Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 149

 

 

 

 

 

 

 

 

 

ЭЭХ ХХК-ийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 181/ШШ2017/02798 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч ЭЭХ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч ПДТ ХХК-д холбогдох  

 

2011 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн гэрээний 8.1 дэх заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулах, гэрээний үүрэгт 3 689 409 449 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: А.Ариунтуул, Т.Гүрбадам

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: З.Ганчимэг, С.Гэрэлээ, Ц.Мэнджаргал

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ж.Энэрэл нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани ПДТ ХХК-тай 2011 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр “Хамтарч худалдаа” хийх 2011066 дугаартай гэрээ байгуулж, гэрээний дагуу 2014 оныг дуустал 20 гаруй нэр төрлийн уул уурхайн тоног төхөөрөмж, том машины сэлбэг хэрэгсэл, түлш шатахуун зэрэг бараа бүтээгдэхүүнийг Монгол Улсад үйл ажиллагаа явуулахад нь зориулж нийлүүлж байсан. Хамтран ажиллах хугацаандаа жил бүр тооцоо нийлсэн акт үйлдэж үлдэгдлээ тооцож байсан. Хамгийн сүүлд тооцоо нийлсэн акт 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх тооцоог 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдөр нийлсэн. Энэхүү тооцоогоор 1.114.307 ам долларын үлдэгдэлтэй байсан, уг мөнгийг төлөөгүй байгаа тул дээрх мөнгийг гаргуулахаар нэхэмжилж байна. Мөн гэрээний 6.3-т худалдан авагч тал хугацаандаа төлбөрөө хийхгүй ажлын 20 хоногоос хэтэрсэн тохиолдолд төлбөрийн нийт үнийн дүнгийн 1 хувьтай тэнцэх алдангийг худалдагч төлөхөөр заасан тул алдангийг нэхэмжилж байна. Алдангийг тооцохдоо гэрээнд 1 хувь гэж заасан ч Иргэний хуульд заасны дагуу 0.5 хувиар тооцож, үүрэг гүйцэтгэх хугацаа дууссан өдрийг сүүлчийн тооцоо нийлсэн 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөр тооцон, гэрээний 6.3-т заасан ажлын 20 хоногийг нэмж тооцон, 2015 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл хугацааны алдангийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцож 557 153 ам.доллар, нийтдээ 1 671 460 ам.доллар буюу Монгол банкны 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн ханш болох 2 462 ам.доллар 60 центээр тооцож нийт 4 116 138 874 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Шинжээчийн дүгнэлттэй холбоотойгоор гэрээний үүргийн гүйцэтгээгүй үнийн дүнг 998 784 ам.доллар болгон, алдангийг мөн хэмжээгээр 499 392 ам.доллар болгон тус тус багасгаж нийт 1 498 176 ам.доллар буюу 3 689 409 449 төгрөг нэхэмжилж байна.

Талуудын хооронд байгуулагдсан 2011 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн “Хамтарч худалдаа хийх гэрээ”-ний 8.1 дэх хэсэгт “Хэрэв зөвшилцөлд хүрэхгүй тохиолдолд маргааныг БНХАУ-ын Олон улсын эдийн засаг худалдааны арбитраар /Бээжинд/ шийдвэрлуулнэ” гэсэн заалт нь гэрээний агуулгаа чөлөөтэй илэрхийлсэн талуудын хүсэл зоригийн нэгдэл биш бөгөөд өмнө нь энэ заалт олон тооны худалдааны гэрээнд ашиглагдаж байсан гадаад худалдааны гэрээний загварыг ашиглан хийсэн гэрээний стандарт нөхцөл байна. Бид 2011 оны 09 дүгээр сарын 01-ний гэрээний 8.1 дэх заалтын тухайд агуулгын хувьд ноцтой төөрөгдөж явсан байна. Түүнчлэн тус гэрээний 12 дахь хэсэгт “Гэрээг хэрэгжүүлж байх явцад талууд Монгол Улсын хууль тогтоомжийг мөрдөж ажиллана” гэж заасан бөгөөд энэ нь гэрээний 8.1 дэх заалттай зөрчилдөж байгаа юм. Хэрэв талуудын Бээжин хотын арбитраар шийдвэрлүүлэх тохиролцоо нь хүчинтэй, энэ нөхцөлд талуудын хүсэл зориг нэгдсэн гэж үзвэл тухайн гэрээнд Монгол Улсын хууль тогтоомжийг хэрэглэнэ гэж заасан нь хууль зүйн үндэслэлгүй. Нөгөөтэйгүүр ЭЭХ ХХК, ПДТ ХХК-ийн аль аль нь Монгол Улсад бүртгэлтэй Монгол улсын хуулийн этгээдүүд бөгөөд 2011 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр “Хамтарч худалдаа хийх гэрээ”гээр гүйцэтгэсэн ажлын үр дүн Монгол улсын нутаг дэвсгэр дээр хийгдсэн, дээрх худалдааны гэрээтэй холбоотой нотлох баримтууд бүгд Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа зэргээс үзвэл гэрээний 8.1 дэх заалт зөрчилтэй байх тул тус дээрх заалтыг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ЭЭХ ХХК нь ПДТ ХХК-д холбогдуулж 2011 оны 9 дүгээр 11-ний өдрийн “Хамтарч худалдаа хийх гэрээ”-ний үүргийн гүйцэтгэлд 4 116 138 874 төгрөг гаргуулхаар нэхэмжилсэн байх бөгөөд уг гэрээний дагуу ПДТ ХХК нь нэхэмжлэгчээс бараа материал хүлээж аваагүй, энэ 2 хуулийн этгээдийн хооронд бараа материалын худалдаа хийгдээгүй. Нэхэмжлэгчийн хэрэгт хавсаргасан 2013, 2014 оны тооцоо нийлсэн акт гэх баримт нь нэхэмжлэлийн шаардлагатай огт хамааралгүй үнэн зөв эсэх нь эргэлзээтэй баримт байна. Мөн талуудын хооронд байгуулагдсан гэх 2011 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн “Хамтарч худалдаа хийх гэрээ”-ний 5.1-д бараа нийлүүлэх ба шалгаж авах талаар нарийн нөхцөлүүд тусгагдсан байх бөгөөд энэ талаарх нотлох баримтыг нэхэмжлэгч тал гаргаагүй. Талуудын хооронд байгуулсан гэрээний 5.1-т худалдан авагч тал бараа бүтээгдэхүүний нэрсийн жагсаалтыг бичгээр гаргаж баталгаажсан захиалга өгөхөөр, уг захиалгын дагуу бараа бүтээгдэхүүнийг нийлүүлэхээр, 5.2-т хэрхэн шалгаж хүлээн авах нөхцлийг тус тус тусгасан. Гэтэл компанийн зүгээс албан ёсоор баталгаажсан захиалга өгөөгүй байхад барааг нийлүүлсэн. Нэхэмжлэгч талаас гэрээний дагуу захиалгын хуудас өгч байсан гэдгийг баримтаар нотлоогүй. Барааг хүлээн авсан гэдэгт маргахгүй ч захиалгын дагуу нийлүүлээгүй. Мөн нийлүүлсэн бараанаас дутсан зүйл гарсан байдаг. Талуудын хооронд байгуулсан гэрээний 8.1-д маргааныг арбитраар шийдвэрлэхээр зохицуулсан тул хэргийн харьяалалыг анхаарна уу. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлээ баримтаар бүрэн нотлож чадахгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан ПДТ ХХК-иас 3 689 408 217 төгрөгийг гаргуулж ЭЭХ ХХК-д олгож, нэхэмжлэлээс гэрээний 8.1 дэх заалтыг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 20 808 844 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 18 604 991 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1, 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар шинжээчийн ажлын хөлс 21 254 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, шинжээч “Дабль Аксиом аудит” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Ганчимэг, С.Гэрэлээ нар давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт заасан хэргийн харъяалалыг зөрчиж шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тул шүүхийн шийдвэр хууль ёсны  бөгөөд үндэслэлтэй гарсангүй гэж үзэж байна.

Талуудын хооронд байгуулагдсан 2011 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн “Хамтарч худалдаа хийх гэрээ”-ний 8.1 дэх заалтад талууд маргааныг БНХАУ-ын Олон Улсын эдийн засаг худалдааны арбитраар /Бээжинд/ шийдвэрлүүлнэ гэж заасан байдаг.

Гэтэл "Эйч Эйч Ай" ХХК нь анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа буюу 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр гэрээний энэ заалтыг Монгол Улсын шүүхээр шийдвэрлүүлнэ гэж худал орчуулж шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүх хуульд заасан хугацаанд иргэний хэрэг үүсгэсэн байдаг юм.

Ийнхүү хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр гардан авч 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хариу тайлбар гаргасан байдаг. Энэ хугацаанд орчуулгын талаар анзаараагүй бөгөөд шүүхэд хариу тайлбар гаргасны дараа манай зүгээс гэрээний 8.1 дэх заалтыг худал орчуулсныг мэдсэн. Тэр хугацаанд хэрэгт нягтлан бодох бүртгэлийн шинжээч томилогдоод хэрэг түдгэлзсэн байсан юм. Ийнхүү бид хүсэлтээ хэрэг сэргээхээр өгье гэсэн байр суурьтай байсан бөгөөд шинжээчийн дүтнэлт гарч, хэрэг сэргээсний дараа 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр манайх гэрээний үнэн зөв орчуулгыг хүсэлтээ гаргаж өгсөн бөгөөд энэ хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж гэрээний 8.1 дэх заалтыг үнэн зөвөөр нь орчуулж тус заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар нэхэмжлэл гаргасан. Ийнхүү шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээж аваад нэхэмжлэлийг Арбитрын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх заалтыг үндэслэн шийдвэрлэсэн нь буруу байна.

Нэхэмжлэгч байгууллага гэрээний 8.1 дэх заалтыг худал орчуулаагүй байсан бол энэ нэхэмжлэлийг анхнаасаа шүүх хүлээж авахгүй байсан. Гэтэл худал орчуулаад иргэний хэрэг үүсгээд дараа нь шинжээчийн дүгнэлт гарсны дараа орчуулгын алдаанаас болж худлаа орчуулсан байна, гэрээний заалтыг хүчингүйд тооцож өгөх хүсэлтийг гаргаж байгаа нь үндэслэлгүй байна. Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ дээрх нөхцлөөр хэргийн харъяалалыг зөрчиж шийдвэрлэсэн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хянан үзэж, хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж чадаагүй тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах замаар зөвтгөх боломжтой гэж үзлээ.

 

            Нэхэмжлэгч ЭЭХ ХХК нь хариуцагч ПДТ ХХК-д холбогдуулан гэрээний үүргийн гүйцэтгэлд 1 671 460 ам.доллар буюу 4 116 138 874 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн 2011 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн “Хамтарч худалдаа хийх гэрээ”-ний 8.1 дэх заалтыг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, гэрээний үүргийн гүйцэтгэлд 1 498 176 ам.доллар буюу 3 689 409 499 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

            Арбитрын тухай 2017 оны хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт “Арбитрын хэлэлцээртэй боловч шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд аль нэг тал тайлбар гаргахаасаа өмнө уг маргааныг арбитрын журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан бол шүүх аль нэг талын хүсэлтээр арбитрын хэлэлцээрийг хүчин төгөлдөр бус, эсхүл биелүүлэх боломжгүй гэж үзсэнээс бусад тохиолдолд шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгоно” гэж заажээ.

 

            Нэхэмжлэгч ЭЭХ ХХК нь нэхэмжлэл гаргахдаа зохигчдын хооронд 2011 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр байгуулагдсан 2011066 дугаартай “Хамтарч худалдаа хийх гэрээ”-ний хятад хэл дээрх хувийг гэрээний монгол хэл дээрх орчуулгын хамт шүүхэд ирүүлсэн байна. /I-хх 13-24/ Уг монгол хэл дээр орчуулгын гэрээний 8.1 дэх заалтад “маргааныг Монгол улсын шүүхэд хандан шийдвэрлүүлэх”-ээр заасан байх бөгөөд хариуцагч тал гэрээний маргаан шийдвэрлэх харьяаллын талаарх заалтыг буруу орчуулсан гэж маргажээ.

 

            Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хятад хэл дээрх гэрээ, монгол хэлээр орчуулсан гэрээг шүүхэд дахин гаргасан байх ба уг гэрээний 8.1 дэх заалтад маргааныг БНХАУ-ын Бээжин хотын арбитраар харьяалан шийдвэрлүүлэхээр зохицуулжээ. /I-хх 214-230/

 

            Түүнчлэн нэхэмжлэгч нь уг гэрээний 8.1 дэх заалтыг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, гэрээний үүргийн гүйцэтгэлд 1 498 176 ам.доллар буюу 3 689 409 449 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн өөрчилсөн байх тул тус шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШЗ2017/12990 дугаартай шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагыг хариуцагчид гардуулах, түүнд тайлбар авах ажиллагааг гүйцэтгэх шаардлагатай гэж дүгнэн шүүх хуралдааныг хойшлуулсан байна.

 

            Шүүх гэрээний үнэн зөв орчуулгын дагуу гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Ганчимэгт 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр гардуулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр шүүх хуралдаанд оролцож маргаан шийдвэрлэх харьяалал, гэрээний 8.1 дэх заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байгаа талаараа тайлбарласан байхад шүүх гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардсан нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэсэн нь Арбитрын тухай 2017 оны хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт заасан заалтад нийцээгүй байна. /I-хх 244, II-хх 11, 12/

 

            Харин шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд гэрээний 8.1 дэх заалтыг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

            Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг хүчингүй болгож, хариуцагч ПДТ ХХК-д холбогдуулан гаргасан худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 1 498 176 ам.доллар буюу 3 689 409 449 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрийн тогтоох хэсгийн зарим хэсэгт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2, 167.1.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 181/ШШ2017/02798 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1, 65 дугаар зүйлийн 65.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ЭЭХ ХХК-ийн хариуцагч ПДТ ХХК-иас гэрээний үүрэгтэй холбоотойгоор 3 689 408 217 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчилж,

шийдвэрийн тогтоох хэсэгт “2. Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул гэрээний 8.1 дэх заалтыг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.” гэсэн 2 дахь заалт нэмж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...үлдээж,” гэснийг “...үлдээсүгэй.” гэж, “хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 18 604 991 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай” гэснийг хасч өөрчилж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтын “...хариуцагчаас гаргуулж, шинжээч “Дабль Аксиом аудит” ХХК-д олгосугай.” гэснийг “...нэхэмжлэгчээс гаргуулж, шинжээч “Дабль Аксиом аудит” ХХК-д олгосугай.” гэж тус тус өөрчлөн,

шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “3”, 3 дахь заалтыг “4”, 4 дэхь заалтыг “5” дахь заалт болгож өөрчлөн, шүүхийн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар хариуцагч ПДТ ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 18 604 997 төгрөгийг буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                            ШҮҮГЧИД                                        Д.БАЙГАЛМАА

 

                                                                                     Д.ЦОГТСАЙХАН