөөнд /ЭИХХЦХХ-18:00 цагт барьж орж ирсэн /камерын бичлэгтэй/.  Б.Г-ыг орж ирэх үед хүнсний чанар стандарт хяналтын улсын байцаагч З.З*******, МЭХУБ Г.Д*******, Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Б Я.Х, УХЦХУАБ Б.А******* нар байсан бөгөөд орж ирэх үедээ ерөнхий байцаагч Б.Гантулгын дүү гэж өөрийгөө танилцуулан, байцаагч бүрийг танимхайрч хурдан морь элдвийн юм ярьж байсан нь тод санагдаж байна. Тухайн “Vitality lux”, “Perfecto lux” нэрийн ургамлын баяжмал бүтээгдэхүүнд биет үзлэгийн шалгалт хийхэд 2020 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр үйлдвэрлэсэн, бүтээгдэхүүний хадгалах хугацаа 12 сар байгаа нь хүнс импортлоход тавих хуульд заасан шаардлагыг зөрчсөн.  2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн дотор багтаж импортлогдох ёстой 2 сар хэтэрсэн талаар тайлбарлахад   зөрчлөө   хүлээн   зөвшөөрөхгүйгээр   уурлаж   бухимдан   тайлбар сонсохгүй дуугаа өндөрсгөж элдэв үгээр хэлж эхэлсэн. Ажлын цаг дууссан маргааш ирнэ үү гэхэд бичиг баримт, 2 ширхэг бүтээгдэхүүнийг орхиж өрөөнөөс гарч явсан. Тухайн үед ямар авир араншин гаргасныг тэнд ажиллаж байсан байцаагч нар бүгд гэрчилнэ. Мөн 2021 оны 03 дугаар сарын 09-ний оройн /талбайн эрхлэгчийн тайлбар мэдүүлгээр/ 18:40 цагт хяналт шалгалт бүрэн хийгдэж дуусаагүй байхад мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн мэдэгдэлгүй, ажлын бус цагаар гаалийн хяналтын бүсээс бүтээгдэхүүнийг ачиж гарсан зөрчлүүд илэрсэн. 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр  тухайн бүтээгдэхүүнийг гаалийн талбайгаас чөлөөлсөн гэдгийг мэдмэгц гаалийн хяналтын өрөөнд орж ахлах байцаагчаас тодруулахад өчигдрийн байцаагчид ээлж солилцсон яагаад чөлөөлсөн гэдгийг мэдэхгүй гэж хэлсэн. Ингээд “И М О” ХХК-ийн захирал Б.Г-тай /99gggg88/ утсаар холбогдож, хяналт шалгалтаас зайлсхийсэн, хүнсний бүтээгдэхүүнийг импортлоход тавигдах хуульд заасан шаардлага зөрчсөн тул “...21020000kk дугаартай зөрчлийн хэрэг нээгдсэн та ирж мэдүүлгээ өгнө үү” гэж хэлсэн. Тухайн үед гаалийн хяналтын бүсээс мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн мэдэгдэлгүйгээр зөрчилтэй бараа бүтээгдэхүүнийг дур мэдэн чөлөөлсөн гаалийн хяналтын улсын байцаагчид арга хэмжээ тооцсон, албан бичгийг зөрчлийн хэргийн материалд хавсаргаж оруулсан болно. 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдөр “И М О” ХХК-д холбогдох 21020000kk дугаартай зөрчлийн хэрэг нээж, хэрэгт зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж Зөрчлийн тухай хуулийн 6.14 дүгээр зүйлийн 6 дахь хэсэг заасны дагуу арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, зөрчилтэй хүнсний бараа, бүтээгдэхүүнийг хураах албадлагын арга хэмжээ авахаар шийтгэлийн хуудас бичигдсэн. Шийтгэлийн хуудас, албан даалгаврын хамт шуудангаар “И М О” ХХК-ийн захирал Б.Гд хүргүүлсэн болно.

Тус компани нь Казахстан улсын  “Г*******” компаниас 836 кг /5700 ш/ “Vitality lux”, “Perfecto lux” нэрийн ургамлын баяжмал бүтээгдэхүүнийг 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдөр, 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрүүдэд худалдан авалт хийсэн бөгөөд худалдаж авах үед бүтээгдэхүүний хадгалах хугацааны 3/1 хэтэрсэн байсан. Бараа худалдан авсан баримтыг зөрчлийн хэргийн материалд хавсаргасан болно. Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 01 дүгээр 13-ны өдрийн “Хилийн Алтанбулаг боомтын талаар авах арга хэмжээний тухай”, 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн “Хилийн боомтын талаар авах арга хэмжээний тухай’ тогтоолд зааснаар хилийн боомтуудаар бараа 4% бүтээгдэхүүн саадгүй нэвтэрч  байсан.  Ковидын  цар  тахал, хөл хориотой холбоотойгоор хүнсний бараа

бүтээгдэхүүн   Оросын   Холбооны   Улсаас   Алтанбулагийн    авто   замын  боомт,

Сүхбаатар вагон замын боомтоор ямар ч сааталгүйгээр чөлөөтэй нэвтэрч байсан мөн “Г*******” компаниас сүүлийн худалдан авалт хийсэн өдрөөс хойш 11 хоногийн дараа Улаанбаатар хотод “И М О” ХХК-ийн захиалгат бараа ирсэн зэрэг нь шинэ корона вируст халдварт өвчин, хөл хорио зэрэгтэй ямар ч хамааралгүйгээр хадгалах хугацааны 3/1 хэтэрсэн хүнсний бүтээгдэхүүнийг импортолж хууль зөрсөн байна. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулахад “И М О” ХХК-ийн захирал Б.Г******* /утас:99*******/ холбогдогчийн тайлбар мэдүүлэг өгөхөөс удаа дараа татгалзаж, төрийн албан хаагчийн тавьсан шаардлагыг биелүүлээгүй, хяналт шалгалтаас зайлсхийж, авилгал хээл хахууль авдаг, хүн шантаачилж мөнгө олдог зэргээр төрийн албан хаагчийг гүтгэн доромжилж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахад удаа дараа хүндрэл учруулж, ярих бүрд /дуу бичлэгтэй/ элдвээр хэлж, ёс зүйгүй хандаж байсан нь сэтгэл санааны хувьд асар их дарамттай байлаа. Мөн зөрчил шалган шийдвэрлэсэн материалын нотлох баримтын шаардлага хангуулсан хуулбарыг явуулсан байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

“И М О” ХХК нь тус шүүхэд хандан “Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Я.Хгийн гаргасан 2021 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 00 дугаартай 10000000 /арван сая/ төгрөгийн шийтгэлийг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэл /гомдол/-ийг гаргасан.

Хэргийн оролцогч нарын эзгүйд хэрэг шийдвэрлэсэн талаар:

Тус хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг шүүгчийн 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШЗ2021/5048 дугаар захирамжаар 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 09 цаг 00 минутад хийхээр товлосон бөгөөд шүүх хуралдааны товыг шүүхээс хамгийн сүүлд 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдөр хэргийн оролцогч нарт сануулж мэдэгдсэн баримт хавтаст хэрэгт авагдсан байна.

Товыг гомдол гаргагчийн /цаашид “нэхэмжлэгч” гэх/ төлөөлөгч Б.Г-д мэдэгдсэний дараа 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 27/21 дугаар албан бичгээр “... хөдөө ажилтай явж байгаа тул шүүх хурлыг хойшлуулж өгнө үү” гэх агуулга бүхий хүсэлтийг тус шүүхэд ирүүлсэн байх боловч хөдөө ажилтай явж байгааг нотлох буюу ямар хүндэтгэн үзэх ажилтай явж байгаа болохыг нотлох баримтаа тус албан бичигтээ хавсарган ирүүлээгүй болно.

Мөн дээрх хүсэлтэд шүүхийн нэрийг буруу бичсэн, шүүгчийн овгийн үсгийг буруу  бичсэн,  нэхэмжлэгчийн  төлөөлөгчийн  овгийн  үсгийг  буруу  бичсэн байсан болохыг дурдах нь зүйтэй.

Товыг  хариуцагч улсын байцаагч Я.Хтай холбогдож мэдэгдсэн байх бөгөөд тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй болно.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.6 дахь хэсэгт “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын аль аль нь шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй бол шүүх хэргийг энэ хуулийн 91.5-д заасны дагуу шийдвэрлэж болно”, мөн зүйлийн 91.5 дахь хэсэгт “Энэ хуулийн 91.2, 91.4-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх тухай хүсэлтийг гаргаагүй байсан ч шүүх хэрэгт цугларсан нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан хэргийг шийдвэрлэж болно. Ингэхдээ хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчөөс урьд гаргасан тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасантай адилтгаж үзнэ” гэж тус тус заасныг удирдлага болгон хавтаст хэрэгт хангалттай нотлох баримт цугларсан гэж үзэж, шүүх хуралдааныг хэргийн оролцогч нарын эзгүйд үргэлжлүүлэн явуулж, хэргийг шийдвэрлэсэн болно.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, хариуцагчийн тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэг. Хэргийн үйл баримтын талаар:

1.1. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын улсын байцаагч Я.Х 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдөр 04-320/96 дугаар зөрчлийн хэргийг “И М О” ХХК-д холбогдуулан нээсэн.

1.2. Тус зөрчлийн хэргийг нээхдээ Зөрчлийн тухай хуулийн 6.14 дүгээр зүйлийн 6, 11.2 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт тус тус заасныг үндэслэсэн байна.

1.3. Харин маргаж буй 2021 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 00 дугаартай шийтгэл оногдуулах тухай хуудсыг гаргахдаа тус компанийн ОХУ-аас импортолсон “Vitality lux”, “Perfecto lux” нэрийн ургамлын баяжмалд хяналт шалгалтыг хийхэд 2020 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр үйлдвэрлэсэн, бүтээгдэхүүний хадгалах хугацаа нь хүнс импортлоход тавигдах хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэдэг үндэслэлээр буюу Зөрчлийн тухай хуулийн 6.14 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар тус компанийг 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох, 836 кг /5700ш/ “Vitality lux”, “Perfecto lux” нэрийн ургамлын  баяжмалыг  хураах  албадлагын  арга  хэмжээ  авах   шийдвэр  гаргасан байна.

1.4.  Нэхэмжлэгч  “И*******”  ХХК  нь дээрх шийтгэлийн хуудсыг хууль бус шаардлага хэмээн маргаж байна.

            Хоёр. Хариуцагчийн гаргасан захиргааны актын /шийтгэлийн хуудсын/

     хууль зүйн үндэслэлийн талаар:

2.1. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ “... Манай компанийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнд гаалийн бүрдүүлэлт хийж, гаалийн хяналтын бүсээс гаргасан ...” гэжээ. Дээрх үндэслэлийн тухайд шүүх тухайлан дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ. Учир нь, маргаж буй 2021 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 006915Й дугаартай шийтгэл ногдуулах шийдвэрийн хууль зүйн үндэслэл нь Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт буюу “хяналт шалгалтаас зайлсхийсэн” гэх үндэслэлээр бус, харин Зөрчлийн тухай хуулийн 6.14 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасныг үндэслэж гарсан байх тул шүүх энэхүү хууль зүйн үндэслэлийн хууль ёсны байдалд дүгнэлт өгөх нь зүйтэй байна.

2.2. Зөрчлийн тухай хуулийн 6.14 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “Хүнс экспортлох, импортлоход тавих хуульд заасан шаардлагыг зөрчиж хүнсний бүтээгдэхүүнийг экспортолсон, эсхүл импортолсон бол зөрчилтэй хүнсний бараа, бүтээгдэхүүнийг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заажээ.

2.3. Хуулийн дээр дурдсан хэм хэмжээнээс үзвэл “хүнс ... импортлоход тавих хуульд заасан шаардлагыг зөрчиж хүнсний бүтээгдэхүүнийг ... импортолсон бол зөрчилтэй хүнсний бараа, бүтээгдэхүүнийг хурааж, ... хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор” зохицуулжээ.

Хүнсний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх заалтад “хүнс” гэж хүний бие махбодын хэвийн үйл ажиллагааг хангах, эрүүл мэндийг дэмжин хамгаалахад шаардагдах хүнсний түүхий эд, хагас болон бүрэн боловсруулсан бүтээгдэхүүн, ундны усыг” ойлгоно гэж заасны дагуу нэхэмжлэгчийн ОХУ-аас импортолсон “Vitality lux”, “Perfecto lux” нэрийн ургамлын баяжмал нь хүний бие махбодын хэвийн үйл ажиллагааг хангах, эрүүл мэндийг дэмжин хамгаалах шинжийг агуулсан хүнсний бүтээгдэхүүнд хамаарахаар байна.

Мөн Хүнсний тухай хуульд хүнсний бүтээгдэхүүнийг гадаадын улсаас импортлоход тавигдах шаардлагыг хуульчлан тогтоосон байх бөгөөд тус хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 11.1-д заасан хуулийн этгээд Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх  үеийн  хорио  цээрийн хяналт, шалгалтын тухай хуульд зааснаас гадна  дараах  шаардлагыг  хангасан байна:” гээд мөн зүйлийн 11.2.3 дахь заалтад

“импортлох  хүнсний  хадгалах  хугацааны гуравны хоёр нь хүчинтэй хугацаа байх”

хэмээн импортын хүнсний бүтээгдэхүүнд тавигдах хадгалалтын хүчинтэй байдалд хамаарах императив шаардлагыг хуульчлан тогтоож өгчээ.

2.4. Тодруулбал, аливаа хүнсний бүтээгдэхүүнийг импортлон Монгол Улсын буюу гаалийн хилээр нэвтрүүлэх үед тухайн хүнсний бүтээгдэхүүний хадгалах хугацааны гуравны хоёр хэсэг нь хүчинтэй хугацаа байх учиртай байна.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч “И М О” ХХК-ийн ОХУ-аас импортолсон “Vitality lux”, “Perfecto lux” нэрийн ургамлын баяжмалын үйлдвэрлэсэн хугацаа нь 2020 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр[1] байх бөгөөд хадгалах хугацаа нь түүнээс хойш 12 сар буюу 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр[2] болох нь тогтоогдож байна.

2.5. Дээрхээс үзэхэд Хүнсний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.3 дахь заалтад заасны дагуу “И М О” ХХК-ийн ОХУ-аас импортолсон “Vitality lux”, “Perfecto lux” нэрийн ургамлын баяжмал нь Монгол Улсын гаалийн хилээр нэвтрэх үед 8 сарын /12 сарын гуравны хоёр/ хадгалалтын хүчинтэй хугацаатай байх ёстой байсан байна. Өөрөөр хэлбэл, 2020 оны 09 дүгээр сарын 13-ны өдрөөс хойш 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн дотор Монгол Улсын гаалийн хилээр нэвтэрсэн бол импортын хүнсний бүтээгдэхүүнд тавигдах хуульд заасан шаардлагыг хангах байжээ.

2.6. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд “И М О” ХХК-ийн ОХУ-аас импортолсон “Vitality lux”, “Perfecto lux” нэрийн ургамлын баяжмал нь Монгол Улсын гаалийн хилээр 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдөр[3] нэвтэрсэн байх бөгөөд энэ үед тус хүнсний бүтээгдэхүүний хилээр нэвтрэх үеийн хадгалалтын хүчин төгөлдөр байдлын хугацаа нь 5 сар 24 хоногоор хэтэрсэн байсан байна /дээд тал нь 4 сар дотроо буюу 1/3 дотроо хэтэрсэн байх боломжтой/. Тийм учраас хариуцагч улсын байцаагчийн гаргасан 2021 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 00 дугаар шийтгэл ногдуулах шийдвэр нь үндэслэл бүхий болсон байна гэж шүүх дүгнэлээ.

2.7. Мөн нэхэмжлэгч нь дээрх хүнсний бүтээгдэхүүн нь ковид-19 цар тахлын улмаас тээвэрлэлтийн бэрхшээлээс хамааран хугацаа алдсан гэх агуулгаар маргах боловч хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч “И М О” ХХК-ийн зүгээс ОХУ-ын “Г*******” компаниас “Vitality lux”, “Perfecto lux” нэрийн ургамлын баяжмалыг худалдаж авах үед буюу 2021 оны 02 дугаар сарын 19[4], мөн оны 02 дугаар сарын 26-ны өдөр[5] гэхэд дээрх хүнсний бүтээгдэхүүний  хилээр  нэвтрүүлэх үед хүчинтэй байх хугацааны хязгаар хэтэрсэн

байсан болох нь тогтоогдож байна.

Тодруулбал, дээр дурдсан хугацаанд хүнсний бүтээгдэхүүнийг нийлүүлэгчээс худалдан авахдаа нэхэмжлэгч “И М О” ХХК нь Хүнсний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.3 дахь заалтад заасан импортлох хүнсний хадгалах хугацааны гуравны хоёр нь хүчинтэй хугацаа байх гэсэн шаардлагыг мэдэх үүрэгтэй бөгөөд мэдэх боломжтой байсан гэж үзэх тул ковид-19 цар тахлын үед тээвэрлэлтийн саад бэрхшээлээс болж хугацаа алдсан гэх тайлбар нь үндэслэлгүй болно.

2.8. Мөн Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 38 дугаар тогтоолын 1 дэх заалтын дагуу Монгол, Оросын хилийн Алтанбулаг авто замын боомтоор улсын хил нэвтрэх ачаа тээврийн хөдөлгөөнийг 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс эхлүүлэн бүх төрлийн бараа бүтээгдэхүүний хувьд улсын хилээр нээлттэй нэвтрүүлсэн үйл баримт тогтоогдож байгааг дурдах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, 113 дугаар зүйлийн 113.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зөрчлийн тухай хуулийн 6.14 дүгээр зүйлийн 6 дахь хэсэг, Хүнсний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх заалт, 11 дүгээр зүйлийн 11.2.3 дахь заалтыг тус тус баримтлан гомдол гаргагч “И М О” ХХК-ийн гаргасан Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Я.Хгийн гаргасан 2021 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 00 дугаартай 10000000 /арван сая/ төгрөгийн шийтгэлийг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгохгүй болохыг дурдсугай.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дүгээр зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Т.МӨНХ-ЭРДЭНЭ

 

 

[1] Хавтаст хэргийн /цаашид “Хх” гэх/ 14, 16, 48 дахь талууд

[2] Хх 11, 14, 16, 49 дэх талууд

[3] Хх 1, 43, 44, 46, 56 дахь талууд

 

[4] Хх 51, 52 дахь тал

[5] Хх 51, 53 дахь тал