Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 2022/ШЦТ/719

 

 

 

 

 

 

 

 

    2022          9            27                                    2022/ШЦТ/719

 

 

     

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

     

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Алтансувд хөтлөн

улсын яллагч В.Батдэлгэр

шүүгдэгч Г.Т, түүний өмгөөлөгч М.Гансүх

хохирогч А.Д, А.Б, тэдгээрийн өмгөөлөгч Д.Майдри

иргэний нэхэмжлэгч “Гүн сан эрдэнэс” ХХК-ийн төлөөлөгч Д.Т

иргэний нэхэмжлэгч “Голомт банк” ХХК-ийн төлөөлөгч Б.Б

иргэний нэхэмжлэгч Д.Бийн өмгөөлөгч О.Анхбаяр

гэрч О.Д

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ***** дугаартай, 5 хавтас хэргийг 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, **** оны ** дүгээр сарын **-нд Ховд аймагт төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, “Түшиг ази майнинг”, “Гео алтан тээл майнинг” ХХК-уудад гүйцэтгэх захирал, “Хүннү голомт групп” ХХК-ний ерөнхий захирал ажилтай гэх, ам бүл 4; эхнэр, 2 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, “Хөрш заан” хотхон **-** тоотод оршин суух,

ял шийтгэл: 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 525 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж, уг ялыг 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр биелүүлсэн,

***** дугаарын регистртэй, Х овогт Гийн  Т

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр:

Шүүгдэгч Г.Т нь 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Үүр тээл” ХХК-ийн байранд “Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 9000 м.кв талбай бүхий газрыг 600.000.000 төгрөгөөр зарна” гэж хуурч, О.Д-тай байгуулсан газар худалдах, худалдан авах гэрээгээр халхавчлан урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, хохирогч А.Д-оос Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, 14 дүгээр хороолол, *** тоот, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, “Шинэ гэр орон сууц” хороолол, А блок ** тоот орон сууцуудын өмчлөх эрхийг шилжүүлэн авч, түүнд 193.094.409 төгрөгийн хохирол учруулсан,

мөн хохирогч А.Б-гийн өмчлөлийн, Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Жалханз хутагт Дбазарын гудамж, 72 А байрны ** тоот орон сууцыг БНХАУ-аас машин оруулж ирэхэд 50.000.000 төгрөгийн хэрэгцээ байна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, А.Д-ийг хуурч, түүнээр дамжуулан А.Б-гээр 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 1540 дугаартай итгэмжлэл хийлгэн авч “Голомт” банкинд барьцаанд тавьсны улмаас хохирогч А.Б-д 141.871.175 төгрөгийн хохирол учруулсан буюу бусдад нийт 334.965.584 төгрөгийн “их хэмжээ”-ний хохирол учруулж залилсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч Г.Т шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Миний хувьд эдгээр хүмүүсийг залилсан асуудал байхгүй. Д-д өгсөн гээд байгаа газар бол Д-гийн газар биш Огийн газар юм. Анх би 2015 онд Д-тай танилцсан. Гэтэл Д намайг огт танихгүй гэж мэдүүлсэн нь худлаа. Харин би Д-той 2018 онд үеэлээрээ дамжуулж танилцсан. Миний үеэл Т гэж хүн байгаа. Ингээд 2016 онд Д-гаар дамжуулж Огээс газрыг нь авахаар тохирч гэрээ байгуулсан. Энэ үед Өмнөговь аймгийн Гурван тэс сумд хөрс хуулах ажил хийгдэж байсан. Энэ ажлаас орж ирэх мөнгөөр уг газрыг авахаар тохирсон байсан. Би Отэй өдөр болгон оффис дээр нь очиж уулздаг, түүнтэй байнга холбоотой байсан. О хэлэхдээ энэ газар эзэнгүйдээд байна, чи манай нутгийн дүү байна, газар дээр очоод үйл ажиллагаагаа явуул, бичиг цаасны асуудлаа боломжтой болохоороо ав гэж надад хэлж байсан. Харин би яах юм бэ төлбөр тооцоогоо дууссаны дараа үйл ажиллагаагаа эхлүүлье гэж ярьсан. Би хөрс хуулалтын мөнгө ирэхгүй болоод залилуулсан гэдгээ мэдсэн. Энэ тухай О ахад хэлсэн. Төлбөр тооцооны асуудал гараад байна, бартер хийх үү гэхэд үгүй ээ, мөнгөний хэрэг гараад байна гэж хэлсэн. Мөнгө орж ирэхгүй болохоор нь Дид санал болгосон. Энэ газрыг анх 1 тэрбум төгрөг гэж байхад нь би гуйсаар байгаад 650 сая төгрөг болгосон. Уг газрыг анх Дид санал болгоход надад газрын хэрэг байхгүй гэж хэлсэн. Дараа нь харин газрыг чинь авъя, бетон зуурмагийн үйлдвэр барих гэж байгаа гээд энэ харилцаа үүссэн. Миний хувьд Дийг залилаагүй. Харин Д, О нар надаас гадуур наймаа хийгээд Д уг газартаа 2-3 жил үйл ажиллагаа явуулж ашиг олж байна. Яллах дүгнэлтэд бичигдсэн шиг тийм үйл явдал Д бид хоёрын хооронд болоогүй. Хэрвээ намайг залилан хийсэн гэж байгаа бол би Д-ийг биш О-г залилсан байх. Учир нь, газрыг авна гэж гэрээ байгуулж байсан.

Жилийн өмнөөс Д-ийн байрны асуудлын төлбөрийг төлөөд, буцаагаад өгье гэж мөрдөгч, прокурорт би зөндөө хэлсэн. Гэтэл прокурор төлбөр тооцооны асуудал хамаагүй. Энэ бол шүүхээр шийдэгдэх асуудал гэж надад хэлдэг байсан. Мөн миний зүгээс гаргасан баримтуудыг хэрэгт хавсаргаж өгөөч гэхэд ч баримтуудыг авдаггүй байсан. Би тухайн 2 орон сууцны төлбөрийг нь төлье гэж мөрдөгчид хэлэхээр прокурорт хэл гэдэг байсан. Прокурор болохоор чиний төлбөр тооцооны асуудлыг энд ярихгүй гэдэг байсан. Энэ 2 байрны хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан байсан тул би төлж чадаагүй. 

“Голомт” банкинд би 3 сар графикийн дагуу зээлээ хүүтэй нь төлсөн. Үүнийг сайн шалгаарай. Цагдаагаас энэ асуудлаар ямар нэгэн үйлдэл хийж болохгүй гэж хэлсэн гэх хариу хэлсэн. Баянгол дүүргийн Цагдаагийн газрын Хонгор гэж мөрдөгч ингэж хэлсэн юм билээ. Ингээд Голомт банк бид хоёрын хоорондох асуудал зогссон. Надад одоо ч төлбөрөө төлөх боломж байна. 2 тэрбумын экскаватор барьцаалж Дийн байрыг авч өгөхөөр явсан. Барьцаалбарыг өөрчлөхөөр удаа дараа явсан. Жавхлан гэх хүн Голомт банкны хуулийн хэлтсээс төлөөлж байсан. Бид хоёрын хооронд үл ойлголцол үүсч, дараа нь ойлголцсон. Жавхлан одоо ажлаасаа гарсан гэнэ лээ.

“Гүн сан эрдэнэс” ББСБ-ын хувьд би төлбөрийг бүрэн төлсөн. Эднийх бизнесийн ёс зүйтэй байх ёстой. Би зээлсэн мөнгөө буцааж хангалттай төлсөн. Одоо юуны мөнгө гэж 25 сая төгрөг надаас нэхээд байгааг ойлгохгүй байна.

Иргэн Б-ээс нийт 65 сая төгрөг авсан нь үнэн. Үүнээс 18 сая төгрөгийг буцааж төлсөн, үлдэгдэл төлбөрийг нь төлнө.

Харин би Б-г огт танихгүй. Би анхнаасаа Дид миний нэр дээр зээл гарахгүй байгаа гэдгийг хэлж байсан. Тэгээд Д надад Улаанбаатар менежментийн захирлаас 100 сая төгрөг асууж өгөхөөр болоод зээл бүтэхгүй нь гэдгээ хэлж байсан удаатай. Намайг 100 сая төгрөгийн зээл авах гэж байгааг Д мэдэж байсан. 50 сая төгрөгийн техник Хятадаас худалдаж авах гэж байгааг прокурор нотолсон юм уу.

Газрыг захиран зарцуул гэж О надад хэлж байсан. Энэ газрын эзэн бол Д биш. Д-д ямар ч эрх мэдэл байхгүй. Цаад эзэн нь О юм.

Намуун бол миний охин. Гэхдээ Намууны нэрээр Голомт банкнаас авсан 100 сая төгрөгөөс Намуун нэг ч төгрөг авч хэрэглээгүй, бүгдийг би өөрөө хэрэглэсэн. Дээр би хэлсэн, миний нэрээр зээл гарахгүй байсан учраас Нр зээлийн хүсэлт бичүүлж гаргуулсан.

Мөн ковидоос болж ажил цалгардсан, миний ажил бүтээгүй. Хэрвээ би залилах байсан бол эдгээр байруудыг зарах байсан. Сүүлдээ энэ байрнуудын асуудлыг шийдээд өгье гэхээр прокурор хориг тавьсан гээд шийдээгүй.

Би Б-тэй анх зээлийн гэрээ хийсэн. Б-т барьцаалсан Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Шинэ гэр түншлэл компаний ** тоот орон сууц анх тухайн компаний нэр дээр байж байгаад миний нэр рүү шилжсэн. Одоо энэ байранд надтай бизнесийн хамтрагч Энхбат гэж хүн түр амьдарч байгаа.

Голомт банкнаас зээлсэн 100 сая төгрөгийн эхний 3 сарын төлөлтийг 120 Мянгат-д байх салбараар нь төлсөн. Үүнийг огт нягтлаагүй байж намайг юу ч төлөөгүй мэтээр улсын яллагч яллах дүгнэлт бичсэн байна.

Д-оос авсан байруудыг би буцааж өгөхөд бэлэн. Цагдаа, мөрдөн байцаалтын шатанд буцааж өгье гэхээр прокурор хориг тавьсан гээд шийдээгүй.

Голомт банкны өрийг ч өгөх боломжтой. Харин тохиролцох гээд ямар нэгэн шийдэлд хүрээгүй гэв.

 

Хохирогч А.Д шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Анх 2018 оны 3, 4 дүгээр сарын үед Тоор дамжуулж Ттай танилцсан. Т нь Т-ыг манай дүү гэж танилцуулсан. Ингээд Т надад зүүн тийшээ газар байгаа, сонирхох уу гэхэд нь тухайн үед газар авах сонирхол байгаагүй. 5 дугаар сард анх би уг газрыг очиж харсан. Үнийн хувьд 650 сая төгрөгөөр авахгүй гэдгээ хэлсэн. Харин Наадмын дараагаас бетон зуурмагийн үйлдвэр барих шаардлага гарсан тул Т руу холбогдож нөгөө газар чинь байгаа юу гэж асууснаас хэд хоногийн дараа над дээр ирсэн. Ирэхдээ уг газрыг манай дүү Д гэж хүний нэр дээр байдаг, “УББНО” гэх компанийн газар байгаа юм гэж харуулсан. Тухайн газрыг авахаар болж, Т-ыг захиран зарцуулах эрхтэй газар гэж ойлгосон. 230 сая төгрөгт бартер хийх санал болгосон. Үүнээс гадна Т надад ярихдаа Баянгол дүүргийн 5 дугаар хороонд хуучин барилгыг нурааж дахин төлөвлөлтөд орох газар байгаа, шинээр байшин барина, хэрвээ байшин баригдвал чамаас арматур, бетон төмөр авах болно гэж хэлсэн. Тэгэхээр нь тухайн газарт барилга барихад тодорхой хэмжээгээр хөрөнгө оруулья, ашиг гарвал уг газрын үлдэгдэлд өгье гэсээр 8 дугаар сарын эхээр Т-тай хэлцэл хийж, 9 дүгээр сарын эхээр барилгын ажлаа эхэлсэн. Энэ хугацаанд би санал болгосон байраа Тд өгөөд, өөрт нь захиран зарцуулах эрх үүсгэсэн. Мөн уг байруудыг бартераар авсан компаниуд руугаа хандаж, Т-тай төлбөр тооцоогүй гэсэн албан бичиг хүргүүлсэн.

Хэсэг хугацааны дараа Т мөнгөний хэрэгцээ байна, урьдчилгаа төлбөр хийж хятад руу юм захиалсан, төлбөр хийхгүй удаж байгаа тул хятадууд миний төлсөн мөнгийг юу ч биш болгох гээд байна гэхээр нь би тусалъя гэдгээ хэлсэн. Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ байвал банкинд тавьна гэж хэлэхээр нь би эгч Б-тэйгээ байраа барьцаалах талаар ярьсан. Гэхдээ 100 сая биш, 50 сая төгрөгийн асуудал яригдсан. Ингээд би эгчдээ итгэмжлэл хийлгээд өгчих гэж хэлсэн.

2019 оны 3, 4 дүгээр сард барилгын ажлаа эхлээд ажил явагдаж байтал гэнэт Д гэх хүн гарч ирээд бид нарыг яагаад газар дээр үйл ажиллагаа явуулж байгаа юм бэ гэсэн асуудал гарсан. Тэгэхээр нь Д-д энэ газрыг би худалдаж авч, гэрээ хийсэн гэж хэлтэл Т гэх хүн энэ газрыг худалдаж авахаар гэрээ хийсэн ч ямар ч мөнгө төлөөгүй гэж хэлсэн. Энэ тухай Т-д хэлэхэд хөрс хуулалтын мөнгө орж ирээгүй байгаа, чи түр хүлээж бай гэж хэлсэн. Д манай компанийн эзэмшлийн газар дээр Д гэх хүн үйл ажиллагаа явуулаад байна гэж Баянзүрх дүүргийн Цагдаагийн газарт гомдол өгсөн. Өөр хамааралгүй газрыг өөрийнх мэтээр итгэл төрүүлж надад зарсан тухай цагдаад мэдэгдсэн. Т-д энэ асуудлаа шийд гэж дуудахад өр төлбөр барагдуулах гэрээ хийсэн. Уг асуудлаа шийдээгүй мөртлөө Т-ын гар утас нь холбогдохгүй алга болсон. Энэ асуудлаа шийдэхгүй бол цагдаад өгнө гэдгээ хэлсэн. Дараа нь би Т-ыг цагдаад өгсөн. Энэ газар нь “УББНО” ХХКомпаний газар. Т нь намайг хуурч мэхлэхдээ хүний эзэмшлийн газрыг өөрийн дүүгийн эзэмшлийнх мэтээр ойлгуулж зарсан. Би 600 сая төгрөгт дүйцэхүйц үл хөдлөх хөрөнгө шижлүүлэхээр тохиролцсон гэв.

 

Хохирогч А.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Миний төрсөн дүү Д нь энэ хүнд та итгэмжлэл хийгээд өгчихөөрэй гэсэн болохоор л Т-тай Саппоро дээр байрлах нотариат дээр очиж итгэмжлэл хийлгэсэн. Т ирэхдээ нэг эмэгтэйтэй ирсэн. Сүүлд мэдэхнээ өөрийнх нь охин байсан юм билээ. Харин би тухайн үед Т-д итгэмжлэл хийж өглөө гэж бодсон болохоос биш охинд нь буюу тэр эмэгтэйд итгэмжлэл хийж өгсөн гэдгээ мэдээгүй. Гэтэл 2019 оны 3, 4 дүгээр сарын үед таны байр хураагдахаар байна гэж “Голомт” банкнаас ярихаар нь л Т биш Н гэж нэрээр 100 сая төгрөгийн зээл авсан юм байна, зээлийн хүү, алданги, үндсэн зээлээ төлөхгүй байгаа юм байна гэж мэдэж, анхнаасаа залилуулжээ гэдгээ ойлгосон. Миний хувьд байраа алдахад хүрээд байна, гомдолтой байна гэв.

 

Иргэний нэхэмжлэгч “Гүн сан эрдэнэс” ББСБ-ын төлөөлөгч Д.Т шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Т нь 2018 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн лавлагаа барьж ирсэн. Уг лавлагаа дээр анх удаа захиалгын гэрээгээр уг байрыг бүртгэсэн гэж бичсэн байсан. 9 дүгээр сарын 11-ний өдөр манайхаас 12 сарын хугацаатай, Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, 14 дүгээр хоророл, 118 дугаар байрны ** тоот, 48.35 м.кв 2 өрөө орон сууцыг барьцаалж 40 сая төгрөг авсан. Зээл авсны дараагийн 2 сард нь 1.500.000 төгрөг, 1.600.000 төгрөгийн төлөлт хийсэн. Үүнээс хойш ямар ч төлөөгүй. Мөнгө зээлүүлснээс 1 жилийн дараа бид нар уулзаад 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр хугацаа дуусах байсныг 2020 оны 6 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл сунгасан.

Ингээд зээлээ төлнө, хэрвээ төлөхгүй бол уг барьцааны орон сууцыг бид нарт шилжүүлж өгнө гэх утгатай хэлэлцээр хийсэн. Гэтэл 6 дугаар сарын 1-ний өдөр болоход нэг ч төгрөгийн төлөлт хийгээгүй. Бид нар 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хүлээсэн. Зээлийн хүү бодогдвол их хэмжээний мөнгө гарахаар байсан тул тэр өдрөөр нь хүүгээ зогсоосон. 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдрөөс 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хуримтлагдсан хүү бодогдсон. Мөн нэмэгдүүлсэн хүү авах ёстой байсан ч бид нар энэ хүнээс аваагүй.

2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар үндсэн зээл 40 сая төгрөг, хүү нь 31.246.666 төгрөгөөр бодогдож, нийт 71.246.666 төгрөгийн авлагатай болсон. Бид хөөцөлдөж явсны эцэст 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр Т гидрийн герман шингэн, моторын тос зэргийг өгөөд эдгээр зүйлсийг зараад мөнгөө олж ав гэж хэлсэн. Үүнийг нь бид нар 45.760.000 төгрөгөөр 2 компанид зарсан. Гэрээний үүргийн дагуу эхэлж төлөх ёстой 31.246.000 төгрөгөөс уг 45.760.000 төгрөгийг хасахаар 14.514.000 болж байгаа юм. Үндсэн зээл болох 40.000.000 төгрөгөөс дээрх 14.514.000 төгрөг хасвал 25.486.000 төгрөг болж байгаа.

Зээлийн хүүгийн өрийг л Т төлсөн. Гэтэл Т зээлээ бүрэн төлсөн гэж яриад байна. Бид нарыг бизнесийн ёс зүйтэй бай гэж Т хэлдэг. Гэтэл өөрт нь ямар ч ёс зүй алга. Утсаа авдаггүй, хаяг дээрээ байдаггүй, хаягийг нь тодруулахад Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо “А” үйлс хотхоны *** тоотод амьдардаг гэсэн лавлагаа гарсан. Үлдэгдэл 25.486.000 төгрөгөө гаргуулж авмаар байна, гомдолтой байна гэв.

 

Иргэний нэхэмжлэгч “Голомт банк”-ны төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

“Төв гүүр” ХХКомпани нь манай банктай зээлийн гэрээ хийж, 2018 оны 12 дугаар сарын 6-ны өдөр 100 сая төгрөгийг 6 сарын хугацаатай, жилийн 30 хувийн хүүтэй зээл авсан. Уг гэрээнд “Төв гүүр” компанийг төлөөлж Намуун гэрээ байгуулсан. Зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар иргэн Б-гийн өмчлөлийн байрыг барьцаанд тавьсан ба Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт баталсан 1540 дугаартай нотариатын итгэмжлэлийг үндэслэж уг байрыг барьцаалсан. Ингээд зээл төлөгдөхгүй байхаар нь Намууныг иргэний хариуцагчаар татахад олдоогүй, түүнийг эрэн сурвалжилсан. Энэ зээлийн мөнгийг Намуун өөрөө хэрэглээгүй гэх зүйл яригддаг. Зээлтэй холбоотой мөнгийг Т ашигласан болох нь тогтоогддог. Одоо үндсэн зээл, хүү, алданги тооцоод нийт 187.561.561 төгрөг нэхэмжилж байна. Хугацааны хувьд 2018 оны 12 дугаар сарын 6-ны өдрөөс 2021 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийг хүртэлх хугацаанд тооцсон байгаа.

Хүү, алданги тооцоод нийт авах ёстой мөнгө нь 189.581.561 төгрөг юм. Үүнээс 2 сарын төлөлт болох 2.022.000 төгрөгийг хасаж тооцохоор дээрх 187.561.561 төгрөг болж байгаа юм гэв.

 

Гэрч О.Д шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Анх Т-тай зарын дагуу ярьснаар, эсхүл хүнээр дамжуулж танилцсан санагдаж байна. Ер нь бол газраа заръя гэсэн бодолтой байхад Т ирж үзээд, хэсэг хугацаанд чимээгүй болсон. Гэтэл Д гэдэг хүн гэнэт гарч ирээд, учрыг нь асуутал намайг чи Т-ын дүү нь биз дээ гээд байсан. Одоо Д-той ямар нэгэн төлбөр тооцоо байхгүй. О бол миний бизнес хамтрагч, надад зөвлөдөг юм. Шийдвэрийг би гаргана. Энэ газрыг анх яаж авсан гэхлээр манай Зүүнхараагийн, нутгийн ах зарна гэсээр “УББНО” ХХКомпаний нэр дээр авсан гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Г.Т-ыг “Залилах” гэмт хэргийг үйлдэж, бусдад их хэмжээний хохирол учруулсан гэж, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар яллажээ.

 

Хавтаст хэрэгт авагдсан шийтгэх, цагаатгах талын нотлох баримтуудыг шүүх шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч А-гийн Д “... 2017 оны намар Т нь манай ажлын байран дээр хүрч ирээд Амгаланд манай дүүгийн газар байдаг, энэ газрыг сонирхох уу гэж над хэлсэн. Би 2 хоногийн дараа Т-тай цаг тохирч байгаад тухайн газрыг очиж үзэхэд Амгалангийн Евро барилгын материалын ард талын зам дагуу байрлалтай газар байсан. Надад 9000 м.кв бүхий газрыг хоёр газрын гэрчилгээтэй 650.000.000 төгрөгөөр санал болгосон. Тухайн үед надад газрын шаардлага байгаагүй, мөн 650.000.000 төгрөг ч байгаагүй учраас би энэ газрыг сонирхохгүй байна гэдгээ хэлсэн. Үүнээс хойш Т нь 2018 онд манай ажил болох Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Ажилчдын гудамж **  тоотод 2-3 удаа ирж уулзсан. Би газрын тухай яриагүй, барилгын талаар хийж байгаа ажил болох хөрс суулгалтын ажлын талаар ирж ярилцаад уул уурхайн хөрөнгө оруулалт хийх боломж байгаа гэж асууж байсан ба би уул уурхайн хөрс хуулалтын ажил сонирхохгүй байгаа гэдгээ хэлдэг байсан. 2018 оны 7 дугаар сарын сүүлээр манай компани Улаанбаатар хотын зүүн талд зуурмагийн үйлдвэр барихаар шийдсэн байсан ба Т руу залгаж нөгөө газар чинь байгаа эсэх талаар тодруулахад зарагдаагүй байгаа гэж хэлсэн. Маргааш нь манай ажил дээр Т өөрөө хүрч ирээд энэ газар “УББНО” ХХК-ийн нэр дээр байдаг. Би энэ газрыг өөр дээрээ байлгахгүй дүү дээрээ байлгаж байгаа, хоёулаа наймаагаа тохироод хийх юм бол би дүүдээ хэлээд чиний нэр дээр шилжүүлээд өгнө гэж хэлсэн. Би энэ үгэнд итгээд бэлэн байгаа байрыг чиний нэр дээр шилжүүлье гээд Төмөр замд нэг газар байгаа тул дараа нь барилга баривал хамтарч тухайн барилгад хөрөнгө оруулалт хийе гэж тохирсон. Тэгээд бид хоёр тухайн газрыг 600.000.000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцсон. Улмаар Т бид хоёр хоорондоо хэлцэл хийсэн ба уг хэлцэлд “Асиас Сити” ХХК-иас худалдан авч төлбөрийг бүрэн барагдуулсан өөрийн эзэмшлийн БЗД-ийн 13 дугаар хороо, 14 дүгээр хороолол, 118 байрны * давхар ** тоот, 48.35 м.кв, 84.612.500 төгрөгийн үнэлгээтэй орон сууц, “Шинэ гэр түншлэл” ХХК-иас худалдан авч төлбөрийг нь бүрэн барагдуулсан өөрийн эзэмшлийн, БЗД-ийн 16 дугаар хороо, Шинэ гэр орон сууцны А блок 3 дугаар давхрын ** тоот, 69.1 м.кв, 117.504.000 төгрөгийн үнэлгээтэй орон сууцыг, мөн үлдэгдэл төлбөрийг Төмөр замд байрлалтай хуучны 2 давхар байрыг нурааж барих байшинд хөрөнгө оруулалт хийж барагдуулахаар тохирсон байсан. Ингээд уг орон сууцуудыг Т-ын нэр дээр шилжүүлсэн.

2018 оны 11 сард Т дахиж манай ажил дээр хүрч ирээд хавар Эрдэнэс таван толгойн хөрс хуулалтад орох гээд хятадаас самосвал маркийн 5 ширхэг машин худалдаж авахаар Шанхай руу 50 хувийг нь шилжүүлсэн байгаа, үлдэгдэл 50 хувийг нь шилжүүлэх гэтэл “зун ажил хийлгэсэн хятад компани мөнгөө өгөхгүй удаад байна, банкнаас зээл авах гэсэн юм, түр банкинд тавьчихаар үл хөдлөх хөрөнгө байна уу” гэж надаас асуусан. Би тус болох зорилгоор төрсөн эгчийнхээ өмчлөлд байсан Баянгол дүүргийн 18-р хороо 4-р хороолол, Жалханз хутагт Дбазарын гудамж, 72 А байрны ** тоот орон сууцыг Тд итгэсний үндсэн дээр эгч рүүгээ утасдаж Тын нэр дээр барьцаанд тавих итгэмжлэл хийгээд өг гэж гуйсан ба манай эгч Тд итгэмжлэл хийж өгөхөөр болсон. Яг итгэмжлэл хийх үедээ өөрийн охины нэр дээр хийлгэж, Голомт банкнаас 100.000.000 төгрөг гаргуулж авсан байсныг 2019 оны 4 дүгээр сард Голомт банкнаас манай эгч рүү залгаж зээл авснаас хойш нэг ч төгрөг төлөөгүй байна, зээлээ яаралтай төл гэж ярихад нь л мэдсэн.

2019 оны 3 дугаар сараас Т-аас худалдаж авсан газар дээрээ бетон зуурмагийн үйлдвэр барихаар газар шорооны ажил хийж эхэлтэл “УББНО” ХХК-ийн захирал Д гэх хүн манай ажил хийж буй хүмүүстэй очиж уулзаад манай газар дээр та нар хэний зөвшөөрлөөр байж байгаа юм бэ гэж асуусан байсан ба Т гэх хүн манай компаниас энэ газрыг худалдаж авна гэж ярьж явсан болохоос худалдаж авсан асуудал байхгүй гэж хэлсэн. Би яг энэ өдөр нь Т-тай ярихад “наад газар чинь манай дүү Д-гийн газар байгаа юм. Өмнөговьд хөрс хуулалтын ажлаас болоод бид хоёр муудалцсан байгаа, тэгээд чамайг шантаажлаад байгаа юм, чи ажлаа хийж бай, би өөрөө Д-тай ярина” гэж хэлсэн. Ингээд ажлаа эхлүүлэх гэхэд Д гэх хүн залгаж “энэ манай газар, Т гэх хүнтэй ямар ч холбоо байхгүй, Т энэ газрыг бартераар авна гэж ярьсан болохоос худалдаж авсан асуудал байхгүй” гэж хэлсэн. Ингээд би Т-д залилуулснаа мэдсэн” /1-р хх-н 16/,

“... Т нь уг газрыг өөрийн эзэмшлийн газар гэж хэлсэн болохоор нь итгээд хамтран ажиллах хэлцлийг байгуулж байсан. Гэтэл уг газар Т-ын эзэмшлийн газар биш байсан. Т хэлэхдээ манай дүү Д-гийн газар гэж хэлсэн боловч Д-тай ямар ч харилцаа хамааралгүй байсан. Мөн хятадаас 3 машин худалдаж авсан байгаа, 50 хувийг нь төлсөн, одоо үлдэгдэл 50 хувийг өгөх хэрэгтэй байна. Хэрэв мөнгөө өгөхгүй бол хятадууд урьдчилгаа болгож өгсөн мөнгийг буцааж өгөхгүй гээд байна гэж гуйгаад байхаар нь төрсөн эгчийнхээ амьдарч байсан байрыг нь эгчээсээ гуйж Тд итгэмжлэл хийлгүүлж өгсөн. Т хэлэхдээ 50.000.000 төгрөгийг гаргуулж авна гэсэн боловч эгчийн байрыг 100.000.000 төгрөгт барьцаалж зээлээ төлөхгүй эгчийн байр хураагдах дээрээ тулаад байна” /1-р хх-н 19/ гэж,

хохирогч А-ийн Б “... миний төрсөн дүү Д надад хэлэхдээ Гийн Т гэдэг хүнд итгэмжлэл хийгээд өгчихөөрэй гэсэн. Үүний дагуу Т гэх хүн нь над руу залгаад “дүүтэй чинь ярьсан байгаа, өөрийн чинь байран дээр яаралтай итгэмжлэл гаргуулж авах хэрэгтэй байна” гэж холбогдоод Саппород байрлалтай нотариатын газарт очиж уулзсан. Тухайн үед Т нь нэг эмэгтэй дагуулаад ирсэн байсан. Нотариатын газарт байхдаа Т нь манай охин байгаа юм, би охиныхоо нэр дээр итгэмжлэл хийлгүүлнэ гэж хэлсэн.

Манай дүү Д би хүнтэй хамтарч ажил хийх гэж байгаа юм, уг таньдаг хүнд маань мөнгөний яаралтай хэрэг гарсан байна. Та өөрийнхөө амьдарч буй орон сууцыг Т гэх хүний нэр дээр зээл гаргуулан авч болно гэсэн утгатай итгэмжлэл хийгээд өгөөч гэж гуйсны үндсэн дээр, мөн дүүгээ бизнес хийдэг болохоор нь хамтарч ажил хийх гэж байгаа хүнд нь яаралтай мөнгөний хэрэгцээ гараад байгаа бол тус болъё гэдэг үүднээс уг итгэмжлэлийг Тын охин С.Нд хийж өгсөн. Т нь манай дүү Дид 50.000.000 төгрөгийн зээлийг гаргуулж авна гэж хэлсэн байсан боловч манай дүү болон надад мэдэгдэхгүйгээр дураараа 100.000.000 төгрөгийн зээл гаргуулж авсан байсан. 100.000.000 төгрөг бол их хэмжээний мөнгө. Хэрэв анхнаасаа 100.000.000 төгрөг гэж хэлсэн бол би бодож үзээд зөвшөөрөхгүй байх байсан. Уг зээлийг гаргуулж аваад нэг ч төгрөгийн төлөлт хийгээгүй, залгахаар утсаа авахгүй байдаг байсан. Маш их гомдолтой байна, байрыг минь буцаан авч өгнө үү” /3-р хх-н 92/ гэж,

гэрч Ц-ийн О  “... би Т гэх хүнтэй 2017 онд зарын дагуу танилцсан. 2017 онд манай “УББНО” ХХК нь Баянзүрх дүүргийн 10-р хороо, Амгаланд байрлалтай газраа зарна гэж зар тавьсны дагуу Т гэх хүн утсаар холбогдоод надтай ирж уулзаж байсан. Би Т байна, танай газрыг авна шүү гэж удаа дараа залгаж байсан. 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр “УББНО” ХХК-ийн захирал О.Д болон Г.Т нар худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Гэтэл Т нэг ч төгрөгийн урьдчилгаа төлөөгүй учир уг гэрээг нотариатаар баталгаажуулаагүй, харин гарын үсэг зураад тэмдэг дарсан. Т хэлэхдээ 7 хоногийн дараа 264000 доллар өгье, мөнгөө төлсний дараа газраа над руу шилжүүлээд өгөөрэй гэж хэлсэн. Ингээд 7 хоногийн дараа мөнгөө өгөөгүй, залгахаар утсаа авахгүй ор сураггүй алга болсон. Манай компаний газрыг худалдаж авна гэж худал яриад компанитай худалдах, худалдан авах гэрээ байгуулаад, удахгүй ажлын хөлс орж ирэхээр 264000 доллароо өгөөд газраа шилжүүлж авъя гэсэн боловч гэрээ хийсэн өдрөөс хойш ор сураггүй алга болсон” /1-р хх-н 28-30/,

“... би юу гэж л Тд уг газрыг эзэмшээд, ашиглаад байж бай гэж хэлхэв дээ. Худлаа ярьж байна” /1-р хх-н 32/ гэж,

гэрч О-ын Д “... намайг “УББНО” ХХК-ийн захирлаар ажиллаж байхад Т гэх хүн ирээд манай компанийн газар болох Амгаланд байрлалтай, 4000 м.кв газрыг худалдаж авъя, түрээслэе, хамтарч ажиллая гээд гуйсан. Энэ үеэс танилцаад зүс мэддэг болсон. Ер нь би Амгаланд байрлалтай газраа зарна гэсэн бодолтой байдаг байсан. Энэ үед Т гэх хүн нь ирээд газрыг чинь худалдаж авъя гэсэн боловч худалдаж авахгүй, чимээгүй алга болчихдог байсан. Ингээд 2018 оны, яг хэдэн сарыг нь сайн санахгүй байна, газраа хүнд зарах санаатай үзүүлэх гээд очих үед миний компанийн газар дээр дээр “Үүр тээл” гэх ХХК нь барилгын суурь цутгасан байдалтай барилгын ажил эхлүүлж байсан. Ингээд тэнд байсан хүнээс би “Үүр тээл” ХХК-ийн захирал Д гэх хүний гар утасны дугаарыг аваад та яагаад манай компанийн газар дээр барилгын ажил хийж байгаа юм бэ, хэн зөвшөөрсөн юм бэ гэж асуухад чи Т-ын дүү мөн үү гэхээр нь юу яриад байгаа юм бэ, Т гэх хүнийг танина, гэхдээ би дүү нь биш, уг газрын эзэн нь би байна гэдгээ хэлсэн” /1-р хх-н 34/ гэж,

гэрч М-ын М “... захирал Д 2 орон сууцыг Т руу шилжүүлэхдээ надаар албан бичгүүд боловсруулж өгсөн. 2018 оны 10 дугаар сард шиг санаж байна, манай захирал Д намайг өрөөндөө дуудахаар нь ороход Т гэх хүн ирсэн байсан. Захирал надад хэлэхдээ Т хятадаас машин оруулж ирэх гэж байгаа юм байна, банкнаас зээл авах гэсэн боловч барьцаа хөрөнгө хүрэхгүй байгаа гэж байна, чи эгч Б-гийн орон сууц дээр итгэмжлэл хийж өгөх хэрэгтэй байна” гэж байсан” /1-р хх-н 40/ гэж,

гэрч Ө-ын Т “... тухайн үед Д үйлдвэр барих газар сонирхож байгаа гэхэд Т газар байгаа, авч өгөх талаар тохиролцож байсан. Т нь миний өөрийн газар байгаа юм, Баянзүрх дүүрэгт байрлалтай гэж байсан. Надтай Д ярихдаа бид хоёр газрын наймаагаа тохироод хийсэн гэж байсан. Сүүлд хотод Дт-ой уулзахад таны танилцуулсан Т намайг хулхидсан, та надтай ямар хүн танилцуулчихваа гэж байсан” /1-р хх-н 44/ гэж тус тус мэдүүлжээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагч /шүүгдэгч/ нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй ч

шүүгдэгч Г.Т “... О надад хэлэхдээ миний дүү энэ газар эзгүйдээд байгаа учраас хашаагаа бариад тогоо татаад тэгээд чи үйл ажиллагаагаа явуулаа, үнэхээр худалдаж авна гэж байгаа бол гэж хэлж байсан. Мөн УББНО ХХК-ийн 50 хувийг шилжүүлэн аваад гүйцэтгэх захирлаар нь томилогдоод чи энэ газар дээрээ үйл ажиллагааг явуулж бай гэж хэлж байсан. Би О ахад хэлэхдээ түрдээ байж байя, Баруун баян трансаас мөнгө орж ирэхээр төлбөр тооцооны уг гэрээндээ 9000 м.кв бүхийг газрыг 264.000 америк доллараар худалдаж авахаар тохиролцсон байсан. Тухайн үед манай компани Баруун баян транс ХХК-д Өмнөговь аймгийн Гурвантэс суманд байрлах Саус Гоби Сэндс ХХК-ийн нүүрсний уурхайд хөрс хуулалтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, 2016 оны 12 дугаар сараас 2017 оны 6 дугаар сар хүртэл ажиллаж байгаад ажил эхэлсэнээс хойш нэг ч төгрөгний ажлын хөлсийг өгөхгүй болохоор нь ажлаа зогсоосон. Энэ үед О ахтай байнгын холбоотой уулзаж учирдаг, хөрс хуулалтын ажлынхаа талаар болон мөнгө орж ирэхгүй байгаа талаараа байнга ярьж байсан. 2016 оны дундуур би О ахад аж ахуйн газартай, дээр нь үйлдвэр барих газартай болмоор байгаа талаараа ярьж байсан. О ах хэлэхдээ Баянзүрх дүүргийн 10-р хороонд 9000 м.кв бүхий газар байгаа, би уг газрыг ашиглахгүй, чи уг газрыг үнэ тохироод ав гэж надад хэлсэн. Ингэж Отэй ярьж явж байгаад 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 10-р хороонд байрлах 9000 мкв газрыг худалдах, худалдан авах гэрээ байгуулахаар болж гэрээг байгуулсан. Мөнгө ороод ирвэл уг газар дээр махны зоорь, үйлдвэр барих санаатай байгаа гэдгээ хэлж байсан. УББНО ХХК-тай газар худалдах, худалдан авах гэрээг байгуулсан ба мөнгийг нь графикийн дагуу төлж барагдуулахаар тохирсон байсан. Баруун баян трансаас мөнгө орж ирээгүй учир уг газрын төлбөрийг төлж чадаагүй юм. Ингээд би 2018 оны 8 дугаар сард А.Д-д би Баянзүрх дүүргийн 10-р хороонд байрлах 9000 м.кв газрыг О гэх хүнээс худалдаж авахаар тохиролцоод гэрээ байгуулсан байгаа хөгшөөн, төлбөр тооцоог нь төлөөгүй байгаа, чи төлбөр тооцоог хийгээд уг газрыг хамтарч ашиглая гэж хэлсэн. А.Д нь над руу залгаж уг газрыг чинь очиж үзье гэж хэлээд очиж үзүүлэхэд энэ газар таалагдаж байна би 1 сарын дараа төлбөр тооцоог нь зохицуулаад өгье гэж хэлээд салцгаасан. Маргааш нь бил үү, нөгөөдөр нь А.Д намайг ажил дээрээ дуудаад хэлцлийн гэрээ хийе, би хуульчаараа хянуулсан байгаа гээд гэрээ үзүүлэхээр нь би уг гэрээн дээр хэдэн санал нэмэх хэрэгтэй байна гэж хэлэхэд сүртэй юм бэ. би хуульчаараа хянуулсан байгаа гэж хэлэхээр нь хүлээн зөвшөөрөөд гарын үсэг зурсан. Үүнээс хойш 1 сарын хугацаа өнгөрсөн боловч А.Д мөнгөө өгөөгүй А.Д-оос би мөнгөний асуудал юу болж байна гэж асуухад мөнгөний асуудал бүтээгүй байна, наад хүндээ төлбөрийнхөө 50 хувьдаа бартер хийе гээд хэлчих гээд байсан. Миний санаж байгаагаар 2019 онд Үүр тээл ХХК-аас албан бичиг бичүүлэн авч Баянзүрх дүүргийн 13-р хороо, 14-р хороолол, 118-р байр ** тоот, Баянзүрх дүүргийн 16-р хороо Шинэ гэр орон сууц”-ны А блок 3 давхарын ** тоот байруудыг өөрийнхөө нэр дээр шилжүүлэн аваад О ах дээр очиж уулзсан. Баянзүрх дүүргийн 10-р хороо 9000 м.кв газрынхаа төлбөрт хоёр ширхэг орон сууц бодоод өгье гэхэд Түмээ, ах нь өдий хүртэл чамайг хүлээчихээд, ах нь мөнгөний хэрэг болоод л чамд зарах гэж байгаа юм, ахад нь зөндөө байр байна, надад байрны шаардлага байхгүй гэж хэлсэн. Баянзүрх дүүргийн 13-р хороо 14-р хороолол 118-р байр ** тоот, Баянзүрх дүүргийн 16-р хороо Шинэ гэр орон сууцны А блок 3 давхарын ** тоот байрууд нь одоо миний нэр дээр байгаа” /хх-1-99/ гэж

мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн нь дээр дурдсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлгүүдтэй агуулгын зөрүүгүй байна.

 

Түүнчлэн 2018 оны 8 дугаар сарын 01-ны өдөр байгуулсан “Хамтран ажиллах хэлцэл”-ийн хуулбар /1-р хх-н 72/, 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн “Өр төлбөр барагдуулах тухай хэлцэл”-ийн хуулбар /1-р хх-н 73/, 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн “Орон сууц арилжих гэрээ”-ний хуулбар /1-р хх-н 74/, “Үүр тээл” ХХК-ийн 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 18/193 тоот албан бичиг /1-р хх-н 84/, “Үүр Тээл” ХХК-ийн 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 18/227 тоот албан бичиг /1-р хх-н 85/, “Төвгүүр” ХХК иргэн А.Б-гийн өмчлөлийн, орон сууцыг барьцаалж Голомт банкнаас 100.000.000 төгрөгийн зээл авсан /1-р хх-н 170-184/, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, 61 А байрны ** тоот орон сууцны өмчлөх эрхийг А.Д-оос шилжүүлж авсны дараа иргэн Д.Бт барьцаалж зээл авахдаа уг орон сууцыг Д.Бийн өмчлөлд түр шилжүүлсэн тухай Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний хуулбар /1-р хх-н 187/, 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн “УББНО” ХХК-ийн эрх болон газар худалдах, худалдан авах тухай О.Д, Г.Т нарын хооронд байгуулсан гэрээ /2-р хх-н 178-182/, 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 1540 дугаартай итгэмжлэл /2-р хх-н 184/, Зээлийн гэрээний хуулбар /3-р хх-н 102/, Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, 14 дүгээр хороолол, 118 байр, ** тоот орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар /4-р хх-н 57/ гэсэн баримтууд хавтаст хэрэгт авагджээ.

 

Эрүүгийн хуульд “Залилах” гэмт хэргийн үндсэн шинжийг “Хуурч, ..., зохиомол байдлыг зориудаар бий болгох, ... бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, ... урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх ...-ийг шилжүүлэн авсан бол ...” гэж, хүндрүүлэх шинжид нь “... их хэмжээний хохирол учруулж үйлдсэн ...” байхаар хуульчилсан ба

“Залилах” гэмт хэргийн “өмчлөх эрхийн эсрэг” бусад гэмт хэргээс ялгагдах онцлог нь объектив талын хувьд бусдын эд зүйлс, өмч хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн хуурч, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд шилжүүлдгээс гадна тэдгээрийг ирээдүйд захиран зарцуулах эрхийг олж авдаг, субъектив талын хувьд шунахайн сэдэлттэй, шууд санаатай, хүсэж үйлдсэн байдаг.

 

Прокуророос шүүгдэгч Г.Т-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн үйл баримтад нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнээд

Х овогт Гийн Т-ыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсны улмаас их хэмжээний хохирол учруулан “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Г.Т нь бусдын эзэмшилд байгаа газрыг зарж, худалдан борлуулах гэж байсан нөхцөл байдлыг мэдсэний дараа, өөрийн газар мэтээр хохирогч А.Д ойлгуулж, 650 сая төгрөгөөр худалдахаар тохирч, улмаар худалдсан үнийн тодорхой хэсэгт А.Д-оос Баянзүрх дүүрэгт байрлах 2 орон сууцыг нэр дээрээ шилжүүлэн авсан, ингэж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, БНХАУ-аас техник хэрэгсэл оруулж ирэхэд мөнгө санхүүгийн хэрэгцээ шаардлагатай боллоо гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож хохирогч А.Д-оор дамжуулан, түүний төрсөн эгч, хохирогч А.Б-гийн өмчлөлийн орон сууцыг Голомт банкны зээлийн барьцаанд тавьж түүнийг мөн хохироосон зэрэг үйл баримтууд нь хэргийн үйл баримтуудтай нийцэж байна.

 

Үүнээс гадна гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүнийг хохирогч гэх бөгөөд хохирогч нь “хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх, худал мэдүүлэг өгсөн бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхийг хуулиар үүрэгжүүлсэн.

 

Шүүгдэгч Г.Т-д холбогдох энэ хэрэгт хуульд заасны дагуу хохирогчоор тогтоогдож хохирогчийн мэдүүлэг өгсөн дээрх нэр бүхий хоёр иргэнийг бусдыг гэмт хэрэгт гүтгэсэн, эсхүл худал ташаа мэдүүлсэн гэх нөхцөл байдал үгүйгээс гадна тэдгээрийн мэдүүлгүүд нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авагдаж бэхжүүлэгдсэн, хэргийн үйл баримттай нийцсэн буюу “залилах” гэмт хэргийн шинж хангагдсан байна.

 

Шүүгдэгч Г.Т “Залилах” гэмт хэргийг үйлдэж, өөртөө бий болгосон хөрөнгүүд болох орон сууцуудыг барьцаалан банк бус санхүүгийн байгууллагууд, иргэн, банкнаас зээл хэлбэрээр мөнгө авч байсан байх бөгөөд эдгээр үйл явдалтай холбоотой иргэн, аж ахуйн нэгжүүдийг мөрдөн шалгах ажиллагааны явцад энэ хэрэгт иргэний нэхэмжлэгчээр тогтоосон нь хуулийн үндэслэл бүхий болжээ. Үүнд:

иргэний нэхэмжлэгч Д-ийн Б “... би 2018 оны 12 сард Т-тай Мөнхбаатар гэдэг хуурай ахаараа дамжуулан танилцсан. Үүнээс хойш Т удаа дараа залгаж орон сууц барьцаалан зээл авмаар байна гэж гуйгаад байхаар нь би зээл өгөх боломжгүй гэж хэлдэг байсан. Ингээд Т намайг удаа дараа гуйгаад байхаар нь би Мөнхбаатар ахыг бодоод, мөн Т-ыг уул уурхайн компанитай, 9911-тэй дугаар барьсан, Mercedes benz G class-500 загварын машин унасан болохоор нь намайг залилахгүй байх гэж итгээд зээл олгохоор болсон. Т хэлэхдээ Баянзүрх дүүргийн 16-р хороо, 16-р хорооллын 61а байрны ** тоот 69.12 мк.в орон сууц миний нэр дээр байдаг, миний эзэмшлийн орон сууц, энэ байраа чам дээр шилжүүлж өгнө, мөн жижиг гарын Бенз маркийн автомашиныг барьцаа болгож өгнө, харин чи 100.000.000 төгрөгийн зээл гаргаад өгөөч гэж гуйгаад байхаар нь 100.000.000 төгрөгийн зээл өгөх боломжгүй, 50.000.000 төгрөгийг гаргах боломжтой гэж хэлтэл Шинэ жил дөхөж байна, ажилчдынхаа Шинэ жилийг хийнэ гэж түмэн зовлон тоочоод гуйгаад байхаар нь 65.000.000 төгрөг зээлүүлэхээр болсон. Ингээд 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Т нь Дүнжингаравт байрлалтай Нэг цэгийн үйлчилгээний нотариатын газарт хүрээд ир, улсын бүртгэлд манай эхнэрийн таньдаг хүн байгаа, орон сууцны гэрчилгээг өдөрт нь гаргаж өгнө гэж хэлэхээр нь би уг газарт нь очсон. Т хэлэхдээ уг орон сууц миний нэр дээр байдаг, миний эзэмшлийн орон сууц гэж хэлсэн боловч нотариатын газарт нэг эмэгтэй хүн дагуулж ирсэн байсан. Би юун эмэгтэй хүн бэ гэж асуухад миний нэр дээр биш манай хамаатны эгчийн нэр дээр байгаа юм байна, чи санаа зоволтгүй, ямар ч асуудалгүй гэж хэлээд нотариатын газарт бид гурав зогсож байхад миний утас дуугарч би утсаар ярих гээд гараад ирэх хооронд гэрээгээ хийгээд дууссан, чи гарын үсгээ зурчих гэж хэлээд би гарын үсэг зурж, гэрчилгээгээ гаргуулж аваад ХААН банк орж 65.000.000 төгрөгийн 3.000.000 төгрөгийг Г.Тд өөрт нь бэлнээр өгөөд, 62.000.000 төгрөгийг нь өөрийнхөө 5042099470 дугаарын данснаас Г.Тын 5163228741 дугаарын данс руу 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр шилжүүлсэн.

Г.Т нь “... чи утга дээрээ хөрс хуулалтын ажлын урьдчилгаа гээд биччих, би ХААН банкнаас зээл авах гээд хөөцөлдөж байгаа учраас зээл өгсөн, зээлүүлсэн гэсэн утга, зээлийн түүх байлгамааргүй байна гээд гуйгаад байхаар нь утга дээр нь “хөрс хуулалтын ажлын хөлс” гэж бичээд шилжүүлсэн.

Би гэртээ очоод гэрээгээ уншихад бэлэглэлийн гэрээ хийсэн байхаар нь гайхаж Г.Т руу залгаж яагаад бэлэглэлийн гэрээ хийсэн юм бэ гэхэд нотариатад бага мөнгө тушаахын тулд бэлэглэлийн гэрээ хийсэн, чи санаа зоволтгүй надад итгэж болно гэж хэлсэн. 2019 оны 2, 3 дугаар сар гэхэд надад мөнгө ороод ирнэ, тэгэхэд нь орон сууцаа авна гэж хэлж байсан болохоор итгэж байсан.

Мөнгө зээлүүлсэн гэсэн ямар ч баримт байхгүй болохоор Г.Т руу залгаж 2019 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр 65.000.000 төгрөг зээлүүлсэн гэсэн зээлийн гэрээг 3 сарын хугацаатай байгуулсан. Г.Т нь зээл авснаас хойш зээлээ төлөхгүй болохоор нь залгаж зээлээ төлөөч ээ, ядаж хүүгээ төлөөч гэхэд одоохон өгнө өө, мөнгө ирэхгүй байна, ХААН банкнаас 1 тэрбумын зээл хөөцөлдөж байна гэсэн боловч өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг төлөөгүй. Мөн залгахаар утсаа авдаггүй, утсаа авахаараа өгнө ш дээ гэж хэлдэг, эсвэл чи тэр явах газраараа явахгүй юу даа гэж хэлдэг байсан.

Т руу залгахад дугаараа сольсон, холбогдож чадахгүй, мөн хаана байгаа нь тодорхой бус байдаг байсан. Ингээд Т-д зээлүүлсэн мөнгөний барьцаа болгож авсан байрыг зарж, зээлүүлсэн мөнгөө гаргаж авах гэтэл уг орон сууцанд “хязгаарлалт” тогтоосон байсан.

Г.Т-д зээлүүлсэн 65.000.000 төгрөгөө буцаан авч, хохирлоо барагдуулмаар байна” /3-р хх-н 96/,

гэрч М-ын С “... манай хүү Т  байраа барьцаалж мөнгө зээлнэ гэх танил хүн байна гэнэ гээд надад хэлсэн. Би тухайн үед өөрийн хүүд зориулан хадгалж байсан мөнгө байсан учраас зөвшөөрч, уг хүнтэй уулзахад Гийн Т гэх хүн өөрийгөө барилгын компанийн захирал гэж танилцуулаад 40.000.000 төгрөг хэрэгтэй гэсэн. Ингээд би Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, 61а байр, ** тоот орон сууцыг Т-тай худалдах, худалдан авах гэрээ хийж шилжүүлж авсан. Үүнээс хойш 1-2 сарын дараа байх эсвэл 14 хоног гэж санаж байна, их хурдан надад үндсэн үнэ, хүүгийн хамт эргүүлэн өгч, 2019 онд нотариат дээр уулзаад Т байраа надаас Б гэх хүн дээр шилжүүлж авсан. Үүнээс хойш дахиж уулзаагүй. Би Б гэх хүнийг танихгүй” /5-р хх-н 125/,

иргэний нэхэмжлэгч “Голомт банк” банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Г-ийн Ж “... 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр “Төвгүүр” ХХК-ийн захирал С.Н манай банкинд хандаж манай байгууллага газар тариалан, мал аж ахуй, уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ба Өмнөговь аймгийн Гурван тэс сумын “Шин Хуа” ХХК-тай автосамосвал түрээс, нүүрсний ордны хөрс хуулалтын ажил хийхээр гэрээ байгуулсан. Иймд ажил эхлэхэд зарцуулагдах үйл ажиллагааны зардалд 100.000.000 төгрөг шаардлагатай байгаа тул манай банкнаас зээл авах хүсэлтэй байгаа талаар материал ирүүлсэн. Манай банк 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Шуурхай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож Баянгол дүүргийн 18-р хороо, 4-р хороолол, Жалханз хутагт Дамдинбазар гудамж, 72 А байрны ** тоотхаягт байршилтай, 102.21 м.кв, 3 өрөө орон сууцыг барьцаалсан. Үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ А.Б гэсэн нэг иргэний өмч бүртгэлтэй байсан боловч 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 1540 дугаартай итгэмжлэлийн дагуу А.Б нь уг орон сууцыг зээлийн барьцаанд тавих, зээл авах, зээлийн барьцааны гэрээ, барьцаалбарт төлөөлөн гарын үсэг зурах, улсын бүртгэлд төлөөлөх, барьцааны гэрээ бүртгүүлэх, буцаан авах, холбогдох бусад эрхийг олгож байгаа итгэмжлэл өгсөн байсан. Уг итгэмжлэлийг үндэслэн С.Нд Голомт банк дээрх орон сууцыг барьцаалан зээл олгосон. 100.000.000 төгрөгийг 6 сарын хугацаатай, 30 хувийн хүүтэй зээлсэн бөгөөд өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг төлөөгүй байна. Уг зээлд 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Батлан даалтын гэрээ хийгдсэн ба батлан даагчаар С.Н, Г.Т нар батлан даалтын гэрээ байгуулсан. Одоо уг зээл Авлага барагдуулах хэлтэст шилжсэн байгаа. С.Н болон Г.Т нартай зээл төлүүлэх талаар олон удаа холбогдоход утсаа авдаггүй, утсаа авахаараа төлнө шүү дээ гэж өөдөөс уурладаг.

2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн байдлаар үндсэн зээл 100.000.000 төгрөгөөс нэг ч төгрөгийн төлөлт хийгдээгүй, үндсэн хүү 55.758.821 төгрөг, нэмэгдүүлсэн хүү буюу алданги 9.084.931 төгрөг, нийт 164.843.756 төгрөгийг гаргуулж өгнө үү” /3-р хх-н 108/ гэжээ.

 

Хохирол төлбөрийн хувьд:

Хохирол төлбөрийг шүүх дараах байдлаар шийдвэрлэв.

“Залилах” гэмт хэргийн халдлагын зүйл болох Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, 14 дүгээр хороолол, 118 дугаар байрны ** тоот, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, “Шинэ гэр орон сууц” байрны А блок, ** тоот орон сууцуудыг хохирогч А.Дид,

Голомт банкны зээлийн барьцаанд байгаа Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Жалханз хутагт Дамдинбазарын гудамж, 72 А байрны ** тооторон сууцыг хохирогч А.Б-д тус тус буцаан олгох нь зүйтэй.

Орон сууцуудыг буцаан олгох тал дээр шүүгдэгч Г.Т хүлээн зөвшөөрсөн, хохирогч А.Д, А.Б нар нь орон сууцуудаа бодитоор авах хүсэлтээ байгаа илэрхийлж, орон сууцаа авсан тохиолдолд шүүгдэгч Г.Т-д гомдолгүй гэсэн болно.

 

Шүүх шүүгдэгч Г.Т-ыг “залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нотлон тогтоосон тул энэ хэргээс улбаатай иргэний нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангахдаа зээлийн хүү, алданги тооцож гаргуулах үндэслэлгүй гэж үзлээ.

Учир нь, гэмт хэргээс бусдад учруулсан хохирол, хор уршгийг арилгахдаа шүүх бодит хохирлыг гаргадаг, түүнээс биш иргэний эрх зүйн харилцаатай адил хүү, алданги тооцох тухай ойлголт байхгүй.

Тухайлбал, Голомт банк нь үндсэн зээлээс гадна зээлийн хүү, алданги тооцож нийт 189.581.561 төгрөг нэхэмжилснээс 2 сарын зээлийн төлбөр болох 2.022.000 төгрөгийг хасаад 187.561.561 төгрөг нэхэмжилсэн.

Иймд үндсэн мөнгө болох 100.000.000 төгрөгийг шүүгдэгч Г.Т-аас гаргуулахаар шийдвэрлэсэн бөгөөд хохирлыг нөхөн төлөхөөр шүүх хуралдааныг завсарлуулсан хугацаанд шүүгдэгч Г.Т шүүхийн шийдвэрийн дагуу Голомт банкинд төлбөл зохих 100.000.000 төгрөгийг тухайн банкны 9145100003 тоот дансанд байршуулсан байна.

 

Харин иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон иргэн Д.Б нь шүүгдэгч Г.Т-д нийт 65.000.000 төгрөг зээлсэн байдаг ба үүнээс 18.000.000 төгрөгийг буцааж авсан. Одоо үлдэгдэл 47.000.000 төгрөгөө авах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байдаг.

Шүүх үлдэгдэл 47.000.000 төгрөгийг шүүгдэгч Г.Т-аас гаргуулахаар мөн шийдвэрлэсэн бөгөөд хохирлыг нөхөн төлөхөөр шүүх хуралдааныг завсарлуулсан хугацаанд шүүгдэгч Г.Т шүүхийн шийдвэрийн дагуу иргэн Д.Б-т төлбөл зохих 47.000.000 төгрөгт тооцож, Hino Profia маркийн ачааны автомашиныг шилжүүлсэн, иргэн Д.Б нь шүүгдэгч Г.Т-д гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болсон гэж түүний өмгөөлөгч О.Анхбаяр тайлбарлан, энэ талаарх баримтыг бичгээр үйлдэж шүүхэд өгснийг дурдах нь зүйтэй.

 

Иргэний нэхэмжлэгч “Гүн сан эрдэнэс” ББСБ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т “... 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар үндсэн зээл 40 сая төгрөг, хүү нь 31.246.666 төгрөгөөр бодогдож, нийт 71.246.666 төгрөгийн авлагатай болсон. Бид хөөцөлдөж явсны эцэст 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр Т гидрийн герман шингэн, моторын тос зэргийг өгөөд эдгээр зүйлсийг зараад мөнгөө олж ав гэж хэлсэн. Үүнийг нь бид нар 45.760.000 төгрөгөөр 2 компанид зарсан. Гэрээний үүргийн дагуу эхэлж төлөх ёстой 31.246.000 төгрөгөөс уг 45.760.000 төгрөгийг хасахаар 14.514.000 болж байгаа юм. Үндсэн зээл болох 40.000.000 төгрөгөөс дээрх 14.514.000 төгрөг хасвал 25.486.000 төгрөг болж байгаа. Үлдэгдэл 25.486.000 төгрөгөө гаргуулж авмаар байна” гэж мэдүүлсэн.

Энэ үйл явдал нь мөн иргэний эрх зүйн харилцаа биш тул хүү, алданги тооцох үндэслэлгүй гэж үзсэнээс гадна тухайн байгууллага “зээл” гэж олгосон 40.000.000 төгрөгөөс илүү мөнгийг шүүгдэгч Г.Т-аас авсан байх тул одоо нэхэмжилж буй 25.486.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг нь хэрэгсэхгүй болгов.

 

Шүүхээс шүүгдэгч Г.Т-д ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Шударга ёсны зарчмыг баримтлав. Тухайлбал, хохирол, хор уршгийг арилгасан байдлыг нь харгалзан түүнд хорих ял оногдуулах шаардлагагүй гэж үзсэн болно.

 

Шүүгдэгч Г.Т 7 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, уг хоногийг эдлэх торгох ялын хэмжээнээс хасаж тооцов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг, 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.3 дугаар зүйл, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

                                                                                                            ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х овогт Гийн Т-ыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсны улмаас их хэмжээний хохирол учруулан “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Г.Т-ыг дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 40.000.000 /дөчин сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Г.Т-ын цагдан хоригдсон 7 /долоо/ хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, түүнд оногдуулсан 40.000.000 төгрөгөөр торгох ялаас хасаж, эдлэх торгох ялын хэмжээг 39.895.000 /гучин есөн сая найман зуун ерэн таван мянга/ төгрөгөөр тогтоосугай.

 

4. Шүүгдэгч Г.Т шүүхээс оногдуулсан 39.895.000 төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Г.Т-д урьд авагдсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн өөрчилж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болж торгох ял биелэгдэх хүртэл хугацаанд түүнд Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах “Хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

6. Шүүгдэгч Г.Т-д Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах “Хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх арга хэмжээ авсан талаар Хил хамгаалах ерөнхий газарт даруй мэдэгдэж, шүүхийн шийтгэх тогтоолын хувийг тухайн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.

 

7. Шүүхээс шүүгдэгч Г.Т-д торгох ял оногдуулж, түүний “цагдан хорих” таслан сэргийлэх арга өөрчлөгдсөн талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангид мэдэгдэхийг шүүгчийн туслахад даалгасугай.

 

8. Шүүхийн энэ шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц өмчлөх эрхийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 471 дугаартай “Прокурорын зөвшөөрөл” гэсэн тогтоолыг хүчингүй болгож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, 14 дүгээр хороолол, 118 дугаар байрны ** тоот, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, “Шинэ гэр орон сууц” байрны А блок, ** тоот орон сууцуудыг хохирогч А.Дид, 

Голомт банкны зээлийн барьцаанд байгаа Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Жалханз хутагт Дамдинбазарын гудамж, 72 А байрны ** тоот орон сууцыг хохирогч А.Б-д тус тус буцаан олгосугай.      

 

 

9. Иргэний нэхэмжлэгч “Гүн сан эрдэнэс” ББСБ-ын нэхэмжилсэн 25.486.000 /хорин таван сая дөрвөн зуун наян зургаан мянга/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

10. Хохирлыг нөхөн төлөхөөр шүүх хуралдааныг завсарлуулсан хугацаанд шүүгдэгч Г.Т шүүхийн шийдвэрийн дагуу Голомт банкинд төлбөл зохих 100.000.000 /нэг зуун сая/ төгрөгийг тухайн банкны 9145100003 тоот дансанд байршуулсан болохыг,

иргэн Д.Б-т төлбөл зохих 47.000.000 /дөчин долоо сая/ төгрөгийг төлж барагдуулсан болохыг тус тус дурдсугай.

 

11. Шүүхэд хэргийн хамт ирүүлсэн CD 1 ширхэгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

12. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

13. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Г.Т-д авагдсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах “Хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр байлгасугай.

 

      

                                ДАРГАЛАГЧ,

          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                      О.ЖАНЧИВНЯМБУУ