Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1184

 

           

 

 

 

 

2022            09            23                                       2022/ШЦТ/1184

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

            шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Х,

            улсын яллагч С.Э /томилолт/,

            шүүгдэгч У.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос У.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ..............дугаартай хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

           ,

            Урьд Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 206 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдөр  хугацааны өмнө тэнсэж, суллагдсан,

            Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 463 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэлээр шийтгүүлж, ялыг биелүүлсэн, У.Э

           

            Холбогдсон хэргийн талаар:

            Шүүгдэгч У.Э нь 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, “Москва” хорооллын голын зам дээр иргэн А.Б эзэмшлийн эд хөрөнгө болох 64-55 УНВ улсын дугаартай “Тоёота приус 20” маркийн автомашины баруун, зүүн урд 2 ширхэг толийг хугалж, автомашиныг цаасны хутгаар тойруулж зурж гэмтээн 745.000 төгрөгийн хохирол  учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүгдэгч У.Э шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...А.Б машиныг гэмтээсэн нь миний буруу гэмшиж байгаа. Гэхдээ А.Б би 20,000 төгрөг өгөөч, ном хуруулах гэсэн юм гэхэд намайг элдвээр хэлж шүлс амаа үсчүүлээд танхайраад байсан юм. Намайг өмнө зодож гэмтэл учруулж байсан. Эхнэртэйгээ нийлж ажил төрөл хийлгэхгүй янз бүр болдог байсан” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл)

 

            Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Үүнд: Хохирогч А.Бы мэдүүлэг (хавтаст хэргийн 18-19 дэх тал), гэрч П.Ц мэдүүлэг (хавтаст хэргийн 27-28 дахь тал), “А” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 36-38 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 51-59 дэх тал), иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 68 дахь тал), оршин суух хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 70 тал), эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хавтаст хэргийн 67 дахь тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа /хавтаст хэргийн 69 дэх тал/, хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 71-80 дахь тал/, шүүгдэгч У.Э мэдүүлэг (хавтаст хэргийн 47-48 дахь тал), шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс гаргаж өгсөн баримт (шүүх хуралдааны тэмдэглэл) зэрэг болно.            Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

           

            Нэг: Гэм буруугийн талаар:

            Шүүгдэгч У.Э нь 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, “Москва” хороолол, 8 дугаар байрны гаднах зогсоол дээр байрлуулан тавьсан иргэн П.Ц эзэмшлийн 64-55 УНВ улсын дугаартай “Тоёота приус 20” маркийн автомашины баруун, зүүн урд 2 ширхэг толийг хугалж, автомашиныг цаасны хутгаар тойруулан зурж гэмтээн  745.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь дараах нотлох баримтуудаар тогтоогдсон байна. Тухайлбал,  

            1.Хохирогч А.Б: “...Манай ажлын газрын найз М хамт 19 цагийн үед Паб-д орц 0,5 литрийн гурван шил пиво ууж байтал Э гэх эмэгтэй гаднаас орж ирээд хажуу ширээд сууж байгаад тэгээд манай найз М гараад явсны дараа бид “паб”-аас хамт гараад 84-66 УБН улсын дугаартай автомашинд суугаад замдаа явж байхад Э надаас эм тарианы мөнгө нэхсэн. Тэгэхээр нь би “...миний цалин буугаагүй, надад мөнгө байхгүй ээ” гээд хэлсэн чинь уурлаад бид хоорондоо маргалдсан. Тэгээд манай байрны урд зам руу явж байгаад 64-55 УНВ улсын дугаартай миний машиныг харчхаад маргалдсан шалтгаанаас үүдэн цаасны хутгаар зураад 2 толь хугалсан. Тэгэхээр нь би цагдаа дуудлаа шүү гээд хэлсэн чинь яваад өгсөн. Уг 64-55УНВ тээврийн  хэрэгсэл нь манай эхнэрийн  нэр дээр байдаг юм. Э бид  хоёр 2009 онд  танилцаж  дотно харилцаатай  хүмүүс, харьцаа  их сайн байсан. 2011 оноос  хойш Э нь  манай эхнэртэй  хэрэлдээд хэрүүл  марган гарч байсан,  тэрнээс хойш намайг гэрт хариулахгүй гэр оронд оруулахгүй  байдал нь ихсээд ирсэн. Миний машинд 745,000 төгрөгийн хохирол учирсан. Э  өмнө хэрүү маргаан гаргаж  бас л миний  машиныг  зурж сэвтүүлж 500,000 төгрөгийн хохирол учруулж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18-19,24 дэх тал),

           

            2. Гэрч П.Ц “....Миний бие 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 64-55 УНВ машинаа оройн 20 цагийн үед байрны зогсоол дээр тавьчхаад гэртээ орсон. Тэгсэн нөхөр над руу утсаар яриад “машин зураад толь хугалчихлаа” гээд хэлэхээр нь би “наад асуудлаа чи өөрөө зохицуулаа, наад заваан асуудалд чинь оролцохгүй” гээд хэлсэн. Тэгээд би гарч машинаа харчхаад гэр лүүгээ орсон. Өмнө нь энэ Э гэх эмэгтэй бас л зурж сэвтүүлж байсан. Би 64-55 УНВ приус 20 машинаа 2012 онд худалдаж авч байсан,  тэрнээс хойш  миний нэр дээр  яваа тээврийн хэрэгсэл юм. Тэгэхдээ энэ удаагийн  хуралд  нөхөр А.Быг  хохирогчоор оролцуулмаар байна. Э  гэх эмэгтэй нь  манай нөхөртэй гэр бүлийн гадуурх  харилцаатай хүн,  энэ удаагийн  маргааны шүүх хуралд  би  оролцохгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27-28 дахь тал/,

 

            3.А ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан: “...64-55 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн зардал 745,000 төгрөг” (хавтаст хэргийн 36 дахь тал)

           

            4.Шүүгдэгч У.Э: “...Би прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа. Би уг тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би өөрийн үйлдсэн хэрэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Маргах зүйл байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 47-48 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэл) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

            Дээрх хэргийн үйл баримтыг дүгнэхэд, хохирогч А.Б нь  гэр бүлтэй атлаа  2009 онд шүүгдэгч У.Э танилцаж, гэр бүлээс гадуурх харилцааг үүсгэн өдийг хүргэсэн нь гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан нөхцөл болсон байхыг үгүйсгэхгүй, хэрэг гардаг тухайн өдөр шүүгдэгч У.Э нь хохирогч А.Б мөнгө нэхэж очсоноор хоорондоо маргалдсан байх ба улмаар У.Эрхэмбаяр нь  хохирогчид уурласан уурандаа хохирогчийн амьдардаг байрны гадаа ил зогсоол дээр тавьсан тээврийн хэрэгслийг тойруулан цаасны хутгаар зурж, 2 толийг нь хугалж гэмтээсэн  нь хохирогч, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсоноос гадна шүүгдэгч У.Э өөрийнх нь мэдүүлгээр тогтоогдсон болно.

 

Шүүхээс нотлох баримтаар тооцсон хөрөнгийн үнэлгээний тайлангаар хохирогч А.Б тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэл, гэмтлийг засварлах, солих зардлыг нийт 745,000 төгрөгөөр тооцож үнэлсэн, энэ нь хэмжээний хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь заалтад заасан хэмжээнээс дээш байх тул хууль зүйн хувьд бага хэмжээнээс дээш хохирол учирсан гэж үзэв.

Шүүгдэгч У.Э нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарласан ч түүнийг хүсч үйлдэн хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.

            Шүүгдэгч У.Э дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн буюу “бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг тухайн зүйл хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн болно.

 

            “Тоёота Приус 20” маркийн 64-55 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл эзэмшигч нь П.Ц болох нь тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбараар тогтоогдсон байх боловч гэрчээр мэдүүлэг өгсөн П.Ц нь хохирогчоор тогтоогдохоос татгалзаж өөрийн нөхөр А.Б хохирогчоор тогтоож өгөхийг хүссэний дагуу хохирогчоор түүний нөхөр А.Б тогтоож хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсныг хууль зөрчсөн хэмээн буруутгах боломжгүй байна гэж үзэв.

 

            Хохирол, хор уршгийн тухайд:    Тус гэмт хэргийн улмаас хохирогч А.Б 745,000 төгрөгийн хохирол учирсан боловч А.Б нь уг хохирлыг шүүгдэгчээс нэхэмжлэхээс татгалзсан хүсэлтийг гаргаж нотариатаар гэрчлүүлж ирүүлсэн (шүүх хуралдааны тэмдэглэл) байх тул шүүгдэгч У.Э бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

            Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

            улсын яллагчаас: шүүгдэгч У.Э 1 жилийн аагаар Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороонд зорчих эрхийг хязгаарлах, хохирогч Б, Ц нарын явж байгаа газраар явахыг хязгаарлах ял оногдуулах саналтай” гэсэн дүгнэлтийг,

            Шүүгдэгч У.Э “ Би зорчих эрхийг хязгаарлах ялыг зөвшөөрөхгүй байна. Би эмэгтэйчүүдийн хоргүй хавдартай, энэ хавдраа авхуулах хагалгаанд удахгүй орно. Иймээс надад торгох  ялыг оногдуулж өгнө үү. Уг ялыг хохирогч А.Б төлүүлэхээр ярьж тохиролцсон байгаа” гэсэн саналыг тус тус гаргасан.

 

            Шүүгдэгч У.Э оногдуулах ял шийтгэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцэхээс гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байх ёстой байна.

            Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “  гэмт хэрэг үйлдсэн  хүнд өөрт нь  эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Эрүүгийн хариуцлагыг  бусад хүнд халдаан хэрэглэж болохгүй” хэмээн хуульчилсан байна.

Гэтэл шүүгдэгч Э.Э нь өөрөө Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан  гэмт хэргийг үйлдсэн атал тэрээр өөрт нь торгох  ялыг оногдуулж өгөх, уг ялыг хохирогч А.Б төлүүлэхээр тохиролцсон гэсэн санал хүсэлтийг гаргасан нь шударга ёсны зарчимд нийцэхгүйгээс гадна шүүгдэгч нь өөрийн гэм буруутай үйлдэл, үр дагаварт дүгнэлт хийхгүй байна гэж дүгнэхээр байна.

 

            Иймд шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан дараах байдлаар шийдвэрлэсэн болно.

            Үүнд: шүүгдэгч У.Э нь ажил хөдөлмөр эрхэлдэггүй, орлого олдог эсэхийг илэрхийлсэн баримтгүй, эрүүл мэндийн хувьд өвчтэй буюу хагалгаанд орно гэх тул шүүгдэгч У.Э торгох ял болон нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулбал биелэгдэх үндэслэлгүй гэж үзсэн ба  харин шүүгдэгч  У.Э үйлдсэн гэмт хэргийн шинж буюу өмнө нь хохирогчийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг гэмтээж байсан атлаа уг үйлдэлдээ дүгнэлт хийлгүй уг аргаа дахин хэрэглэн халдаж гэмтээсэн төдийгүй хохирлыг төлж барагдуулсан зүйлгүй /хохирогч хохирол нэхэмжлэхээс татгалзсаныг хохирол барагдуулсан гэж үзэх боломжгүй/, хувийн байдлын  хувьд өмнө нь 2 удаа эрүүгийн хариуцлага хүлээсэн нь хохирогч А.Б холбоотой асуудлаас үүдэлтэй ч уг үйлдэлдээ дүгнэлт хийлгүй дахин үйлдсэн зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Э хохирогч А.Б оршин суугаа газар болох  тоотод очихыг, мөн хохирогчийн ажлын байр болох Н ХХК-нд очиж уулзахыг 1 жилийн хугацаагаар хориглох зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэх нь шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгт нь тохирохоор байна гэж дүгнэв.

 Шүүгдэгч У.Э нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах  ялын эдлээгүй  үлдсэн хугацааны  нэг хоногийг хорих ялын  нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвтээр үргэлжлүүлэхээр тогтов.

 

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй тус тус дурдав.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.13 дугаар зүйлийн 1, 2,4, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                    ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч У.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Э хохирогч А.Б оршин суугаа газар болох  тоотод очихыг, мөн хохирогчийн ажлын байр болох Н ХХК-нд очиж уулзахыг 1 (нэг) жилийн хугацаагаар хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.Э нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах  ялын эдлээгүй  үлдсэн хугацааны  нэг хоногийг хорих ялын  нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол У.Э авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Г.АЛТАНЦЭЦЭГ