Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 001/ХТ2021/00305

 

 *******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Г.Цагаанцоож, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 184/ШШ2019/01533 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 1740 дүгээр магадлалтай,

*******ын нэхэмжлэлтэй,

*******ид холбогдох

Худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгож, Баянзүрх дүүрэг, IV хороо, XV хороолол, 47 дугаар байр, 6 тоот, 125 м.кв, 3 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******а, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Баднайсүрэн, нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Би Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 47 байр, 6 тоот байрны өмчлөгч ба тус байрандаа 2007 оноос өнөөдрийг хүртэл амьдарч байна. 2018 оны 02 сарын 20-нд буюу цагаан сараар миний бие хөдөө орон нутагт шинэлэхээр болсон бөгөөд энэ нөхцөл байдлыг сонсоод өмнө нь танил, нэг нутгийн, нэг голын найз болох Ц.Ишдорж, Ц.Байгаль нар нь "хөгшин настай, тэргэнцэртэй ээжтэйгээ хамт танай байранд цагаан сараа хийе, бид нар олуулаа гэсний дагуу зөвшөөрч, тэднийг цагаалуулсан. Тэгээд миний бие 2018 оны 03 сарын 05-нд хөдөөнөөс ирж, хотын ах дүү нараа оруулъя, байр сулла гэхэд тийм юм байхгүй ээ, хуулийн дагуу бүх юм манайх болсон гэж хэлсэн бөгөөд тухайн үед би юу ч сайн ойлгоогүй болно. Ийнхүү 2018 оны 03 сарын 09-ний өдөр байрныхаа балконоороо дамжин байр руугаа ороход дээрх 2 этгээдийн хүргэн Ж.Ганбаатар гэрт маань ганцаараа байсан. Хүргэнийг нь гэрээсээ гаргаад байрандаа одоог хүртэл амьдарч байна. Гэхдээ 2018 оны 03 сарын 09-ний өдөр Ц.Ишдоржийн хүргэн Ж.Ганбаатарыг гэрээсээ гаргасны төлөө миний бие Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст бусдын буюу Ж.Ганбаатарын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан хэрэгт холбогдогчоор татагдан шалгуулах болсон. Ийнхүү цагдаа дээр шалгагдах явцдаа *******а миний бие өөрийн өмчлөлийн 125 м.кв, 215,000,000 төгрөгийн үнэлгээтэй байрны өмчлөл нь 2016 оны 11 сарын 23-ны өдөр Ц.Ишдоржийн төрсөн ах *******ийн өмчлөлд шилжсэнийг мэдсэн. Ийнхүү яагаад миний өмчлөлийн байр бусдад шилжив гэж бодоод лавлатал тус байрыг 40,000,000 төгрөгөөр худалдах-худалдан авах гэрээ хийн шилжүүлэн авсан болохыг тогтоосон. Хэзээ шилжсэн хугацааг хөөж үзтэл тухайн үед миний бие Ц.Ишдоржтой 2016 оны 11 сарын 20-ны өдрөөс эхэлж бүтэн долоо хоног хамт хүмүүстэй нийлж, архи уусан бөгөөд тухайн үед Химурга ББСБ-аас 60,000,000 төгрөгийн зээл авах асуудлаар хөөцөлдөж байсныг Ц.Ишдорж мэдсэн. Гэтэл ББСБ-аас зээл бүтэж, зээл гарахаар болсон тухай 2016 оны 11 сарын 14-ний өглөө ББСБ-аас мэдэгдэхэд Ц.Ишдорж нь манай дүү Байгальмаагаас 90,000,000 төгрөгийн зээл бүтнээ, наад зээлээ орхиод хүрээд ир гэсний дагуу ББСБ-аас зээл авах гэж байснаа больсон. Өмнө нь болон дараа ч Ц.Ишдорж нь нэг нутгийн найз гэх мэтээр намайг дайлж, хамт их архи уудаг байсан. Энэ хугацаанд буюу намайг архинд согтоод тасарсан, өөрийн гэсэн ухаангүй байх үед 40,000,000 төгрөгийн үнийн дүнтэй, тусгайлан нэгхэн хувь бэлдсэн гэрээнд гарын үсэг зуруулж, байрны маань өмчлөх эрхийг шилжүүлэн авсан байна. Хэрвээ би өөрийн өндөр үнэлгээтэй байрыг 2016 онд бусдад 40,000,000 төгрөгөөр зарсан бол 2018 оныг хүртэл хэрхэн яаж тус байрандаа өмчлөгч нь юм шиг амьдрах вэ. Мөн эдгээр хүмүүс үнэхээр 2016 онд байрыг шударгаар надаас худалдан авсан бол 2018 оныг хүртэл яагаад бусдыг амьдруулж, өөрсдийнхөө өмчлөх эрхээ хэрэгжүүлэхгүй, байрандаа ч эзэн нь юм шиг нүүр бардам орохгүй өнөөдрийг хүрсэн байх билээ. Байрыг худалдсан гэх 40,000,000 төгрөгийг ч аваагүй атлаа давхар миний бие байраа бусдад алдсан байна. Би нотлох баримтаар 2007 оноос 2018 оны 12 сарыг хүртэлх хугацааны байрны мөнгө, цахилгааны мөнгө зэргийг тогтмол өөрийн нэрээр төлж байсан болон хороо, дүүргийн бүртгэл дээр зөвхөн миний нэр байдагтай холбоотой баримтыг гаргаж өгөх болно. Мөн миний иргэний үнэмлэхийн хаяг хүртэл энэхүү байрныхаа хаягаар байдаг болно. Мөн тус байрны өмчлөх эрхийн гэрчилгээ Улсын бүртгэл дээр шилжигдэх тохиолдолд орлого олж байгаа тал буюу *******а би орлогын 2 хувийн татвар төлөх ёстой билээ. Миний бие өмчлөх эрх шилжих процессыг ч мэдээгүй бөгөөд мэдээгүй хүн хэрхэн 2 хувийн татвар улсад төлөх билээ. Тэгэхээр Улсын бүртгэл дээр хүртэл миний өмнөөс 2 хувийн татварыг банканд төлж өмчлөх эрхийг шилжүүлсэн байна. Энэхүү үйл баримт нь Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт байгаа миний байрны хувийн хэрэг дээрх 2 хувийн татвар төлсөн баримт зэргээс тодорхой харагдах болов уу. Дээр нь ямар ч хүн өөрийн 215,000,000 төгрөгийн үнэлгээтэй байраа бусдад 40,000,000 төгрөгөөр худалдан борлуулах үйлдэл хийхгүй билээ. Тиймээс Ц.Ишдорж, ******* нар нь анхнаасаа өмчлөх эрхийн бүртгэл дээр өмчлөх эрх шилжүүлэх ганцхан хувь Худалдах, худалдан авах гэрээг тусгайлан бэлдэн авчирж, *******а намайг санаатайгаар согтоож, өөрийн үйлдлийн үр дагаврыг ойлгох чадваргүй согтуу болсон үед гэрээн дээр гарын үсэг зуруулж, өмчлөх эрхийг шилжүүлэн авсан ба энэхүү хууль бус үйлдлээ мэдэгдэхгүйн тулд миний өмчлөлийн байрны өмчлөлийг шилжүүлэн авсан ч өөрсдөө орж амьдарч чадахгүй өдийг хүрсэн байна. Энэхүү 40,000,000 төгрөгийн Үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээг баталсан нотариатч Ж.Давааням нь миний гомдлоор үүссэн хэрэг бүртгэлтийн хэрэгт гэрчээр мэдүүлэг өгөхдөө 90,000,000 төгрөгийн гэрээгээ татвараас нуун дарагдуулах гэж дахин 40,000,000 төгрөгөөр халхавчилсан гэрээ хийсэн гэж мэдүүлдэг бөгөөд Ц.Ишдорж болон ******* нар нь энэхүү байрыг худалдан авсан төлөлтөө 2016 оны 11 сарын 24-нд миний Худалдаа Хөгжлийн банкны 431001354 тоот дансанд 90,000,000 төгрөг зээл гэсэн утгаар шилжигдэн орж ирсэн төлөлтөөр тайлбарлаж, мэдүүлэг өгдөг. Миний байрыг зээлийн гэрээ байгуулж байна гэж төсөөлүүлэн өөрийгөө хянах чадваргүй архи уугаад тасарсан үед маань гарын үсгийг байр худалдан авах 40,000,000 төгрөгийн гэрээн дээр зуруулсан байдаг бөгөөд энэхүү гэрээг байгуулсны дараа өдөр буюу 2016 оны 11 сарын 24-нд миний Худалдаа Хөгжлийн банкны 431001354 тоот дансанд 90,000,000 төгрөг зээл" гэсэн утгаар шилжигдэн орж ирсэн байдаг бөгөөд өнөөдрийг болтол зээлсэн мөнгөнийхөө төлөлтийг буцаан Ц.Ишдоржийн Хаан банк дах 5029764333 тоот дансанд төлөлт хийж, өнөөдрийн байдлаар нийт 28,750,000 төгрөгийн төлөлттэй явж байна. Хамгийн гол нь Ц.Ишдорж, ******* нар нь худалдсан үнэ гэх 40,000,000 төгрөг байна уу? эсхүл 90,000,000 төгрөгийг банкаар болон бэлнээр төлсөн тухай ямар ч үйл баримт байхгүй бөгөөд миний байрыг худалдан авлаа гээд нэг ч төлбөрийг шилжүүлээгүй, би тэднээс байрны төлбөр мөнгө гэж нэг ч төгрөг аваагүй. Тус гэрээн дээр 40,000,000 төгрөгийг бэлнээр болон дансаар шилжүүлэв гэдэг боловч энэхүү 40,000,000 төгрөг бэлнээр болон дансаар шилжигдсэн нэгээхэн ч үйл баримт байхгүй болно. Иймд дээрх бүх үндэслэлийг харгалзан үзэж *******а, ******* нарын хооронд 2016 оны 11 сарын 23-ны өдөр байгуулагдсан гэх Худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож, тус байрны хууль ёсны өмчлөгчөөр *******а намайг тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн гаргасан хариу тайлбарт: *******а нь миний дүү Ц.Ишдоржийн дотны найз байсан. Ц.Ишдорж надад манай найз *******ад бэлэн мөнгөний хэрэг яаралтай гараад байгаа юм, та охиндоо байр хайж байгаа билүү гэж асууж байсан. *******а надруу утастаад таны утсыг Ц.Ишдоржоос авсан юм, надад мөнгөний яаралтай хэрэг болоод байна, надад 3 өрөө байр байгаа, зарах гэсэн юм, бэлэн мөнгөөр авах хүн олдохгүй байна, та миний байрыг сонирхохгүй юу гэдэг санал тавьсны дагуу би үзэхээр очсон. Боломжийн байр гэж бодоод ах, дүү мөн ээжээсээ мөнгө зээлж цуглуулаад би өөрөө наймаа хийдэг болохоор өөрийн дансанд байвал үрчихнэ гэж бодоод О.Ганбаярын Худалдаа хөгжлийн банкны дансанд хийсэн. 2016 оны 11 сарын 23-ны өглөө *******а худалдах, худалдан авах гэрээгээ хийе хүрээд ирээч, би Да хүрээ захын нотариат дээр байна гэсэн. Намайг очиход *******а, эхнэр, дүү Ц.Ишдорж нар байсан. *******а гэрээгээ хийсэн. Гэрээ хийгдээд би гарын үсэг зурах болоход 90,000,000 төгрөгөөр хийх байтал, 40,000,000 төгрөгөөр хийсэн байсан. Чи яагаад 40,000,000 төгрөгөөр гэрээг хийж байгаа юм бэ гэхэд ахаа би нотариатаас гуйгаад үл хөдлөх зарсан татвараа багаар төлөхийн тулд хийлгэчихлээ, танд ямар ч асуудал үүсэхгүй гэсэн тул би гарын үсгээ зурсан. *******ыг авгайгаараа гарын үсэг зуруул гэхэд энэ гэрчилгээ ганц миний нэр дээр байдаг, бид гэр бүлийн баталгаа байхгүй гэсэн. Тэндээс гараад Баянзүрх дүүргийн үл хөдлөх хөрөнгийн газарт очоод үл хөдлөх хөрөнгө зарсан татвар болох 800,000 төгрөгийг *******ын эхнэр төлсөн, гарын үсэг нь тодорхой харагддаг. Би тэр өдрөө ажил гараад хөдөө явсан. Маргааш нь буюу 2016 оны 11 сарын 24-ний өдөр үдээс хойш *******а утастаад ахаа үл хөдлөхийн гэрчилгээ таны нэр дээр гарсан байна, та мөнгөө шилжүүлээд ирээд гэрчилгээгээ авахад бэлэн боллоо гэсэн. Би хөдөөнөөс дүү Ганбаяр уруу утсаар яриад *******ын Худалдаа хөгжлийн банкны 431001354 тоот дансанд 90,000,000 төгрөгийг ажил тарахаас өмнө яаралтай шилжүүлээдэх гээд ярьж байтал сүлжээ муутай байсан тул утас тасарсан. Эргээд залгах гэтэл сүлжээ болохгүй байсан тул орхисон. Би орой 16.00 цагийн үед хөдөөнөөс ирээд Баянзүрх дүүргийн үл хөдлөх газарт очиход *******а, түүний эхнэр, Ц.Ишдорж нар байсан. Үл хөдлөх гэрчилгээ миний нэр дээр гарчихсан, 90,000,000 төгрөгийг дансаараа авсан, бүх юм болсон гээд бөөн баяртай хүмүүстэй уулзсан. Ганбаяр 90,000,000 төгрөгийг шилжүүлэхдээ шилжүүлгийн утгыг юу гэж бичихийг надаас асуух гээд над руу зөндөө залгасан байсан. Холбогдох боломжгүй гээд байхаар нь шилжүүлгийн утга дээр зээл юм байлгүй гээд зээл гэж бичээд шилжүүлсэн байсан. Уг нь байрны үнэ 90,000,000 төгрөг гэж шилжүүлэх байсан юм. Охиноо байрандаа оруулах болоход охин маань хань ижилгүй ганцаараа айгаад байна гэсэн. Гэтэл *******а охиныг чинь байранд ортол дүү нь түр байж байя, орох үед нь ямар ч асуудалгүй суллаж өгнө гэж гуйхад нь би түүнд гүндүүгүй монгол хүний зангаар дүү шигээ итгээд байрны хөлс бүх зүйлээ төлөөд сууж бай, харин хэзээ ч суллаж өгч магадгүй гэж хэлээд эр хүний ёсоор тохироод суулгасан. Гэтэл *******а нь 2018 оны 1 сарын дундуур надруу утастаад байраа хямдхан зарсан байна, таны мөнгийг өгөөд байраа буцааж авъя гэж санал тавьсан. Би зөвшөөрөөгүй. Би байр худалдаж аваад 1 жил 3 сар болсон тул наймаа буцахгүй гэдгийг хэлсэн. Тэр үеэс би энэ хүн найдваргүй, хүний итгэл даахгүй нөхөр байна гэж бодоод байраа суллаж өгөх шаардлага тавьсан. 2018 оны 2 сард байраа чөлөөлүүлж аваад доторх эд хогшлоо ав гэтэл удахгүй байраа олоод тавилгаа авъя гэсэн. Би нэг өрөөгөө суллаж өгөөд үлдээх зүйлээ энэ өрөөнд хийгээд өөрсдөө цоожоо хийж түгжихийг зөвшөөрсөн. Өрөөнд багтахгүй тавилгаа тэр чигт нь үлдээсэн. Би байрандаа хүргэн дүү Ганбаатарыг байлгасан. Ганбаатар Дархан хотод байдаг байсан. Хотод курст суралцаж байсан хугацаанд нь байрандаа суулгасан. Гэтэл 2018 оны 03 сарын 09-ний өдөр орой 20 цагийн үед Ганбаатар надруу утастаад бөөн согтуу хүмүүс хаалга нүдээд *******а байна хаалгаа онгойлго гээд байна гэж ярьсан. Би цагдаа дуудаад өгчих гэж хэлсэн. Удалгүй Ганбаатар утастаад 2 давхрын блоконы цонхыг хага цохиод мөн өрөөний цонх хагалаад 2 хүн орж ирээд Ганбаатарыг 1,6 сартай хүүхэдтэй цуг байхад нь зодоод нэг нь байрны хаалга дотроос нь онгойлгож өгөхөд гаднаас 7-9 согтуу хүмүүс орж ирээд зодож танхайрсан байсан. Яг тэр үед цагдаа нар ирээд Ганбаатарыг зээ хүүтэй цуг Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс рүү авч явна гэхээр нь Ганбаатар надруу утасдаад та бичиг баримтаа аваад хүрээд ир гэсэн. Намайг очиход мартын 8-ны хариуцлагатай жижүүр дэд хурандаа нь байр миний нэр дээр байгаа гэдгийг *******ад хэлсэн. Ганбаатар бүх мэдүүлгээ өгчихлөө гээд зээ хүү нь уйлчихсан, түүний аав, ээж нь ирсэн байсан. Жижүүр нь та нар одоо байрлуугаа очиж бай араас чинь цагдаа нар очиж учрыг нь олно гэсэн. Би байрандаа очоод хаалга онгойлгох гэтэл цоожийг нь сольсон байсан. Хаалга нүдээд онгойлгож өгөөгүй. 30 минутын дараа эргүүлийн 2 цагдаа ирэхэд хаалга онгойлгож өгсөн. Цагдаатай цуг ортол 8-9 хүн байсан. Зарим нь согтуу янз бүрийн юм ярьж доромжилсон. Манай юмыг коридорт овоолчихсон энийгээ аваад зайл гээд бөөн орилоон болсон. Та нар дуугүй байхгүй бол эрүүлжүүлэхэд хийнэ гэхэд тэд арай гайгүй болсон. 3 сарын 09-ний өдөр нь 5 дахь өдөр байсан. Цагдаа нар орон байрны маргаантай асуудал байна 1 дэх өдөр хэлтэс дээр ирээд гомдол саналаа гаргаад шийдүүл гэсэн. Би байрны гэрчилгээ болон бичиг баримтаа бүгдийг нь үзүүлсэн. Ирсэн 2 цагдаа нь бид мэдэхгүй гээд шууд яваад өгсөн. Байран дотор Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан *******ын ах нь байсан. Үүнийг зохион байгуулалттай орон байрны дээрмийн асуудал гэж би хардаж байгаа. Энэ хэрэг дээр Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс *******ад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаад 2019 оны 02 сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тогтоол гарч шүүгдэгч *******а, Г.Амармэнд нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулах гэмт хэрэг, бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Иймд үл хөдлөх эд хөрөнгийн Ү-2204021648 дугаартай Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо 15 дугаар хороолол Жуков 47 дугаар байрны 06 тоот 125 м.кв 3 өрөө байрны хууль ёсны өмчлөгч нь ******* би мөн тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 184/ШШ2019/01533 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 56.1.4, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******аас хариуцагч *******ид холбогдуулан гаргасан худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 47 дугаар байр, 6 тоот, 125 м.кв, 3 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 357,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 1740 дүгээр магадлалаар: Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 184/ШШ2019/01533 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 106 дугаар зүйлийн 106.1 гэснийг 56 дугаар зүйлийн 56.5 гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.06.06-ны өдрийн 184/ШШ2019/01533 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.09.25-ны өдрийн 1740 дугаартай магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр энэхүү гомдлыг гаргаж байна. Хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8 дахь хэсэгт зааснаар хянан шийдвэрлэж өгнө үү. Анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 56.1.4, 56.5 дахь хэсгийг буруу хэрэглэсэн. Нэхэмжлэгч *******ад иргэний хэргийн хариуцагч *******ийн *******а 2018.03.09-ний өдөр хохирогч ******* миний өмчлөлийн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол 47 дугаар байрны 06 тоот 125 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг илээр хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар дээрэмдэж авсан гомдлоор Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын 2 дугаар хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Д.Баясгалан эрүүгийн 1806023410911 дугаартай хэрэг нээж мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор О.Багшбаяр яллагдагч *******а 2018.03.09-ний өдөр хохирогч *******ийн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол 47 дугаар байрны 06 тоот 125 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг илээр хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар зүйлчлэхээр тогтож 2019.10.14-ний өдөр 1395 дугаартай яллах дүгнэлт үйлдсэн тул тус иргэний хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8 дахь хэсэгт зааснаар хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.09.25-ны өдрийн 1740 дугаар магадлалд ИХШХШтХ-ийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасныг үндэслэн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн үндэслэлээр дараах гомдлыг гаргаж байна. Магадлалын Хянавал хэсэгт ... шүүх худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1, 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар байгуулагдсан, хүчин төгөлдөр бус байх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 56.1.4-т заасан үндэслэл тогтоогдоогүй гэж дүгнэсэн болон гэрээний төлбөр буюу орон сууцны үнийг Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.1 дэх хэсэгт зааснаар гуравдагч этгээдээр гүйцэтгүүлсэн гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болсон, нотлох баримтыг үнэлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй байна. гэж тайлбарлажээ. Зохигчдын тайлбар, дээрх баримтуудын агуулгыг харьцуулан үнэлбэл 90,000,000 төгрөгийг зээлсэн гэх гэрчийн мэдүүлгүүд эргэлзээтэй орон сууцаар үүргийн гүйцэтгэлийн барьцаанд барьцаалсан гэх үндэслэл хэргийн баримтаар нотлогдоогүй, шүүхийн энэ талаар хийсэн дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзсэнийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Хариуцагч талын мэдүүлгүүдийг эргэлзээгүй, нэхэмжлэгч талын гэрчийн мэдүүлгийг эргэлзээтэй гэж дүгнэж буй үндэслэлийг давж заалдах шатны шүүх тайлбарлахгүйгээр шууд л ийнхүү нэхэмжлэгч, хариуцагчаар нь нотлох баримтыг ялгаварлан хандаж буй нь өөрөө үндэслэлгүй байна. Шүүхээс хариуцагчийг байрыг хууль ёсоор өмчлөх эрхтэй, энэхүү эрхийг зохих журмын дагуу олж авсан этгээд гэж дүгнэсэн. Гэтэл худалдаж авсан эд зүйлийн өмчлөл үүргийн хэлцэлд суурилсан өмчийн хэлцлийн үндсэн дээр ИХ-ийн 112, 111 зэрэг зохицуулалтын дагуу шилжих бөгөөд хариуцагч тал нь шүүхэд өмчлөх эрхийг олж авсан гэх нөхцөл байдлаа нотлох, хөтөлбөргүй батлах үүрэгтэй. Хариуцагчаас байрыг худалдаж авсан гэх хариу төлбөрийн үүргээ шүүх дээр баттай нотлоогүй бөгөөд энэхүү нөхцөл байдлыг шүүх харгалзан үзээгүй. Харин ч шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон гэрч Н.Бямбасүрэн, Ж.Ганбаатарыг хохирогчоор байцаасан тэмдэглэл, Н.Уранчимэгийн мэдүүлэг, Ц.Ишдоржийн мэдүүлэг зэрэгт харин ч зээлийн эрх зүйн харилцаа байсныг нотолдог, Мөн *******а нь 90,0 сая төгрөгийн зээлийнхээ үүргийг гүйцэтгэж, хариуцагч нарт хариу зээлийн төлбөр төлөөд буй нөхцөл байдлыг шүүх анхаарч үзээгүй. 2018.03.09-ний өдрийн Ж.Ганбаатарын мэдүүлэгт Манай эхнэр Байгальмаагаас /90 сая төгрөгийг зээл гэж шилжүүлсэн гэх Ганбаярын нагац эгч/ Гантулга гэх хүн нь мөнгө зээлсэн одоо болтол өгөхгүй байгаа" гэх мэдүүлэг. Харин хариуцагч нарын бид нарын хооронд чиргүүл, наймааны асуудал байсан түүний төлбөр мөнгө гэж шилжүүлж байсан гэх тайлбарыг нотолсон баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй, үүнийгээ нотлоогүй байхад нэхэмжлэгч *******ын зээлийн гэрээний дагуу хариу шилжүүлж байсан төлбөр төлсөн үйлдлийг энэхүү баримтаар няцаасан нь мөн л шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. Өмчлөх эрх шилжигдсэн гэх 40,0 сая төгрөгийн хэлцлийг 90,0 сая төгрөгийн хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл гэж хариуцагч тал тайлбарладаг бөгөөд шүүх ийнхүү дүгнэдэг. Энэхүү өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл нь юуны өмнө өөрөө хүчин төгөлдөр бус байх хэлцлийн шинж болно. Хамгийн гол нь хариуцагч талаас 40,0 төгрөгийн Худалдах-худалдан авах гэрээ байгуулаагүй, 90,0 төгрөгийн гэрээ байсан гэдгээ нотлоогүй. Учир нь хавтаст хэрэгт зөвхөн 40,0 сая төгрөгийн үнэ бүхий байрыг худалдах, худалдан авах бичгэн гэрээ байгаа бөгөөд 90,0 сая төгрөгөөр байрыг худалдсан гэх бичмэл нотлох баримт байхгүй. Анхан болон давж заалдах шатны шүүхүүд нь хариуцагчийг 90,000,000 төгрөгөөр байрыг худалдан авсан үйл баримтыг хууль ёсны гэж дүгнэсэн хавтаст хэрэгт цугласан нотлох баримтыг бодитоор, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлнэ гэх хуулийн заалтыг зөрчиж, буруу тайлбарлан хэрэглэсэн. Хэрэгт 90,000,000 төгрөгийн байр худалдах, худалдан авах бичгэн гэрээ байхгүй, нэхэмжлэгч хүссэн болохоор 90,000,000 байр худалдан авах гэрээг 40,000,000 төгрөгөөр хийсэн гэх хариуцагчийн тайлбар нь нотлох баримтаар нотлогдоогүй, ИХ-ийн 109 дүгээр зүйлд заасан байрны өмчлөх эрх шилжих журмыг хангаагүй, 90,000,000 төгрөгийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулаагүй, нотариатаар гэрчлүүлээгүй, 90,000,000 төгрөгөөр *******аас гэрээний гол үүрэг болох байрыг худалдан авсан тухай төлбөр төлсөн үйл баримтаа нотлоогүй. Давж заалдах шатны шүүх гуравдагч этгээдээр буюу Ганбаяраар үүргийг гүйцэтгүүлсэн гэх боловч Ганбаяраас Цэрэндашийн байр худалдан авсан мөнгийг шилжүүлээгүй, харин *******ын анхнаасаа тайлбарладаг мөнгө зээлсэн гэх үйл баримтыг нотолсон, 90,000,000 төгрөгийг зээл гэж шилжүүлсэн банкны хуулгын баримт байдаг. Энэ нь өөрөө гуравдагч этгээдээр үүрэг гүйцэтгүүлснийг нотлохгүй юм.

Хамгийн гол нь ******* нь би мөнгөө цуглуулж байгаад Ганбаяраар шилжүүлсэн гэж тайлбарладаг боловч өнөөдрийг болтол хариуцагч *******ийн зүгээс Ганбаярын дансруу 90,000,000 төгрөгийг шилжүүлсэн тухайгаа нотолдоггүй, банкны хуулгаа шүүхэд гаргаж өгдөггүй бөгөөд анхан, давж заалдах шатны шүүхээс Ганбаярын шилжүүлсэн гэх 90,000,000 төгрөгийг ямар ч баримтгүйгээр хариуцагч *******ийн мөнгө гэж нотлох баримтыг үнэлээд буй нь үндэслэлгүй болно. Ганбаярын Зээл гэж шилжүүлсэн мөнгө нь ******* миний мөнгө гэдгээ нотолж, нотлох баримтаа өгөөгүй байхад тухайн зээл гэсэн Ганбаяраас орж ирсэн мөнгийг байр худалдаж авсан хариу төлбөр гэж шууд дүгнэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. ******* нь 90,000,000 төгрөгийг тайлбарласан тайлбар нь бусад гэрчийн мэдүүлэгтэй байнга зөрдөг. Энэ нь 2018.03.23-ны өдрийн *******ийн мэдүүлэгт яаралтай бэлэн мөнгөний хэрэг байна, манай байрыг сонирхох уу гэж асуухаар нь би тэр байрыг нь очиж үзсэн бололцооны байр байсан" учир 2017.11.24-ний өдөр *******ын Голомт банкны дансанд шилжүүлсэн тухайн үед надад байсан мөнгө 90 хүрэхгүй байсан, хүмүүсээс мөнгө нэмээд 90 сая хүргээд дүүгийн хүү Отгонбаатарын Ганбаярыг шилжүүлчих гэж хэлсэн гэх мэдүүлэг нь О.Ганбаярын мэдүүлэг дэх Энэ 90,000,000 төгрөг тэр жилийн хавар буюу 2016 оны хавар данс нээхэд бөөнөөрөө миний дансруу мөнгийг ******* ах хийж байсан. ******* ямар учиртай шилжүүлж байгаагаа хэлээгүй, миний данснаас хүн рүү мөнгө шилжүүлээдхээч гэсэн. Би ямар учиртай мөнгө шилжүүлэх гэж байгаа талаар нь асуугаагүй гэх мэдүүлэгтэй зөрдөг. Дээрхээс харахад Ганбаярын дансан дах 90,000,000 төгрөгийг ******* нь миний шилжүүлсэн мөнгө гэдэг боловч өөрийнх болохоо нотлоогүй, 90,000,000 төгрөг хэзээ Ганбаярын дансанд бий болсон дээр хоорондоо зөрүүтэй, бүхэл бүтэн дансаа хоослоод, танихгүй хүн рүү шилжүүлж байхдаа хэн хэн нь мөнгөний утгаа бие биеэсээ асуулгүйгээр шилжүүлсэн зэрэг үйл баримтаас харахад хариуцагчийн тайлбар нь илт худал болохыг тодорхой харж болно. Тэгэхээр хэрэгт байгаа ганц л бичгэн гэрээ болох 40,000,000 төгрөгийн байр худалдах, худалдан авах гэрээ бүхий баримтыг шүүх бодитойгоор үнэлэх ёстой. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь 40,0 сая төгрөгөөр байрыг худалдаж авсан гэх үйл баримтаа нотлох үүрэгтэй. Гэтэл *******аас *******ад байрыг худалдан авахаар шилжүүлсэн гэх үүргийн хэлцлийн хариу үүрэг болох төлбөр төлснийг нотолсон баримт хавтаст хэрэгт нэг ч байхгүй. Харин хариуцагч нь *******ад зээлүүлсэн гэх 90,0 сая төгрөгийг худалдах, худалдан авах гэрээний хариу төлбөр гүйцэтгэх үүргийг биелүүлсэн болгож тайлбарладаг. Гэтэл тухайн банкны дансаар шилжиж орж ирсэн мөнгөний зориулалт нь зээл гэх утгаар орж ирсэн байдаг. Банкны ажилтан нь мөнгө шилжүүлж буй ямар ч хүнээс шилжүүлж буй мөнгөний зориулалтыг тусгайлан асуун оруулж, өөрийн банкны програмаар дамжуулан, банкны хуулгаараа шивж гаргадаг. Насанд хүрсэн, эрх зүйн бүрэн чадвар чадамжтай хүнээс 90,0 сая төгрөг буюу их хэмжээний мөнгийг танихгүй хүн рүү шилжүүлэх үйлдэл хийх үедээ зориулалтаа тодорхойлохгүйгээр өөртөө эрсдэлтэй үйлдэл хийснийг шүүх зөвтгөсөн нь маш эргэлзээтэй. Мөн ийнхүү зориулалтаа зээл гэж өөрөө хүсч, гарах үр дагаврыг бүрэн ухамсарлаж хийсэн насанд хүрсэн хүний үйлдлийг шүүх "зээлийн харилцаа үүссэн гэж дүгнэхэд эргэлзээтэй гэж дүгнэсэн нь илт үндэслэлгүй болно. Ер нь хариуцагчаас байрыг худалдаж авсан гэх хариу төлбөрийн үүргээ шүүх дээр баттай нотлоогүй бөгөөд энэхүү нөхцөл байдлыг шүүх харгалзан үзээгүй. Харин ч шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон гэрч Н.Бямбасүрэн, Ж.Ганбаатарыг хохирогчоор байцаасан тэмдэглэл, Н.Уранчимэгийн мэдүүлэг, Ц.Ишдоржийн мэдүүлэг зэрэгт харин ч зээлийн эрх зүйн харилцаа байсныг нотолдог. Мөн *******а нь 90,0 сая төгрөгийн зээлийнхээ үүргийг хариуцагч нарт хариу зээлийн төлбөр төлөөд буй нөхцөл байдлыг шүүх анхаарч үзээгүй. Харин хариуцагч нарын бид нарын хооронд чиргүүл, наймааны асуудал байсан түүний төлбөр мөнгө гэж шилжүүлж байсан гэх тайлбарыг нотолсон баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй, үүнийгээ нотлоогүй байхад нэхэмжлэгч *******ын зээлийн гэрээний дагуу хариу шилжүүлж байсан төлбөр төлсөн үйлдлийг энэхүү үйл баримтаар няцаасан нь мөн л шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. Хэрэгт байрыг худалдаж авсан хариу төлбөрийг төлсөн гэх 40,0 сая төгрөгийн баримт байхгүй, зөвхөн "зээл" гэсэн банкаар дамжиж орж ирсэн 90,0 сая төгрөгийн л баримт байгаа. 90,0 сая төгрөгийг шилжүүлэхдээ өөрийн үйлдлийн үр дагаврыг ухамсарлах чадвар чадамжтай этгээдээс тусгайлан асууж байж энэхүү зориулалтын утгыг бичсэн бөгөөд байрыг худалдах худалдан авах гэрээг 2016 онд хийж, ийнхүү буруу утгаар мөнгийг шилжүүлснээс хойш өөрийн буруу хийсэн үйлдлээ зөвтгөлгүйгээр 2019 он хүртэл эс үйлдэхүй хийсэн хариуцагчийн үйлдлийг шүүх анхаарч үзээгүй. 90,0 төгрөгийг буруу утгаар шилжүүлсэн бол үүнийг зөвтгөх байрыг худалдаж авсан гэдгээ баттай болгох боломж хариуцагч талд 2 жилийн хугацаанд нээлттэй байсан. Мөн байрыг 40,0 сая төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ хийсэн тохиолдолд ирээдүйд үүсэх эрсдэлээс өөрсдийгөө хамгаалж 40,0 сая төгрөгөөр байрыг худалдаж авсан тухай үйл баримтаа баттай бүрдүүлэх ёстой. Хамгийн гол нь 2016 онд байрыг худалдаж авсан атлаа байрандаа амьдрахгүйгээр 2018 он хүртэл 2 жилийн хугацаанд бусдыг амьдруулж хариуцагчийн үйлдэл нь энэхүү байрыг худалдаж авсан өмчлөгчийн үйлдлээ хийхгүй, хэрэгжүүлэхгүй байгаа нөхцөл байдал зэрэг нь энэхүү маргаан бүхий гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэдгийг нотлоод буйг анхан шатны шүүх анхаарч үзээгүй. Иймд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 1740 дугаар магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ: 

Нэхэмжлэгч *******а нь хариуцагч *******ид холбогдуулан худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгож, Баянзүрх дүүргийн IV хороо, XV хороолол, 47 дугаар байр, 6 тоот, 125 м.кв, 3 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох шаардлага гаргасан байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч нь ...90,000,000 төгрөгийг зээлж, орон сууцаа барьцаалсан гэж ойлгосон ч согтуу үед 40,000,000 төгрөгийн худалдах-худалдан авах гэрээнд гарын үсэг зуруулсныг мэдээгүй, орон сууц өмчлөх эрх *******ид шилжсэнийг сүүлд цагдаад шалгагдах үед мэдсэн гэж шаардлагынхаа үндэслэлийг тайлбарласан.

Хариуцагч нь ...орон сууцны үнийг 90,000,000 төгрөгөөр тохиролцож худалдах-худалдан авах гэрээг байгуулан, үнийг төлсөн, ...шилжүүлгийн утгыг зээл гэж буруу бичсэнээр худалдаж авсан нь үгүйсгэгдэхгүй, ... нэхэмжлэгч нь цагаан сарын дараа манай дүүгийнхийг байрнаас хүчээр хөөж гаргасан нь эрүүгийн хэргээр шалгагдаж тогтоогдсон гэж маргажээ.  

1. Зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.

 Нэхэмжлэгчийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ баримтаар нотлоогүй гэсэн шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна.

 Хэргийн баримтаас үзэхэд нэхэмжлэгч 90,000,000 төгрөгийг зээлж, орон сууцаа барьцаанд нь тавьсан гэсэн тайлбар гаргасан ч энэ талаарх баримтыг шүүхэд гаргаагүй, харин *******а, Э.Ариунбаатар, Н.Бямбасүрэн, Г.Амармэнд нарын дансны хуулгыг баримтаар ирүүлсэн ч эдгээр дансанд зээл төлсөн гэж үзэх агуулгатай гүйлгээ хийгдээгүй байх тул ...зээлээс Ц.Ишдоржийн дансанд нийт 28,750,000 төгрөгийг төлөөд байгаа гэсэн нь нотлогдохгүй байна.  

Түүнчлэн Ц.Ишдоржийн гэрчээр өгсөн мэдүүлэгт дээрх 28,750,000 төгрөг нь аяллын чиргүүл, автобус зээлээр худалдан авсны төлбөр байсан, *******тай хамааралгүй гэжээ.

2016.11.23-ны өдөр нэхэмжлэгч *******а нь хариуцагч *******ид Баянзүрх дүүргийн IVхороо, 47-6 тоот 125 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг 40,000,000 төгрөгөөр худалдсан гэрээ байгуулагдаж, хуульд зааснаар нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлээр өмчлөл хариуцагчид шилжсэн тухай баримтууд хэрэгт авагдсан байх тул нэхэмжлэлийн шаардлагын зүйл болж буй орон сууцыг 90,000,000 төгрөгийн зээлийн барьцаанд тавьсан гэж ойлгож байсан гэсэн нэхэмжлэгчийн тайлбар үгүйсгэгдэж байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасан өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл гэж дүгнэх боломжгүй юм.  

2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хэлцлийг хийсэн бол энэ нь хийсэн үеэсээ хүчин төгөлдөр бус байх бөгөөд хэлцлийн үр дагаврыг мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй. 

Нэхэмжлэгч нь худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох шаардлагынхаа үндэслэлийг ...худалдах-худалдан авах гэрээ байгуулаагүй, гарын үсэг зурснаа согтуу байсан учир мэдээгүй... гэж тайлбарлах боловч хэргийн баримтаар нотлогдоогүй, түүнчлэн энэ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасан үндэслэлд хамаарахгүй юм.

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1, 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар гэрээ байгуулагдсан, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 56.1.4-т заасан үндэслэл тогтоогдоогүй гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй, Иргэний хуулийн хэлцлийн зохицуулалтыг зөв хэрэглэсэн байна.

3. Нэхэмжлэгч нь худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг шүүхээр тогтоолгож, үр дагаврыг арилгах шаардлага гаргасан байхад анхан шатны шүүх Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсгийн зохицуулалтыг хэрэглэсэн алдааг давж заалдах шатны шүүхээс залруулахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан үүргээ хуульд зааснаар хэрэгжүүлжээ.

4. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулсан, хэргийн оролцогчийн мэтгэлцэх эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэл байхгүй, давж заалдах шатны шүүх шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулахдаа хуульд нийцсэн дүгнэлт хийсэн байх тул нэхэмжлэгчийн ...нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэсэн гомдлыг хангахгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 1740 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 357,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧИД П.ЗОЛЗАЯА

Г.ЦАГААНЦООЖ

Б.УНДРАХ

Д.ЦОЛМОН