Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Гаанжуурын Алтанцэцэг |
Хэргийн индекс | 188/2022/1217/Э |
Дугаар | 2022/ШЦТ/1235 |
Огноо | 2022-04-10 |
Зүйл хэсэг | 101.1., |
Улсын яллагч | Э.О |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 04 сарын 10 өдөр
Дугаар 2022/ШЦТ/1235
2022 10 04 2022/ШЦТ/1235
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж, шүүгч Л.Баатар, шүүгч Ц.Урангуа нарын бүрэлдэхүүнтэй,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ц,
улсын яллагч Э.О,
иргэдийн төлөөлөгч Х.Б,
шүүгдэгч Ц.М түүний өмгөөлөгч Ө.Б, хэлмэрч П.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Г танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Ц.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ........... дугаартай хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Ц.М регистрийн дугаар
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ц.М нь 2022 оны 07 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, Саппоро үйлчилгээний төвийн автобусны буудал дээр доромжилсон гэх шалтгааны улмаас хохирогч С.М толгойгоор нь олон удаа газар мөргүүлж, хүнийг алсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ц.М шүүхийн хэлэлцүүлэгт: “...Би хохирогчийг танихгүй боловч мэднэ. Тэр өдөр хохирогч нь найз эмэгтэйтэйгээ хамт байсан, би наана нь зогсож байхад хохирогч нь намайг доромжлоод байсан, би сонсохгүй ч тухайн хүн ямар үйл хөдлөл хийж, хандаж байгааг хараад мэднэ. Ер нь надтай тааралдах болгондоо байнга л доромжилж дээрэлхдэг байсан. Хохирогч нь тухайн үед архи үнэртүүлсэн байсан. Тэгээд би тухайн үед доромжлуулаад уур хүрээд бас хоол идээгүй бие жаахан тийм байсан болохоор уурандаа хохирогчтой барьцалдаж авсан, би хохирогчийн толгойноос нь барьж үснээс нь зулгаагаад хоёр удаа газар цохисон нь үнэн, тэгээд дараа нь хамрыг нь чимхээд шалгаж үзэхэд хохирогч амьсгалж байсан болохоор гайгүй юм байна гэж бодсон. Биднийг 1 хүн ирээд салгасан, би хохирогчийг нас барчихна гэж мэдээгүй, харамсаж байна, надад их хэцүү байна” гэв. (шүүх хуралдааны тэмдэглэл),
2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Д шүүхийн хэлэлцүүлэгт: “...би гомдолтой байна. Шүүгдэгч болон түүний ар гэрийнх нь бид нараас нэг ч уучлалт гуйгаагүй. Тэгээд гэнэт өчигдөр бил үү уржигдар яриад дансаа өгчих хохирлоо төлөх гэсэн юм гээд 6,150,000 төгрөг төлсөн. Гэхдээ хүний амь нас хохирсон энэ асуудалд мөнгөөр үнэлэх боломжгүй, мөрдөгч нь оршуулгын зардлын баримтаа авчир гэсэн учир баримтуудыг нь авчирч өгсөн.Түүнээс нэхэмжилнэ гэсэн бодол байгаагүй. Би энэ байдлаас үндэслэн шүүгдэгчийг гэм буруугаа хүлээхгүй байна гэж харж байна. Шүүгдэгчид хуулийн дагуу ял шийтгэлийг оногдуулаасай гэж хүсэж байна” гэв. (шүүх хуралдааны тэмдэглэл),
Гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч нь “...Шүүгдэгч Ц.М хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах” тухай дүгнэлтийг,
Иргэдийн төлөөлөгч нь “...шүүгдэгч Ц.М нь хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн буруутай байна” гэсэн дүгнэлтийг,
-хохирогчийн хууль ёсны төлөөлөгч : “...гомдолтой байна, баримттай зардлаа авсан, цаашид нэхэмжлэхгүй зүйлгүй, хуулийн дагуу шийдэж өгнө үү” гэж,
Шүүгдэгч Ц.М, түүний өмгөөлөгч нараас “...гэм буруу дээр маргахгүй, хохирогчийн төлөөлөгчид оршуулгын зардлыг төлсөн байгаа” гэсэн санал, дүгнэлтийг тус тус гаргасан.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч Ц.М нь 2022 оны 07 дугаар сарын 17-ны өдрөөс 18-ны өдөрт шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, Саппоро үйлчилгээний төвийн автобусны буудал дээр “өөрийг доромжилсон” гэх шалтгаанаар хохирогч С.М үснээс зулгааж, толгойн дагз хэсгээр 7 удаа явган хүний цементэн замыг мөргүүлж амь насыг хохироосон нь дараах нотлох баримтуудтай байна. Үүнд:
1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл: “... 2022 оны 07 дугаар сарын 8-ны шөнийн 02 цаг 22 минутад Сонгинохайрхан дүүргийн 12 дугар хорооны нутаг дэвсгэрт байрлах Саппарогийн автобусны буудал дээр хүн зодуулсан ухаангүй хэвтэж байна” гэх (хавтаст хэргийн 1-2 дахь тал),
2. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдэд (хавтаст хэргийн 5 дахь тал),
3. Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийн хамт: хяналтын камерын бичлэгт тусгагдсанаар “...2022 оны 7 дугаар сарын 18-ны 01:37:33 секундэд Саппорогийн автобусны буудлын сүүдрэвчний баруун хойд хэсэгт зогсож байсан хохирогч С.М сэжигтэн Ц.М нь хүчтэй түлхэж, ар нуруу хэсгээр нь газарт унагаж байгаа нь харагдах ба 01:52:49 секундэд хоорондоо зууралдаж, харилцан зодолдсон. Улмаар Ц.М нь хохирогч С.М толгой хэсгээр цементэн явган хүний зам бүхий хатуу гадаргуу 01:53:00 цаг хүртэл нийт 7 удаа хүчтэй мөргүүлсэн, энэ үеэр хажуугаас нь нэг эрэгтэй хүн сэжигтэй этгээдийг болиулж, сэжигтэй этгээд нь цааш явсан. 02:14:01 секундэд яаралтай түргэн тусламжийн машин ирж хохирогчийг авч явсан ба хохирогч нь сэжигтэй этгээдэд зодуулснаас хойш хөдөлгөөнгүй хэвтээ байдалтай байсан нь дүрслэгдэж бэхжигдсэн байна.” (хавтаст хэргийн 45-49 дэх тал),
4. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Д “...Манай ээж талийгаач С.М 1966 оны 08 дугаар сарын 04-ний өдөр н ууган охин болон мэндэлсэн. Манай ээж айлын том хүүхэд бөгөөд доороо 1 дүүтэй, ээж С.М нь ааваас салснаасаа хойш сэтгэл санаагаар их унах болсон бөгөөд архи согтууруулах ундааг ихээр хэрэглэдэг болчихсон. Ихэвчлэн ганцаараа архи уудаг, дотно нөхөд гэх хүн бараг байгаагүй. Манайх бараг сүүлийн 20 гаран жил Сонгинохайрхан дүүргийн дугаар хороо, Алтайн тоотод байрлах байшинд ээж маань манай ах Б хамт амьдардаг, Б ах хөдөө ажлаар явсан үед ганцаараа байдаг байсан юм. Ээжийн минь буяны ажилд гарсан баримттай нийт 6,120,000 төгрөгийг нэхэмжилсэн. Энэ мөнгийг шүүгдэгчийн ах нь надад төлж барагдуулсан тул нэхэмжлэх зүйлгүй. Ээжийн минь амь насыг хохироосон хүнд хуулийн хариуцлага хүлээлгэмээр байна, гомдолтой...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 20-21 дэх тал),
5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 1955 дугаартай “...Талийгаач С.М цогцост баруун чамархай, зулай, суурь ясны үргэлжилсэн шугаман хугарал, зүүн чамархайн дэлбэн, бага тархины аалзан хальсан доорх цус харвалт, тархины эдийн цусархаг няцрал, хоёр тал бөмбөлгийн зулай, баруун чамархайн дэлбэнгийн аалзан хальсан доорх цус харвалт, баруун чамархайн булчин, зулайн хуйханд цус хуралт, зүүн чамархайн хуйх, хацар, хацар, чихний дэлбэн, тохой, баруун тохой, өлмийд зулгаралт, зүүн шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Учирсан гэмтэл нь шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Талийгаачийн цогцост үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаач нь 2022.07.20-ны өдрийн 19:40 цагт нас баржээ. Ходоод нь агууламжгүй байна. Нас барах үедээ согтолтгүй байжээ. Цусанд мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис илрээгүй. Талийгаачид эмнэлгийн тусламж үйлчилгээг зохих журмын дагуу үзүүлсэн байна. Гавал тархины битүү гэмтлийн улмаас нас баржээ.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 135-142 дахь тал),
6. Гэрч Б.Э: “...Би 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдөр өөрийн гэр болох Сонгинохайрхан дүүргийн 43 дугаар хороо Алтай 2-80 тоотоос 01 цаг орчимд гарч яваад Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Саппоро "Шөлөндөө" түргэн хоолны газарт орж нарийн махан хуурга авч идчихээд гэр лүүгээ харих гэж Саппоро төвийн урд талд байрлах автобусны буудал дээр такси барих гээд зогсож байтал үл таних таних эмэгтэй хүн надаас тамхи асуухаар нь би өөрийн татдаг Хар Ессе нэртэй тамхинаас гаргаж өгөх гэж байтал бас нэг үл таних эмэгтэй ирээд надаас тамхи авах гэж байсан эмэгтэйг шууд түлхээд газар унагаагаад тэр 2 барилцаж, ноцолдож байгаад надаас тамхи авах гэж байсан эмэгтэйг газар унагаагаад дагзаар нь явган хүний цементэн замыг 2 мөргүүлэхээр нь би гайхаад тэр эмэгтэйг зодож байсан үл таних эмэгтэйг бариад автал над руу муухай орилоод дунд хуруугаа гаргаад салаавч гаргаад Цамбагарав тал руу алхаад яваад өгсөн. Тэр эмэгтэй бор царайтай, 160-167 см орчим өндөртэй, туранхай, цагаан оруулгатай жинсэн өмдтэй, хар цамцтай, миний ойлгосноор дохио зангаагаар муухай орилоод байсан учир би хэлгүй гэж бодож байна. Би иргэн хүнийхээ үүргийг гүйцэтгэж түргэн тусламжийн 103 дугаарт залган дуудлага өгөөд цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт залгаж дуудлага мэдээлэл өгсөн. Надаас тамхи асуух үедээ зүгээр байсан тэр эмэгтэй зодуулсны дараа хөдөлж чадахгүй байсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 25-26 дахь тал),
7. Гэрч Ч.Л: “...2022 оны 07 дугаар сарын 18-нд шилжих шөнө ойролцоогоор 02 цагийн үед байсан байхаа, би өөрийн найз эмэгтэй болох Нтай хамт Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, Саппоро төвийн авто буусны буудлаас Цамбагарав луу явах явган хүний зам дагуу байрлах сандал дээр сууж байсан чинь нэг хэлгүй бололтой хар өнгийн куртиктэй эмэгтэй муухай орилоод нэг туранхай бор царайтай настайдуу эмэгтэйг үсдээд газар чирч унагаагаад гараараа хоёр энгэрээс нь барьж байгаад хойд талын дагз хэсгээр нь нэлээн хэдэн удаа хүчтэй цементэн газар мөргүүлээд байсан ба газар түг түг гээд дуугарч байсан. Тэгээд доор нь байсан эмэгтэй ухаан алдаад унасан, би наанаас нь “хөөш болиоч ээ, хүн аллаа шүү дээ, наадхаа салгаач ээ” гэж орилоход хажууханд такси барих гээд зогсож байсан нэг эрэгтэй хүн тэр хэлгүй бололтой эмэгтэйг салгаж холдуулсан чинь тэр эмэгтэй гараараа салаавч гаргаж орилчхоод хажуугаар нь гараад яваад өгсөн. Тэгээд тэр хоёрыг салгасан эрэгтэй хүн өөрийн гар утсаараа түргэн тусламж болон цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Учир нь, тэр зодуулсан эмэгтэй газарт ямар нэг хөдөлгөөнгүй, ухаан алдсан байдалтай хэвтээд байсан болохоор нь түргэн тусламж дуудсан юм. Би тэр хоёр эмэгтэйг огт танихгүй ямар учраас муудалцсан талаар нь мэдэхгүй, барьцалдаж аваад орилж байхад нь харсан юм. Эхлээд бол газар тэр хоёр хоёулаа нэгэнтэйгээ барьцалдаж аваад байж байсан, тэгээд газар унагаагаад газар мөргүүлэх үед тэр эмэгтэй ухаангүй болчихсон. Газар их хүчтэй мөргүүлээд байсан. Би тэр хоёроос нэлээн зайтай байхад газар мөргөж байгаа чимээ нь сонсогдож байсан. Тэгээд удалгүй түргэн тусламжийн машин ирээд тэр эмэгтэйг аваад явсан. Тэр эмэгтэйн бид ил харагдах бэртэл гэмтэл ажиглагдаагүй бөгөөд ухаангүй болчихсон сэрэхгүй байсан” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 28 дахь тал),
8. Гэрч Ч.Н: “...2022 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 02 цаг орчимд Л бид 2 хамт Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо Саппорогийн хойд талын автобусны буудал дээр сандал дээр сууж байтал Саппоро орчмоор явдаг, хэлгүй өндөр туранхай хүүхэн нь тэр хавиар орилж явж байгаад зүс таних эгч нэг залуутай юм яриад зогсож байхад очоод түлхэж унгаагаад, газар унахаар нь хүзүүнээс нь бариад газар толгойгоор цохиод байсан. Тэгсэн автобусны буудал дээр байсан хүмүүс “наадхаа салгаач ээ, хүн аллаа” гэж хэлэхэд зүс таних эгчийн хажуу талд зогсож байсан хүн тэр 2-г салгахад хэлгүй хүүхэн бид 2 дээр ирээд цээжээ цохиж орилж байгаад Цамбагарав зүглээд алхаад явсан. Зодуулсан гэх эгч дээр яаралтай түргэн тусламжийн машин ирээд аваад явсан” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 30-31 дэх тал)
9. Шүүгдэгч Ц.М мэдүүлгийн газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийн хамт: тэрээр хохирогчийг зодсон гэх газраа зааж өгсөн (хавтаст хэргийн 51-53 дахь тал),
10. Шүүх сэтгэц эмгэг судлалын 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 743 дугаартай дүгнэлт: “...Ц.М нь сэтгэцийн хувьд төрөлхийн хэлгүй дүлийгээс шалтгаалсан танин мэдэхүйн хөнгөн хоцрогдолтой байна. Ц.М нь болж өнгөрсөн үйл явдлыг дохионы хэлмэрчийн тусламжтай үнэн зөвөөр тусган илэрхийлэн мэдүүлэг өгөх чадвартай байна. Ц.М нь гэмт хэрэг үйлдэгдэх үед болон үйлдэгдсэний дараа сэтгэл санааны цочролд орсон гэх шинж тэмдэг илрээгүй байна. Ц.М нь хэрэг үйлдэх үедээ болон үйлдсэнийхээ дараа өөрийн үйлдлийн нийгмийн аюулын шинжийг ухамсарлан ойлгож удирдан жолоодох чадвартай байна. Ц.М нь хэрэг хариуцах чадвартай байна. Ц.М эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг авах шаардлагагүй байна.” гэж тусгасан (хавтаст хэргийн 155-158 дахь тал),
11. Яллагдагч Ц.М “...Би прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа. Би уг тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би хохирогчийг танихгүй боловч мэднэ. Тэр өдөр хохирогч нь найз эмэгтэйтэйгээ хамт байсан, би наана нь зогсож байхад хохирогч нь намайг доромжлоод байсан, би сонсохгүй ч тухайн хүн ямар үйл хөдлөл хийж, хандаж байгааг хараад мэднэ. Ер нь надтай тааралдах болгондоо байнга л доромжилж дээрэлхдэг байсан. Хохирогч нь тухайн үед архи үнэртүүлсэн байсан. Тэгээд би тухайн үед доромжлуулаад уур хүрээд бас хоол идээгүй бие жаахан тийм байсан болохоор уурандаа хохирогчтой барьцалдаж авсан, би хохирогчийн толгойноос нь барьж үснээс нь зулгаагаад хоёр удаа газар цохисон нь үнэн, тэгээд дараа нь хамрыг нь чимхээд шалгаж үзэхэд хохирогч амьсгалж байсан болохоор гайгүй юм байна гэж бодсон. Биднийг 1 хүн ирээд салгасан, би хохирогчийг нас барчихна гэж мэдээгүй, харамсаж байна, надад их хэцүү байна.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 170 дахь тал) зэрэг нотлох баримтуудтай байна.
Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь шүүгдэгчийн хувийн байдал, цаашилбал түүнийг нийгмийн харилцаанд оролцох явцад тулгардаг аливаа бэрхшээл, саад тотгор, хүмүүс хоорондын харилцаа, гадуурхал, шүүгдэгчийн зүгээс энэ байдлыг эмзгээр хүлээж авдаг байдал нөлөөлсөн байхыг үгүйсгэхгүй байна. Учир нь,
Шүүгдэгч Ц.М нь төрөлхийн сонсголгүй, хэлгүй байх бөгөөд Нийслэлийн ерөнхий боловсролын 29 дүгээр сургуульд суралцаж байгаад 5 анги төгсөх жилээ сургуулиас өвчний улмаас гарсан, суралцаж байх хугацаанд зожигдуу, нийтэч бус хүүхэд байсан төдийгүй оюун хөгжлийн хувьд бусад хүүхдүүдээс бага зэрэг хоцрогдолтой , юмыг удаан ойлгодог, хааяа хааяа их дургүй хүрсэн зүйл дээр огцом түргэн зан гаргадаг байсан болохыг ангийн багш болох У.Б мэдүүлсэн (хавтаст хэргийн 105-106 дахь тал), С.М сэтгэл зүйн байдлын талаарх дүгнэлтэд “....эмзэг, амархан гомддог, хурц ширүүн цочмог ууртай, өчүүхэн жижиг зүйлс ч сэтгэлийг нь эмзэглүүлдэг, тулгарч буй зүйлийг муу аюултай талаас нь харж хүлээж авах хандлагатай, сэтгэлийн шарх, гомдлоо дотроо удаан хадгалдаг хүн болохыг тусгасан. (хавтаст хэргийн 115 дахь тал), Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн сэтгэлзүйн шинжилгээнд Ц.М “...хэн нэгэнд гомдож байсан эсэх, хар дарж зүүдлэх зэрэг сэтгэл хөдлөл хөндсөн асуултыг асуухад хариу үйлдэл ихэссэн буюу хүмүүс хоорондын харилцаатай холбоотой асуултуудад хариу үйлдэл ихэссэн (хавтаст хэргийн 154 дэх тал), Шүүх сэтгэц эмгэг судлалын 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 743 дугаартай дүгнэлт: “...Ц.М нь сэтгэцийн хувьд төрөлхийн хэлгүй дүлийгээс шалтгаалсан танин мэдэхүйн хөнгөн хоцрогдолтой байна” гэж дүгнэсэн байна. (хавтаст хэргийн 155-158 дахь тал),
Монгол Улсын Үндсэн хуулийн арван дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна” гэж,
Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 1 дүгээр зүйлд “...Хүн бүр төрөхөөсөө эрх чөлөөтэй, нэр төр, эрхийнхээ хувьд адил тэгш байна. Тэдэнд оюун ухаан, өрлөг сэтгэл заяасан бөгөөд өөр хоорондоо ахан дүүгийн ёсоор харилцах ёстой” гэж, 2 дугаар зүйлд “...Хүн бүр энэ Тунхаглалд заасан бүхий л эрх, эрх чөлөөг арьс үндэс, арьсны өнгө, хүйс, хэл, шашин шүтлэг, улс төрийн болон бусад үзэл бодол, үндэсний буюу нийгмийн гарал, эд хөрөнгө, язгуур угсаа болон бусад байдлын ялгааг эс харгалзан ямар ч гадуурхалгүйгээр эдлэх ёстой. Мөн түүнчлэн тухайн хүнийг харьяалдаг улс буюу нутаг дэвсгэрийн улс төр, эрх зүй болон олон улсын статус ямар ч байлаа гэсэн, тухайлбал, тусгаар тогтносон буюу асрамжид байгаа, өөрөө эс удирдах зэрэг бүрэн эрхт байдал нь ямар ч байдлаар хязгаарлагдмал байсан тэр нь ялгаварлах үндэс болох ёсгүй” гэж тунхагласнаас гадна Арьс үндсээр алагчлах бүх хэлбэрийг устгах тухай олон улсын конвенцид энэ талаар тусгасан байна.
Дээрх хууль, конвенцийн агуулгаас үзвэл, хүн бүр төрсөн цагаасаа эрх зүйн этгээд болж, адил эрх эдэлж, үүрэг хүлээх, эрх чөлөөтэй байх, амьдрах, ажиллах нөхцөл бололцоогоор хангагдах ёстой байна.
Гэтэл шүүгдэгч Ц.М нь мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхдөө хүмүүс өөртэй нь харилцахдаа тэгш бус хөгжлийн бэрхшээлтэй гэдэг байдлаар ханддаг, дорд үздэг, хэл амаар доромжилдог, шударга бус ханддаг байсан талаар удаа дараа илэрхийлсэн бөгөөд тэрээр энэ байдлаас улбаалан хүнд итгэх итгэл алдарсан, өөрийгөө дорд үздэг болсон төдийгүй бусдаас хандаж буй эерэг болон сөрөг хандлагыг бүгдийг нь сөргөөр хүлээж авч эмзэглэдэг, гомдлоо удаан хугацаагаар тээж явдаг хүн болж хувирсан байна. Түүнийг ийм байдалд хүргэхэд хүмүүс бидний буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн байхыг үгүйсгэхгүй ба Ц.М энэ эмзэг байдал нь гэмт хэрэг үйлдэхэд хүргэсэн байна. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Ц.М нь амь хохирогчийг өөрийнх нь эсрэг чигчий хуруугаа гозойлгоод юм хэлээд байсан гэх үйлдлийг өөрийг нь дорд үзсэн, доромжилж байна гэж хүлээж авч, огцом уурлан хохирогчийн биед халдаж, амь насыг нь бүрэлгэсэн үйлдлээр илэрч байна.
Нөгөө талаас Монгол улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 1 дэх хэсэгт“...амьд явах эрхтэй. Монгол Улсын Эрүүгийн хуульд заасан онц хүнд гэмт хэрэг үйлдсэний учир шүүхийн хүчин төгөлдөр тогтоолоор ялын дээд хэмжээ оногдуулснаас бусад тохиолдолд хүний амь нас бусниулахыг хатуу хориглоно” гэж, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй” гэж тунхагласан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “... энэ хуулийн тусга ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд “хүнийг алах” гэмт хэргийг үйлдсэн бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан байна.
Шүүгдэгч Ц.М нь өөрийн үйлдлээс буюу амь хохирогч С.М толгойн дагз хэсгээр явган хүний цементен замыг 7 удаа мөргүүлсэн энэхүү үйлдлээс шалтгаалан эрүүл мэндэд гэмтэл учрах боломжтойг цаашилбал амь нас хохироход хүргэх хор уршигтай мэдсээр байж хохирогчийн эсрэг удаа дараа хүч хэрэглэж, амь насанд нь аюултай хүнд гэмтэл учруулсан, амь хохирогчид учирсан гэмтэлд нь эмчилгээ хийсэн ч аврагдах боломж муутай байсан байх тул прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинжид тохирсон байна гэж дүгнэлээ. Өөрөөр хэлбэл,
Хүнийг алах гэмт хэрэг нь хүний амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хүн нас барсан байхыг хэлэх ба шүүгдэгчийн үйлдэл, амь хохирогчийн үхэл хоёрын хооронд шалтгаант холбоотой байдаг бөгөөд энэ хэргийн тухайд, шүүгдэгч Ц.М үйлдэл, хохирогч С.М үхэл хоёрын хооронд шалтгаант холбоотой, хэсэг хугацааны дараа амь хохирогч нас барсан нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй гэж үзсэн.
Иймд шүүгдэгч Ц.М “хүнийг алах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл болсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн болно.
Хохирол төлбөрийн тухайд: Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Д нь оршуулгын зардал хэмээн 6,120,000 зарцуулсан гэж нэхэмжилж холбогдох баримтыг мөрдөн байцаалтын шатанд гаргаж өгсөн. (хавтаст хэргийн 60-65 дахь тал)
Шүүгдэгч Ц.М нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Д 6,150,000 төгрөг дансаар шилжүүлсэн гэх асуудлыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Д нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн, цаашид нэхэмжлэх зүйлгүй гэх тул шүүгдэгч Ц.М бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.М 10 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хаалттай хорих байгууллагад эдлүүлэх” тухай дүгнэлтийг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Д: “...гомдолтой, прокурорын санал болгосон ял бага байна гэж үзэж байна” гэж,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Б: “..шүүгдэгч Ц.М нь хөгжлийн бэрхшээлтэй хүн. Тэрээр хохирлыг төлсөн, гэм буруугийн асуудал дээр маргаагүй, хүлээн зөвшөөрч маш их харамсаж байгаагаа сая шүүхийн хэлэлцүүлэгт илэрхийлсэн. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлаж, түүн оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж шийдвэрлэж өгнө үү” гэж,
Шүүгдэгч Ц.М“...хохирогч дандаа дайралдах болгондоо намайг доромжилдог байсан. Намайг доромжилж байгааг би хараад мэддэг байсан. Энэ байдалд би их гутардаг байсан. Би тэгж байгаад гайгүй болчих байлгүй дээ гэж бодсон ч тэгээгүй, өөрчлөгдөөгүй. Гэхдээ би маш их харамсаж байна, уучлалт гуйж байна” гэсэн санал, дүгнэлтийг тус тус гаргасан.
Шүүгдэгч Ц.М үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь заалтад заасан учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.
Шүүхээс шүүгдэгч Ц.М эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн үйлдлийн улмаас Үндсэн хуулиар хамгаалагдсан хүний эрдэнэт амь нас хохирсон, хор уршгийн шинж чанар, түүнийг арилгах боломжгүй нөхцөл байдлыг харгалзсанаас гадна шүүгдэгч нь баримтаар нэхэмжилсэн оршуулгын зардлыг төлсөн, цаашид төлөх төлбөргүй байдал, мөн шүүгдэгч Ц.Мнь хувийн байдлын хувьд сонсголгүй, хэлгүй буюу хөгжлийн бэрхшээлтэй, түүний хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг 70 хувиар тогтоож, 2009 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс хугацаагүй сунгасан баримттай (хавтаст хэргийн 78 дахь тал) зэргийг тус тус харгалзан улсын яллагчийн санал болгосон ялын хэмжээг бууруулж, шүүгдэгч Ц.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Хэдийгээр шүүгдэгчийн өмгөөлөгч нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг хэрэглэж өгөхийг хүссэн хэдий боловч шүүгдэгч Ц.М гэмт үйлдлийн арга, үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хүний амь нас хохирсон зэрэг байдлыг үндэслэн хэрэглэх боломжгүй гэж үзсэн тул өмгөөлөгчийн дүгнэлтийг хүлээн аваагүй болохыг тэмдэглэв.
Шүүгдэгч Ц.М нь 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүртэл нийт 74 хоног цагдан хоригдсон байх тул түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байна. (хавтаст хэргийн 173, 177 дахь тал)
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг CD-г хэрэгт хавсарган хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.М 8 (найм) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.М оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.М цагдан хоригдсон 74 (далан дөрөв) хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.
5. Шүүгдэгч Ц.М нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Д 6,150,000 (зургаан сая, нэг зуун тавин мянга) төгрөгийг төлсөн, цаашид төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
6.Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг CD-г хэрэгт хавсарган хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч Ц.М урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд Ц.М авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АЛТАНЦЭЦЭГ
ШҮҮГЧ Л.БААТАР
ШҮҮГЧ Ц.УРАНГУА