Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1235

 

 

 

 

 

 

 

2022            09            28                                       2022/ШЦТ/1204

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

           шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Л,

           улсын яллагч Д.У,

            шүүгдэгч О.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Г танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос О.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн .................. дугаартай хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Урьд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 178 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хорих ял оногдуулахыг тэнсэж, гурван жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж, гурван сарын хугацаанд зан үйлээ засах сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэсэн, О.Б  

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч О.Б нь 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 42 дугаар хорооны нутаг дэвсгэр, Улаан худгийн хажууд иргэн Б.Ө “явган хүний зам дээр машинаа зогсоолоо” гэх шалтгааны улмаас зодож, эрүүл мэндэд нь “зүүн нүдний дээд зовхи, зүүн шанаа, доод эрүү, хүзүүнд зулгаралт, баруун нүдний доод зовхи, зүүн нүдний дээд зовхи, зүүн гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

      ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч О.Б шүүхийн хэлэлцүүлэгт: “...би тухайн өдөр 2 лааз пиво уусан байсан. Хохирогчийн биед болон машиныг цохисон нь миний буруу” гэх мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл)

 

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч О.Б нь 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 42 дугаар хорооны нутаг дэвсгэр, Улаан худгийн хажуу талын замд зорчигч буулгаж байсан  иргэн Б.Ө “Явган хүний зам дээр машинаа зогсоолоо” гэх шалтгаанаар халдаж нүүр толгой руу цохих болон өшиглөх зэргээр зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь дараах нотлох баримтуудаар тогтоогдсон. Тухайлбал, 

 

1. Хохирогч Б.Ө: “...2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр би  тоот гэртээ амарч байгаад таксинд явахаар гараад Эх нялхсаас 5 хүн аваад Зүүнсалаа чиглэлд явж,  замдаа 4 хүнээ буулгаад хамгийн сүүлийн хүнээ Сонгинохайрхан дүүргийн 42 дугаар хороо, Улаан дэлгүүр орчим буулгах гээд зам дагуу машинаа зогсоож байгаад тооцоогоо хийгээд хүнээ буулгах гэж байтал үл таних 18-20 насны согтуу залуу ирээд “чи наад явган хүний замаасаа холдооч” гээд машины толь руу гараараа 4-5 удаа цохиод мөн хаалганы шил рүү гараа зангидаж байгаад 2-3 удаа цохиод байхаар нь би тухайн залууд хандаж “чи болилдоо, уучлаарай би хүнээс мөнгөө аваад явах гэж байна” гэхэд “хуцаад бай ална шүү пизда минь чиний буруу” гэж харааж согтуурхаад орилоод байхаар нь зорчигчоо буулгачхаад би хэрүүл хийлгүй хаалгаа түгжээд цонхоо хаагаад хөдлөх гэтэл машины урд гарч зогсчхоод гар утсаараа бичлэг хийгээд явуулахгүй байсан. Би хариуд нь явахгүй байсан тул би машинаасаа бууж очоод “чи холдолдоо” гээд дөхөөд очтол шууд миний нүүр лүү гараа зангидаж байгаад гараараа цохиод зодоод эхэлсэн мөн над руу өшиглөөд байсан. Миний биед  2 нүд хөхөрч, улайсан,  нүүр хөндүүртэй толгой өвдсөн байдалтай, нүүр нүд рүү маажсан. Мөн миний G9 маркийн  гар утасны  шилэн нүүр хагарсан байна. Миний биед учирсан гэмтлийг тухайн согтуу залуу учруулсан. Би гар утасны хохирол болон 10 хоног ажилдаа яваагүй , өдрийн 48000 төгрөгөөр цалинждаг, дэрх зардлуудыг нэхэмжилж байна” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 7-9, 12-13,16-17 дахь тал),

 

2. Гэрч О.Б: “...2022 оны 05 дугаар сарын 13-ны орой төрсөн дүү Б над руу залгаад 19 цагийн орчимд намайг танихгүй 2 ах зодох гээд байна, гэрийн ойролцоо байна гэхээр нь би гэрээсээ гараад улаан худгийн хажууд очсон.  Намайг очиход тухайн залуугийн нүд хөхөрч хавдсан байсан. Хажууд зогсож байсан согтуу ах хажуугаас намайг заамдсан, тэгэхээр нь би түлхээд нэг танихгүй эмэгтэй ирээд салгаад аваад явсан. Б тухайн залууг яаж цохисныг хараагүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 19 дэх тал),

 

3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 7100 дугаартай: “...Б.Ө биед зүүн нүдний дээд зовхи, зүүн шанаа, доод эрүү, хүзүүнд зулгаралт, баруун нүдний доод зовхи, зүүн нүдний дээд зовхи, зүүн гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 21-22 дахь тал),

 

4. Шүүгдэгч О.Б “...2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 19 цаг өнгөрч байхад би найзыгаа тосох гээд Сонгинохайрхан дүүрэг 42 дугаар хороо, Улаан худгийн хажууд явган хүний замаар явж байсан чинь цагаан өнгийн Т.Пирус-20 маркийн машин боржур даваад явган хүний зам дээр зогсож байхаар нь би хажуугаар нь гарахдаа тухайн машины жолоочид хандаж явган хүний зам таглаад машинаа тавих чинь зөв юм уу гэсэн чинь машиныхаа цонхыг хаагаад цаашаа явж байгаад хүнээ буулгачхаад буцаад эргээд ирэхээр нь би замыг хааж зогсоод би өөрийнхөө гар утсаар бичлэг хийгээд чи явган хүний зам таглаад зогсох чинь зөв юм уу гэсэн чинь машинаараа намайг 2 удаа дайрах гэж хаазлаад байсан тэгэхээр нь би машиных нь урд талын копуд дээр нь 1 удаа цохисон чинь машинаасаа бууж ирээд намайг багалзуурдаад газарт унагаагаад дарсан тэгэхээр нь би нүүр лүү гараараа 3-4 удаа цохиж авсан юм. Тэгсэн нөгөө машинаас буугаад явж байсан согтуу ах иргэж ирээд намайг салгаж тухайн машины жолоочтой хамт нийлж байгаад машин руу чихээд байсан. Тэгсэн манай ах Б цаанаас  ирээд манай дүүг машиндаа чихээд яагаад байгаа юм гээд тэр залуугийн толгой руу нь гараараа цохиод түлхсэн юм. Тэгээд надаас салгахаар нь би тухайн залууг толгой руу нь 1 удаа алгадсан. Тэгсэн тухайн залуу өөрийнхөө утсаар цагдаа дуудсан байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 28 дахь тал) зэрэг шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Хэргийн үйл баримтыг дүгнэхэд, хохирогч Б.Ө нь өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслээр такси үйлчилгээнд явж байхдаа машинаар нь үйлчлүүлсэн зорчигчийг буулгах үедээ явган хүний замыг дайруулан машинаа зогсоосон үйлдэл нь хохирогч, шүүгдэгч нарыг хооронд маргаан үүсгэхэд хүргэсэн байна. Шүүгдэгч О.Б зүгээс хохирогч Б.Ө хандан “явган хүний зам дээр машинаа зогсоолоо” гэсэн шаардлагыг тавьсан нь хууль ёсны байх боловч уг асуудлаар шалтаглан хүний биед халдсан үйлдлийг нь зөвтгөх үндэслэл биш юм.

Шүүгдэгч О.Б хүний биед халдаж гэмтэл учруулсан үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэрээр илрэх ба тэрээр өөрийн дээрх үйлдлийг хууль бус шинжтэйг болохыг ухамсарласан төдийгүй түүнийг хүсэж үйлдсэн, шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчид хөнгөн гэмтэл учирсан буюу хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, уг үйлдэл, хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

Иймд шүүгдэгч О.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Хохирол төлбөрийн тухайд: Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Ө эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд хохирогч нь хэрэг гарах тухайн цаг хугацаанд гар утас унаж дэлгэц нь хагарсан, уг хохиролд 300,000 төгрөг, эмчилгээ гэрээр хийлгээд 10 хоног ажилдаа яваагүй өдрийн 48000 төгрөг буюу 10 хоногийн 480.000 төгрөг, нийт 780,000 төгрөгийг шүүгдэгч О.Б нэхэмжилсэн боловч холбогдох нотлох баримтыг гаргаж өгөөгүй байх тул шүүгдэгч О.Б дээрх зардлыг энэ тогтоолоор гаргуулах боломжгүй байна.

Иймд хохирогч Б.Ө нь  өөрт учирсан хохирол, дутуу авсан цалин хөлс, бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч О.Б нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанд улсын яллагч нь “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” тухай дүгнэлтийг,

Шүүгдэгч О.Б нь “... би Х ХХК-д туслах ажилтнаар ажилладаг тул торгох ял оногдуулж өгнө үү” гэсэн санал дүгнэлтийг тус тус  гаргасан.

Шүүгдэгч О.Б үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч О.Б нь  торгох ял оногдуулж өгнө үү хэмээн  “Х” ХХК-д туслах ажилтнаар ажилладаг гэсэн ганц өгүүлбэр бүхий тодорхойлолтыг гаргаж өгсөн хэдий боловч шүүгдэгч нь тухай компанитай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, цагаар ажилладаг эсэх нь тодорхойгүй, мөн хэдэн төгрөгийн орлоготой болохыг нотолсон баримтгүй, хохирогчид хохирол төлсөн зүйлгүй зэрэг нөхцөл байдал тогтоогдсон тул шүүгдэгч О.Б торгох ял оногдуулбал биелэгдэх үндэслэлгүй байна гэж дүгнэв. 

Иймээс шүүгдэгч О.Б үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, нөхцөл байдал, тэрээр согтуурсан үедээ үедээ хүний биед халдсан, тухайн гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байдал, хор уршгийн шинж чанар, хохирлыг бүрэн барагдуулаагүй байдал, шүүгдэгч О.Б хувийн байдал /өмнө ял шийтгэгдэж байсан ч  дахин гэмт хэрэг үйлдсэн, засраагүй байдал/ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.

Шүүгдэгч О.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч О.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дахь заалт, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон 

   ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч О.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б 240 (хоёр зуун дөч) цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.     

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Хохирогч Б.Ө нь өөрт учирсан хохирол, дутуу авсан цалин хөлс, бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч О.Б нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Б урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

      

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Г.АЛТАНЦЭЦЭГ