Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1147

 

      2022          09           19                                   2022/ШЦТ/1147

 

 

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

нарийн бичгийн дарга: Г.Хулан,

улсын яллагч: Н.Ундрах,

шүүгдэгч: ******* нарыг оролцуулан Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн 22000000000 тоот хэргийг 2022.09.13-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

                                              

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Завхан аймгийн Тосонцэнгэл суманд 2001 оны 01 дүгээр сарын 09-ний төрсөн, 22 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Улаанбаатар их сургуулийн сувиллын 2 дугаар дамжааны оюутан гэх, “Ө” СӨХ-д үйлчлэгч ажилтай гэх, ам бүл-5, нөхөр, эх, хоёр хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо, Тахилтын 00-00 тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоо Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо, Алтайн 0-000 тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД:**0000000/ Тайж овогт Жын О нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч ******* нь 2022 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх гэртээ салсан нөхөр гэх Э.Гыг ирэхэд нь гэр бүлийн таарамжгүй харилцаанаас үүдэн маргалдаж, нөхөр Э.Гын зүүн дал болон нуруун тус газруудад нь хутгалж, түүний бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

- Иргэн Э.Гоос цагдаагийн байгууллагад “эхнэртээ хутгалуулсан” гэх гэмт хэргийн талаарх гомдол, гомдлыг хүлээн авсан тэмдэглэл /хх-2, 4/,

- Хохирогч Э.Гын гэрчээр өгсөн: “...Миний бие ******* гэх эмэгтэйтэй 2019 онд гэрлэлтээ батлуулсан бөгөөд бид хоёр дундаасаа 2 хүүхэдтэй. Бид хоёр сүүлийн үед таарамжгүй харилцаатай байгаа бөгөөд бид хоёр байр түрээслэхээр би эхнэр рүү 2 хоногийн өмнө 3300000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд эхнэр холбоо барихгүй алга болчихоор нь хайж байгаад Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороонд байх аавынхаа гэрт Мягмарсүрэн гэх залуутай байж байсан. Тэгээд би “хүүхдээ өөр дээрээ авъя асуудлаа шийдье” гэж хэлтэл эхнэр уурлаж ирээд намайг “зайлаад өг” гээд гараараа зүүн шанаа хэсэг рүү хэд хэдэн удаа цохиж, над руу халуун ус хүртэл цацчихсан. Араас нөгөө залуу нь босож ирээд надтай бас барилцаж аваад намайг 2, 3 удаа цохисон. Би тэр залууг салгах гэж мөн адил багалзуурдаж түлхсэн. Ингээд байж байтал манай эхнэр хутга аваад над руу “ална шүү” гээд дайрч эхэлсэн. Тэр залуу надтай зууралдаж байх хооронд миний нуруу хавирга руу хутгаараа 2, 3 удаа дүрчих шиг болсон. Би тухайн үедээ гайгүй байна гэж бодтол миний нуруунаас цус гарсан байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан. ...Намайг миний эхнэр болох ******* хутгалсан. Миний нуруу болон хавирга хэсэгт 2, 3 удаа хутгаар дүрчих шиг болсон. Би тухайн үедээ гайгүй байна гэж бодтол миний нуруунаас цус гарсан байсан” гэх мэдүүлэг /хх-5-8/,

- Шүүх-эмнэлгийн шинжээчийн 2022.06.23-ны өдрийн 8880 дугаартай “Э.Гын биед зүүн даланд шарх, нуруунд зулгаралт, зүүн гарын сарвуунд шарх, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх зүүн даланд шарх, нуруунд зулгаралт гэмтэл нь хурц ир үзүүр бүхий зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр, харин зүүн гарын сарвуунд шарх, зулгаралт гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй" гэх дүгнэлт /хх-33-34/ зэрэг баримтууд хамаарч байна.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр судлагдсан дээрх баримтууд, шүүгдэгч *******гийн хувийн байдалтай холбоотой болон бусад баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил болон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд хэргийн үйл баримт, гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар дараахь үйл баримт тогтоогдлоо. Үүнд:

Шүүгдэгч ******* нь 2022 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр “задгай”-д байрлах гэртээ бага хүүхэд болох Г.Бын эцэг гэх З.М болон хүүхдүүдийн хамт байхад нь тусдаа амьдарч байгаа ба салсан нөхөр гэх Э.Г ирж “хүүхдээ өөр дээрээ авъя, асуудлаа шийдье” хэмээн хэлэхэд нь ******* нь уурлан “зайлаад өг” гэж зүүн шанаа хэсэг рүү нь гараараа хэд хэдэн удаа цохиж, халуун ус цацсан ба түүний найз залуу гэх З.Мягмарсүрэн нь Э.Гтой барилцаж аван ноцолдон 2-3 удаа цохьсон, Э.Г нь мөн адил багалзуурдаж түлхэн харилцан зодолдсон, ийнхүү зодолдож байх явцад нь ******* нь Э.Гын араас 2 удаа хутгалсан болох нь хохирогч Э.Гын гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-12/, шинжээчийн 2022.06.14-ний өдрийн 8947 дугаартай “Хэсэг газрын үзлэгт: Хүзүүний урд хэсэгт 14х7 см хүрэн өнгийн цус хуралт зулгаралттай. Дүгнэлт: З.Мягмарсүрэнгийн биед хүзүүний урд хэсэгт цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчиллээр үүсгэгдсэн гэмтэл байна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэх дүгнэлт /хх-29-30/, Шүүх-эмнэлгийн шинжээчийн 2022.06.23-ны өдрийн 8880 дугаартай “Хэсэг газрын үзлэгт: Зүүн далны гадна доод хэсэгт 0.9х0.2 см зах ирмэг тэгш шархтай, шархнаас бага зэрэг цус гарч хатсан, нурууны дүүн дунд хэсэгт 3.5х0.3 см өнгөц хүрэн улаан өнгийн зах ирмэг тэгш зулгаралттай, зүүн гарын дунд хурууны 2-р үений ар талд 0.5х0.2 см зах ирмэг тугш бус шархтай, 0.3х0.2 см 2 ширхэг хүрэн улаан өнгийн зулгаралттай, долоовор хуруунд 0.2х0.2 см 3 ширхэг хүрэн улаан өнгийн зулгаралттай. Дүгнэлт: Э.Гын биед зүүн даланд шарх, нуруунд зулгаралт, зүүн гарын сарвуунд шарх, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх зүүн даланд шарх, нуруунд зулгаралт гэмтэл нь хурц ир үзүүр бүхий зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр, харин зүүн гарын сарвуунд шарх, зулгаралт гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй" гэх дүгнэлт /хх-33-34/ болон шүүгдэгч *******гийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч *******, хохирогч Э.Г нар нь 2021 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн, хууль ёсны гэр бүл бөгөөд 2019.12.18-ны өдөр төрсөн хүү Гын Э, 2021.12.04-ний өдөр төрсөн охин Гын Б нарын хамт амьдарч байсан болох нь гэрлэлт бүртгэлтийн лавлагаа, хүүхдүүдийн төрсний бүртгэлийн лавлагаа /хх-58-60/ баримтаар тогтоогдож байх тул Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д зааснаар тэднийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээдэд тооцно.

 

Иймд шүүгдэгч ******* нь 2022 оны 6 дугаар сарын 19-ний өдөр нөхөр Э.Гын зүүн дал болон нуруун тус газарт нь 2 удаа хутгалж, бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйлдэл нь гэр бүлийн таарамжгүй харилцаанаас үүдэлтэй, шууд санаатай үйлдэл болох нь баримтаар нотлогдож байх тул шүүгдэгч *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.

Гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл нь шүүгдэгч *******гийн Гэр бүлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3 дахь хэсэгт заасан “гэрлэгчид нь бие биедээ үнэнч байх, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, гэр бүлийн гишүүд нь бие биеэ халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, туслах, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй, бие биеэ аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх” гэх зэрэг үүргийг болон мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт заасан “эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, үүрэг хүлээнэ” гэх заалтыг тус тус зөрчиж, хууль ёсны гэр бүлээс гадуур харилцаа тогтоож хүүхэд төрүүлсэн, төрсөн хүү болох Г.Энх-Ирээдүйг эцэгтэй нь уулзуулахгүй байх, уулзах гэхээр нь “ална” гэх зэрэг зүй бус үг хэллэг хэрэглэж, хүний хуулиар хамгаалагдсан халдашгүй эрх, эрх чөлөөнд нь хүйтэн зэвсэг хэрэглэн халдаж гэмтээсэн хууль бус үйлдэл шууд нөлөөлсөн болох нь тогтоогдож байгааг тэмдэглэх нь зүйтэй.

Хохирогч Э.Г нь хохирол төлбөртэй холбоотой баримт гаргаж өгөөгүй, иргэний нэхэмжлэл гаргаагүй ба “гомдол санал нэхэмжлэх зүйлгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэх /хх-94/ хүсэлтийг шүүхэд гаргасан байна. Иймд шүүх иргэний нэхэмжлэлийн асуудлыг энэ шүүх хуралдаанаар хэлэлцээгүй болно. Хохирогч нь цаашид шаардлагатай гэж үзвэл нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар *******гээс нэхэмжлэх эрхтэй болохыг шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт заахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч *******гийн үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Харин гэмт хэрэг үйлдэхдээ хүйтэн зэвсэг буюу хутга хэрэглэж хохирогч Э.Гын бие махбодид хөнгөн гэмтэл учруулсныг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцсон болно.

Шүүгдэгч ******* нь анх удаа гэмт хэрэг үйлдэж буй нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байгаа болно. /хх-50/

Дээрх нөхцөл байдал болон ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн санал хүсэлт, шүүгдэгч *******гийн хувийн байдал зэргийг харгалзан прокурортой тохиролцсон ял оногдуулах саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэж, торгох ялыг энэхүү шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх байдлаар шийтгэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч *******гийн гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн 1 ширхэг хутгыг устгах нь зүйтэй байна.

Шүүх хуралдаанаар шүүгдэгч *******гээс гэр бүл тусдаа амьдарч байгаа талаар тодруулахад гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн” гэх нөхцөл байдал тогтоогдсон ба түүний энэ талаар мэдээлэлгүй байдлыг нь харгалзан харъяа хорооны нийгмийн ажилтанд *******г хуульд заасан үйлчилгээнд хамруулж, мэдээ мэдээллээр хангах ажиллагааг хийж гүйцэтгэхийг даалгахаар шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1, 17.4, 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.4, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Тайж овогт Жын Ог “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Тайж овогт Жын Од 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан *******д оногдуулсан 600000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Шүүгдэгч ******* нь хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хувийн эд зүйл, бичиг баримт хураалгаж, битүүмжлүүлээгүй, хохирогч Э.Г нь гомдол саналгүй гэсэн, иргэний нэхэмжлэл гаргаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, ******* нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Э.Г нь эмчилгээ, шинжилгээтэй холбогдон гарсан зардлыг нотлох баримтаа бүрдүүлж өөрийн болон *******гийн оршин суугаа газрын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэйг болохыг заасугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн 1 ширхэг хутгыг устгасугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар энэхүү шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц нэг ширхэг хутгыг устгуулахаар шүүхийн тамгын газарт шилжүүлж, баримтыг *******д холбогдох эрүүгийн 220000000000 тоот хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслахад даалгасугай.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийн торгох ялыг хорих ялын нэг хоногоор дүйцүүлэн тооцож хорих ялаар солино гэдгийг *******д мэдэгдсүгэй.

11. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч *******д хуульд заасан үйлчилгээ үзүүлж, мэдээллээр хангаж ажиллахыг Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хорооны нийгмийн ажилтанд даалгасугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                               С.СЭРЖМЯДАГ